Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

Ц.Э-тхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Ц.Хүрэлбаатар,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч    Ш.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Иргэний нэхэмжлэгч                                           Б.Баярмаа,                   

Нарийн бичгийн дарга                                        А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн /и/ нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 289 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Ц.Э-т холбогдох 201719000339 дугаартай 1 хавтас 245 хуудас бүхий эрүүгийн хэргийг ялтан Ц.Э-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1961 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо Орбит 12 дугаар гудамж 155 тоотод оршин сууж байсан, одоогоор тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

1978 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн а, 168 дугаар зүйлийн б, 169 дүгээр зүйлийн б дэх хэсгүүдэд зааснаар 2 жилийн хорих ялаар, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ардын цэргийн шүүхийн 180 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б, 199 дүгээр зүйлийн а дахь хэсгүүдэд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж,

1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.Э/.

 

Яллагдагч Ц.Энь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө 00 цагийн орчимд Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багийн нутаг "Улаан шивэрт" гэх газарт Б.Отгонбатын гэрт Б.Отгонбаттай маргалдан зодолдож, улмаар түүний хэвлийн тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 289 дугаар шийтгэх тогтоолоор: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-тТөв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, өөрчилж,

Шүүгдэгч Ц.Э-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 /арван тав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-н 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 144 /нэг зуун дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай GALAXY гэсэн бичигтэй хутга 1 ширхэг, Боргио гэх бичигтэй хуванцар сав 1 ширхэг Хараа гэсэн бичигтэй архины шил 2 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хөх өнгийн цамц 1 ширхэг, малгайтай саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, ягаан өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн хөвөнтэй өмд 1 ширхэг, ногоон өнгийн босоо захтай цамц 1 ширхэг зэрэг эд зүйлийг тогтоол хүчинтэй болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасныг, мөн хэрэгт хураагдаж ирсэн AL2273958 серийн дугаартай 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, AN7911842 серийн дугаартай 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, AL6851105 серийн дугаартай 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, AA1097618 серийн дугаартай 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, АР4141582 серийн дугаартай 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, АР2729789 серийн дугаартай 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, АК6872673 серийн дугаартай 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, АМ6846346 серийн дугаартай 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, AL3474189 серийн дугаартай 5000-тын 1 ширхэг, АМ2503642 серийн дугаартай 5000- тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг шүүгдэгч Ц.Э-тбуцаан олгохыг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-с нийт 13.689.600 /арван гурван сая зургаан зуун наян есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НИ76110506 дугаарын регистртэй, Боржигон овгийн Ширэм-Ишийн Эрдэнэцэцэгт 2.059.000 /хоёр сая тавин есөн мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ШЖ61073063 дугаарын регистртэй, Шарнууд овгийн Борхүүгийн Баярмаад 11.630.600 /арван нэгэн сая зургаан зуун гучин мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овгийн Ширэм- Ишийн Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 531.000 /таван зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой 10.294.572 /арван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овгийн Ширэм-Ишийн Эрдэнэцэцэг нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-турьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж,

             Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

             Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 1961 онд төрсөн. 56 настай, эхнэр Г.Дэнсмаагийн хамт Төв аймгийн Лүн суманд амьдарч байсан. 2016 оны 09 сард ээж Ж.Долгорсүрэн, төрсөн эгч Ц.Оюунтунгалаг 2 маань долоо хоногийн зайтай өвчний учир нас барсан. Энэ үед нагац эгч Ж.Очирбат, Г.Дэнсмаа бид хоёрыг хөдөө /Баянцогт/ очиж нагац дүү болох н.Эрдэнэцэцэг, н.Отгонбат нарынд туслах малчин хий гэж гуйсан тэгснээр бид хоёр 2016 оны 10 сарын 05-ны өдөр хөдөө очиж 2017 оны 05 сарын 24-ний өдөр хүртэл ажилласан энэ хугацаанд н.Отгонбат надад /согтуугаар/ хоёр удаа агсам тавьсан бид хоёр долоон сар хорь хоног ажилласан. Талийгаач н.Отгонбат архи уухаараа агсам тавьдаг занг нь эхнэр нь сайн мэддэг байсан. Бид хоёр хот руу буцахын урьд шөнө н.Отгонбаттай архи ууж, улмаар муудалцан зодолдож, талийгаач над руу хутга авч намайг дүрэх гээд дайрахад нь би хутгыг нь булааж цээжинд нь дүрж, амь насыг нь хохироосон намайг мөрдөнд байх үед миний эхнэр болох Г.Дэнсмаа нас барсан шүүх хуралд гэрчээр орох байсан хүн маань өнгөрсөн учир хохирогч нар над руу илүү дутуу юм нэмж, ярьж хэлж дайрцгаасан. Надад олон жилийн ял өгүүлэхээр шийдэж ярилцсан байсан. Шүүх надад  15 жилийн ял өгсөн. Давж заалдах шүүхийн бүрэлдэхүүн энэ байдлыг харгалзан үзэж, хаалттай хорих ялыг хөнгөрүүлж нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү.” гэжээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ялтан Ц.Э нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багийн нутаг “Улаан шивэрт” гэх газарт Б.Отгонбатын гэрт иргэн Б.Отгонбаттай маргалдан зодолдож, улмаар түүний хэвлийн тус газар хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Мөрдөн байцаалтад Ц.Э-н сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...үлдсэн 0.75 литрийн Хараа архиа задлаад бид хоёр уусан, та буцахын хооронд малаа аятайхан хариулаад явчихгүй гэхээр нь би аятайхан харахгүй гээд яасан юм гээд  бид хоёр хэрэлдсэн...Талийгаач гал тогооны шүүгээнээс хутга гаргаж  над уу  дайрсан, бариад авах гэсэн чинь зүүн гарны алгыг зүсчихсэн, миний толгойны дагз руу хутганы ишээр цохисон,  намайг боогоод бид нилээн ноцолдсон. Намайг дахиад бариад авахаар нь би пийшин дээр байсан хутгыг аваад  цээжнийх нь баруун хэсэг рүү нэг удаа дүрсэн гэсэн мэдүүлэг /хх-135-143/,

 

- Гэрч Г.Дэнсмаагийн “...Энхбаяр, Отгонбаттай хамт сум руу мотоциклтой яваад ирэхдээ 2 шил 0.75 литрийн Хараа архи, 2.5 литрийн савтай пиво 1-ийг  авчраад гэрт ууж байсан. Энхбаяр, Отгонбат нар маргалдаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг битгий маргалдаад бай гэж хэлээд гэрт газар унтаад өгсөн. Өглөө 6 цагийн үед сэрэхэд гэр эмх замбараагүй болсон байдалтай, талийгаач Отгонбат миний зүүн талын хажууд нас барсан байдалтай хэвтэж байсан, би юу болоод байгаа юм бэ чи талийгаачийг хутгалсан юм уу гэж нөхөр Энхбаяраас асуухад “талийгаач бид хоёр маргалдаад талийгаач над руу хутга бариад дайрахаар нь хутгыг нь булааж аваад түүнийг хутгалсан юм” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-81-82/,

-Гэрч Ж.Цогтгэрэлийн”...Отгонбатын гэрээс 2 хүн гарч ирээд даллаад дуудаад байсан. Тэгээд би хүү, дүү нарынхаа хамт дөхөөд очиход Отгонбатын гэрийн гадаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байж байсан ба эрэгтэй нь надад хэлэхдээ “Отгоо бид хоёр архи уусан чинь Отгоо нас барчихлаа”, бид хоёр зодолдсон юм шиг байна лээ гэхээр нь харахад хамар гар нь цус болсон байсан. Тэгээд тэр эрэгтэй  “энэ суманд цагдаа байгаа биз дээ, цагдаад хэлээд өгөөч” гэсэн мэдүүлэг / хх- 79-80/

- Гэрч Д.Нямсүрэнгийн”...Отгонбатын гэрийн гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн даллаад дуудаад байхаар нь очтол эрэгтэй нь Отгонбатыг алчихлаа гээд нэг юм яриад байсан гэсэн мэдүүлгүүд /хх- 89/  болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-11/, цогцос болон хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-17, 17-19/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-34/, Шүүхийн шинжилгээний албаны № 76, 3142 дугаар дүгнэлтүүд /хх-91-93, 97-100/, Шүүх эмнэлгийн шинжээчийн №5404, 5406, 5405, 5402  дугаар дүгнэлтүүд /хх-101-102,104,105,109-110/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг эрх зүйн хувьд зөв дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцжээ.

 

Прокурорын газраас Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд “шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-тТөв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, өөрчилсүгэй” гэсэн зүйлчлэл өөрчилсөн заалт оруулсан нь буруу байх тул тус заалтыг хасч, зөвтгөх  нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх ялтан Ц.Э-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул түүнд оногдуулсан ял шийтгэл болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд ялтан Ц.Э-н “хаалттай хорих ялыг хөнгөрүүлэхийг хүссэн”  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж тогтоолд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 289 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хасч,  өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Ялтан Ц.Э-н “хаалттай хорих ялыг хөнгөрүүлэхийг хүссэн”  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

    ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                     Г.БОЛОРМАА