Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0284

 

 

 

 

 

 

 

 

Ж.О, Б.Энарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2022/02 дугаар шийдвэрийг хариуцагч Д.О, Б.Ч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

   Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий, шүүгч Д.Батбаатар

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

   Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Д.О, Б.Ч,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Б.Э, Ж.О,

Хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүү хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Д.Оюунсүрэн, улсын байцаагч, дотоод аудитор Б.Чулуунбат,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2022/02 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

   Нэхэмжлэгч Ж.О, Б.Э

Хариуцагч Д.О, Б.Ч,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

 

Хэргийн индекс: 122/2022/0002/З

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2022/02 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дүгээр  актуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Б.Э, Ж.О нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

1.2. Захирамжийн 2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11 дэх хэсэгт заасныг баримтлан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Д.О, Б.Ч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь заалтад: Б.Э, Ж.О нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд сонсох ажиллагааны талаар дурдаагүй, гомдол гаргаагүй байсан тул Б.Эд сонсох ажиллагаа хийсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй юм. Гэтэл шүүх хуралдааны явцад Б.Э нь акт тогтоохдоо сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбар өгсөн. Үүнийг үндэслээд шүүх Б.Эд сонсох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн. Энэ тайлбартай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх боломжит хугацааг олгох үүднээс тодорхой хугацаагаар шүүх хурлыг хойшлуулах ёстой байсан.

 

Тодруулбал дээрх 2 актыг тогтоохоос 3 хоногийн өмнө Б.Эгийн 99233205 дугаар руу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг 50 минутад залган 3 минут 23 секундийн хугацаанд 7108500 мянган төгрөгийг нягтлан бодогч Ж.Оын хамт хувь тэнцүүлэн төлүүлэх талаар ярьж, ирж уулзана уу гэхэд Б.Э “Сангийн сайдад гомдол гаргасан, сонсох ажиллагаанд гарын үсгээ зурахгүй, би хүлээн зөвшөөрөхгүй” гэдэг тайлбараа өгч байна гэж хэлсэн баримт байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа хийснээс хойш оролцогчийн тайлбар, санал, нотлох баримт гаргаж өгөх хугацааг тодорхой зааж өгөөгүй учраас акт тогтоохоос 2-3 хоногийн өмнө Б.Э, Ж.О нарт мэдэгдсэн нь тайлбар, санал, нотлох баримт гаргах боломжтой хугацаа юм.

 

2.2. Захиргааны шүүх нь өөрийн санаачилгаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу сонсох ажиллагаа хийсэн баримтыг гаргуулж авах эрхтэй байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх заалт: Шалгалтын явцад 2018-2020 оны архивлагдсан санхүүгийн харилцах, бараа материалын баримтууд, санхүүгийн тайлан баланс зэргийг нэг бүрчлэн тулгаж, тооцоолол хийсэн ба маргаан бүхий актуудад дурдагдсан 7108500 төгрөгтэй холбогдох баримт байгаагүй. Иймд нягтлан бодогч Ж.Оын хамт дээр дурдсан бүх баримтуудыг үзэж тулган, Ж.О нь давхар тооцооллоо хийсний үндсэн дээр холбогдох баримтууд байхгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбараа гаргасан. Энэ тайлбарууд нь хэрэгт байгаа бөгөөд үүнийг шүүх үнэлээгүй. Б.Э нь 2021 оны 11 дүгээр сард аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар түр томилогдсон ба энэ хугацаандаа дээрх зөрчлүүдтэй холбоотой баримтуудыг нөхөж үйлдэн, шүүхэд гаргасан гэж үзэж байна.

Мөн шүүх хуралдааны явцад Ж.О нь “Төрийн сан дээр гүйлгээ хийхдээ анхан шатны баримтуудаа бүгдийг нь хавсаргаад, төрийн сангийн гүйлгээ хийж байгаа теллер нь өөрсдөө хянаад, хяналтын хуудсаа бүртгээд гүйлгээ хийдэг тиймээс төсвийн байгууллага анхан шатны баримтгүй гүйлгээ хийнэ гэсэн ойлголт байхгүй” гэж тайлбар гаргасан. Төрийн сан нь мөнгөн гүйлгээг гаргахдаа зөвхөн зарлагын баримт болон харилцагч байгууллагын нэхэмжлэхээр гаргадаг. Төлбөрийн хүсэлт гэдэг нь тухайн байгууллага мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрх хүсэж байгаа төлбөрийн баримт. Шаардлагатай тохиолдолд байгууллагын даргын тушаал, мөнгөн гүйлгээний баримт шаарддаг. Гэтэл Ж.О нь хяналт шалгалтын үйл ажиллагааг илт гуйвуулж, төрийн сангийн үйл ажиллагаатай хольж анхан шатны баримтуудыг иж бүрэн байсан баримт гэж худал тайлбар өгсөн.

2.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь заалт: Санхүүгийн хяналт шалгалтын гол зорилго бол тухайн байгууллага нь Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журмын заалтууд зөв зүйтэй хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьдаг ба, тухайн мөнгөн хөрөнгийг төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу эдийн засгийн ангиллын хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй, зөв зарцуулсан эсэх, байгууллагаас гарсан хөрөнгийг яг юунд зарцуулсан байна, үүссэн өглөг, авлага, хөрөнгө оруулалт, хандив тусламжаа данс бүртгэлдээ тусгасан эсэх, зарцуулагдсан мөнгөн хөрөнгийн баримтыг заавар журмын дагуу иж бүрэн хөтөлсөн эсэх зэргийг анхан шатны баримттай, санхүүгийн тайлантай тулган үздэг. Тухайн байгууллагаас зарцуулсан шатахууны зардал, томилолтын зардалтай холбоотой дараах анхан шатны баримтууд заавал байх ёстой. Тухайлбал байгууллагын дарга, нягтлан бодогч хоёрын цохолттой жолоочийн шаардах хуудас, жолоочид олгогдсон бензин талоны зарцуулалтын тайланг жолооч өөрөө замын тооцооны хуудсанд нэг бүрчлэн хөтөлсөн тайлан, түүнийг үнэн зөв хөтөлснийг нягтлан бодогч нь хянаж баталгаажуулсан байх ёстой.

Нягтлан бодогч нь тухай бүр нягталж хянадаггүйгээс 2019 он, 2020 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 4115300 төгрөг жолоочийн замын тооцооны хуудсанд огт бичигдээгүй, анхан шатны баримтгүйгээс төсвийн хөрөнгө зориулалтын дагуу үр ашигтай зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй байсан. Мөн тээвэр шатахууны зарцуулалтыг жолоочийн тооцооны хуудастай нэг бүрээр шүүж явсан километрийг гаргасан ба 2019 онд 7-н өөр маркийн, 2020 онд 8-н өөр маркийн авто машины замын хуудсыг тус тус гаргасан байсныг шалгалтын явцад шүүж баримтжуулж авсан байсан. Томилолтоор явж байгаа тохиолдолд томилолтын удирдамж, томилолтын хуудас, томилолтын илтгэх хуудас буюу тайлан, томилолтын төсөв байх ёстой. Гэтэл 2019, 2020 оны жолоочийн замын тооцооны хуудсыг нэг бүрчлэн тулган үзэхэд жолооч нь жолоочийн замын тооцооны хуудсанд дарга Б.Э нь 2019.04.29, 2019.06.03, 2020.06.26-ны өдөр албан томилолтоор тус тус Улаанбаатар хотод ажиллахад зарцуулсан гэж бичсэн байсан.

Томилолтоор явсан бол тухайн шаардлагатай баримтууд байна уу гээд үзэхэд холбогдох баримтууд огт байгаагүй. Үүнтэй холбогдуулан шалгалтын явцад нягтлан бодогч Ж.О нь шатахууны тайлан, томилолтын бүртгэлийг нэг бүрчлэн тулгаж, тооцоолон эцсийн байдлаар 2019, 2020 онд Б.Э даргыг ажиллаж байх хугацаанд нийт 1427300 төгрөгийн томилолтын баримтууд байхгүй байна гэдгээ мөн 2019, 2020 онд нийт 4115300 төгрөгийн шатахууны зарцуулалт анхан шатны баримтгүй зарцуулагдсан байна гэдгээ, түүнчлэн “Номин” ХХК-руу шилжүүлсэн 2000000 төгрөгийн 1065900 төгрөгийг нь, “Тэмүүлэл өргөө” ХХК рүү шилжүүлсэн 500000 төгрөгийн хөрөнгө, бараа материалыг тус тус орлого аваагүй, данс бүртгэлд авлагаар тусгаагүй, холбогдох анхан шатны баримт огт байхгүй байна, яг юунд зарцуулсан гэдгээ тайлбарлаж чадаагүй хүлээн зөвшөөрсөн.

Маргаан бүхий актуудыг тогтоохдоо байгууллагын дарга, нягтлан бодогч нар нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх”, 5.1.5-д “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.3.1-д “төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн гүйлгээг бууруулах бичилт хийхгүйгээр нийт дүнгээр нь төлөвлөж, тайлагнах”, 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 14 дүгээр зүйлийн 14.3.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх”, 14.4.5-д “Нягтлан бодох бүртгэлд орлогыг заавал бүртгэнэ”, 14.4.6-д “нягтлан бодох бүртгэлд зардлыг заавал бүртгэнэ”, 20.1.1-д “нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах”, 20 дугаар зүйлийн 20.1.4-д “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх”, 20.2.4-д “нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах”, 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, 20.2.8-д “нягтлан бодогч нь аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй учраас төсвийн хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх зорилгоор Б.Э, Ж.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Сангийн яамнаас маргаан бүхий хоёр актыг хянаж үзээд үндэслэлтэй тогтоосон байна гэдэг албан бичиг ирүүлсэн нь хэргийн материалд авагдсан байгаа.

Түүнчлэн шалгалтын танилцуулгын 7-д “Тээвэр шатахууны зарцуулалтыг өөр аймаг, хотод ажилласан томилолтын хуудас болон жолоочийн тооцооны хуудас, худалдан авах ажиллагаа, үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлт, хүний нөөцийн ил тод байдал зэргийг тулган шалгалаа” гэж шалгалтыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар бичсэн. Хэргийн материалд тус шалгалтын танилцуулга авагдсан байхад шүүхээс шалгалтыг бүрэн гүйцэд хийгээгүй гэж үзсэн нь хэргийн материалыг нэг бүрчлэн шинжлэн судлаагүй, бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Б.Э нь шүүх хуралдааны явцад сонсох ажиллагаа хийгээгүй мэтээр илт худал тайлбар өгсөн, мөн дээрх зөрчилтэй холбоотой баримтууд гэж 2 жилийн дараа нөхөж гаргасан баримтаа шүүх хуралдаан эхэлмэгц өгсөн нь хариуцагч нарт тус нотлох баримтуудыг судлан шинжлэх, мөн үгүйсгэн няцаах, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломжит хугацаа олгоогүй тул Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2022/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хянахад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөөгүй, холбогдох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Ж.О, Б.Энараас Сүхбаатар дүүргийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Д.Оюунсүрэн, улсын байцаагч, дотоод аудитор Б.Чулуунбат нарт тус тус холбогдуулан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахыг хүссэн “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46 дугаар актаар Б.Э албан ажлаар 2019, 2020 онд явахдаа шатахуун зарцуулсан гэх боловч томилолтын удирдамжгүй, томилолтын хуудасгүй шатахуун зарцуулсан гэж үзэж, 1427.3 мянган төгрөгийг,

31-01/47 дугаар актаар “Номин тав трейд” ХХК руу 2000,0 мянган төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтгүй шилжүүлсэн, зарим хэсэг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, бараа материалын орлогод аваагүй, шууд бичиг хэргийн зардлаар илэрхийлсэн, шатахууны зарцуулалтын баримт, жолоочийн тооцооны хуудасгүй, зарцуулалтын тайланд тусгаагүй зэрэг анхан шатны баримтгүйгээр төсвийн хөрөнгийг зарцуулсан гэж үзэж 5681.2 мянган төгрөгийг тус тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Э, нягтлан бодогч Ж.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

5. Хариуцагч нь “Сангийн сайдаас 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хүчингүй болгосны дараа дахин санхүүгийн баримтад шалгалт хийгээгүй, зөвхөн хариуцах эзнийг нь тодорхой болго” гэсний дагуу дарга, нягтлан бодогч 2-оор төлүүлэхээр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 акт гаргасан гэж тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх нь 31-01/46, 31-01/47 дугаар актыг гаргахдаа “сонсох ажиллагаа хийгээгүй” гэж дүгнэн, маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нар урьдчилан шийдвэрлэх журмаар акт хүчингүй болсны дараа явуулаагүй ажиллагааг дахин тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

6. Нэхэмжлэгч нар нь дээрх зөрчил тус бүр дээр анхан шатны баримтуудыг зааж, холбогдох баримтууд байгаа, байцаагч нар дутуу шалгасан талаар тайлбарлаж, зарим баримтыг ирүүлсэн, шатахууныг шаардах хуудсаар зарцуулж байсан, Улаанбаатар хот руу албан ажлаар явсантай холбоотой томилолт, буудлын мөнгө зарцуулсан холбогдох баримтууд байгаа, төсвийн санхүүжилтийг холбогдох зорилгоор нь зарцуулсан ... гэх зэргээр тайлбар гаргасантай холбоотой анхан шатны шүүх холбогдох баримтуудыг шаардан гаргуулж, актад дурдсан зөрчил гаргасан эсэх, төсөвт нөхөн төлүүлэх хохирол учирсан эсэх зэрэг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дарга, нягтлан бодогчоор хувь тэнцүүлж нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль, журамд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой атал шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасанд нийцээгүй байна.

   7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2022/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ