| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1700 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Тулга,
Шүүгдэгч Н.А , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.А холбогдох эрүүгийн 2006 00000 1930 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа автомашин засварладаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 1 дүгээр гудамжны 62 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Н.А .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.А нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их хуандайн амны задгай тоотод хадам эцэг болох Г.Алтангэрэлийг цамцны захаар нь боож унагаан, баруун талын хавирга орчимд нь өшиглөн зодсоны улмаас баруун талын 7, 8, 10 дугаар хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуралт, цээжний баруун талд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан
үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралд нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй. Торгох ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-11-13/, гэрч О.Нармандахын өгсөн мэдүүлэг /хх-16-18/, гэрч О.Цэгмидийн өгсөн мэдүүлэг /хх-19-23/, гэрч Э.Үүрцайхын өгсөн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Б.Содхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-44/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 7580 дугаартай дүгнэлт /хх-29-30/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-31-32/, Н.А ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-41/, хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-80-81/, шүүгдэгч Н.А ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, шинээр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.А нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их хуандайн амны задгай тоотод хадам эцэг болох Г.Алтангэрэлийг цамцны захаар нь боож унагаан, баруун талын хавирга орчимд нь өшиглөн зодсоны улмаас баруун талын 7, 8, 10 дугаар хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуралт, цээжний баруун талд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Алтангэрэлийн өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн аманд манай охин Үүрцайх нөхөр Н.А ын хамт манайд ирсэн. Бид нар өдөр нь “Туул гол оръё” гээд голын эрэг дээр байж байгаад буцаад гэр рүүгээ явах замд эхнэр бид хоёр дэлгүүр ороод гараад ирсэн чинь хүргэн Н.А нь эхнэр бид хоёрыг орхиод түрүүлээд явсан байсан. Эхнэр бид хоёр араас нь явган алхаад гэрийнхээ ойролцоо замын машинд дайгдаад гэртээ ирэхэд үхэр тугал нийлсэн байхаар нь Н.А ад хандаад “та нар сүү таргийг нь ууж идэж байж үхэр тугал хашаад байж болдоггүй юм уу” гээд уурласан чинь Н.А өөдөөс уурлаад “та нар айлын мал маллаж байж юу гээд байгаа гуйлгачингууд вэ” гээд дайрч ирээд тогоотой сүү өшиглөж асгаад намайг заамдаад цамцаар хоолой боогоод би хэсэг ухаан балартаад газар унасан чинь Н.А миний цээж рүү хөлөөрөө 3-4 удаа хүчтэй өшиглөсөн. Би хөдөлж чадахгүй хэвтэж байхад О.Цэгмэд ирээд Н.А ыг салгаад явуулсан....Нэмж ярих зүйлгүй, гомдол санал байхгүй, одоо нэхэмжлэх зардал мөнгө байхгүй.” /хх-11-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Нармандахын өгсөн: “...Намсрайн Амарбат манай хүргэн байгаа юм. Хохирогч Алтангэрэл манай хамтран амьдрагч бөгөөд 20 жил хамт амьдарч байгаа хүн. Н.А , Г.Алтангэрэл хоёр маргалдаад Н.А нь Г.Алтангэрэлийг татаж унагаад цээжнийх нь баруун тал руу нь 2-3 удаа өшиглөсөн. Би салгах гэхэд намайг “зайл ална шүү” гээд байхаар нь би зугтсан. Хажуу айлын хүн О.Цэгмэд ирж тэр хоёрыг салгасан.” /хх-16-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Цэгмэдийн өгсөн: “...Г.Алтангэрэл нь манай малыг маллаад нэг сар орчим болж байгаа хүн. Манай малыг хариулдаг Г.Алтангэрэлийн хүргэн Н.А ын нэг бага насны хүүхэд нь манайд орж ирээд “манай өвөө, аав хоёр зодолдоод байна” гэхээр нь гараад очсон чинь Н.А нь Г.Алтангэрэлийг газарт унагаад дарсан. Нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Би дундуур нь ороод арай гэж салгаад тэр хоёр гайгүй байж байснаа Г.Алтангэрэл “би амьсгалж болохгүй байна, хавирга эвгүй болчихлоо” гээд уурлаад тэр хоёр дахин барилцаж аваад Н.А нь Г.Алтангэрэлийн хоолойг боогоод ухаан алдуулсан. Намайг гарахаас өмнө цээж рүү нь өшиглөж цохисон байж магадгүй. Г.Алтангэрэл ухаан алдсан байх хүргэн нь нэг алгадсан байх тэгсэн Алтангэрэл ухаан орсон. Хадам ээж О.Нармандахыг хүргэн нь “ална шүү янхан минь” гээд байсан.” /хх-19-23/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Үүрцайхын өгсөн: “...Н.А нь миний нөхөр байгаа юм. Харин Г.Алтангэрэл нь миний хойд эцэг байгаа юм. Манай нөхөр Н.А цаанаас босож ирээд “чи муу тогоотой сүүгээ харамлалаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж барилцаж аваад манай нөхөр Г.Алтангэрэл ахыг 2 удаа хацар руу нь алгадсан. Манай нөхөр Г.Алтангэрэл ахыг газар унагаад дээрээс нь дарж суугаад нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд би нөхрөө салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд л дахиад зодолдоод унасан. Тэгээд би нөхрөө арай гэж салгаад татаж аваад машин руу явуулсан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 7580 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Алтангэрэлийн баруун талын 7, 8, 10 дугаар хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуралт, цээжний баруун талд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-29-30/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.А ын яллагдагчаар өгсөн: “...Г.Алтангэрэл хүрз бариад далайхаар нь би зөрүүлээд Г.Алтангэрэлийн хавирга руу нь өшиглөсөн. Г.Алтангэрэл надад өшиглүүлээд газарт унасан. Би өшиглөж учруулсан гэмтэл мөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Г.Алтангэрэлтэй эвлэрсэн, хохирол санал гомдлыг барагдуулсан.” /хх-39-41/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.А ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.А ын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их хуандайн амны задгай тоотод хадам эцэг болох Г.Алтангэрэлийг цамцны захаар нь боож унагаан, баруун талын хавирга орчимд нь өшиглөн зодсоны улмаас баруун талын 7, 8, 10 дугаар хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуралт, цээжний баруун талд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.А ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.А ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Хохирогч Г.Алтангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.А ад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэвч хохирогч Г.Алтангэрэл нь хүнд зэргийн гэмтэл авсан нь тогтоогдсон тул цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Шүүх шүүгдэгч Н.А ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Н.А ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.А ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч
Н.А ыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.А нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Г.Алтангэрэл нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.А ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.А ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС