Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Нямхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01418 дугаар шийдвэртэй, Т.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хаан банк ХХК-д холбогдох,

 

Хадгаламжийн данснаас хууль бусаар суутгасан гэх 22 595 773 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Хаан банк ХХК-д 5128004039 тоот хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дансандаа нийт 73 371 949.80 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр БНСУ-д байхдаа өөрийн хадгаламжийн дансанд байгаа мөнгөний хэмжээгээр 11 удаагийн гүйлгээ хийсэн нь дансны хуулгаар нотлогддог. Гэтэл Хаан банк ХХК энэхүү дансыг Т.Нямхүү нь БНСУ-ын Paradise segasammy co.ltd байрших ПОС машинаар 2 удаа гүйлгээ хийхдээ 22 595 773 төгрөгийн хохирлыг “Paradise segasammy co.ltd” учруулсан гэх үндэслэлээр 2015 оны 10 дугаар сард дансны зарлагын гүйлгээг зогсоон, хууль бусаар битүүмжилж байгаад 22 595 773 төгрөгийг үндэслэлгүйгээр буюу хууль бусаар суутган татаж авсан байна.

Хаан банк ХХК-ийн дээрх үйлдэл нь БНСУ-ын “Paradise segasammy co.ltd” хохирол учирсан, учраагүй эсэхээс үл хамааран хууль тогтоомжийг илт зөрчсөн. Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.2-д заасан хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй, 445.4-д зааснаар төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ, 445.5-д заасан хуульд заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй гэснийг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хугацаагүйгээр хадгалуулсан хадгаламжийн хувьд хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй, ... 7 дугаар зүйлийн 2-д заасан хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх гэснийг тус тус зөрчсөн.

Мөн Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэсэн заалтыг илтэд зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иймд Хаан банк ХХК дахь 5128004039 тоот хадгаламжийн данснаас хууль бусаар гүйлгээ хийж, суутган авсан 22 595 773 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Нямхүү нь 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Солонгос улсад зорчихдоо өөрийн картаар Paradise segasammy co.ltd байрших ПОС машинаар 2 удаагийн үйлдлээр 37 454 540 төгрөг, 28 090 905 төгрөгийн гүйлгээг тус тус хийсэн байдаг. Тухайн үед данснаас нь тус бүр 21 474 856 төгрөгийн дүнгээр 2 удаа хасалт хийгдэж Paradise segasammy co.ltd-д 37 454 540 төгрөгийн гүйлгээний зөрүү 15 979 704 төгрөг, 28 090 905 төгрөгийн гүйлгээний зөрүү 6 616 069 төгрөг, нийт 22 595 773 төгрөгийн хохирол учирсан.

Уг хохирлыг ПОС машинаас хэвлэгдсэн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэн VISA international дэх манай банкны улс хоорондын дундын данснаас Солонгос улсын банк улс хоорондын картын дүрмийн дагуу үл маргах журмаар шууд суутгал хийж татан авсан.

Дээрх төлбөр анхнаасаа харилцагчаас гарах мөнгө байсан ба сүлжээний саатлын улмаас хэсэгчилж хасагдсан юм. Ийнхүү нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэж суутгал хийгдсэн. Харилцагчийн нэхэмжилж байгаа төлбөр нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хаан банк ХХК-иас 22 595 773 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Нямхүүд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хаан банк ХХК-иас 271 000 төгрөг гаргуулан Т.Нямхүүд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны хүрээг Хаан банк ХХК-иас урьдчилан мэдэгдэлгүйгээр, суутгал хийх нөхцөл бүрдээгүй байхад хадгаламжийн данснаас 22 595 773 төгрөг суутгах авсан нь буруу гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүх зөвхөн нэхэмжлэгчийн данснаас мөнгө урьдчилан мэдэгдэлгүйгээр авсан гэдгийг онцлоод байгаагаас биш харилцагч өөрөө гүйлгээ хийсэн гэдгийг авч үзэхгүй байна. Харилцагч өөрөө тухайн өдөр гүйлгээ хийсэн гэдгээ нэхэмжлэл болон тайлбартаа хэлсэн. Харин яг маргаж буй дүнгийн хэмжээгээр гүйлгээ хийсэн гэдгээ нотлох баримтын хүрээнд баталгаажуулаагүйг шүүх мөн л авч хэлэлцсэнгүй.

Нэхэмжлэгчийн данснаас банк ямар нэг шалтгаангүйгээр мөнгийг аваагүй. Т.Нямхүү банктай хадгаламжийн гэрээ болон картын гэрээ байгуулан олон улсын эрхтэй картаар гүйлгээгээ хийлгэдэг. Маргаж буй мөнгөн дүнгээр харилцагч өөрөө гарын үсэг зурж гадаад улсад картаараа гүйлгээ хийсэн гэдгийг банк нотлох баримтаар батлан харуулсан байхад шүүх огт харгалзаж үзээгүй. Харилцагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр данснаас суутгал хийсэн нь буруу гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Т.Нямхүүд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29/9995 дугаартай гомдлын хариуг хүргүүлэхдээ мөнгө суутгах талаар тодорхой дурдсан. Үүнээс хойш 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр суутгалыг хийсэн.

Мөн банк харилцагч Т.Нямхүүтэй 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Хаан банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-д “Үйлчлүүлэгчийн картаараа болон цахим банкны үйлчилгээгээр хийсэн төлбөр, тооцоог тухай бүр холбогдох данснаас суутган авч байх”, мөн 3.2.5.2-т “Банк үйлчилгээний байгууллага буюу бусдад хохирол учирсан бол үйлчлүүлэгчийн данснаас хохирлыг суутгах авах” гэж дурдсанаас харахад харилцагч өөрөө банкинд үл маргах журмаар суутгал хийхийг зөвшөөрсөн болох нь харагдана.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон харилцагч Т.Нямхүүтэй байгуулсан гэрээний тусгайлсан заалтуудыг үл хайхарч нэхэмжлэгчийн талд илтэд үйлчилсэн, банкны эрх ашгийг хохироосон шийдвэрийг гаргасанд гомдолтой. Банк нэхэмжлэгчийн өөрийнх нь хүлээн зөвшөөрч хийсэн гүйлгээтэй холбоотой үүссэн маргаан гэдгийг шүүхэд тайлбарлаж, харилцагчийн гарын үсэг бүхий баримтаар энэ гүйлгээг хийснийг нотлоод, банкны хүсэлтээр Хаан банкны гадаад гүйлгээний системд шүүгчийн захирамжаар үзлэг хийлгэх зэргээр хууль ёсны нотлох баримтуудыг хангалттай цуглуулж шүүхэд гаргаж өгсөн.

Дээрх нотлох баримтуудыг шүүх огт авч үзэлгүй, үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч ямар нэгэн нотлох баримтаар хохирсон гэдгээ өөрөө шүүхэд нотлоогүй байхад нь зөвхөн түүний ам тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан Иргэний хуулийн 106 дугаар заалт нь зөвхөн өмчлөгчийн шаардах эрхийг тодорхойлсон хуулийн заалт болохоос биш хариуцагчаас суутгалыг гаргуулах үндэслэлийг нь тогтоосон хуулийн заалт биш. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй боловч холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т.Нямхүү нь хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан хадгаламжийн данснаас түүний зөвшөөрөлгүйгээр 22 595 773 төгрөг суутгасан нь хууль бус гэх үндэслэлээр нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч дээрх төлбөр нь харилцагчийн данснаас гарах ёстой гүйлгээ байсан бөгөөд тухайн үед төхөөрөмжийн саатлаас шалтгаалан хэсэгчилж хийгдсэн тул баримтыг үндэслэн бусдад учруулсан хохирлыг татан авсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид Хаан банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээг байгуулсан, нэхэмжлэгч Т.Нямхүү нь тус банк дахь өөрийн эзэмшдэг 5128004039 тоот хадгаламжийн данс, 4026530000014850 тоот картаар Солонгос улсын Paradise segasammy co.ltd-д байрших Пос машинаар гүйлгээ хийсэнтэй холбогдуулан хариуцагч тал 22 595 773 төгрөгийг түүний данснаас суутгасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг мөнгөн хадгаламж, түүнд үндэслэсэн төлбөр тооцооны гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь гэрээний харилцаанаас үүссэн маргаан байхад өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл Хаан банк ХХК нь харилцагч Т.Нямхүүг бусдад хохирол учруулсан гэх үндэслэлээр түүний дансанд байрших мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэлд дурдсан хэмжээний төлбөрийг татан авч, суутгал хийхдээ түүнд урьдчилан мэдэгдэх, зөвшөөрлийг авах зэрэг үйлдэл хийгээгүй нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэж дүгнэх үндэслэл болно.

 

Тодруулбал хариуцагч Хаан банк ХХК-ийн гаргасан дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарах бөгөөд дээрх тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөхийг эрх нь зөрчигдсөн этгээдийн хувьд нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагч Хаан банк ХХК-ны хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан Төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээний 3.2.5.2.-т Банк, үйлчилгээний байгууллага буюу бусдад хохирол учирсан бол үйлчлүүлэгчийн данснаас хохирлыг суутган авах, дансан дахь үлдэгдэл хохирлыг барагдуулж хүрэхгүй тохиолдолд хуульд заасны дагуу холбогдох бусад арга хэмжээ авах гэж заасны дагуу гүйлгээний зөрүү төлбөрийг татан авсан, энэ талаар түүний гаргасан гомдолд нь хариу өгөх байдлаар  мэдэгдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нь үндэслэлгүйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Өөрөөр хэлбэл гэрээний дээрх заалтын дагуу харилцагч Т.Нямхүү нь тухайн үйлчилгээг ашиглах явцдаа бусдад хохирол учруулсан эсэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар ямар тохиолдлыг хохиролд тооцохыг талууд дээрх гэрээнд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон зохицуулалтгүй байгаа нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөлд нийцсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3” гэснийг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хаан банк ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалын хувийг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА