Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00028 дугаар шийдвэртэй, Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/01 дүгээр эд хөрөнгө хураан авах тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/655 дугаар хариу мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/01 тоот актыг хууль зөрчиж, эрх ашгийг ноцтой хохироосон талаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч дэд хурандаа н.Бямбасүрэнд гомдол гаргасан юм. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/655 тоот хариу мэдэгдэх хуудсаар миний гаргасан гомдолыг бүрэн гүйцэд хянан шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байгаа тул уг мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдолтой байгаа тул 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/01 тоот акт болон 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/655 тоот хариу мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 5115 тоот захирамжаар Д.Энхцэцэгээс 33 194 060 төгрөг гаргуулж “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг төлбөрийг төлбөр төлөгч Д.Энхцэцэгт сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 7 дугаар байрны 97 тоот 30 м.кв /Ү-2206001442/ хоёр өрөө орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны 15/01 тоот тогтоолоор хураасан. Уг ажиллагаанд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцож, гарын үсэг зурсан.

Тэрээр тус албанд холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу хураах ажиллагаанд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байна. Дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнийн талаар Д.Энхцэцэг нь 100.000.000 төгрөг гэсэн санал өгсөн бөгөөд төлбөр авагч уг үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 100 000 000 төгрөгийн 70 хувь буюу 70 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан ч үнийн санал ирээгүй. Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Д.Энхцэцэгийн үнийн санал, мэдэгдлүүдээр нотлогдоно.

Ингээд худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 100 000 000 төгрөгийн 50 хувь буюу 50 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн. Энэхүү албадан дуудлага худалдаа явагдахаас өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 7430 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Д.Энхцэцэгийн шүүхэд гаргасан гомдлын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3820 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1148 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 961 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсаныг тогтоосон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 2016 оны 7430 тоот захирамжийн үйлчлэл дуусгавар болсон тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 100 000 000 төгрөгийн 50 хувь буюу 50 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/322 тоот тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/32811 тоот мэдэгдэл, сонины зарын хамт Д.Энхцэцэгт хувийг гардуулж, мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг тухай бүрд нь Д.Энхцэцэгт танилцуулж байсан. Төлбөр төлөгч Д.Энхцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны 15/01 тоот акт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/322 тоот тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гомдлын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/655 тоот хариу мэдэгдэх хуудсаар гомдлын хариу өгсөн болно. 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан боловч худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдаж байгаа бөгөөд төлбөр төлөгч Д.Энхцэцэг нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, хугацаа авах зорилгоор, үндэслэлгүйгээр шүүхэд удаа дараа хандаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай эд хөрөнгө хураан авах тухай тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/655 дугаар хариу мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байх,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэлийн утгыг бүрэн ойлголгүйгээр хэт туйлшран хариуцагчийн буюу нэг талын тайлбарыг баримтлан хуулийг буруу тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүйд гомдолтой байна. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 5115 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг батлаж 33 032 500 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн болохоос үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар заагаагүй. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахад миний өмчлөлд байгаа хөдлөх хөрөнгө, харилцах дансанд ажиллагаа хийгээгүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчиж албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасан зэргийг харгалзахгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай Эд хөрөнгө хураан авах тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/655 дугаар хариу мэдэгдэх хуудас зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Энхцэцэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэхээргүй байна.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА