Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

Э.Н-т холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                       М.Үүрийнтуяа,        

шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ц.Дарьжав,

хохирогчийн өмгөөлөгч                         Б.Энхтуяа,

нарийн бичгийн дарга                              А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн,  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дугаар шийтгэх тогтоолтой Э.Н-т холбогдох 201419000693 дугаартай 870 хуудас 4 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ээж, дүү, хойд аавын хамт Төв аймгийн Цээл суманд амьдарч байсан, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Төвийн 39 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Э.Н /РД:ЧМ72/,

 

Шүүгдэгч Э.Ннь Төв аймгийн Цээл сумын нутагт 2014 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтуугаар Г.Ган-Эрдэнийн цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324  дугаар шийтгэх тогтоолоор: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Нийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч Э.Н-ийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтанЭ.Н-тоногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Н-нцагдан хоригдсон 790 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Э.Н-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, ял эдлэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шар өнгийн фудволк, 1 ширхэг улаан өнгийн цамц, 1 ширхэг хар өнгийн куртик, 1 ширхэг ногоон өнгийн дээл зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 9.698.020 /есөн сая зургаан зуун ерэн найман мянга хорь/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ялтан Э.Н-сгаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригт олгож тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Ннь гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр айлын мал маллаж байх үедээ хүн амины хэрэгт холбогдсон. Миний бие энэ хэргийг хийгээгүй хилсээр шийтгэгдээд байна. Би н.Оюунбаатарын хамт Цээл сумын төв орсон буцаж гэртээ ирсэн талаар болон нутгийн олон залуучуудтай гэмгүй сайхан танилцах гэж тэдэнтэй архи уусан талаар болон хэргийг үйлдээгүй болохоор шүүхэд бичгээр өгсөн мэдүүлэгт тодорхой бичсэн шүүх энэ бүхнийг нарийвчлан үзэлгүй хэргийн баримтуудыг дутуу үнэлж, хэт яллах талыг барьж надад ял оноосонд гомдолтой байна. Манай гадаанаас н.Ган-Эрдэний амьд сэрүүнээр нь Баянмөнх, Бямбадаваа нар авч явсныг би болон гадаа довжоон дээр зогсож байсан. Ээж Эрдэнэцэцэг харсан. Үүнийг Баянмөнх ч мэдүүлэгтээ гэрийн гадаа гэж хэлсэн байдаг ба ээж Эрдэнэцэцэг 20116 оны 11 сарын 27-ны шүүх хуралд гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн. Баянмөнх, Бямбадаваа хоёр талийгаачийг эмнэлэгт нас барсан байдалтай хүргэж өгөхдөө хувцас нь шороо болж урагдсан байснаас гадна 24 минут явах газар 1 цаг 25 минут явсан зэрэг нь тогтоогдсон надад хутга байгаагүй. Хүн хутгалаагүй байхад Баянмөнх, Бямбадаваа нар гүтгэж худал мэдүүлэг өгсөөр байна. Үнэн гэж байдаг бол энэ хэргийн учрыг олж эзнийг зөв тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Н-нөмгөөлөгч Ц.Дарьжав нь гаргасан давж заалдах гомдолдоо: “Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 24-ний 324 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна.

Анхан шатны шүүхЭ.Н-тхолбогдох Эрүүгийн хуулийн /2002 он/ тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн /2015 он/ тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүнийг санаатай алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна.

Нэг: Э.Ннь амь хохирогч Г.Ган-Эрдэнийг гэрийнхээ гадаа 2014 оны 12 сарын 12-ноос 13нд шилжих шөнө 05 цагнйн үед хутгалж амь насыг нь хохироосон гэх шүүхийн дүгнэлт нь өрөөсгөл хэт нэг талыг баримталсан талаар

Шүүхийн шийтгэх тогтоолын 19 дүгээр хуудасны дээрээс 3 дахь догол мөрөнд "Шүүгэдэгч Э.Нарангэрэл нь Төв аймгийн Цээл сумын нутагт 2014 оны 12 сарын 12-1З-нд шилжих шөнө 05 цагийн орчим согтуугаар Г.Ган-Эрдэнийн цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах баримтаар нотлогдсон " талаар дурджээ.Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд гэрч Бямбадаваа, гэрч /ээж/ Эрдэнэцэцэг, гэрч Э.Сэвжид, гэрч Мөнхтөр нарын мэдүүлэг болон амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 01 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл түүнд тусгасан фото зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож авсан эд зүйлүүд, эд мөрийн баримтанд үүссэн гэмтлүүдэд хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг гарах үед байсан гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Э.Н хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Шүүхийн дурдсан дээрх баримтууд Г.Ган-Эрдэнэ хутгалагдаж амь хохирсон болохыг нотлох болохоос Э.Н нь амь хохирогчийг эд мөрийн баримтаар хураагдсан гэх хэрэг шалгах явцад алга болгосон хутгануудаар хутгалсан үйлдлийг нотолдоггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт " Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасан байхад Э.Ннь амь хохирогчийг хутгалсан гэж мэдүүлж буй гэрч гэх Баянмөнх, Бямбадаваа нарын бодит байдалд нийцэхгүй янз бүрийн тогтворгүй мэдүүлгүүдийг гол баримт болгож буй нь дээрх заалтыг зөрчиж байна.

Гэрч Э.Батмөнхийн хэрэг шалгах явцад хэд хэдэн удаагийн мэдүүлэг янз бүр байна. Жишээ нь:

• 2015 оны 01 сарын 29 ны мэдүүлэгт "шөнө 3 цагийн үед Э.Н-нгэрийн гадаа очсон" гэж,

• 2015 оны 04 сарын 28-ны мэдүүлэгт "....сайн бодоод байтал Э.Н-н гадаа очсон нь 05 цаг юм байна гэж өмнө мэдүүлэг өгснөөс хойш 3 сарын дараа илүү сайн мэдэж цаг хугацааг ярьдаг нь туршилтаар Э.Н гэрээс сумын эмнэлэг хүртэл 24 минут явахыг тодорхойлсон асуудал, талийгаачийн хувцсанд мөр судлалын шинжилгээ хийж урагдалттай өмд нь нэлэнхүйдээ тоос шороо болсон, гутлын өсгий салсан зэрэг Э.Н-нгадаанаас яваад эмнэлэг орох замд зодоон болсон, хутгалагдсан байх нөхцөл үүссэнтэй холбогдуулж өмнөх мэдүүлгээ өөрчлөх болсон.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудад хэт өрөөсгөл үнэлэлт дүгнэлт хийж нотлох баримт шалгах, үнэлэх талаарх хуулийн шаардлагыг зөрчсөн талаар:

"Хүнийг санаатай aлax" гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул гэмт үйлдэл болон хор уршгийн хоорондын шалтгаант холбоо нь энэ гэмт хэргийн объектив талын зайлшгүй байх шинж мөн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг үе, зэвсэг хэрэгсэл зэрэг нэмэгдэл шинжийг хэрэг шалгах шийдвэрлэх аль ч шатанд нарийн шалгаж тогтоосны үндсэн дээр гэм буруугийн болон ял шийтгэлийн асуудлыг шийдвэрлэдэг.

Э.Н хөдөө гэрийнхээ гадаа талийгаач Ган-Эрдэнийг машин дотроо жолооны хүрдний ард сууж байхад нь хутгалж, амийг нь хохироосон тухай гэрч гэх Бямбадаваа, Баянмөнх нарын мэдүүлгээр нотлогдсон хэмээн үзэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй төдийгүй хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй, энэ хэрэгт Бямбадаваа, Баянмөнх нар холбогдолтой талаар удаа дараа бичиж, хүсэлт гаргасаар байхад үл ойшоож, хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудыг огт үнэлэхгүй орхигдуулж, хэт нэг талыг баримтлан Э.Н-т ял халдаасан нь хуульзүйн үндэслэлгүй байна.

Шүүх Э.Ннь талийгаач Ган-Эрдэнийг шууд санаатай алсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэмээн үзсэн нь хангалттай баримтанд тулгуурлуулаагүй төдийгүй хэргийн материалд буй зарим ач холбогдол бүхий нотлох баримтуудтай дээр дурдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар шалгаагүй, нотлох баримтын эх сурвалжийг магадлан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзээгүйн дээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулсан байна.

1. Э.Н-н гэрээс сумын эмнэлэг хүртэл талийгаачийн машинаар ямар хугацаанд очих талаар хийсэн туршилтын үр дүн шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанчлан Нарандэлгэрийг яллах үндэслэл болж буй Бямбадаваа, Баянмөнх нарын мэдүүлэг үнэмшилгүй, эргэлзээтэй болохыг харуулдаг. Тухайбал:

• Гэрч Ганболдын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлснээр 2014.12.13-ны өглөө машин дуунаар сэрээд цаг харахад 04 цаг 5 минут болж байсан ба машин ирээд удаагүй 5-10 минутын дараа портер машинтай хүмүүс явсан гэж,

• Э.Н-н гэрийн гаднаас Цээл сумын эмнэлэг хүрэхэд портер машинтай хүмүүс ямар хугацаанд явах талаар хийсэн туршилтын тэмдэглэлд 24 минут гэж дурдагдсан,

• Талийгаачийг эмнэлэгт хүлээн авсан тухай яаралтай тусламжийн хуудаст 2014.12.13-ны 05 цаг 39 минут гэж тэмдэглэгдсэн,

• Гэрч Цогзолбоо " талийгаачийг 2014.12.13-ны 05 цаг 41 минутанд эмнэлэгт авчирсан гэж мэдүүлсэн,

Сэвжидийн гэрээс гарч явахдаа цаг бол хараагүй гэх Бямбадаваагийн 2014.12.13-ны мэдүүлэг, Э.Н гадаа очоод машины цаг харахад 04 цаг болж байсан, гэрийн гадаа 5 минут орчим болсон гэх шүүх хуралдааны үеийн мэдүүлэг /протоколд тэмдэглэгдсэн/ зэрэг баримтуудыг харьцуулан шинжлэхэд Э.Н гэрийн гаднаас хөдөлж явснаас хойш 1 цаг 25 минутын дараа эмнэлэгт ирсэн байна. Эдгээр баримтуудыг харыдуулаан үзвэл гэрч гэх Бямбадаваа, Баянмөнх нар "талийгаачийг Нарандэлгэр хутгаласан талаар гэр орныхонд нь хэлээгүй хэлэлгүй аль болох хурдан эмнэлгийн тусламж үзүүлэх гэж яаран давхиж эмнэлэгт очсон " хэмээн тайлбарласан мэдүүлгүүд үндэслэлгүй болж байгаа болно.

Түүнчлэн Бямбадаваа, Баянмөнх нар мөрдөн байцаалтын шатанд Э.Н гэрийн гадаа 03, 05 цагийн үед очсон хэмээн эрс зөрүүтэй мэдүүлэхдээ мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байсан ба харин шүүх хуралдааны үед машины цаг харахад 04 цаг болж байсан гэж эх сурвалжаа зааж мэдүүлсэн нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжийг бүрдүүлсэн баримт гэж үзэх үндэстэй байхад шүүх гэрч Ганболдын болон Бямбадаваагийн цаг хугацааны талаар мэдүүлгийн эх сурвалжаа зааж өгсөн мэдүүлгүүд болон Э.Н гэрийн гаднаас талийгаачийн машинаар Цээл сумын эмнэлэг ороход зарцуулсан цаг хугацааг тодорхойлсон туршилтын тэмдэглэл зэрэг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг огт үнэлэхгүй байх үндэслэлээ дурьдаагүй нь хууль бус байна.

2. Талийгаач Ган-Эрдэнийн хувцас урагдаж, шороо тоос болсон асуудалтай холбоотой нотлох баримтуудыг шүүх харьцуулан шалгаж, үнэлж үзээгүй бөгөөд ингэх болсон шалтгаан үндэслэлээ шийтгэх тогтоолд огт дурдаагүй.

 

Сэвжид, Бямбадаваа, Баянмөнх, Оюунбаатар нарын биед болон хувцасанд үзлэг хийж хэргийн ул мөр, уранхай цоорхой, элдэв мэс байгаа эсэхийг тодруулаагүй, тэднийг сэжигтнээр тооцож хорьж тусгаарлан мэдүүлэг авах зэрэг арга хэмжээ авалгүй энэ хэргийг зөвхөн Нарандэлгэр үйлдсэн байх ёстой мэтээр хэт нэг талыг баримтлан түүнийгээ батлахыг оролдсон нь хэрэг шалгах болон шийдвэрлэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдаагүйг харуулж байна.

3. Талийгаач хутгалагдаж нас барсан тул хэргийн нөхцөл байдалтай хутганы асуудал болон Э.Н хутгалсан үйлдэл зайлшгүй холбоотой болохыг нотлохгүйгээр уг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй, ял шийтгэх хуульзүйн үндэслэлгүй болно.

 

Э.Н-нгэрээс хурааж авсан 5 ш хутганд цусны толбо, гарын хээ илрээгүй төдийгүй талийгаачийн шарх, хувцасны урагдалт тухайн 5 ш хутганы алинаар нь үүсгэснийг тогтоох боломжгүй учраас уг хутганууд гэмт хэргийн үйл баримттай ямар нэг байдлаар холбоогүй, хэрэгт хамааралгүй болж байгааг шүүх бодит байдлаар үнэлж дүгнээгүй Э.Нэдгээр хутгаар талийгаачийн амийг хороосон хэмээн алдаатай дүгнэлт хийж түүнийг шийтгэсэн нь хууль бус болжээ.

 

4. Э.Н ээж Эрдэнэцэцэгийг 2015.12.13-ны өдөр гэрчээр байцаахдаа мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх тухай сануулж гарын үсэг зуруулахдаа ЭБШХуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт бус 145 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарласан байгаа нь мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгг заасныг зөрчсөн байна.

Ийнхүү Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчиж авсан мэдүүлэг нотлох чадвараа алдсан байхад шүүх үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хууль бус болно. Эрдэнэцэцэг 2015.12.13-ны өдрийн энэхүү мэдүүлэгтээ "өглөө машин дуугараад ирэхэд 05 цаг болж байсан гэж буруу бичигдсэнийг анзаараагүй гээд 2015.02.29-ны мэдүүлэгтээ өглөө машин ирэхэд 04 цаг 05 минут болж байсан хэмээн мөрдөн   байцаалтанд   болон   шүүх   хурал   дээр   мэдүүлсэн   байхад   шүүх   уг мэдүүлгүүдийг үнэлээгүй нь хууль зөрчсөн гэх үндэстэй.

Хоёр. Шүүх   гэрч   гэх   Бямбадаваа,   Баянмөнх   нарын   тогтворгүй,   эргэлзээтэй, үнэмшилгүй,   хэргийн   бусад   нотлох   баримтуудаар   ияцаагдаж   буй   мэдүүлгээр Нарандэлгэр талийгаачийг санаатай хутгалж алсан хэмээн ял шийтгэсэн нь хэргийг шийдвэрлэхдээ хэт яллах талыг баримтлан хуульзүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан талаар:

Шүүх шийтгэх тогтоолдоо Нарандэлгэрийг хүнийг санаатай хутгалж алсан хэмээн буруутгасан нотлох баримтуудыг судалж үзэхэд хангалттай бус байгааг анхаарах хэрэгтэй.

1. Хувцас хунар нь тоос шороо болоогүй байсан талийгаачийг Э.Н-нгэрийн гаднаас 24 минутын дотор очих газарт 1 цаг 25 минут болж хувцас хунар нь урагдаж тоос шороо болсон, нас барсан байдалтай эмнэлэг дээр аваачсан, нэг нь нөгөөгөө хутгалсан байхад эмнэлэг, цагдаа, гэр орныхонд нь хэлж, хутгалагдсан шарх соривыг нь ч үзүүлэхгүй таг чиг аваад явсан учраа яаралтай эмнэлэгт хүргэх хэмээн тайлбарладаг боловч 3 дахин удаан явдаг, талийгаачийг унтаж байхад нь машин хээр эвдэрсэн асаагаад өг хэмээн худлаа хэлж гэрээс нь авч гардаг, үнэмшилгүй, эргэлзээтэй мэдүүлдэг Бямбадаваа, Баянмөнх нар ЭБШХуулийн 45 дугаар зүйлд заасан "...тухайн хэрэгг холбогдолгүй хүнийг гэрч гэнэ" гэх зохицуулалтанд хамаарахгүй байгаа тул шүүх тэдний мэдүүлгийг гол болгон хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байгаа болно.

2. Гэрч Ганболд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт "өглөө машин ирэхэд сэрээд уаг харсан чинь 04 цаг 05 минут болж байсан гэх мэдүүлгийг ямар үндэслэлээр няцаасан нь тодорхойгүй атлаа өмнөх мэдүүлэгт "...Тэгээд 05 цагийн орчим машин дугарахаар сэрсэн чинь эхнэр босчихсон байсан" гэх мэдүүлгийг яллах баримт хэмээн үзсэн нь шүүх яллах талыг хэт баримталж байгааг харуулна.

3. Эмч Цогзолбоо, сувилагч Давааням нарын мэдүүлэг бол өөрсдийгөө хэргээс зайлуулахаар үгээ нэгтгэсэн Бямбадаваа, Баянмөнх нарын хэлж ярьсан зүйл төдий болохоос Э.Нталийгаачийг хутгалсан үйлдлийг шууд нотлох баримт биш.

4. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх задлан шинжилгээний 01 тоот акт нь талийгаач хутгалагдаж нас барсаныг нотлох болохоос Э.Н-нүйлдлийг нотлох баримт биш болох нь тодорхой тул эдгээр баримтыг үндэслэн Э.Н-гталийгаачийг хутгалж амийг нь хохироосон хэмээн үзэх нь хэт нэг талыг баримталж энэ хэргийг үйлдсэн жинхэнэ эзэн этгээдийг олж тогтоох бусЭ.Н-тэнэ хэргийг үүрүүлэхийг зорьсон оролдлого болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт ".....өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл" -ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдах аар хуульчилсан байхад өмгөөлөгч миний санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дурдсанаас өөр ямарч үндэслэл заагаагүй нь хууль бус байна.

Гэрч гэх Баянмөнх шүүх хуралд гэрчээр мэдүүлэхдээ "...миний өмнө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг худлаа өнөөдөр өгч буй мэдүүлэг үнэн" /2016.11.27-ны шүүх хурлын тэмдэглэлийн 14-р хуудас/ гээд талийгаачийг газар хэвтүүлээгүй эмнэлэг рүү өргөж оруулсан гэдэг атлаа хэрэг мөрдөн байцаалтанд буцсаны дараа талийгаачийг газар хэвтүүлсэн, хувцаснаас нь татаж урсан талаар мэдүүлдэг зэргээс үзэхэд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэрч гэж үзэх боломжгүй.

Гэрч Бямбадаваа нь мөн хэрэг гарах шөнө Сэвжидийнд унтсан гэх боловч утсаараа ярьж байсан нь тогтоогддог төдийгүй талийгаачийг гэрээс нь худлаа ярьж авч гарсан зэргээр худал ташаа мэдүүлгийг удаа дараа өгсөн нь хэргийг өөрөөсөө холдуулж булзааруулах оролдлого хийж байгаа нь харагддаг тул гэрч гэх ойлголтод хамаарахгүй байгааг анхаарах хэрэгтэй юм.

Иймд хэргийг хянаж Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 24-ний 324 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Нарандэлгэрийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хэт 1 талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Э.Нгэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байхад гэмт хэргийг үйлдсэн гээд байгаа нь үндэслэлгүй юм. Нотлох баримтаар эргэлзээгүй нотолсны үндсэн дээр ял шийтгэл оногдуулах ёстой гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт болгоныг шалгаж шийдвэрлэсэн. Талийгаач хутгалуулсныхаа дараа “намайг үхэрчин хутгалчихлаа гэж хэлснийг тэр үед хамт байсан хүмүүс гэрчилдэг. Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тэл хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Э.Н-г Төв аймгийн Цээл сумын нутагт 2014 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 5 цагийн орчим согтуугаар Г.Ган-Эрдэнийн цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бямбадаваагийн мэдүүлсэн “Э.Ннөгөө хэдээс түрүүлээд гэрээсээ гарч манай машины жолооч талын хаалганаас 3 метр орчим зайд шээж байгаа бололтой зогсож байсан. Араас нь Ө.Баянмөнх талийгаач нар гарч ирээд Ө.Баянмөнх жолоочийн эсрэг талын хаалгаар, талийгаач жолооч талаараа машинд суугаад хаалгаа хаах гэтэл Э.Н-н гар нь орж ирээд талийгаачийн зүүн цээжний орчим хүрэх шиг болоод эргээд гүйгээд явчихсан. Тэгтэл талийгаач ёоё хутгалчих шиг боллоо гэж хэлэхэд энгэрийг яраад хартал цус гарч байсан ба амьсгал авахаар цус нь бүр илүү гарсан. Тэгээд би ар талаас нь гарч ирээд шууд асаалттай машинаар сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-24 тал/,

Гэрч Ө.Баянмөнхийн мэдүүлсэн “Э.Н-н гэрийн гадаа Л.Оюунбаатар тасарчихсан байсан ба Л.Оюунбаатарыг өргөж Э.Н-нгэрт оруулж өгчихөөд машиндаа суутал талийгаачийг хутгалчихсан байсан. Надад өөрөө Н.Мөнхтөрийн үхэрчин хутгалчихлаа” гэж хэлсэн тэгээд дахин огт дуугараагүй. Н.Мөнхтөрийн үхэр малладаг гэж өөрөө хэлж байсан” гэх /1-р хх-ийн 33-35 тал/ 2 гэрчийн амь хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч Э.Н-г хутгалсан үйлдлийн улмаас учирсан талаар шууд гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Мөрдөн байцаалтанд гэрч /ээж/ С.Эрдэнэцэцэгийн мэдүүлсэн ” тэр хэдийг явсаны дараа унтаад өгсөн ба унтаж байтал нэг сэрсэн машин дуугарч байхаар нь цаг харахад 05 цаг болж байсан ба гэрт хүйтэн орсон байна босъё гээд босоод галаа түлэхээр үнсээ асгах гээд гарахад гадаа цэнхэр өнгийн Портер ирээд зогссон ба хэдэн хүүхдүүд бууж байсан ба Л.Оюунбаатар согтоод уначихсан байсан ба манай хүү Э.Нболон хоёр танихгүй залуутай гэрт оруулаад гэрийн баруун талд хэвтүүлсэн ба тухайн үед багана цохиод хугарах гээд байхаар нь баганаа бариад зогсож байсан ба нөхрийгөө дуудаж босгосон тэр хооронд Э.Н болон нөгөө залуучууд гэрээс гараад явсан ба удалгүй Портер машин хөдлөөд явахаар нь Э.Н-гцуг явчиж байгаа юм байхдаа гэж бодоод араас нь гарж хартал Э.Н өөдөөс гэр лүү орж ирсэн ба орж ирэхдээ моринд өвс өгсөн юм уу гэж асуучихаад манай нөхөр Ганболдын хамт гараад явсан. Э.Норж ирээд миний нойр хүрэхгүй байна одоо босоод үхрийн баасаа арилгана гэж байсан мөн толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Өөр зүйл яриагүй жоохон сууж байгаад бүхлээрээ хэвтээд тэр чигээрээ унтсан” гэх мэдүүлэг /1-р хх-52 тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Сэвжидийн мэдүүлсэн “талийгаач нь Э.Н-г хүний нутагт ингэж явж болохгүй аятайхан яваарай гэж талийгаач жоохон томрох янзтай байсан.” гэх мэдүүлэг/1-р хх-46-47 тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Цогзолбоогийн мэдүүлсэн /амь хохирогчийн биед анхны үзлэг хийсэн эмч / “ 2014 оны 12 сарын 12-13нд шилжих шөнө гэртээ амарч байхад 05 цаг 40 минутанд сувилагч Давааням яриад дуудлага гарлаа гэхээр нь эмнэлэг дээр очиход Г.Ган-Эрдэнэ хүлээн авахын орон дээр хэвтэж байсан ба түүнийг харж ажиглахад амьдын шинж тэмдэг байхгүй, зүрхийг чагнуур тавьж алгахад зүрх болон амьсгал сонсогдохгүй, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн зүүн алын эгэмний дунд чөмгийн шугамаар 2,3 дугаар хавирганы завсарт өргөн нь 2 см орчим хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн ба Баянмөнх ч гэсэн Э.Нгэх залуу хутгалсан гэж ярьж байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-77 тал/,

Гэрч Н.Мөнхтөрийн “ Э.Н бол манай малчин буюу үхэр малладаг хүн. Манай үхэрчнээр 2014 оны 9 сарын 10-ны орчим ирээд манай үхрийг маллаж байгаа.” гэх мэдүүлэг/1-р хх-62 тал/,

Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 01 тоот дүгнэлтэнд:” талийгаачийн биед цээжний зүүн талд 2-3-р хавирганы түвшинд 3 см зүсэгдэж, хатгагдсан шархтай, уг шарх нь 8,5 сантиметрээс дээш урттай ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Архаг хууч өвчингүй. Цээжний хөндийн цочмог цус алдалтын улмаас нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-86 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд тусгасан фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-8 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож авсан эд зүйлүүд, эд мөрийн баримтанд үүссэн гэмтлүүдэд хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, амь хохирогчийн эмнэлгийн задлан шинжилгээний акт, хэрэг учрал болох үед байсан гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдан бусад нотлох баримтуудаар Э.Ннь хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Э.Н хөдөө гэрийнхээ гадаа талийгаач Ган-Эрдэнийг машин дотроо жолооны хүрдний ард сууж байхад нь хутгалж, амийг нь хохироосон тухай гэрч гэх Бямбадаваа, Баянмөнх нарын мэдүүлгээр нотлогдсон хэмээн үзэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй төдийгүй хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй, энэ хэрэгт Бямбадаваа, Баянмөнх нар холбогдолтой талаар удаа дараа бичиж, хүсэлт гаргасаар байхад үл ойшоож, хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудыг огт үнэлэхгүй орхигдуулж, хэт нэг талыг баримтланЭ.Н-тял халдаасан нь хуульзүйн үндэслэлгүй байна... Түүнчлэн Бямбадаваа, Баянмөнх нар мөрдөн байцаалтын шатанд Э.Н гэрийн гадаа 03, 05 цагийн үед очсон хэмээн эрс зөрүүтэй мэдүүлэхдээ мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байсан...” гэж байх боловч гэрч Д.Бямбадаваа, Ө.Баянмөнх нараас шүүгдэгч Э.Н нь талийгаач Ган-Эрдэнийг хутгалсан талаар мэдүүлгийнхээ эх сурвалжаа заан мэдүүлснийг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “  ... Э.Н гэрээс хурааж авсан 5 ш хутганд цусны толбо, гарын хээ илрээгүй төдийгүй талийгаачийн шарх, хувцасны урагдалт тухайн 5 ш хутганы алинаар нь үүсгэснийг тогтоох боломжгүй учраас уг хутганууд гэмт хэргийн үйл баримттай ямар нэг байдлаар холбоогүй, хэрэгт хамааралгүй болж байгааг шүүх бодит байдлаар үнэлж дүгнээгүй Нарандэлгэр эдгээр хутгаар талийгаачийн амийг хороосон хэмээн алдаатай дүгнэлт хийж түүнийг шийтгэсэн нь хууль бус болжээ.” гэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 2323 дугаартай дүгнэлтээс үзэхэд шинжилгээнд ирүүлсэн 5ш хутга бүгд ир, мөртэй, ажлын хэсгийн дундаж өргөний хэмжээ өөр хоорондоо ойролцоо байсан тул цогцсонд болон шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээрх зүсэгдэлтүүд шинжилгээнд ирүүлсэн 5ш хутганы алинаар гарсан болохыг тодорхойлох боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл эдгээр хутганы алин нь ч дээрх зүсэгдэлтүүд үүсгэх боломжтой гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заасны дагуу Д.Бямбадаваа, Ө.Баянмөнх нар нь гэрч гэх ойлголтод хамаарч байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нэр бүхий хүмүүсийн өгсөн гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Э.Н болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 93 хоногийг шүүгдэгч Э.Н-нял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

                                    ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ