Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 151

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.От холбогдох эрүүгийн 2007002740173 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “*******” ХХК-д шугамын ахлах оператор ажилтай, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Д.О /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******”амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэн амарч байхдаа хохирогч Т.*******тай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар барьцалдаж зууралдах явцдаа түүний баруун чихийг хазаж чихний эдийн дутагдал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр манай хамт олон Тэрэлжид байх ******* гэх нэртэй амралтын газарт амрахаар очсон. Т.******* архи уучихаад хүмүүс рүү агсамнаад байж байснаа надруу дайраад та ажил хийж чадахгүй байж өндөр цалин авдаг гээд үгээр доромжлоод байхаар нь гадаа агаарт авч гарсан. Хосоо бид хоёр гадаа ярилцаж байгаад жаахан тайвширчихаар нь гэрт орсон. Гэрийн зүүн талын орон дээр манай ажлын , оо хоёр архи уугаад сууж байсан. Тэгтэл Т.******* гэнэт уурлаад миний үснээс зулгаагаад орон дээр дараад унасан. Би Т.*******ыг болиулах зорилготой чихнээс нь хазсан. Бид хоёрыг , оо хоёр салгасан. Би хажуу талын гэрт амрах гээд хэвтэж байтал Т.******* орж ирээд толгой руу олон удаа цохиж зодсон. Т.*******ыг ******* салгаад авч гарсан”гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай ажлынхан 2020 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө ******* дүүргийн Тэрэлж гэх газарт байрлах "*******" амралтын газар амрахаар 22 цагийн үед ирсэн юм. ...гэрт бид нар архи ууж байгаад нэлээд халсан. Д.О ахтай би маргалдаж та ажлаа хийдэггүй, хүнээр ажлаа хийлгэдэг гэж хэлсэн. Тэгээд ...бид хоёр гэр рүү ороод барилцаж аваад өөд өөдөөсөө тэврэлдэж зууралдаж байхдаа би Д.О ахын дагз, үснээс нь татаж хойш болгож тэгээд баруун орон дээр давхралдаад унаж ноцолдож байснаа санаж байна. Би салаад босож гадаа гараад үзэхэд баруун чихний доод хэсэг нь байхгүй байсан. Орон дээр өөд өөдөөсөө харсан байрлалтай тэврэлдээд унасан ...би чих хазуулах үед Д.О ахын хоолойг нь боосон асуудал байхгүй харин чихээ хазуулсны дараа Д.О ахыг хажуугийн гэрт баруун орон дээр хэвтэж байхад нь ороод миний чихийг хаздаг хэн бэ гээд толгой руу нь цохиход ******* орж ирээд салгаад намайг аваад гарсан. 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Д.О ахтай таарахад хүзүү хоолой нь улайсан зүйлгүй байсан" гэх мэдүүлэг

/хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... бид хоёр 27 номерын өрөөнд уугаад сууж байсан чинь гаднаас Д.О, Т.******* хоёр цувж орж ирээд баруун орны наана зогсоогоороо маргалдаж байгаад барилцаж аваад орон дээр унаж дээр доороо ороод ноцолдоход оо бид хоёр очоод салгаж холдуулсан, тэгэхэд Т.*******ын баруун чихнээс доош цус урсаж байсан. Тэгээд би Д.Оыг аваад гэрээс гарсан” гэх мэдүүлэг

/хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М. бид хоёрыг гэрт ярилцаад сууж байхад гэнэт Т.*******, Д.О хоёр баруун орон дээр унаж зууралдчихсан байхаар нь би М.ийн хамт очоод салгасан. Тэгтэл Т.*******ын чихнээс цус урсаад бөөн цус болчихсон байсан. Намайг харахад яг орон дээр хажуугаар унаж байсан, өөд өөдөөсөө хараад тэврэлдээд зууралдчихсан ноцолдоод хэдийд нь хазсаныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг

/хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №460 дугаар:

            “1. Т.*******ын биед баруун чихний эдийн дутагдал бүхий шарх, баруун шанаа, баруун бугуйн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.8.38.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.”

            /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

            Д.Оын иргэний мэдээлэл

            /хх-ийн 78 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

            Д.Оын хувийн байдлын тогтоосон баримтууд

            /хх-ийн 93-103 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчийн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Хохирогч Т.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шүүгдэгчтэй харилцан тохиролцсон. Шүүгдэгч Д.О нь хохирол төлбөрт нийтдээ 1.500.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд заасан хугацаанд нь төлүүлэх саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч миний зүгээс улсын яллагчийн гэмт хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь хүлээж мэдүүлгээ өгч байсан. Хэрэг гарах болсон бас нэгэн шалтгаан нь хохирогч Т.*******ын буруутай үйл ажиллагаа байсан. Хэргийг прокурорын шатанд шалгагдаж байх үед нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч өөрөө гомдол саналгүй ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй талаараа бичиг бичиж хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр улсын яллагчтай ял тохиролцож шүүх хуралдаанд оролцож байгаа тулд тохиролцсон ялын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.От холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэн амарч байхдаа хохирогч Т.*******тай “ Та ажлаа хийдэггүй, хүнээр ажлаа хийлгэдэг биз дээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар барьцалдаж зууралдах явцдаа түүний баруун чихийг хазаж чихний эдийн дутагдал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч Д.Оын:”...Тэгтэл Т.******* гэнэт уурлаад миний үснээс зулгаагаад орон дээр дараад унасан. Би Т.*******ыг болиулах зорилготой чихнээс нь хазсан. Бид хоёрыг , оо хоёр салгасан. Би хажуу талын гэрт амрах гээд хэвтэж байтал Т.******* орж ирээд толгой руу олон удаа цохиж зодсон. Т.*******ыг ******* салгаад авч гарсан”  гэх,

Хохирогч Т.*******ын: “...бид хоёр гэр рүү ороод барилцаж аваад өөд өөдөөсөө тэврэлдэж зууралдаж байхдаа би Д.О ахын дагз, үснээс нь татаж хойш болгож тэгээд баруун орон дээр давхралдаад унаж ноцолдож байснаа санаж байна. Орон дээр өөд өөдөөсөө харсан байрлалтай тэврэлдээд унасан ...би чихээ хазуулах үед Д.О ахын хоолойг нь боосон асуудал байхгүй харин чихээ хазуулсны дараа Д.О ахыг хажуугийн гэрт баруун орон дээр хэвтэж байхад нь ороод миний чихийг хаздаг хэн бэ гээд толгой руу нь цохиход ******* орж ирээд салгаад намайг аваад гарсан. " гэх,

Гэрч М.ийн: "...Д.О, Т.******* хоёр цувж орж ирээд баруун орны наана зогсоогоороо маргалдаж байгаад барилцаж аваад орон дээр унаж дээр доороо ороод ноцолдоход оо бид хоёр очоод салгаж холдуулсан” гэх,

            Гэрч М.ын: “...Т.*******, Д.О хоёр баруун орон дээр унаж зууралдчихсан байхаар нь би М.ийн хамт очоод салгасан. Тэгтэл Т.*******ын чихнээс цус урсаад бөөн цус болчихсон байсан. Намайг харахад яг орон дээр хажуугаар унаж байсан, өөд өөдөөсөө хараад тэврэлдээд зууралдчихсан ноцолдоод хэдийд нь хазчихсаныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №461дугаар: “Т.*******ын биед баруун чихний эдийн дутагдал бүхий шарх, баруун шанаа, баруун бугуйн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.8.38.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******ын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

  Иймд Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ