Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/300

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Б.Д ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003160327 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Б.Д ,

           

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Б.Д  нь 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 09-01 БНА улсын дугаартай тоёота приус-20 маркийн авто машиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж улмаар явган зорчиж явсан Ж.Ч ыг мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт хобогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Б.Д  нь 2020 оны 05 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 09-01 БНА улсын дугаартай тоёота приус-20 маркийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчиж явсан Ж.Ч ыг мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь  ...

 

Хохирогч Ж.Ч ы ... 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүүхэд эмнэлэгт үзүүлчихээд сумын эмнэлгээс гараад *******ын дэлгүүрийн хажуугаар алхаж явтал миний араас ирээд мөргөсөн. Тэгэхээр нь би урагшаа хараад ойчсон тэгээд тэр үед нь тухайн машины жолоочийг цагдаад хэлэх шаардлагагүй би гайгүй байна гэж хэлээд өөрийг нь бодоод хэлсэн тэгээд сумын эмнэлэгт үзүүлсэн тэгээд миний баруун гарыг сойсон тэгээд эмнэлэгт 2 хоног эмчлүүлсэн. Тэгээд сумын эмч Заяа та заавал аймаг явах шаардлагатай гэж  хэлсэн тэгээд би аймаг явж эмнэлэгт үзүүлсэн гарыг үзүүлэхэд яс зүгээр зөөлөн эдийн гэмтэлтэй байна гээд 5 хоног гадуур эмчилгээ бичиж өгсөн түүнийг дуусгаад Улаанбаатар хот руу явж МED TRAUMA эмнэлэгт толгой мөр хоёроо эмериад харуулсан тухайн үзлэг шинжилгээ зардлын баримтуудыг гаргаж өгнө шөнө болгон баруун гар өвдөөд өвчин намдаах эмээр торгоож хонож байна ... Би Б.Д гээс хохиролд 3.500.000 төгрөгийг хүлээн авч хохирол бүрэн барагдсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45, 47/,

 

Гэрч *******ийн ... Тэгш дүүрэн дэлгүүрийн зүүн талын шороон замаар явж байсан чинь дэлгүүрийн урд талд том тэрэг зогсож байсан ард талаас нь гэнэт хүн гараад ирсэн тэгээд хүн гээд хэлэхийн завдалгүй тухайн хөгшинийг шүргээд унагаачихаар нь зогсоод буугаад очтол доошоо харсан байдалтай байхаар нь ******* бид хоёр өргөж босгоод эмнэлэг авч явж үзүүлье гэсэн чинь ******* эгч одоо хэрэггүй гэрлүүгээ одоо ингээд явчихъя гээд байсан. Тэгэхээр нь *******тэй хамт эмнэлэг явж үзүүлж анхан шатны тусламж үзүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, 

 

Шүүгдэгч Б.Д гийн ... 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвийн ******* гэх хүний дэлгүүрийн үүдэн дээр 16 цагийн орчимд өөрийн эзэмшилийн приус-20 маркийн 09-01 БНА улсын дугаартай авто машинтай явж байтал гэнэт Ж.Ч  нь гарч ирээд миний машинд шүргүүлээд газар унасан тухайн үед Ж.Ч  гэх хүн нь цагдаад мэдэгдээд яахав манай хүүхдийг дуудчих гээд байсан. Би эмнэлэгт үзүүлэхээр авч явж эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн би гэм буруугаа ойлгоод хохирогч Ж.Ч ы эмчилгээний зардал бусад зардалд нийт 3.500.000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86/,

 

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 328 дугаартай шинжээчийн ... Ж.Ч ы биед баруун мөр өргөгч шөрмөсний урагдал суналт, мөр бугалга, тохой орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 58-60/,

 

Техникийн шинжээчийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн ... жолооч Б.Д  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д зааснаар Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 60-70/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 33-35/,

Хохирогч Ж.Ч ы фото зураг, эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд /хх-ийн 88-99/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Д  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Б.Д д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

 

            Иймд шүүгдэгч Б.Д г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

           

Хохирогч Ж.Ч  нь хохиролд 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Д гээс хүлээн авч шүүгдэгчтэй эвлэрч, эвлэрлийн гэрээг хэргийн 9 дүгээр хуудсанд хавсаргасан байх тул хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Шүүгдэгч Б.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Д гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Д гийн эзэмшлийн 09-01 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Д д буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №02434365 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №1112218 тоот жолоочийн үнэмлэх зэргийг шүүгдэгч Б.Д д буцаан олгож, шүүгдэгч Б.Д  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Б.Д г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 09-01 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Д д буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №02434365 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №1112218 тоот жолоочийн үнэмлэх зэргийг шүүгдэгч Б.Д д буцаан олгож, шүүгдэгч Б.Д  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдусгай.   

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.