Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/302

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч В.Д ,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас В.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002610287 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 05 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,  урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт В.Д ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Д  нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүлээний Ферм гэх газарт байх өөрийн өмчлөлийн 1710 мкв хэмжээ бүхий талбайтай объектод тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Өлзийт сумын нутаг дэвсгэрт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй чулуу тээрэмдэж, бутлах, боловсруулалт явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглодог. В.Д  нь хориглосон үйл ажиллагаа явуулсан байна. Энэ үйл ажиллагаа нь Өлзийт сумын нутагт явагдсан байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан болохоор энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх байх ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 02 дугаар сарын үед байхаа Дашпунцаг манай нөхөрлөл дээр ирээд энэ чулуу чин хэрэггүй юм бол ахдаа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөөд явуулсан. Хэрэггүй болсон чулуу буюу набор байсан болохоор үнэгүй өгсөн юм. 2020 оны 02 дугаар сарын үед хоёр удаа л ирж авсан байхдаа яг хэдэн уут чулуу авсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай цех нь 2014 оноос хойш Хонгорын хүдэр ХХК болж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэрнээс хойш одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Бичил уурхай эрхлэгчдийн олборлосон хүдрийг баяжуулах үйл ажиллагаа явуулдаг ба чулууг тээрэмдэж гарсан алтыг эцсийн бүтээгдэхүүн болтол үйл ажиллагаа явуулдаг. Эхлээд ашигт малтмал газрын тосны газраас баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлээ гаргуулж байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлуулаад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл үүсдэг юм аа ... Баянхонгор аймагт бол байхгүй үйл ажиллагаа явуулдаг А лицензтэй уурхайнууд бол тухайн ордоосоо хамаараад тусгай зөвшөөрөл нь өөр өөр байдаг. Тэрнээс өөр байгууллага хувь хүн байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Шүүгдэгч В.Д ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Мягаа гэх хүний нөхөрлөл дээрээс авч ирсэн. Миний авсан чулуу бол набор  буюу баяжмал муутай нүхний гадуур байсан чулууг нь түүж авсан. Үнэгүй авсан. Ямар ч байгууллага, албан тушаалтнаас аваагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-18/,

“Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 06 сарын 18-ны өдрийн №315, 2020 оны 08 сарын 04-ний өдрийн №410 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 47, 58-62/,

Геологийн төв лабораторын шинжилгээний дүн /хх-ийн 52-53/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 98/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 94-97/, 

Шүүгдэгч В.Д ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 69-75, 78/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч В.Д  нь 2020 оны 02 сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүлээний Ферм гэх газарт байх өөрийн өмчлөлийн 1710 мкв хэмжээ бүхий талбайтай объектод тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулалтын үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч В.Д ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч В.Д т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч В.Д ийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч В.Д ийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулалтын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учирсан хохиролгүй, хэргийн газраас хураан авсан шороо, шламаас ямар нэгэн химийн хорт аюултай бодис илрээгүй болох нь Геологийн төв лабораторын шинжилгээний дүнгээр тогтоогдсон байх тул шүүгдэгч В.Д ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч В.Д  нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүлээний Ферм гэх газарт байх өөрийн өмчлөлийн 1710 мкв хэмжээ бүхий талбайтай объектод чулуу бутлуурын төхөөрөмж, сэгсрэгч ширээ зэрэг зүйлс ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулалтын үйл ажиллагаа явуулсан байх ба шүүгдэгч В.Д ийн эзэмшлийн 1710 мкв хэмжээ бүхий талбайтай объект Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэлд хамаарахгүй тул 1710 мкв хэмжээ бүхий талбайтай объектыг шүүгдэгч В.Д т буцаан олгож, чулуу бутлуурын төхөөрөмж 1 ширхэг, сэгсрэгч ширээ 1 ширхэг зэргийг шүүгдэгч В.Д аас хурааж, улсын орлого болгов.

Шүүгдэгч В.Д т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч В.Д  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч В.Д ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүлээний Ферм гэх газарт байх 1710 мкв хэмжээ бүхий талбайтай объектыг түүнд буцаан олгож, уг 1710 мкв хэмжээ бүхий талбайтай объект битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, чулуу бутлуурын төхөөрөмж 1 ширхэг, сэгсрэгч ширээ 1 ширхэг зэрэг эд зүйлс битүүмжилсэн хэсгийг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан боловсруулсан шороо буюу 3 ширхэг тустай ууттай дээжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч В.Д  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт В.Д ийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Д т зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.   

4. Шүүгдэгч В.Д ийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чулуу бутлуурын төхөөрөмж 1 ширхэг, сэгсрэгч ширээ 1 ширхэг зэргийг шүүгдэгч В.Д аас хурааж, улсын орлого болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан боловсруулсан шороо буюу 3 ширхэг тустай ууттай дээжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч В.Д ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүлээний Ферм гэх газарт байх 1710 мкв хэмжээ бүхий талбайтай объектыг түүнд буцаан олгож, уг 1710 мкв хэмжээ бүхий талбайтай объект битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, чулуу бутлуурын төхөөрөмж 1 ширхэг, сэгсрэгч ширээ 1 ширхэг зэрэг эд зүйлс битүүмжилсэн хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

            8. Шүүгдэгч В.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.