Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 425

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: УБЕГ ,

Хариуцагч: АМГТГКХД д холбогдох,

Гуравдагч этгээд: С,

Гуравдагч этгээд: “Б” ХХК,

Гуравдагч этгээд: Б,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн 90112....., регистрийн 521..... дугаартай М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э-ээс Б компанийн энгийн хувьцааны 51 хувь, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э-ээс Б компанийн энгийн хувьцааны 49 хувь, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б-с “Э” ХХК-д компанийн энгийн хувьцааны 100 хувь, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК-иас С-т компанийн хувьцааны 100 хувийн эрхийг шилжүүлсэн,  “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С-с “Б” ХХК-д “М” ХХК-ийн энгийн хувьцааны 100 хувийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э-г бүртгэхийг Оюуны өмч, УБЕГ т даалгах, мөн ашигт малтмал ашиглалтын MV-01..... дугаартай тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, гуравдагч этгээд С болон “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, гуравдагч этгээд Б-ы өмгөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “... Н миний бие 1994 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн 23 настай эрэгтэй. Миний аав Э нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан бөгөөд нас барснаас хойш Монгол Улсын Иргэний хуулийн 520, 527 дугаар зүйлүүдэд зааснаар өвлөх эрхийн харилцаа үүссэн.

Тодруулбал аав Э нас барах үед түүний 100 хувийн хувьцаа эзэмших эрхтэй байсан улсын бүртгэлийн 90112....., регистрийн 521..... дугаартай “М” ХХК нь Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 527 дугаар зүйлийн 527.3 дахь хэсгүүдэд зааснаар хүү Н надад өвлөгдөх хуулийн зохицуулалттай болно.

Н миний хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар аав Э нас барсан 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “М” ХХК-ийг хууль ёсны дагуу өвлөн авах өв нээгдсэн бөгөөд улмаар Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар эрх бүхий байгууллагад /нотариат/ нэг жилийн дараа буюу 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авсан.

Тодруулбал, 2013 оны 10 дугаар сард Монголын Нотариатчдын танхимд хандаж “М” ХХК болон бусад өвлөгдөх эд хөрөнгийн талаар өв нээлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд “М” ХХК хувьцаа эзэмших эрх нь аав Э нас барснаас хойш бусдад шилжсэн талаарх мэдээлэл гарч үүний мөрөөр хууль ёсны өвлөгч Н миний бие 2013 оны 10 дугаар сараас хойш 2017 оныг хүртэл цагдаа, прокурорын байгууллагад гомдол гарган шалгуулсан.

Нэхэмжлэгч Н миний бие “... иргэн Б нь аав Э гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, хуурамч бичиг баримт ашиглан удаа дараагийн давтан үйлдлээр “М” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг залилан мэхэлж авсан...” гэх гомдлыг 2013 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гаргаж иргэн Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2, 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б-с “М” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг 2010, 2011, 2013 онуудад шилжүүлэн авахдаа аав Э байгуулсан гэх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гарган өгсөн удаа дараагийн гэрээ, хэлцлүүд, тэдгээрт зурагдсан талуудын гарын үсгийн тайллыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн бичиг үсгийн мэргэшсэн шинжээчдээр удаа дараагийн дүгнэлт гаргуулахад дээрх бүх гэрээ хэлцлүүдэд аав Э нь өөрөө гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3024 дугаартай актын дүгнэлтийн 2 дахь хэсэгт “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд байгаа 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ” гэсэн баримтын эрх шилжүүлэгч гэсний доод талд байгаа шинжилж буй гарын үсгийг Э бичээгүй...”, гэх 3 дахь хэсэгт “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд байгаа 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” гэсэн баримтын компанийг үүсгэн байгуулагч гэсний доод хэсэгт байгаа шинжилж буй гарын үсэгт гарын үсгийг хуурамчаар үйлдэх үед илэрдэг хөдөлгөөний чичирхийлэлд, зорилгогүй зогсолт, хөдөлгөөний хурд тогтвортой бус зэрэг шинжүүд илэрч байгаа нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” гэсэн баримтын компанийг үүсгэн байгуулагч гэсний доод хэсэгт байгаа шинжилж буй гарын үсгийг Э зураагүй байна...” гэх 5 дахь хэсгийн “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хадгалагдаж байгаа 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” гэсэн баримтын эрх шилжүүлэгч гэсний доод хэсэгт байгаа шинжилж буй гарын үсгийг Э бичээгүй байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4959 дугаартай актын дүгнэлтийн 2 дахь хэсэгт “...Шинжилгээнд ирүүлсэн “Нотариатчдын танхим бүртгэлийн дэвтэр”-ийн 16 дугаар хуудсын гарын үсэг гэсний доод талд “Б/Д №78, 79” гэж тус тус дугаарласан хэсэгт байрлах шинжилж буй гарын үсгүүдийг Э зураагүй...” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 220 дугаартай актын дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Нотариатчдын бүртгэлийн дэвтрийн “77, 78” дугаарт бүртгэгдсэн бүртгэлийн хэсэгт зурсан шинжилж буй гарын үсэг нь Э-ийн гарын үсэг биш байна...” гэх 4 дэх хэсэгт “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архивт хадгалагдаж байгаа 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “01” дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “01” дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-д тус тус зурсан шинжилж буй “Э” гэх гарын үсгүүд нь Э гарын үсэг биш байна...” гэх дүгнэлтүүдээр иргэн Б нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуурамч эрх шилжүүлэх гэрээгээр “М” ХХК-ийн 10 хувийг, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуурамч эрх шилжүүлэх гэрээгээр компанийн 49 хувийг, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуурамч эрх шилжүүлэх гэрээгээр компанийн 51 хувийг нийт компанийн хувьцаа эзэмших эрхийг 100 хүртэл хувиар хуурамч бичиг баримт ашиглан улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч Н миний зүгээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон дээрх нөхцөл байдлууд, бичгийн нотлох баримтуудад үндэслэж удаа дараагийн үйлдлээр “М” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж байгаа үйлдлийг иргэн Б-ы гэм буруутай үйлдлээс гадна улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандсан буруутай үйл ажиллагаа ч хамааралтай гэж үзэж байна.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “... Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна ...” 11 дүгээр зүйлийн 11.5.2 дахь хэсэгт “... Энэ хуулийн 5.3-аас 5.5 дахь хэсгүүдэд заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах...” 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 11.5.2 дахь хэсэгт заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах...” эрхтэй гэж... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх, 3.1.5 дахь хэсэгт “...Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх...” Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “... Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг баримтална...” Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Өргөдөл гаргах эрх бүхий этгээдийг нарийвчлан заасан байх ба мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “...Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг гаргана...” 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт “...Тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага...” гэж тус тус тодорхойлон заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтууд нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахад Улсын бүртгэлийн байгууллагаас баримтлах үндсэн үүрэг болон зарчим зохицуулалтууд байсаар байтал “М” ХХК-ийн хувьд Улсын бүртгэлийн байгууллага хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан зарчим, зохицуулалтыг хангаж ажиллаагүйн улмаас өнөөдөр хууль ёсны өвлөгч Н миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчихөд хүргээд байна.

Өвлөгч Н миний зүгээс Монгол Улсын Иргэний хуульд заасан шаардлага, нөхцөл байдлуудыг бүрэн хангасан учир 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК-ийн 100 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий нэг зуун дөчин хоёр мянга далан таван ширхэг хувьцаа, түүний дагалдах эрх, компанийн хөрөнгө зэргийг өвлөх 26 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгогдсон тул зөрчигдсөн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор нэхэмжлэл гаргах эрхтэй болно” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М ж бүрдүүлбэр хангуулж ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...

Шаардлагын нэг дэх хэсэг буюу “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрүүдэд хийгдсэн улсын бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсгүүдэд зааснаар тодорхойлогдох бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгүүдэд зааснаар тодорхойлно.

Компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Н бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлагын хууль зүйн үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар тодорхойлогдох бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар тодорхойлох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Зүй нь нэхэмжлэгч Н-ийн зүгээс “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх эрх зүйн үр дагавар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 26 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгогдсон үеэс эхэлж үүсэх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар дээд шатны захиргааны байгууллагад гомдлоо гарган, дээд шатны захиргааны байгууллагаас гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасан хугацаанд хянан шийдвэрлээд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2/9478 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэнийг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардан аваад 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг зөв тодорхойлсон гэж үзнэ.

... Нэхэмжлэгч Н зүгээс иргэн Б нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг удаа дараагийн давтан үйлдлээр хууль бусаар шилжүүлэн авсан гэх нөхцөл байдлыг 2013 оны 9 дүгээр сард улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авснаар олж мэджээ. Улмаар 2013 оны 11 дүгээр сард дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан гомдол гаргасан байх бөгөөд гомдол, мэдээлэлд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн иргэн Б-г сэжигтэн, яллагдагчаар татаж 2016 оны 08 дугаар  сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг.

Эцэст нь хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тухайн шийдвэрт гомдол гарган зохих, болон дээд шатны прокуророос 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эцсийн хариуг авснаар тус хэргийн байцаан шийтгэх ажиллагаа дуусгавар болжээ. 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацаанд үргэлжилсэн яллагдагч Б холбогдох эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд нэхэмжлэгч Н нь хохирогч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон байдаг бөгөөд үндэслэл нь түүний аав Э 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байдаг.

Дээрх эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих хууль ёсны хохирогч нь “М” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Э байх ёстой бөгөөд тэрээр нас барснаар тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүн буюу хүү Н мөрдөн байцаагч, прокурорын зүгээс хохирогч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй процесс ажиллагаа болсон.

Харин Н зүгээс тухайн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд хууль ёсны өвлөгч байх эрх нь зөрчигдсөн, дээрх үйлдлийн улмаас хор уршиг, хохирол амссан хохирогч байх бололцоогүй бөгөөд иргэн Н эрх, хууль ёсны ашиг сонирхол нь түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үеэс зөрчигдөж эхлэх хууль зүйн зохицуулалттай байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Н нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд хохирогч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нотариатчдын танхимаас өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож улмаар дээд шатны захиргааны байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлж, шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж буй үйлдэлд Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, хуулиар тусгайлан зохицуулсан журам, хугацааг хэтрүүлсэн буюу зөрчсөн үндэслэл болохгүй байна.

Иймд өөрчлөн тодотгож хүргүүлж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар захиргааны хэрэг үүсгэж өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагч Оюуны өмч, УБЕГ  /хуучин нэрээр/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...  “М” XXК нь 2008 онд Э, Эр нар тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр үүсгэн байгуулж анх улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

2009   оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч Э, Эр нар бүх хувьцаагаа БНХАУ-ын иргэн L J /70%/, X K /15%/, W x /15%/ нарт шилжүүлж гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болсныг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Улмаар 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын иргэн L J /70%/, X K /15%/, W x /15%/ нар “М” ХХК-ийн 100% хувьцааг иргэн Э шилжүүлснийг улсын бүртгэлд бүртгэжээ.

2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “М” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч иргэн Э нь 10 хувийн хувьцааг Б шилжүүлснийг улсын бүртгэлд бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд:

- УБ-05 маягт, “М” ХХК-ийн хүсэлт, Татварын байгууллагын тодорхойлолт, 05 дугаартай нотариатчийн гэрчилсэн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ, “М” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаар шийдвэр, “М” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн анкет.

2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигч Б 51%, Э 49%-ийг тус тус эзэмших болж хаяг өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгэсэн ба дараах баримтуудыг үндэслэн бүртгэжээ.

- УБ-05 маягт, Хувь нийлүүлэгчдийн хурлын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/20 дугаар тогтоол, Хувь нийлүүлэгчдийн хурлын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/19 дүгээр тэмдэглэл, “М” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Татварын байгууллагын тодорхойлолт, “М” ХХК-ийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Түрээсийн гэрээ.

2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг сольж, гүйцэтгэх захирлаар Б-г томилсныг улсын бүртгэлд бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд:

- УБ-05 маягт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “М” ХХК-ийн хүсэлт, Хувь нийлүүлэгчдийн хурлын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоол, Хувь нийлүүлэгчдийн хурлын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, “М” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, 200 дугаартай нотариатчийн гэрчилсэн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ, “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ.

2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э эзэмшлийн 49 хувийн хувьцааг Б-д шилжүүлж Б 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхдээ доорх баримтуудад үндэслэсэн байна.

-   УБ-05 маягт,

-  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-  “М” ХХК-ийн хүсэлт,

-    Хувьцаа эзэмшигчийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 019 дүгээр тогтоол,

-    Хувьцаа эзэмшигчийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 019 дүгээр тэмдэглэл,

-    200 дугаартай нотариатчийн гэрчилсэн хувьцаа шилжүүлэх болон эрх шилжүүлэх гэрээ,

-    “М” ХХК-ийн шинэчилсэн дүрэм,

-    Татварын байгууллагын тодорхойлолт.

2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “М” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б-с “Э” ХХК-д шилжүүлж улсын бүртгэлд бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд:

- УБ-05 маягт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, “Э э т м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 200 дугаартай нотариатчийн гэрчилсэн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ, “М” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Татварын байгууллагын тодорхойлолт.

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “М” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн С шилжүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгон бүртгэхдээ доорх баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд:

-  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 20-ны 1/17671 дугаар албан бичиг,

-  УБ-05 маягт,

-  Улсын бүртгэлийн гэрчилгээ,

-  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-  “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр,

-   200 дугаартай нотариатчийн гэрчилсэн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ,

-  С-с Б-т олгосон итгэмжлэл,

-   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 445 дугаар захирамж /хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон/,

-   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4777 дугаар захирамж, 482 дугаар гүйцэтгэх хуудас /БЗД-ийн ИХАШШ-ийн шүүгчийн 2017.02.01-ний өдрийн 445 дугаар захирамжийг албадан биелүүлэх/,

-  “М” ХХК-ийн шинэчилсэн дүрэм.

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “М” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б Э м” ХХК-д шилжүүлж бүртгэхдээ доорх баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд:

- УБ-05 маягт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, “Б Э м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, С-с Ба-д олгосон итгэмжлэл, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, 200 дугаартай нотариатчийн гэрчилсэн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ, “М” ХХК-ийн шинэчилсэн дүрэм.

 Энэ бүгдээс дүгнэхэд “М” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2010 оны 12 дугаар сарын 09, 2011 оны 09 дүгээр сарын 16, 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүд нь хуульд заасан баримтуудыг бүрдүүлсэн, хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчаас гаргасан хариу тайлбар зэрэгт үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу. Үүнд: Шаардлагын талаар:

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “М” ХХКомпаний 100 хувийн хувьцааг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч С-с “Б” ХХКомпанид шилжүүлсэн талаар дурджээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн процесс ажиллагааны явцад “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулж буй дээрх үйл баримт нь нэхэмжлэгчид мэдэгдэх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байх тул урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С-с “Б” ХХК-д компанийн энгийн хувьцааны 100 хувийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох ...” гэж нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд С болон гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Н нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдох бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н бүртгэхийг даалгах тус тус шаардлага бүхий хэрэг хянан хэлэлцэгдэж байна.

Тус хэрэгт миний бие гуравдагч этгээд “Б” ХХК, С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн 90112....., регистрийн 521..... дугаартай “М” ХХК-ийн дараах бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсчээ.

Огноо

Хэнээс

Хэнд

Хэдэн хувь

2011.10.18

Э

Б

51%

2013.02.04

Э

Б

49%

2013.05.02

Б

“Э” ХХК

100%

2017.07.19

“Э” ХХК

С

100%

2017.12.12

С

“Б” ХХК

100%

 

Дээрх “М” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлүүд нь хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтад зааснаар хуульд заасан баримтуудыг бүрдүүлсэн, хуульд нийцэж буй тухай хариуцагч дурдсан байна.

Нөгөөтэйгүүр, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Иргэний хуулийн 182.2-т заасны дагуу хууль буюу гэрээнд тусгайлан заасан бол хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд ийнхүү бүртгэхэд энэ хуульд заасан журмыг баримтална” гэж заасны дагуу холбогдох материалыг УБ-05 маягтын хамт хураамж төлөн бүртгүүлж байсан байна.

Мэдүүлэг гаргагч нь тухайн үед бүрдүүлж өгсөн мэдүүлэг, нотлох баримтууд Эд хөрөнгийн өмчлөн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шаардлага хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзсэн бол бүртгэх нь бүртгэлийн байгууллагын үүрэг байдаг. Тиймээс тухай бүрт нь холбогдох материалыг хуулийн дагуу шалгаж бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нөхцөл байхгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 болон 47.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хэрэв Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг тухайн бүртгэл тус бүрээр бүртгэлийг хийхдээ хуулийн 47.1.6-д хуульд зааснаар халдах эрх байхгүй, эсхүл 47.1.7-д зааснаар бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл бодит нөхцөлд биелээд шилжүүлгүүд хийгдсэн, ийнхүү шилжүүлгүүдийг хийхэд бүртгэлийн газарт хуульд заасан эрх нь бий тул хийж байгаа нь бодит нөхцөлд хууль зөрчсөн байх үндэслэл байхгүй юм.

Иймээс Н нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдох холбогдох бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н бүртгэхийг даалгах тус тус шаардлагуудыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Зургаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М ж нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлэхдээ:

“... талийгаач Э-н эзэмшилд байсан “М” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг удаа дараа хууль бусаар хуурамч бичиг баримт ашиглан шилжүүлэн авсан иргэн Б, С нар нь шүүхэд захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг тодорхой сайн мэдсээр байж “М” ХХК-ийн хувьцаа эзэмших эрх болон тус компанийн дагалдах эрх болох ашигт малтмал ашиглалтын МV-01.... дугаартай тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сар болон 2018 оны 01 дүгээр саруудад “Б” ХХК-д шилжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулахаас гадна нэхэмжлэгч буюу хууль ёсны өвлөгч Н хууль ёсны эрх ашиг сонирхлыг улам бүр ноцтой зөрчигдөхөд хүргээд байна.

Нэхэмжлэгчээс урьд гаргасан “М” ХХК-ийн улсын бүртгэлд Б, С, “Э” “Б” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь зөвхөн компанийн хувьцаа эзэмших эрхтэй холбогдож энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахаас, өвлөгчийн бусад эрх болох компанийн дагалдах эрх, компанийн хөрөнгөтэй холбоотой Захиргааны хэргийн шүүхэд хамаарах асуудлуудыг бүхэлд нь авч хэлэлцэх боломжгүй байдлаар явагдаж тэр хирээр нэхэмжлэгчийн компанийн дагалдах эрхийг өвлөн авах хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдөж сэргэх боломжгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй болоод байна.

... Гэтэл гуравдагч этгээд С нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмших эрх, тэдгээртэй холбоотой хийгдсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдсээр байж, С, Б нарыг тухайн хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан нөхцөл байдал тодорхой байсаар байхад өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Б” ХХК-д “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх болон “М” ХХК-ийн дагалдах эрх болох ашигт малтмал ашиглалтын МV-01.... дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн үйлдэл нь илтэд хууль бус үйлдэл болж нэхэмжлэгч Н “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх болон тус компанийн дагалдах эрхийг өвлөх хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд “М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын МҮ-015... дугаартай тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Долоо. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутаг Шаазгайт нэртэй 500.55 гектар бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын МҮ-015... тоот тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 757 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгосон байна.

“М” ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01/28 тоот албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-015... тоот тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн тул нөхөн олгож өгөх хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад хандсан байна.

Албан хүсэлт болон түүнд хавсаргасан материалыг судлан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл нөхөн олгох тухай” 933 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-015... тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр МҮ-015... тоот гэрчилгээ хавсралтыг нөхөн олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/3670 тоотыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай” 302 дугаар шийдвэрээр солбицолд өөрчлөлт оруулан талбайн хэмжээ 56.95 гектар болсныг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулан талбайн хэмжээ 235.65 гектар болсон байна.

“М” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын МҮ-015... тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно” заалтын дагуу шилжүүлэх өргөдлийг гарган өргөдлийн бүртгэлийн TR-008... дугаарт бүртгүүлсэн байна.

Өргөдлийг хянан үзэхэд төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягт буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргах маягт К-05-д заасан бүрдүүлэх материалыг гарган ирүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 24 дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийн толгой компани болох “Б” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-11.2-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Энэ чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагаас гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болно.

Иймд иргэн Н итгэмжлэгдсэн төлөөлөгч М гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Найм. Гуравдагч этгээдийн Б-ны өмгөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гуравдагч этгээд Б-ны өмгөөлөгч: Иргэн Б, С нар “М” ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж байсан ба уг компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д шилжүүлсэн. Анх “М” ХХК Э, Эр нар хамтран байгуулж сүүлд нь Э нэр дээр шилжээд дараа нь Б хувьцаа нь шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Улсын бүртгэлд хуулийн. этгээдийн бүртгэхийн тулд ямар баримтуудыг бүрдүүлж бүртгэлийн байгууллагад хүргүүлэх, бүртгэлийн байгууллага ямар нотлох баримтуудыг үндэслэж бүртгэлийн ажиллагаа явуулах вэ гэдэг асуудлыг хуулиар зохицуулсан байгаа. Хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагаас албан бичгээр Б мэдэгдэл хүргүүлэхдээ ирүүлсэн материалуудыг нь үндэслэж бүртгэлийн ажиллагааг хийсэн гэх хариу өгсөн. Тийм болохоор Б-ы хувьд хууль зөрчсөн үйлдэл байхгүй, өөрийн компанийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу гуравдагч этгээд С шилжүүлсэн байдаг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд Оюуны өмч, УБЕГ  /хуучин нэрээр/-т холбогдуулан

-  Улсын бүртгэлийн 90112....., регистрийн 521..... дугаартай “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э-ээс Б-д компанийн энгийн хувьцааны 51 хувь,

-   2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э-с Б-д компанийн энгийн хувьцааны 49 хувь,

-  2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б-с “Э” ХХК-д компанийн энгийн хувьцааны 100 хувь,

-  2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК-иас С-т компанийн хувьцааны 100 хувийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

-   “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С-с “Б” ХХК-д “М” ХХК-ийн энгийн хувьцааны 100 хувийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох,

-   “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н бүртгэхийг Оюуны өмч, УБЕГ т даалгах,

- АМГТГКХД д холбогдуулан ашигт малтмал ашиглалтын MV-01..... дугаартай тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Н эцэг болох Э нь 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нас барсан бөгөөд 2008 онд “М” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан.

Нэхэмжлэгч Н “М” ХХК-ийн хувьцаа, түүний дагалдах эрх, компанийн хөрөнгийг өвлүүлсэн Өвлөх эрхийн 26 тоот гэрчилгээ 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгогдсоноор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн ба энэхүү гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэг хууль хяналтын байгууллагын шийдвэр үгүй болно.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 4281 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан уг хэргийн хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх залгамжлагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Нэг. “М” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэлтэй холбоотой маргааны талаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...иргэн Б нь нэхэмжлэгчийн эцэг болох Э-ийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, хуурамч бичиг баримт ашиглан удаа дараагийн давтан үйлдлээр “М” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг залилан мэхэлж авсан гэх цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э гарын үсэг зураагүй болох нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон ...иргэн Б-ы гэм буруутай үйлдлээс гадна улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандсан буруутай үйл ажиллагаа ч хамааралтай” гэж тодорхойлсон, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “М” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2010 оны 12 дугаар сарын 09, 2011 оны 09 дүгээр сарын 16, 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн бүртгэлүүд нь хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн нь хуульд нийцсэн” гэж тайлбарлан маргаж байна.

Маргааны гол агуулга нь:

- 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “М” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч иргэн Э нь 10 хувийн хувьцааг Б шилжүүлснийг улсын бүртгэлд бүртгэхдээ гэрээнд гэрээний талууд гарын үсэг зураагүй,

- 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигч Б 51%, Э 49%-ийг тус тус эзэмших болсон эрхийг бүртгэхдээ  

Хувь нийлүүлэгчдийн хурлын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/20 дугаар тогтоол, Хувь нийлүүлэгчдийн хурлын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/19 дүгээр тэмдэглэл, бэлэглэлийн гэрээнд,

- 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э-н эзэмшлийн 49 хувийн хувьцааг Б-д шилжүүлж, Б-г 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхдээ 200 дугаартай нотариатчийн гэрчилсэн хувьцаа шилжүүлэх болон эрх шилжүүлэх гэрээнд тус тус Э гарын үсэг зураагүй байхад улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурьджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг заасан ба  47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн.

Хуулийн заалтуудыг тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцах үүрэг, түүний эрх хэмжээг хууль тогтоомжид нарийн зааглан тогтоосон байдаг бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулахдаа хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж хуульд заасан үндэслэлгүйгээр бүртгэх шийдвэр гаргаснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байх, мөн эрх бүхий байгууллагын шийдвэр нь гарсан цагаасаа эрх зүйн үндэслэлгүй, хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг жогдуулж болохгүй гэсэн эрх зүйн үндсэн зарчимд нийцээгүйн улмаас уг акт нь илт хууль бусад тооцогдох учиртай.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3-д хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан ... болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “... Энэ хуулийн 5.3-5.5 дахь хэсгүүдэд заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах...” 22 дугаар зүйлийн 22.2-т “... Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйлд болон 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг баримтална...” гэж хуульд заасан бүрэн эрхийг хариуцагчид олгосноор хууль, журмын хүрээнд бүртгэлийн үйл ажиллагааг явуулахаар заасны дагуу “М” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүдийг хариуцагчийн тайлбарт нэг бүрчлэн дурдсан баримт бичгүүдийг үндэслэн хийсэн байна.

Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д “...Энэ хуулийн 11.5.2 дахь хэсэгт заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн...”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” тохиолдлуудад хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах эрхийг хариуцагчид хуулиар олгосон ч тухайн тохиолдолд хуульд заасан баримт бичгийн бүрдэл, хуулийн 22 дугаар зүйлд заасан үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх баримт бичгийн шаардлагыг хангасан, тухайн үед улсын бүртгэгч Э-н гарын үсэг биш гэдгийг мэдэх боломжгүй, хувийн хэрэгт байгаа материалуудтай харьцуулах үүргийн дагуу өмнө хувийн хэрэгт авагдсан Э-н 2 иргэний үнэмлэх, 2 өөр гарын үсэгтэйгээр авагдсантай харьцуулан бүртгэл хийсэн нь уг бүртгэлийг илт хууль бусд тооцох үндэслэл  болохгүй.

Өөрөөр хэлбэл, “М” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э-ийн гарын үсэг биш гэдэг нь бүртгэл нэгэнт хийгдсэнээс хойш буюу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 3024, 4959, 2015 оны 220 дугаар шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон боловч энэ дүгнэлтүүдийг үндэслэн гарсан Дүүргийн нэгдүгээр Прокурорын газрын 2015 оны 837, 837а, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015 оны 834б, 2016 оны 1604, 2016 оны 356, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2016 оны 5/946, 2017 оны 1/22 дугаар тогтоолуудаар “Б-г хуурамч бичиг баримт бүрдүүлэн “М” ХХК-ийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үндэслэл тогтоогдохгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Түүнчлэн Э-с Б-д “М” ХХК-ийн эрх шилжих үйл явц түүнийг нас барахаас өмнө үйлдэгдсэн бөгөөд дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын байгууллагын тогтоолуудын үндэслэх хэсэгт Э “М” ХХК-ийг бусдад худалдах хүсэл зорилготой, тодорхой хэмжээний мөнгийг авсан, түүний оронд компаний эрхээ Б шилжүүлсэн, Б түүний өмнөөс өр төлбөрийг барагдуулсан байдал нь нотариатч болон гэрчүүдийн мэдүүлгээр нэгэнт тогтоогдсон учир захиргааны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг дахин тодруулах шаардлагагүй гэж үзлээ.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “... буруу ташаа мэдээлэл ирүүлсэн зэргээс бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох хуулийн этгээд буюу өргөдөл гаргагч хариуцан арилгана” гэж мэдүүлэг гаргаж буй этгээдээс бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг өөрөө нотлох, хариуцах үүргийг товч тодорхой заасан, ирүүлсэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогүй тохиолдолд бүртгэлийн үйл ажиллагааг хийхээс татгалзах эрх бүртгэгчид байхгүй тул уг үйлдлийг илт хууль бусад тооцох боломжгүй.

Мөн хариуцагчаас 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Э э т м” ХХК-иас С-т компанийн хувьцааны 100 хувийн, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С-ээс “Б” ХХК-д “М” ХХК-ийн энгийн хувьцааны 100 хувийн эрхийг тус тус шилжүүлэх хүсэлтийг эрх бүхий этгээд бүртгэлийн байгууллагад хандан гаргасан бөгөөд уг улсын бүртгэлүүдийг  тус тус илт хууль бусад тооцох үндэслэл шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн тогтоогдоогүй.

Харин 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК-иас С-т компанийн хувьцааны 100 хувийн эрх шилжүүлэх хүсэлтэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 445 дугаар захирамжийг хавсаргасан бөгөөд уг захирамжийн захирамжлах хэсэгт “... Хариуцагч “Э” ХХК, Б, “М” ХХК нар нь “Э” ХХК, Б нарын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, .... төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хувьцааны зүйл болох “М” ХХК-ийн 100 ш хувьцаагаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

Үүнийг үндэслээд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б-с “Э” ХХК-д компанийн энгийн хувьцааны 100 хувь шилжсэн улсын бүртгэл хүчингүй болсон бөгөөд уг хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх” гэсний дагуу хийгдсэн хууль ёсны үйлдэл болжээ.

 Иймд нэхэмжлэгчийн Оюуны өмч УБЕГ т холбогдуулан гаргасан, “М” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүдийг илт хууль бусад тооцуулах, “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н бүртгэхийг Оюуны өмч, УБЕГ т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хоёр. “М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын МҮ-015... дугаартай тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээр дурдсанчлан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 445 дугаар захирамжийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б-с “Э” ХХК-д компанийн энгийн хувьцааны 100 хувь шилжсэн улсын бүртгэл хүчингүй болж, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК-иас С-т, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С-с “Б” ХХК-д “М” ХХК-ийн энгийн хувьцааны 100 хувийн эрхийг шилжүүлэх улсын бүртгэл хийгдсэн нь хариуцагчийн хууль ёсны үйлдэл гэж шүүх үзсэн.

Энэхүү хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн дагуу  “М” ХХК-ийн захирал С-э өгсөн итгэмжлэлээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын МҮ-015... тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно” заалтын дагуу эрх бүхий этгээд төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягт буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийн К-05-д заасан бүрдүүлэх материалыг гаргаснаар өргөдлийн бүртгэлийн TR-008... дугаарт бүртгүүлжээ.

Хариуцагч өргөдлийг хянан үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 24 дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийн толгой компани болох “Б” ХХК-д шилжүүлсэн шийдвэр гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хувьд Ашигт малтмалын тухай хуулинд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.4-т заасан өргөдлийг хүлээн авмагц бүртгэж хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягталж, 49 дүгээр зүйлийн 49.6.1-д зааснаар хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх шийдвэрийг ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэх заалтын хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн хууль ёсны үйлдэл болжээ.

Иймд нэхэмжлэгчийн АМГТГКХД д холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын МҮ-015... дугаар тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.43, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 17 дугаар зүйлийн 17.3, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Оюуны өмч УБЕГ т холбогдуулан гаргасан, “М” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүдийг илт хууль бусад тооцуулах, “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н-ийг бүртгэхийг Оюуны өмч, УБЕГ т даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 49.5, 49.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн АМГТГКХД д холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын МҮ-015... дугаартай тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА