Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 104/2016/0596/и |
Дугаар | 640 |
Огноо | 2017-03-06 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 640
“Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч, Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2016/00596 дугаар шийдвэртэй, “Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Долгорсүрэн, “Чимэг-Од” ХХК-д холбогдох,
Гэм хор учруулсаны хохирлын нөхөн төлбөрт О.Долгорсүрэнгээс 290 080 төгрөг, “Чимэг-Од” ХХК-иас 1 287 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нацагдорж, Т.Билгүүн,
Хариуцагч О.Долгорсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол даатгал ХХК-ийн даатгуулагч И.Цэрэндаваа нь 2016 он 4 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 1-р хороонд байрлах худалдаа үйлчилгээний гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 31-79 УНЧ Тоуота nоан загварын тээврийн хэрэгслийг байрлуулсан байх үед тус үйлчилгээний төвийн барилгын /стандартын бус түр тогтоосон/ дээвэр нурж, тээврийн хэрэгсэлд 362 600 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох Вендо ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4049 тоот үнэлгээний тайланг болон Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоосон.
Монгол Даатгал ХХК нь дээрх тайлан, даатгуулагч болон тус компанийн хооронд байгуулсан 28С1510001501 тоот даатгалын гэрээ, даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн 290 080 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан. Мөн иргэн Я.Энхтөрийн 63-04 НАА Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд 1 430 000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлын үнэлгээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн БЗД-915 тоот тайлангаар тогтоосон. Уг тайлан, даатгуулагч болон тус компанийн хооронд байгуулсан 22С1630000440 тоот даатгалын гэрээ даатгуулагчийн хүсэлт зэргийг үндэслэн 1 287 000 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.
Харин даатгуулагч гуравдагч этгээдийн шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасныг үндэслэн даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №16/0006 тоот, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 16/0007 тоот нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцлээр Монгол даатгал ХХК-д бүрэн шилжсэн бөгөөд буруутай этгээд нөхөн төлбөрийг даатгагчид буцаан төлөх үүрэгтэй. Иймд О.Долгорсүрэн болон Чимэг-Од ХХК-иас 1 577 080 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Тус компани батлагдсан зураг төслийн бус түр дээвэр хийсэн, уг дээвэр нь хуульд заасан шаардлага хангахгүй байсан, мөн сэрэмжлүүлэг мэдээг хүлээн аваад арчилж хамгаалах үүргээ гүйцэтгээгүй гэм буруутай болох нь хэргийн газарт хийсэн цагдаагийн байгууллагын тэмдэглэл, мэргэжлийн хяналтын дүгнэлт, бусад баримтаар нотлогдоно. Цагдаагийн газарт хэрэг шалгагдаж байхад хохирлоо төлж барагдуулна гэж хэргийг хэрэгсэхгүй болсны дараа төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч “Чимэг-Од” ХХК-ийн захирал О.Долгорсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол даатгал ХХК-ийн нэхэмжилж байгаа 290 080 төгрөг болон 1 287000 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй хуй салхины улмаас 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 15 минутын орчимд Стар үйлчилгээний төвийн дээвэр хийсч унаж, үйлчилгээний төвийн урд зогсож байсан зарим нэг машинд гэмтэл учирсан. Тухайн үед Улаанбаатар хот, төвийн нутгаар цаг агаарын онц аюултай үзэгдэл болох сэрэмжлүүлэг мэдээг орон даяар явуулж байсан төдийгүй тухайн өдрийн үйл явдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж бусдад гэм хор учирсан болохыг Мэргэжлийн байгууллага Нийслэлийн Онцгой байдлын газраас Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн шуурхай мэдээ,Гамшигийн шуурхай удирдлагын газраас аймаг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлсэн шуурхай мэдээ, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ард иргэдэд шуурхай мэдээг хүргүүлсэн тухай албан бичиг, Онцгой байдльн газар, Гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн салхины дундаж хурд болон өрөвхийлэлтийн хурдны мэдээ Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Буян Налайх телевизэд өгсөн шуурхай мэдээ зэрэг нь нотлоод байгаа.
Даатгалын хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу даатгалын байгууллага даатгуулагчид нэхэмжилж буй хохирлыг нь төлж барагдуулсан. Хэдийгээр даатгуулагчийн хохирлыг төлж барагдуулан уг мөнгийг миний бие Долгорсүрэнгээс нэхэмжлэх эрхтэй боловч тухайн өдрийн үйл явдал, миний буруутай үйл ажиллагаанаас биш, байгалийн гамшиг, давтагдашгүй хүчин зүйлээс болсон учир нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй. Харин Монгол даатгал ХХК эрсдлээ өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7, 500 дугаар зүйлийн 500.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Чимэг-Од” ХХК-иас 1 577 080 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол даатгал ХХК-д олгож, нэхэмжлэлээс иргэн О.Долгорсүрэнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 791 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Чимэг-Од” ХХК-иас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 44 791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол даатгал ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн нутаг болон Улаанбаатар хот орчмоор салхины дундаж хурд баруун хойноос 12-20 м/сек, өрөвхийлэлтийн хурд 18-24 м/сек хүрч ширүүсэн хүчтэй шороон шуурга, хуй дайрсны улмаас “Чимэг-Од” ХХК-ийн Стар худалдаа, үйлчилгээний төвийн дээвэр хуулран унаж машинуудыг гэмтээсэн. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болсон нь хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.
Хэдийгээр мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд дурдагдсан дээврийг зургийн дагуу хийгдээгүй гэсэн дутагдал байгаа ч хэвийн нөхцөлд дээрх үйл явдал болохгүй байсан, өмнө нь ч болж байгаагүй. Тухайн өдөр болсон хүчтэй хуй салхи байгалийн дахин давтагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Ийм тохиолдолд даатгалын байгууллага гэрээнийхээ дагуу даатгуулагчдаа төлсөн мөнгийг манай компани хариуцах ёсгүй. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж шийдвэрлэсэн боловч шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК нь гэм хор учруулсны төлбөрт даатгагчийн хувьд нөхөн төлсөн төлбөр 1 577 080 төгрөгийг хариуцагч О.Долгорсүрэн болон “Чимэг-Од” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч тухайн тохиолдол нь бидний гэм буруутай үйлдлээс бус байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын нөлөөллөөс үүссэн хохирол тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргажээ.
Хэргийн баримтаар 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч “Чимэг-Од” ХХК-ийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Стар” төвийн барилгын дээвэр салхинд нурж, “Монгол даатгал” ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны гэрээ байгуулсан даатгуулагч иргэн Я.Энхтөр, И.Цэрэндаваа нарын эзэмшлийн автомашинд хохирол учруулсныг үнэлгээ хийх эрх бүхий байгууллагын тогтоосон үнэ буюу 290 080 төгрөг, 1 287 000 төгрөгөөр тухайн даатгуулагч нарт нэхэмжлэгч нь төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Монгол даатгал ХХК-ийн хувьд даатгуулагчтай байгуулсан гэрээнд заагдсан эрсдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснөөр уг төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг тухайн даатгуулагчтай хийсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7. Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсэн зохицуулалттай нийцэж байна.
Харин шүүх шаардах эрхийн үндэслэлийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдийн хүлээх үүргийн хүрээнд тодорхойлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болжээ. Өөрөөр хэлбэл даатгагч байгуулага нь даатгалын зүйлийн нөхөн төлбөрийг хэлцлийн дагуу шаардаж байгаа тохиолдолд даатгалын гэрээний харилцаатай холбогдох маргаан гэж үзэх бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарна.
Хариуцагч “Чимэг-Од” ХХК нь өөрийн эзэмшлийн барилгын дээврийг батлагдсан зураг төсөл, барилгын норм дүрмийн дагуу гүйцэтгээгүй, түр хугацааны зориулалт бүхий сэндвичэн хавтангаар хийсэн, дээврийн хаалт, битүүмжгүй, өнгөц амалгаа хийсэн зэрэг нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, бусдын эд хөрөнгөд хохирол учруулах нөхцлийг бүрдүүлсэн талаар болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Стар” төв нь хариуцагч “Чимэг-Од” ХХК-ийн эзэмшлийн барилга тул хариуцагч О.Долгорсүрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2016/00596 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “497 дугаар зүйлийн 497.1, ... 500 дугаар зүйлийн 500.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1” гэснийг хасч,
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1” гэсний дараа “Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 44 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ТУЯА