Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 556

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АМГТГКХД д холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “... Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Э” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... Манай компани ******* аймгийн Ө******* сумын нутаг Их бүс нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст журмын дагуу гаргасан. Гэвч АМГТГКХД  Д.М ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7/532 дугаар тоот албан бичгээр “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр танай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье” гэжээ.

АМГТГКХД  Д.М ын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн.

Манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг түүнийг албан ёсоор гарч албажсны дараа олж мэдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасны дагуу АМГТГКХД  нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай компаниуд шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдэж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь зөрчиж явагджээ.

2. Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн.

Манай компаниас гаргасан өргөдөл Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангасан байдлаар гарсан бөгөөд үүнийг баталгаажуулж Ашигт малтмал, газрын тосны газар NE-026... дугаарт бүртгэсэн.

Ашигт малтмал, газрын тосны газар ийнхүү өргөдлийг хүлээж авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шийдвэрийг гаргах ёстой. Манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ашигт малтмалын тухай хуулиар татгалзах үндэслэл бүхий нөхцөлийн аль нэг нь байхгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс бидэнд 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 7/5032 тоот мэдэгдэх хуудсанд дурдсан шийдвэр нь ямар бодит үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгааг нэрлэн заагаагүй бөгөөд үүнийг мэдэх боломжгүй байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрт 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Б од гомдол гаргасан бөгөөд тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2/6301 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй агуулгаар хариу ирүүлжээ.

Гомдлын хариугаас үзвэл манай компаниас гаргасан NE-026... тоот өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасан шаардлагыг хангасан тул тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасны дагуу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу орон нутгаас санал авахаар хүргүүлэх арга хэмжээг авчээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр мэдэгдэл хүргүүлж санал авахад ******* аймгийн Засаг даргаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот албан тоотоор “дэмжихгүй” гэсэн санал хүргүүлсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газраас хүргүүлсэн саналд Аймгийн Засаг дарга 30 хоногт багтаан хариу ирүүлээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар “зөвшөөрсөн” гэж үзэж хайгуулын тусгай зөвшөөрөл манай компанид олгох ёстой байжээ.

Ашигт малтмал, газрын тосны газар дээрх дэмжихгүй саналыг шууд хүлээн авч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. 19.5-д заасныг тус тус зөрчжээ.

Мөн ******* аймгийн Засаг дарга дээрх өргөдөлд тусгасан талбайд “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” санал ирүүлсэн боловч тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар “зөвхөн хуульд заасан үндэслэлээр” татгалзаж эрхтэй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь дээрх татгалзсан шийдвэр хуульд заасан үндэслэлээр гарсан эсэхийг шалгаж хянаж эцсийн шийдвэрээ өөрөө гаргах ёстой байжээ.

Өөрөөр хэлбэл манай компани ******* аймгийн Засаг даргын  “дэмжихгүй” саналтай маргаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасан хугацаа хожимдуулж ирүүлсэн саналыг хүлээн авч мөн тус хуулийн 19.5-д заасныг зөрчиж ирүүлсэн саналыг хуульд нийцсэн эсэхийг хянаж шалгалгүйгээр өөрийн шийдвэрийн үндэслэл болгож тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль бус үйлдэлтэй маргаж байгаа болно.

******* аймгийн Засаг дарга нь “дэмжихгүй” саналын үндэслэлээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4.2-д заасан үндэслэлээр гаргасан гэх боловч дээрх үндэслэлүүдээр татгалзах эрхийг Засаг даргад хуулиар олгоогүй.

Хүсэлт гаргасан талбайг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гараагүй, түүнийг ашигт малтмалын зураг зүйн нэгдсэн санд бүртгүүлээгүй тул ******* аймгийн Засаг даргын “татгалзсан санал” хууль зүйн үндэслэлгүй болох нь илт байхад АМГТГКХД  тус өөрийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Ашиг малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг зөрчжээ.

Иймд АМГТГКХД  Д.М ын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 тоот шийдвэрийг хүчингүй болгож манай компанийн NE-026... тоот өргөдлийн дагуу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, NE-026... тоот өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай”’ 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Э” ХХК нь ******* аймгийн Өндөр ширээ сумын нутаг “Бүх бүс” нэртэй 1563,55 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-026... дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтсээс “Э” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8550 дугаартай албан бичгээр ******* аймгийн Засаг даргад санал явуулсан. Уг саналд ******* аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1687 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна.

“Э” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16/03 тоотоор манай газарт хандан албан бичиг ирүүлсэн ба тус албан бичигт ...манай компани нь ******* аймгийн Ө******* сумтай Нийгмийн хариуцлагын гэрээ шинээр хийж ажиллаж байгаа бөгөөд манай компанийн гаргасан ХА-01... тоот өргөдлийг дэмжихээ илэрхийлсэн тул ******* аймгийн Засаг даргад хандан саналыг дахин хүргүүлж бидний ажилд тусална уу ... гэсний дагуу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6/1697 тоот албан бичгийг ******* аймгийн Засаг даргад санал авахаар хүргүүлсэн.

2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/578 тоот саналаар NE-026... /ХА- 019700-001/ дугаар өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” санал ирүүлсэн байна.

******* аймгийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж Өдрийн сонины 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн № 005 дугаарт олон нийтэд мэдээлэн хүргэжээ.

Энэхүү сонсох ажиллагаанд тус компани нь бичгээр болон амаар тайлбар гаргаж ирүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1 зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр NE-026... дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7/5032 дугаартай албан бичгээр тус компанид хүргүүлсэн байна. Иймд “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гурав. “Э” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ирүүлэхдээ. 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГКХД д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжилж байна.

АМГТГКХД  Д.М ын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 тоот тушаал гарсны дараа 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хууль өөрчлөгдөн тус хуулийн 19 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болгож Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр бус төсөл сонгон шалгаруулалтаар олгох байдлаар хууль хэрэгжиж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

АМГТГКХД  Д.М ын 2017 оны 07 дугаар сарын 20-ны 407 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч АМГТГКХД  Д.Д нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбоотой хариу тайлбартаа:

“... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр NE-026... дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7/5032 дугаартай албан бичгээр тус компанид хүргүүлсэн байна.

Маргаан бүхий харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилж, захиргааны байгууллагын үйл ажиллагааны журам тогтоосон хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд анх “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасны дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасан хуулийн хугацаа хэтэрсэн байхад хариуцагч манай компанид  хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ёстой байсан” гэж тодорхойлж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дараахь нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст ******* аймгийн Ө******* сумын нутаг Их бүс нэртэй 1563,55 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргасан нь NE-026... дугаарт бүртгэгдсэн.

Кадастрын хэлтсээс “Э” ХХК-ийн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийснээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, мөн хуулийн 19.3-д зааснаар санал авах мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8550 дугаартай албан бичгээр ******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдлийн хариуд ******* аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1687 тоот албан бичгээр “дэмжихгүй” гэх санал ирүүлжээ.

“Э” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр АМГТГКХД д “...манай компани нь ******* аймгийн Ө******* сумтай Нийгмийн хариуцлагын гэрээ шинээр хийж ажиллаж байгаа бөгөөд манай компанийн гаргасан ХА-01... тоот өргөдлийг дэмжихээ илэрхийлсэн тул манай ******* аймгийн Засаг даргад хандсан саналыг дахин хүргүүлж бидний ажилд тусална уу” гэх албан бичгийг хүргүүлснээр хариуцагчаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6/1697 тоот мэдэгдлийг ******* аймгийн Засаг даргад дахин хүргүүлсэн.

Улмаар мэдэгдлийн хариуд ******* аймгийн Засаг даргаас 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/578 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “дэмжихгүй” гэх саналыг мөн ирүүлсэн.

Уг саналд ******* аймгийн Өндөр ширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар “Санал авах тухай” тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05/46 тоот ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн “дэмжих боломжгүй” гэсэн албан бичиг, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 12 дугаар тэмдэглэлд “дэмжих боломжгүй” гэж шийдвэрлэсэн баримтуудыг хавсаргажээ.

“******* аймгийн Засаг даргаас дэмжээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийж “Ө с”-гийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №005 дугаарт нийтлүүлж, олон нийтэд мэдээлэл хүргэсэн ба энэхүү сонсох ажиллагаанд тус компани нь бичгээр болон амаар тайлбар гаргаж ирүүлээгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авч, сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх, мөн маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид хүргүүлсэн, гомдол гаргах эрхийг хангасан зэрэг нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр NE-026... дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд захиргааны байгууллагын шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчаас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6/1697 тоот мэдэгдлийг ******* аймгийн Засаг даргад хүргүүлээд хариу нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/578 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт ирэхдээ 5 хоногийн хугацаа хэтэрч ирсэн нь Ашигт малтмалын тухай /2006 он/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчсөн тул хууль бус захиргааны акт болсон, мөн “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах зарчмын үндсэн дээр авах хуулийн зохицуулалттай болсонтой холбоотой манай компанид эдийн засгийн болон бусад хохирол учраад байна” гэх тайлбарыг шүүх хүлээж авах үндэслэлгүй.

Учир нь хариуцагч байгууллагад өмнө нь ирүүлсэн ******* аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэх санал хүчин төгөлдөр хадгалагдаж байсан, нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч саналыг дахин тодруулсан нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд харин ч тухайн компанийн үйл ажиллагааг дэмжсэн үйлдэл гэж үзнэ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д ... бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоохоор нарийвчлан заасан.

Хэрэв энэ тохиолдолд хариуцагч 2 дахь санал хуульд заасан хугацаанаас 5 хоног хэтэрсэн байхад нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон бол хуулийн хугацаанд тухайн саналд хариу өгсөн тус аймгийн Ө******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хуулиар олгогдсон эрх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар дамжин илэрхийлэгдэх орон нутгийн иргэдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, бодитоор тухайн сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах боломж бодитоор хангагдахгүй нөхцөл байдлыг үүсгэх байжээ.

Дашрамд дурдахад ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 177 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан “******* аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот саналыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хариуцагч байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргахад үндэслэл болгосон ******* аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоотоор ирүүлсэн “Дэмжих боломжгүй” гэх санал хуулийн хүчинтэй болох нь тогтоогдож байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг нэхэмжлэгч “Э” ХХК-д өгснөөр нэхэмжлэгчийн хөндөгдсөн гэх эрх ашиг тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авснаар ирээдүйд олох ёстой байсан гэх ашиг, орлогыг тооцож, дүгнэлт хийх боломжгүй, одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн заалтаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэж, хамгаалагдахгүй тул маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орсон өөрчлөлтөөр тухайн компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох төсөл сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Ашигт малтмалын тухай /2006 он/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУМАА