Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 405

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК,

Нэхэмжлэгч: “Т” ХХК-иудын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г эмнэлгийн дарга,

Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороонд холбогдох

Гуравдагч этгээд: “М” ХХК,

Гуравдагч этгээд: “М” ХХК,

Гуравдагч этгээд: “Ч” ХХК,

Гуравдагч этгээд: “А” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “ ... Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй хугацаа 45 хоног гэж ирүүлснийг тогтоолгох, Үнэлгээний хорооны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Өндөр өртөгтэй зарим үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6, 7, 25 дугаар багцуудад шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

“Г”-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/177 дугаар тушаалын 4, 6 дугаар багцуудад “Ч” ХХК, 7 дугаар багцад “М” ХХК, 25 дугаар багцад “Ме” ХХК-иудад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Өндөр өртөгтэй зарим үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6 дугаар багцуудад “Ч” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 7 дугаар багцад “М” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 25 дугаар багцад “Ме” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал А, түүний өмгөөлөгч Ц, хариуцагч П.Н.Ш нэрэмжит “Г” эмнэлгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Н, Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч О, гуравдагч этгээд “Ме” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “М” ХХК, “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Манай хоёр компанийн түншлэл нь “Г” эмнэлгээс зарласан “Өндөр өртөгтэй зарим үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 1, 2, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 20, 24, 25, 31, 32, 33 дугаар багцуудад цахим тендерт оролцох хүсэлт болон тендерийн баримт бичгийн эх хувийг цахимаар хөрвүүлсэн бөгөөд Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар хавсралтаар баталсан “Цахим тендер шалгаруулалтанд зохион байгуулах журам”-д нийцүүлэн хүргүүлсэн.

“Г” эмнэлэг нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 329 дугаар албан бичгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гээд “Танай байгууллагаас ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус үндэслэн шалгараагүй болохыг мэдэгдэж, тайлбар хэсэгтээ тендерийн хүчинтэй байх хугацааг заагаагүй” гэжээ.

Манай компани нь цахим тендерт оролцох хүсэлтээ тендерийн баримт бичгийн хамт tender.gov.mn сайтад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байршуулахдаа санхүүгийн санал бэлтгэх хэсгийн үнийн санал дахь дараах заалтуудыг багц тус бүрээр нь электрон гарын үсгээр баталгаажуулан бүрэн тусгасан. Үүнд:

1. Тендерийн үнийн санал хэсэгт – Багц тус бүрийн тендерийн үнийг тоогоор болон үсгээр тендерийн баримт бичигт заасан бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу нийлүүлэхээр санал болгосон.

2. Тендерийн хүчинтэй байх хугацаа /хоногоор/ хэсэгт - Багц тус бүрт 45 хоног гэж тусган илгээсэн.

3. Бараа нийлүүлэх хоног хэсэгт гэрээнд заасан барааг гэрээ байгуулснаас хойш багц тус бүрээр /7-30/ хоногийн дотор нийлүүлэхээр тусгасан.

4. Үнийн хөнгөлөлт хувь хэсэгт - Санал болгож байгаа тендер шалгарсан тохиолдолд өгөх үнийн хөнгөлөлтийг тусгасан.

5. Мөн цахим тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг /тендер нээснээс хойш 45 хоногоор, тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа, тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28/ нийт 73 хоногоор тооцож тендерийн баталгааг харилцагч банкнаас авч цахим тендерт байршуулсан.

Г эмнэлэг нь тендер нээхээс 9 хоногийн өмнө 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 198 тоотын тодруулгыг манайд ирүүлж, хуулбар хувийг тендер нээх өдөр ирүүлэхийг мэдэгдсэний дагуу тендерийн нээлтийн өдөр хуулбар хувийг хүргүүлсэн.

2. Г эмнэлэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа ажил үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх гэсэн заалтыг зөрчиж үнэлгээний хороонд зүрхний Ангиографи, зүрхний мэс заслын мэргэшсэн мэс засал гардан хийдэг дадлага туршлагатай эмч нар байхгүй байгаа учраас компаниудын ирүүлсэн дээжийг үнэлгээний хороонд байхгүй тухайн салбарын мэргэшсэн эмч нар эмчилгээ эрхэлсэн орлогч даргын өрөөнд үнэлсэн байна.

Тэгэхээр дээжийг үнэлгээний хорооны гишүүн бус мэргэшсэн эмч нар үнэлсэн гэж ойлгоно. Дээж ирүүлээгүй “Ч” ХХК шалгарсан нь хууль болон үнэлгээний баримт бичиг, журмыг зөрчсөн болно. Мөн Үнэлгээний хорооны даргад эмнэлгийн тусламж үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий субъект эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н байгаа нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл Эм зүйн албыг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хариуцан хяналт тавьдаг учраас Гэрээ болон нийлүүлэлтийн хуваарьт хяналт тавьж чадахгүй байгаагаас манай компани өнөөдрийг хүртэл хохирсоор байна.

3. Манай хоёр компанийн түншлэл нь цахим тендерийн дээрх багцуудад оролцохдоо бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр татан авахаар АНУ-ын M M S.Inc, БНХАУ-ын L M T.Co.,Ltd, Дани улсын SP Medical, Герман Улсын QM Innovative Medizinprodukte GmbH гэх мэт компаниудтай байгуулсан гэрээний дагуу барааны нөөц үүсэж, мөн АНУ-ын M M S.Inc, БНХАУ-ын L M T.Co.,Ltd, Дани улсын SP Medical, Герман Улсын QM Innovative Medizinprodukte GmbH компаниудтай байгуулсан захиалгат хуваарийн дагуу татан авах 1,260,787,500 төгрөгийн бараа гадаад компанид хүлээгдэх болсон нь компанийн тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтэд асар их хохирол учрахад хүрээд байна ... “ гэжээ.

Хоёр. Г эмнэлгийн дарга Т болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Тус эмнэлэг нь өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах УГТЭ/******* дугаартай нээлттэй хялбаршуулсан цахим тендерийг нийт 35 багцад 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зарлаж, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нээх байсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт уг тендер шалгаруулалттай холбоотой гомдол гарсан ба тус эмнэлгээс 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тендерийн нээлт хийх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшилсныг tender.gov.mn сайтад нийтэд мэдэгдсэн болно.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тендерийн баримт бичгийг хянасан тухай 1/316 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг мэдэгдсэний дагуу тендерийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10.30 цагт нээсэн юм.

Тус эмнэлгээс зарласан өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерийн 1, 2, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 20, 24, 25, 31, 32, 33 гэсэн нийт 15 багцад “М” ХХК тендер ирүүлснийг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн уг оролцогчийн тендерээс татгалзсан болно.

Захиалагч нь Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “захиалагч тендерийн жишиг баримт бичгийн дагуу тендерийн баримт бичгийг боловсруулсны дараа цахим тендер шалгаруулалтын урилга, тендерийн баримт бичгийг цахим системээр дамжуулан хуульд нийцүүлэн зарлана” гэж заасны дагуу тендерийн баримт бичгийг боловсруулахдаа Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийг мөрдлөг болгосон ба тендер шалгаруулалтын урилга, тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн цахим системээр зарласан болно.

Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “цахим тендерт оролцохыг хүссэн этгээд нь тендерийн баримт бичигт заасны дагуу өөрийн тендерийг боловсруулан бусад шаардлагатай материалын хамт электрон хэлбэрээр буюу “РОР” форматад хөрвүүлэн илгээснээр цахим тендер шалгаруулалтад оролцоно” гэж заасны дагуу “М” ХХК өөрийн тендерийг боловсруулан ирүүлсэн гэж үзэж байна.

Оролцогчийн Тендерийн бичиг баримт /ТББ/-ыг хянан үзэхэд захиалагчийн ТББ-ийн ТОӨЗ-ны 12.1 (а) - тендерийн маягтыг МАЯГТ №Т*******-ийн дагуу баталгаажуулан ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй. Захиалагчийн ТББ-ийн ТОӨЗ-ны 13.1-д “тендерт оролцогч нь бүлэг 4-д заасан тендерийн маягтыг бөглөж ирүүлнэ. Энэхүү маягтыг бөглөхдөө түүний агуулгыг өөрчлөхгүйгээр түүнд шаардсан бүх мэдээллийг тусгана” гэж заасан. Оролцогч нь тендерийн маягтад шаардсан мэдээллийг дутуу буюу 5 мэдээлэл ирүүлсэн.

Мөн оролцогчийн ирүүлсэн тендерийн маягтын 3-д “Үнийн санал нь ТББ-т заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 7 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба та энэ хугацаа дуусахаас өмнө түүнийг сонгох боломжтой” гэсэн нь хэрэв оролцогч тендерт шалгарвал түүний санал болгосон үнэ өөрчлөгдөх боломжтойг илтгэж байна.  

Захиалагчийн ТББ-ийн ТШӨХ-ийн ТОӨ*******-д “тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байна гэж заасан. Мөн захиалагчийн ТББ-ийн ТОӨ*******-д /8 дугаар хуудас/ “тендерийн үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулж өөрчлөхөөр санал болгосон аливаа тендерийг ТОӨЗ-ны 31 дүгээр зүйлд заасны дагуу үндсэн шаардлага хангаагүй тендер гэж үзэж, уг тендерээс татгалзана” гэж заасан заалтыг мөрдөж ажилласан болно.

Тендерийн үнэлгээний хороо тендерийг үнэлэхдээ Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “тендерийн үнэлгээний заавар”-ыг баримтлан ажилласан. Уг зааврын 6 дугаар бүлгийн 6.3-д тендерийг шаардлагад нийцэж буй эсэхийг магадлах хэсэгт: Тендерийн хүчинтэй байдалд хамаарах асуудалтай холбоотой дараах зөрүү нь тендерээс татгалзах үндэслэл болно. Үүнд: б) “тендер хүчинтэй байх хугацааг ТББ-т захиалагчийн шаардсанаас дутуу тогтоосон, эсвэл тендер хүчинтэй байх хугацааг заагаагүй” гэсэн байна.  

Захиалагчийн ТББ-ийн 25 дугаар хуудсанд тендерийн маягтыг зааж өгсөн ба уг маягт нь 6 бүлэг мэдээллийг агуулсан. Маягтын 4-д тендерийн хүчинтэй байх хугацааг тодорхойлж өгсөн. Харин оролцогч дутуу мэдээлэл бүхий маягт ирүүлсэн ба уг маягтад тендерийн хүчинтэй байх хугацааг заагаагүй.

Иймээс дээрх шаардлагуудыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн “М” ХХК-ийн 15 багцад ирүүлсэн тендерээс татгалзсан болно.

“М” ХХК захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг хянаад 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/2183 тоот гомдол хянасан тухай албан бичгээр “М” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу ирүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“М” ХХК нь ШУГТЭ ******* тендер шалгаруулалт одоо мөрдөгдөж байгаа хууль журмын хүрээнд шударга явагдсан гэж үзэж байгаа. Манай компанийн хувьд ч гэсэн тендерт шалгарахгүй 2-3 жил болж нөөцөлсөн барааны хадгалах хугацаа дуусч устгалд оруулах тохиолдлууд гарч байдаг. Цаашид эмнэлгийн ханган нийлүүлэлтэд тендерийн бус, өөр систем шаардлагатай гэдэг нь амьдрал дээрээс харагдаж байгаа. “М” ХХК нь шүүхийн ямар ч шийдвэр гарсан хүндэтгэлтэй хандана” гэв.

Дөрөв. “Ме” ХХК-ийн Ерөнхий захирал Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Тус компани нь Г эмнэлгээс зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” ШУГТЭ******* тоот тендерийн Багц 23, 25-д цахим хэлбэрээр оролцон нээлт хийхээс өмнө тендерийн баримт бичиг хуулбар 1 хувь, бүтээгдэхүүний загвар болон бүтээгдэхүүний каталоги зэргийг хүлээлгэн өгсөн. Захиалагч талын Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу доорх багцуудад гэрээ байгуулах эрх хүлээн авч гэрээ байгуулсан.

- Багц 23 - 211,880,000 (хоер зуун арван нэгэн сая найман зуун наян мянга) төгрөг - Гэрээний дугаар № НТГ201803,

- Багц 25 - 110,483,000 (нэг зуун арван сая дөрвөн зуун наян гурван мянга) төгрөг - Гэрээний дугаар № НТГ*******. Нийт 322,363,000 (гурван зуун хорин хоер сая гурван зуун жаран гурван мянга) төгрөг.

Тендер шалгаруулалтын журмын дагуу Г банкинд 16,118,150 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа байршуулсан. Гэрээний нийлүүлэлтийн хуваарийн дагуу тухайн багцуудад байгаа нийт 17 нэр төрлийн эмнэлгийн багаж хэрэгслийг АНУ, Тайван, Англи зэрэг улсуудын компаниудтай цаг хугацаанд нь нийлүүлэхээр үйлдвэрлэгч компанитай тендерийн барааны тоо хэмжээ, үнийн дүнгээр гэрээ байгуулан, эхний барааны татан авалтыг хийн Г эмнэлэгт ханган нийлүүлэлтийг хийж байна.

Бидний зүгээс гэрээнд заасан нийлүүлэлтийн хуваарийн дагуу өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгслийг цаг хугацаанд ханган нийлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр эмнэлгийн багаж хэрэгсэл нь ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл бөгөөд хүний эрүүл мэнд, амь настай салшгүй холбоотой юм.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2018 оны тендерийг цуцлавал манай компанийн хувьд гадаад талын гэрээ бүгд цуцлагдаж торгууль тавигдах бөгөөд хуваарийн дагуу татан авалт хийгдсэн барааны нөөц үүссэн мөн компанийн нэр хүнд, санхүүгийн байдалд асар их хохирол учирч болзошгүй юм. Гэрээ цуцлагдвал үүнээс үүдэн гарах хохирлын нийт хэмжээ нь гэрээний нийт үнийн дүн байх болно” гэжээ.

Тав. “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагадаа: “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” ШУГТЭ ******* дугаартай нээлттэй, цахим тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй хугацаа 45 хоног гэж ирүүлснийг тогтоох, үнэлгээний хорооны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоох гэжээ.

Тендерийн хүчинтэй хугацаа 45 хоног гэж ирүүлснийг тогтоох ... гэсэн шаардлагын тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, захиалагчийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 20.1-д тендер нь нээснээс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан байдаг.

Захиалагч ТОӨЗ-ны 12 дугаар зүйлийн 12.1.а-д тендерт оролцогч нь Сангийн яамнаас баталсан №ТШМ 1-ийн дагуу тендерийн маягтыг бөглөн баталгаажуулан ирүүлнэ гэж шаарджээ.  

Уг тендерийн маягтын 4 дүгээр зүйлд Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс /тоо/ хоногийн хугацаанд хүчинтэй байна, гээд хүчинтэй байх хоногийн тоог нөхөх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар уг маягтыг дур мэдэн өөрчилж ирүүлсэн бөгөөд ингэхдээ 3 дугаар зүйлд үнийн санал нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна.. гэжээ. /Захиалагчаас файл хэлбэрээр шүүхэд ирүүлсэн, хэргийн материалд авагдсан нотлох баримт 1. Тендерийн ерөнхий хэсэг 00001/. Нэхэмжлэгчийн санал болгосон тендерийн хүчинтэй хугацаа нь хуулийн болон захиалагчийн шаардлагыг хангахгүй байгаа нь илт байх тул, тендерийн үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Үнэлгээний хорооны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоох гэсэн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч үнэлгээний хорооны ямар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагадаа: Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх, эмнэлгийн хэрэгсэл протез худалдан авах нээлттэй ШУГТЭ ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6, 1, 25 дугаар багцуудад шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэжээ.

4, 6, 7, 25 дугаар багцуудад шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоох тухайд:

Хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т тендерийн үнэлгээний хорооны чиг үүргийг тодорхойлсон бөгөөд 47.2.2-т заасны дагуу тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх нь тендерийн үнэлгээний хорооны чиг үүрэг байна.

Захиалагчийн шийдвэрээр байгуулагдсан тендерийн үнэлгээний хорооноос тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэн, хуулийн 28.7.5-д заасан компанийг шалгаруулан 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ө 01, Ө 02, Ө 03 тоот зөвлөмжүүдээр 4, 6 дугаар багцад “Ч” ХХК-тай, 7 дугаар багцад “М” ХХК-тай, 25 дугаар багцад “М” ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид хууль гэх/ 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох шийдвэр хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний хороо нь хуулиар ногдуулсан чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байна.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох тухайд:

Нэхэмжлэгч өөрөө эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Гэхдээ үнэхээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох шаардлагатай. Нэхэмжлэгч нь тендерийн хүчинтэй байх хугацааг хуульд заасан болон захиалагчийн тогтоосон хугацаанаас бага байхаар тооцож, тендерийн маягт ирүүлснээс гадна захиалагчийн дор дурдсан шаардлагыг хангаагүй болохыг хэргийн материалд авагдсан нэхэмжлэгч нарын тендерийн материалаас харж болохоор байна. Үүнд:

1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТОӨЗ-ны 11 дүгээр зүйлийн 11.1-д Тендерийн хэл нь Монгол хэл байна гэжээ. Сангийн яамнаас баталсан эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 11 дүгээр зүйлийн 11.1-д Аливаа тендерийг дагалдах баримт бичиг, хэвлэмэл материал нь өөр хэл дээр байж болох бөгөөд энэ тохиолдолд тэдгээрийн тендерт холбогдох хэсгийг ТОӨЗ-ны 11.1-д заасан хэл рүү хөрвүүлсэн орчуулгыг тендерт оролцогч давхар бэлтгэж ирүүлэх бөгөөд уг орчуулгыг тендерийг хянан үзэх, үнэлэхэд харгалзана гэжээ.

Нэхэмжлэгч нар тендерийн материалд үйлдвэрлэгчийн итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ISO болон CE гэрчилгээ, албан ёсны гэрээт борлуулагчийн гэрээ болон бүтээгдэхүүний каталогийг тендерт хавсарган хүргүүлжээ. Тэдний дотроос зөвхөн үйлдвэрлэгчийн итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ISO болон СЕ гэрчилгээнүүд нь Монгол хэл руу хөрвүүлсэн бусад бүх материал нь англи хэл дээр байгаа нь Захиалагчийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТОӨЗ-ны 18 дугаар зүйлийн 18.1.в Гэрээг гүйцэтгэх, удирдах болон мэргэжлийн боловсон хүчний чадвар ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлнэ. Үүнд: Мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн нүүр хэсэг, төлөлт, ажилд томилсон тушаалтай хуудасны хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ гэжээ. Нэхэмжлэгч “М” ХХК нь Ц.Э , О.Н , Л.Н Б.Б , П.А , X.С , Б.О , С Б , Б.Б гэсэн нэр бүхий 9 хүнийг гэрээ хэрэгжүүлэх ажиллах боловсон хүчин гэж танилцуулан, тодорхойлолт ирүүлжээ. /файл 6: Боловсон хүчний чадвар 00391 р хуудас/

Гэрээний хугацаанд гүйцэтгэлийн явцыг хянаж удирдан ажиллах үүрэг бүхий Ц. Э ын нийгмийн даатгалын дэвтрийн нүүр хэсэг, төлөлт, ажилд томилсон тушаалтай хуудасны хуулбар ирүүлээгүй, тендерийн ахлах дефектор А нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/193 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /файл 6: Боловсон хүчний чадвар 00418-р хуудас/ Түншлэгч “Т” ХХК нь Б.А , Ж.О , Г.Б , Э.О , Г.О , Т.О , Э.М , Г.Н , Г.Т , М.З , М.М гэсэн нэр бүхий 11 хүнийг хүнийг гэрээ хэрэгжүүлэх ажиллах боловсон хүчин гэж танилцуулан, тодорхойлолт ирүүлжээ. /файл 6: Боловсон хүчний чадвар 00427- 00430 р хуудас/ дээр дурдсан хүмүүсээс эм найруулагч Г.Н , эм зүйч Г.Т , эм зүйч М.З , эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч М.М нарын нийгмийн даатгалын дэвтрийн нүүр хэсэг, төлөлт, ажилд томилсон тушаалтай хуудасны хуулбар ирүүлээгүй зэрэг нь захиалагчийн шаардлагад нийцэхгүй төдийгүй, уг хүмүүс нь үнэхээр Т ХХК-д ажилладаг эсэхэд, ЭМСС-ын 2015 оны 264 дүгээр тушаалын 1-р хавсралтаар батлагдсан хүнийн нөөцийн шаардлага хангах эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

3. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ-ны 18 дугаар зүйлийн 18.2-т Санал болгож буй үнийн дүнгийн 25 хувьтай тэнцэх хэмжээний түргэн хөрвөх хөрөнгийн жагсаалт ирүүлээгүй.

Нэхэмжлэгч нарын ирүүлсэн тендер нь Захиалагчийн тендерийн баримт бичигт заасан хэд хэдэн шаардлагыг хангахгүй байгаа тул тендерийн үнэлгээний хороо Захиалагчийн тендерээс хуулийн 27.4-д заасны дагуу татгалзсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2-р буюу Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх, эмнэлгийн хэрэгсэл протез худалдан авах нээлттэй ШУГТЭ ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6, 7, 25 дугаар багцуудад шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 3-р шаардлагадаа: Эмнэлгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/177 дугаар тушаалын 4, 6 дугаар багцуудад “Ч” ХХК, 7 дугаар багцад “М” ХХК, 25 дугаар багцад “Ме” ХХК-иудад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэжээ.

Захиргааны акт хууль бус эсэх:

Г эмнэлгийн дарга хуулийн 46.1.3-д заасан эрхийнхээ хүрээнд, тендерийн үнэлгээний хорооны Ө02, ӨОЗ дугаар бүхий хурлын шийдвэр дүгнэлт, Ө01-Ө05 дугаар бүхий зөвлөмжүүдийг тус тус үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б/177 тоот тушаал гарган, гуравдагч этгээдүүдэд гэрээ байгуулах эрх олгожээ. Уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байгаа нь хуулийн 46.1.3, 47.2.2 заалтуудаар нотлогдож байна. Тэр ч бүү хэл хуулийн 47.2.2-т Гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэжээ.

Энэ нь дээр дурдсан Г эмнэлгийн даргын тушаал хууль ёсны гэдгийг давхар баталгаажуулж байгаа хэрэг юм.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх:

Хуулийн хоёрдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх” бөгөөд 27.3-ын дагуу тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх” үе шат эхэлж, үнэлгээ хийн, шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлснийг үндэслэн Эмнэлгийн дарга гуравдагч этгээдүүдэд эрх олгосон, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргажээ.

Нэхэмжлэгчийн хувьд хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар тендер хянан үзэх үе шатнаас хасагдсан байгаа тул түүний дараагийн үе шат болох үнэлгээний шатнаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй, уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 3-р буюу Эмнэлгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/177 дугаар тушаалын компаниудад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлагадаа: “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” ШУГТЭ ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6 дугаар багцуудад “Ч” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 7 дугаар багцад М ХХК-тай байгуулсан НТГ ******* тоот гэрээ, 25 дугаар багцад Ме ХХК-тай байгуулсан НТГ ******* тоот гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, холбогдох хэсгийг хүчингүй болгох гэжээ.

НТГ*******, НТГ*******, НТГ******* тоот гэрээнүүдийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:

НТГ*******, НТГ *******, НТГ ******* тоот гэрээнүүд хууль бус эсэх Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар бүлгээр захиргааны гэрээтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Дээр дурдсан гэрээнүүд нь 53.1-д заасан захиргааны гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан буюу бичгээр байгуулсан, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу сангийн яамнаас зөвшөөрөл авч байгуулагдсан буюу хуульд заасан журмын дагуу байгуулагдсан тул дээр дурдсан гэрээнүүдийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх НТГ*******, НТГ *******, НТГ ******* тоот гэрээнүүд нь Г эмнэлэг-“Ч” ХХК, Г эмнэлэг-“М” ХХК, Улсын Г эмнэлэг-“Ме” ХХК нарын хооронд байгуулсан, нэг талаас өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгсэл, протезийг захиалагчийн техник үзүүлэлтэнд нийцүүлэн нийлүүлэх, нөгөө талаас төлбөр төлөх харилцааг зохицуулж байдаг. 2 тал харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 4 дүгээр буюу “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” ШУГТЭ ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6 дугаар багцуудад Ч ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 7 дугаар багцад М ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 25 дугаар багцад Ме ХХК-тай байгуулсан НТГ ******* тоот гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дээр дурдсан гэрээнүүдийн холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд: Гэрээний аль хэсгийг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй тул тайлбар өгөх боломжгүй.

Нэхэмжлэгч нарын шаардлага гаргасан дээр дурдсан тендерт манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 тушаалаар батлагдсан журмуудын дагуу тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, шаардагдах баримт, материалуудыг бүрдүүлж оролцсон бөгөөд нийт 16 багцад үнийн санал хүргүүлснээс Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д заасанд үндэслэн 9 багцыг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгон, 5 багцаас 27.4-д заасны дагуу, 2 багцаас 30.1.3-д заасны дагуу тус тус татгалзсан байна.

Бид Г эмнэлэгтэй 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр НТГ 201801 дугаар бүхий гэрээ байгуулан ******* дугаартай нээлттэй тендерийн 8 13, 15, 28, 29 тоот багцуудад, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр НТГ ******* дугаар бүхий гэрээ байгуулан, ******* дугаартай нээлттэй тендерийн 2, 3, 4, 6 дугаар багцуудад тус тус эмнэлгийн хэрэгслийг нийлүүлж байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүгч захирамж гаргаж 2, 4, 6 дугаар багцуудад байгуулсан гэрээг түдгэлзүүлсэн тул нийлүүлэлт хийхгүй байгаа.

Бид 2009 оноос хойш эмнэлгийн хэрэгслүүдийг тендерээр болон шууд гэрээгээр улсын болон хувийн эмнэлгүүдэд нийлүүлж байгаа бөгөөд бидний нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар болон нийлүүлэлтийн тасралтгүй байдлаас өвчтөний эрүүл мэнд, амь нас хамааралтай гэдгийг бүрэн ойлгож, тендер бэлтгэх болон гэрээ хэрэгжүүлэхдээ маш хариуцлагатай ханддаг болно.

Захиргааны хэргийн зорилт нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд хариуцагчийн тайлбар, Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6- 1/2183 тоот албан бичиг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдал тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Зургаа. Нэхэмжлэгч “М” ХХК, “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа:

“... УГТЭ-ийн Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдаж авах нээлттэй ШУГТЭ ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын холбогдох баримт бичиг, нотлох баримтуудыг судлан үзээд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгаж, тодруулж байна.

1. Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй хугацаа 45 хоног гэж ирүүлснийг тогтоолгох, Үнэлгээний хорооны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Өндөр өртөгтэй зарим үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6, 7, 25 дугаар багцуудад шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

3. Г эмнэлгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/177 дугаар тушаалын 4, 6 дугаар багцуудад “Ч” ХХК, 7 дугаар багцад “М” ХХК, 25 дугаар багцад “Ме” ХХК-иудад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

4. Өндөр өртөгтэй зарим үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6 дугаар багцуудад “Ч” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 7 дугаар багцад “М” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 25 дугаар багцад “Ме” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Долоо. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, Н, О нар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбоотойгоор шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“... “М” ХХК, “Т” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийн маягтад тендерийн хүчинтэй хугацааг заагаагүй нь Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар баталсан “Эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийн ТОӨЗ-ны 13 дугаар зүйлийн 13.1-д тендерт оролцогч нь бүлгийн 4-д заасан тендерийн маягтыг бөглөж ирүүлнэ. Энэхүү маягтыг бөглөхдөө түүний агуулгыг өөрчлөхгүйгээр түүнд шаардсан бүх мэдээллийг тусгана гэж заасан бөгөөд Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 6 дугаар бүлгийн 6.3-д тендерийн хүчинтэй байдалд хамаарах асуудалтай холбоотой дараах зөрүү нь тендерээс татгалзах үндэслэл болно. Үүнд: б/ Тендерийн хүчинтэй хугацааг ТББ-т захиалагчийн шаардсанаас дутуу тогтоосон эсвэл хүчинтэй хугацааг заагаагүй” гэж заасны дагуу тухайн оролцогчийн тендерээс татгалзсан болно.

Мөн Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/2183 дугаар гомдол хянасан тухай шийдвэрт энэ талаар тодорхой дурдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Найм: Гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүхэд гаргасан тайлбартаа:

“М” ХХК, “Т” ХХК-иудын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан байдаг.

Гэтэл дээрх 2 байгууллага тендер зарлагдан тендерийн бичиг баримт бэлтгэх явцад өөрийн эрх ашгийг хөндөгдсөн гэж үзэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрх нь нээлттэй байхад өөрийн эрхийг хэрэгжүүлээгүй бөгөөд харин тендер шалгаруулалтанд тэнцээгүй гэсэн мэдэгдлийг хүлээн авсны дараа Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Гомдлыг С яам хянан үзээд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 6-1/2183 тоот албан бичгээр үндэслэлгүй гэдгийг мэдэгдсэн байна.

2017 оны гэрээнүүд сунгагдан өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслүүд их тоо ширхгээр нөөцлөгдсөн буюу нийлүүлэгчээс татан авахаар гэрээ хийн захиалга өгсөн бол дээрх 2 байгууллага тендер зарлагдсан тухайн үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт гомдол гарган тендерийг түдгэлзүүлэх эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй нь тендерт шалгарсан байгууллагуудтай хийсэн гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

2. Манай байгууллага нь ШУГТЭ ******* дугаартай тендерийн 31 дүгээр багцад шалгаран Г эмнэлэгтэй гэрээ байгуулан 2018 оны 4, 5 дугаар сард Австри улсын Такеди, Франц улсын Гуэрбэт компаниудтай тодосгогч бодис авахаар гэрээ байгуулан тус эмнэлэгт 450 ширхэг тодосгогч бодис нийлүүлсэн.

3. Г эмнэлэгтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийн тулд Австри улсын Такеди, Франц улсын Гуэрбэт компаниудаас эм, эмнэлгийн хэрэгслээ татан авах захиалгаа өгсөн.

Захиргааны хэргийн шүүхэд гаргасан “М” ХХК, “Т” ХХК-иудын гомдлыг хүлээн авч ШУГТЭ *******” тендерийн 31 дүгээр багцад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээг түдгэлзүүлбэл манай байгууллагын хувьд гадаад талын гэрээ бүгд цуцлагдан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас торгууль тавигдах бөгөөд манай байгууллагад учрах хохирлын хэмжээ нь гэрээний нийт үнийн дүн, торгууль алдангийн нийлбэрээр хэмжигдэн ихээхэн хэмжээний байх болно.

Мөн манай байгууллагын 2018 онд 3 дугаар эмнэлэгт нийлүүлж буй тодосгогч бодисыг 2017 онд “М” ХХК нийлүүлж байсан бөгөөд “М” ХХК-ийн ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймээс “М” ХХК, “Т” ХХК-иудын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 1380 тоот нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК, “Т” ХХК нь хариуцагч Г эмнэлгийн дарга, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

1. Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын явцад “М” ХХК, “Т” ХХК-ийн түншлэлийн хүргүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй хэмээн Тендерийн үнэлгээний хорооны хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

2. Өндөр өртөгтэй зарим үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6, 7, 25 дугаар багцуудад шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

3. Г эмнэлгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/177 дугаар тушаалын 4, 6 дугаар багцуудад “Ч” ХХК, 7 дугаар багцад “М” ХХК, 25 дугаар багцад “Ме” ХХК-иудад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүд, тухайн багцуудад хийгдсэн “Ч” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 7 дугаар багцад “М” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 25 дугаар багцад “Ме” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах” хэмээн багасгаж, тодруулсан байна.

Г эмнэлгээс “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер”-ийг нийт 35 багцад 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зарласан бөгөөд тодорхой шалтгааны улмаас хойшилж, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13:30 цагт нээсэн.

Тендерийн маргаан бүхий 4 дүгээр багцад: “С” ХХК, “Ч” ХХК, “М” ХХК, “Т” ХХК,

6 дугаар багцад: “М” ХХК, “С” ХХК, “Ч” ХХК,

7 дугаар багцад: “М” ХХК, “М” ХХК, “С” ХХК,

25 дугаар багцад: “М” ХХК, “М” ХХК, “М” ХХК-иуд оролцож, тендер ирүүлснээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Тендерийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй хэмээн Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас хасч шийдвэрлэжээ.

Г эмнэлгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 329 тоот албан бичгээр “Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 6 дугаар бүлгийн 6.3-д “тендер хүчинтэй байх хугацааг Тендерийн баримт бичигт захиалагчийн шаардсанаас дутуу тогтоосон, эсвэл тендер хүчинтэй байх хугацааг заагаагүй” гэж тендерийн маягтад тусгах мэдээлэл дутуу гэсэн үндэслэлээр “М” ХХК-ийн ирүүлсэн тендер шалгараагүй тухай” мэдэгдлийг хүргүүлсэн байна. 

Захиалагчаас тендерт оролцогчдод хүргүүлсэн Тендерийн баримт бичгийн 25 дугаар хуудсанд авагдсан Тендерийн маягтад нийт 6 зүйлийн мэдээллийг тусгасан ба 4 дэх хэсэгт “Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс /тоо/ хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэх хэсгийг маягт дээр бөглөж ирүүлээгүй орхигдуулсан гэж үзсэн Тендерийн хорооны шийдвэрийг шүүхээс огт үгүйсгээгүй боловч нэхэмжлэгч “М” ХХК нь тендерийн цахим системд багц тус бүр дээр тендерийн хүчинтэй хугацааг 45 хоног гэж бөглөснийг харгалзан үзээгүй байна.  

Энэ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-1/1961 тоот албан бичигт “...М ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г эмнэлгээс зарласан ШУГТЭ ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 1, 2, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 20, 24, 25, 31, 32, 33 дугаар багцуудад тендерийн үнийн санал илгээсэн ба багц тус бүрт хүчинтэй хугацааг 45 хоног гэж оруулсан байна” гэх, мөн тус газрын Мэдээлэл технологийн алба дээр  байрлах цахим тендерийн системд үзлэг хийхэд нэхэмжлэгчийн оролцсон багц тус бүр дээр Тендерийн хугацаа гэсэн хүснэгтэд 45 хоног гэж тэмдэглэгдсэн зэргээр тогтоогдсон, түүнийг цахим системээс харах боломжтой байхад нэхэмжлэгчдийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байжээ.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ”тендер” гэдэг нь захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн санал гэж тодорхойлсны зэрэгцээ мөн хуулийн  24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд оролцогчдоос ирүүлсэн тендер нь буюу санал нь хүчинтэй байна гэж заасан. Хуулийн энэ томьёоллоос үзэхэд тухайн тендер сонгон шалгаруулалтад оролцогч тендерээ хуулийн хугацаанд хүчинтэй байдлаар хүргүүлж, хүсэл зоригоо илэрхийлнэ. Харин хуульд заасан 45 хоногийн хугацаанд захиалагч буюу төрийн захиргааны байгууллага уг үйл ажиллагааг багтаан зохион байгуулах үүргийг хуулиар ногдуулсан.

Дээрх маргааны тохиолдолд нэхэмжлэгч “М” ХХК нь тендерийн хүчинтэй байх хугацаанаас тендертээ бага хоног заагаагүй, тендер сонгон шалгаруулалтад оролцох хүсэл зоригоо нэлээдгүй олон багц дээр илэрхийлсэн, Тендерийн болон Гүйцэтгэлийн баталгааг мөн захиалагчийн шаардлагын дагуу гаргасан, маягтад дурьдаагүй боловч тендерийн цахим системд тендерийн хүчинтэй хугацааг бичсэн, өмнөх жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан зэргийг харгалзан үзэж, Үнэлгээний хороо нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг үнэлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаж, оролцогчдоос  хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулах үүргээ захиалагч биелүүлээгүй гэж үзэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Үнэлгээний хороо тендерийг хянахдаа энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан оролцогчийн чадавхи, техникийн тодорхойлолт зэрэг зайлшгүй шаардлагатай шалгууруудыг голчлон үзэх ба тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хянаж үзэхдээ тендерт оролцогчоос ирүүлсэн санал нь нийлүүлэх барааны ... хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө байгаа эсэх, захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэхийг удирдлага болгох ба энэ нь шаардлагад нийцсэн бусад оролцогчдод тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх үгүйг тодорхойлох, хянах үүргийг Үнэлгээний хороо хүлээдэг бөгөөд энэ хуулийн 27.3-т заасан нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад 27.4-д заасны дагуу захиалагч нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзах хууль зүйн үр дагавар үүсээгүй байна.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах “өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмын дагуу захиалагчаас шударга өрсөлдөөнийг бий болгож, сонирхогч этгээдүүдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах, бага үнийн саналыг дэмжих, тендер сонгон шалгаруулалтыг хуулийн хугацаанд чанартай зохион байгуулж, хэмнэлттэй, үр ашигтай худалдан авалтыг хийх явдал юм.

Хуульд заасан нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны  байгууллагаас зохион байгуулахдаа аль болох дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хуульд тодорхой заасан өгөгдөл, баримт бичгүүдийг дахин давтан бүрдүүлэх ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Сангийн сайд 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ыг 07 дугаар тушаалаараа баталсан нь цахим хуудсыг ашиглан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдох харилцааг зохицуулахаар заасан.

Энэ нь тус журмын 8 дугаар зүйлийн 8.3-д “Тендерт оролцогч цахим тендерийн шаардлагад нийцүүлэн тендерийн баримт бичгийг бэлтгэн ирүүлнэ...”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “захиалагч байгууллага нь цахим тендер шалгаруулалтыг энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна” гэж захиалагч болон тендерт оролцогчийн үүргийг тодорхойлсноос үзэхэд нэгэнт захиалагч цахим тендер сонгон шалгаруулалтыг нийтэд зарласнаар тендерт оролцогчоос ирүүлсэн баримт бичгийг хянан үзэхээс гадна цахим системд оруулсан мэдээллийг хянан үзэх эрх нь нээлттэй байжээ.

Иймд нэхэмжлэгч “М” ХХК, “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

1. Г эмнэлгээс зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер сонгон шалгаруулалтын явцад “М” ХХК, “Т” ХХК-ийн түншлэлийн хүргүүлсэн тендерийг 4, 6, 7, 25 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн Тендерийн үнэлгээний хорооны хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоож,

2. Өндөр өртөгтэй зарим үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6, 7, 25 дугаар багцуудад шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийн  “Ч” ХХК, “М” ХХК, “Ме” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,

3. Г эмнэлгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/177 дугаар тушаалын 4, 6 дугаар багцуудад “Ч” ХХК, 7 дугаар багцад “М” ХХК, 25 дугаар багцад “Ме” ХХК-иудад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүд, тухайн багцуудад хийгдсэн “Ч” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 7 дугаар багцад “М” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, 25 дугаар багцад “М” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот гэрээ, холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “М” ХХК, “Т” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхээс Г эмнэлэгт Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез нийлүүлэх маргаан бүхий гэрээнүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба нийлүүлэх  барааны онцлог, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн онцгой эрх ашгийг харгалзан, эм, эмнэлгийн хэрэгсэл тасралтгүй нийлүүлэгдэж байх шаардлагын үүднээс шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл өмнөх гэрээний үйлчлэл хүчин төгөлдөр болохыг дурдах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан, “М” ХХК, “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г эмнэлгээс зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер сонгон шалгаруулалтын явцад “М” ХХК, “Т” ХХК-ийн түншлэлийн хүргүүлсэн тендерийг 4, 6, 7, 25 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн Тендерийн үнэлгээний хорооны хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т тус тус заасныг баримтлан Өндөр өртөгтэй зарим үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй ШУГТЭ******* дугаартай цахим тендер шалгаруулалтын 4, 6, 7, 25 дугаар багцуудад шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийн  “Ч” ХХК, “М” ХХК, “М” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т тус тус заасныг баримтлан Г эмнэлгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/177 дугаар тушаалын 4, 6 дугаар багцуудад “Ч” ХХК, 7 дугаар багцад “М” ХХК, 25 дугаар багцад “М” ХХК-иудад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүд, тухайн багцуудад хийгдсэн “Ч” ХХК-тай байгуулсан НТГ*******, 7 дугаар багцад “М” ХХК-тай байгуулсан НТГ*******, 25 дугаар багцад “М” ХХК-тай байгуулсан НТГ******* тоот тус тус гэрээнүүдийн тухайн багцад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА