| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0153/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Хохирогч Ш.С,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Бд холбогдох эрүүгийн 2007002960167 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 6, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт ............. оршин суух, ******* овогт А.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ш.Стэй маргалдан биед тархи доргилт, зүүн шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би ажлаа тараад тоосго ачдаг хүнтэй архи уугаад гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдсан. Юунаас болж маргалдсангаа санахгүй байна. Би архи ууж ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Одоо хохирогчтой эвлэрсэн.” гэв.
Хохирогч Ш.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Уугаад ирэхээр нь хүүхдэд хоол аягалаад өгчих гэсэн чинь чи яагаад өөрөө аягалж өгөхгүй байгаа юм гээд маргалдаад гар хүрсэн. Архи уух үедээ ааш зан нь өөрчлөгдөөд байдаг болохоор хашираая гэж бодоод цагдаад өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ш.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нөхөр маань гаднаас согтуу орж ирсэн. Нөхөр хоол аягалж өгсөнгүй гэж надруу хэлэхээр нь охин Инкарт аавдаа аягалаад өгчих гэхэд чи өөрөө аягалж өгсөнгүй гээд уурлахаар нь миний уур хүрээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Нөхөр миний нүүрлүү гараараа 2-3 удаа алгадаад үсдээд чирч гадаа гаргана гэж чирсэн. Бас толгойруу гараараа цохьсон намайг зодохоо болиод бид маргалдахаа больсон. Нөхөр кордиорт унтаж байх үед гаднаас цагдаа ороод ирсэн. Нөхөр цонхоор гараад зугтчихсан. Цагдаа нар надтай уулзаад явсан. Тэр үед миний толгой хуйх хавдчихсан. Нуруу, цээж дээр бага зэрэг хөхөрсөн байсан. Маргааш өглөө нь би цагдаад хандаж өргөдөл гаргасан..." гэх мэдүүлэг
/хх-ийн 30-32 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Инкарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
"...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байхад аав Бауыржан нь гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Ээж Инкар гэж орилсон би гал тогооны өрөөрүү ороход ээжийн дээр гарчихсан дараад сууж байсан. Би очоод салгаад аавыг тайвшруулсан. Ээжийн толгойруу аав нэг удаа цохьсон. Аав гараад машинаа асаагаад явна гэхээр нь би аавыг явуулахгүй гэж хэлээд амбаарт оруулаад ор засаад өгсөн. Тэр үед цагдаа орж ирэхийг аав хараад гараад зугтаачихсан.” гэх мэдүүлэг
/хх-ийн 36-******* дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №462 дугаар:
“1.Ш.Сийн биед тархи доргилт, зүүн шуу цээжинд цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт
/хх-ийн *******-38 дугаар хуудас/,
Шинжээч томилж үнэлгээ хийлгэх тухай тогтоол
/хх-ийн 36 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 97 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Бы хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 91-96/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч А.Б нь ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Шүүгдэгч А.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Өнөөдрийн шүүх хуралдаанд А.Бы хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Шүүгдэгч А.Б нь гэм буруу дээр маргаангүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ш.Стэй маргалдан биед тархи доргилт, зүүн шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч А.Бы “...Би ажлаа тараад тоосго ачдаг хүнтэй архи уугаад гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдсан. Юунаас болж маргалдсангаа санахгүй байна.” гэх,
Хохирогч Ш.Сийн: "...Нөхөр миний нүүрлүү гараараа 2-3 удаа алгадаад үсдээд чирч гадаа гаргана гэж чирсэн. Бас толгойруу гараараа цохьсон намайг зодохоо болиод бид маргалдахаа больсон. Нөхөр кордиорт унтаж байх үед гаднаас цагдаа ороод ирсэн. Нөхөр цонхоор гараад зугтчихсан. Цагдаа нар надтай уулзаад явсан. Тэр үед миний толгой хуйх хавдчихсан. Нуруу, цээж дээр бага зэрэг хөхөрсөн байсан...." гэх,
Насанд хүрээгүй гэрч Б.Инкарын: "...Ээж Инкар гэж орилсон би гал тогооны өрөөрүү ороход ээжийн дээр гарчихсан дараад сууж байсан. Би очоод салгаад аавыг тайвшруулсан. Ээжийн толгойруу аав нэг удаа цохьсон.” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №462 дугаар: Ш.Сийн биед тархи доргилт, зүүн шуу цээжинд цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч А.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Сийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд А.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, *******.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт А.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ