Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01581

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00862 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1282 дугаар магадлалтай,

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

БӨ СӨХ-д холбогдох,  

БӨ СӨХ-ны 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөн өдрийн хурлаас гарсан 01, 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Б.Л, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны БӨ СӨХ нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр сууц өмчлөгчдийн хурал хийж нийт 330 өрхөөс 70 орчим хүн хуралд оролцож, өөрийн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг сонгох сонгууль болсон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй хурлаас удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг хууль бусаар сонгож, М.Борчулууныг томилж хууль бус үйл ажиллагаа явуулсан юм. Энэ талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Дээд зөвлөлөөс БӨ СӨХ нь хууль зөрчсөн байна гэсэн хариу өгсөн. Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны БӨ СӨХ-ны 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бусд тооцож, хурлаас гарсан 2017 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, БӨ СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай БӨ СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-гийн шүүхэд гаргасан тайлбарт: БӨ СӨХ нь 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8, 9, 10 дугаар заалтыг үндэслэн нөхөн сонгуулийг хоёр удаа зохион байгуулан явуулсан. Тус сууц өмчлөгчдийн холбооны захирал асан Т.Дашзэвэг 2016 оны 12 дугаар сард хүнд өвчний улмаас нас барсан. Иймээс БӨ СӨХ болон Удирдах зөвлөл нь удаа дараа нөхөн сонгуулийг зарласан боловч ирц хүрэхгүй хойшилж, улмаар 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион явуулахаар болж, оршин суугчдын ирц 75 хүн ирсэн боловч ирц хүрээгүйд тооцож БӨ СӨХ-ны захирлын түр орлон гүйцэтгэгч Н.Энхтөр түүний удирдлагын баг хойшлуулах шийдвэр гаргасан байна. БӨ СӨХ-ны захирлыг нөхөн сонгох 2 дахь удаагийн хурлыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс зарлаж, нэр дэвшигч болох М.Борчулуун, Ж.Б- нарыг тодруулж хуульд заасан ёсоор оршин суугчдын дунд 14 хоногийн хугацаанд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажлыг эхэлсэн. Тус СӨХ-ны захирлыг нөхөн сонгох хурлыг хуульд зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар их сургуулийн хурлын танхимд явуулахад нийт 300 гишүүнээс биеэр 93 хүн, өмнөх 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралд биеэр ирж саналаа өгсөн 30 хүн, 04 дүгээр сарын 01-ний хуралд биеэр оролцох боломжгүй бичгээр саналаа ирүүлсэн 30 хүн бүгд 153 хүн хуралд оролцож, хуульд заасны дагуу 50+1 хувьд хүрсэн тул хүчинтэйд тооцож хурал эхэлсэн бөгөөд нэр дэвшигч М.Борчулуун 53 хүний санал, нэр дэвшигч Ж.Б- 32 хүний санал авч, М.Борчулуун ялалт байгуулсан. БӨ СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгон шалгаруулалт явуулахад байр бүрээс нэг хүн дэвшүүлэхэд М.Ганбаатар /15 байр/, Л.Энхбат /202 байр/, А.Цэдэн-Иш /203 байр/, С.Золбаяр /203 байр/, Д.Мөнхжаргал /205 байр/ нарыг оршин суугчид санал нэгтэй баталж, удирдах зөвлөлийн гишүүдээс удирдах зөвлөлийн даргыг сонгоход Л.Энхбатыг 100 хувийн саналаар баталсан. Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дүрэмд заасан ёсоор анхны хурлаа 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр СӨХ-ны даргын өрөөнд зохион байгуулж, хурлыг дэгийн дагуу удирдах зөвлөлийн дарга Л.Энхбат удирдан тус сууц өмчлөгчдийн холбооны захиралд нэр дэвшин ялалт байгуулсан М.Борчулуунтай гэрээ байгуулж, 2017 онд хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэн баталж, удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, ажил хийх нөхцөл бололцоог хангаж өгсөн. Энэ хурлын үеэр шинээр томилогдсон гишүүдийг ажлаа мэдэхгүйг овжин ашиглан нягтлан бодогч Н.Чимэдлхам би энэ хурлын протоколыг сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд даруй очиж танилцуулна гэж хэлээд гишүүд гарын үсгээ бүгд зураагүй байхад авч яваад Сууц өмчлөгчдийн Дээд зөвлөлийн удирдлагын гишүүд, дарга н.Галбадрахад буруу ташаа мэдээлэл өгч БӨ СӨХ-ны захирлын нөхөн сонгон шалгаруулалтын хурал ирц хүрээгүй хүчин төгөлдөр бус болсон гэж ойлгуулан албан бичиг шүүхэд хүргүүлэн хууль бус ашиг сонирхлын улмаас Ж.Б-ын талд үйлчилсэн нь тодорхой болсон. Иймд хурал хуульд заасан шаардлага хангасан, ирц хүрсэн удирдах зөвлөлийн хурал хүчин төгөлдөр, бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүнийг томилсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00862 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан, БӨ СӨХ-ны 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоож, дээрх хурлаас гарсан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, БӨ СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай БӨ СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БӨ СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1282 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00862 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах байтал 2 удаа хойшлуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэжээ. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болж шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар мөн өдрийн 101/ШЗ2017/14329 дугаар захирамж гарч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооноос нотлох баримт гаргуулсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар дахин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Төрийн банкнаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...нэг удаа хойшлуулах” гэж заасныг зөрчиж, хоёр удаа нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзээгүй, анхан шатны шүүхийн гаргасан зөрчлийг засах арга хэмжээ аваагүй байна. Энэ нь дээрх хуулийн зохицуулалтын мөн чанарыг алдагдуулж хуулиар тогтоосон хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн шүүхийн гаргасан ноцтой зөрчлийг арилгаагүй тохиолдолд талуудын мэтгэлцэх зарчим алдагдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтыг шүүхээс хэдэн ч удаа хэрэглэж болох буруу жишиг тогтоход хүрч байна. Нэхэмжлэгч талаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 01 сарын 17-ны өдөр “Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны БӨ СӨХ-ны 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож, хурлаас гарсан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай БӨ СӨХ-ны Захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай БӨ СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай БӨ СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай БӨ СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоол гараагүй болох нь хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн БӨ СӨХ-ны удирдах зөвлөлийн 01, 02 дугаар тогтоолуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл бүх гишүүдийн хурлаас 01, 02 дугаар тогтоол гараагүй байхад түүнийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, “БӨ” СӨХ нь нийт 300 гишүүнтэй бөгөөд бүх гишүүдийн хурал 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр болж хуралдаанд 93 гишүүн биеэр оролцож 63 гишүүн бичгээр урьдчилан саналаа өгч нийт гишүүдийн ирц 156 болж хурал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл тус холбооны 63 гишүүн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д заасны дагуу саналаа санал авах хуудсаар өгснийг тухайн үеийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Чимэдлхам бүртгэсэн тухай бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байтал шүүхээс өөрөө гарын үсэг зураагүй гэж дүгнэн, дээрх заалтыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д зааснаас үзвэл “санал авах хуудсаар урьдчилан өгч болно” гэсэн болохоос биш санал өгөх хэлбэр, шаардлагыг нарийвчлан зохицуулаагүй, заавал гарын үсэг зурсан байхыг шаардахгүй гэж үзэж байна. Нөгөө талаас нэхэмжлэгч талаас дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж, үгүйсгэж чадаагүй. Энэхүү хуралд 205-р байрны 72 оршин суугчаас 26 гишүүн, 203-р байрнаас 25 гишүүн, 202-р байрнаас 20 гишүүн 15-р байрнаас 22 гишүүн нийт 93 гишүүн хуралд оролцож ирц бүртгүүлсэн тухай 9 хуудас бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс хэн хэн хүрэлцэн ирсэн нь тодорхойгүй гэсэн эргэлзээтэй дүгнэлт өгсөн. Тодруулбал бүртгэлийн хуудасны “нэр” гэсэн хэсэгт оролцох ёстой гишүүдийн нэрсийг жагсааж бичээд хоёр дахь хүснэгтэд“ирсэн хүний нэр”-ийг тодорхой тэмдэглэсэн байтал шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд “70 орчим хүн хуралд оролцсон” гэснийг хариуцагч талаас биеэр 93 хүн, бичгээр 63 хүн саналаа өгсөн гэж талууд маргадаг. Гэтэл шүүхээс тухайн хуралд нэг ч хүн ирээгүй гэж дүгнэсэн нь тус СӨХ-ны олонхи 156 гишүүний эрх ашгийг хөндөж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслэж гарах ёстой боловч шүүхээс хариуцагч талын шаардлага хангуулан гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэх замаар хэргийг шийдвэрлэж нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагчийг хууль зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас талууд хурлын ирц дээр маргаж байхад шүүхээс тус СӨХ нь нийт хэдэн гишүүнтэй болох хэдэн гишүүн оролцсоноор хурлын ирц хуулийн дагуу хүчинтэй болох асуудалд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа ирц бүрдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талууд тус СӨХ-д хамаарах 202, 203, 205-р байрны оршин суугчдын тоон дээр маргаагүй бөгөөд зөвхөн 15-р байрны оршин суугч иргэдийн тоог хариуцагч талаас 48 гэж, нэхэмжлэгч талаас 78 гэж маргаж байсан тул шүүгчийн захирамжийн дагуу тус СӨХ-ны 15-р байрны оршин суугчдийн тоог гаргуулахаар шийдвэрлэж, захирамжийн дагуу Төрийн банк болон Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаас ирүүлсэн тодорхойлолт түүнд хавсаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан боловч шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Ж.Б- нь Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, 205-р байрны 67 тоотод оршин суудаг болох нь 2017 оны 01-р сарын 07-ны өдрийн шилжин ирсэн тухай тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг хариуцагч “БӨ” СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж үзэж болох тул Ж.Б- нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хуульд заасан эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг нэхэмжлэгч гэж тодорхойлсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан Ж.Б-ын чухам ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шүүхээс тодруулаагүй, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.2-т “сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг” гэж заасан сууц өмчлөгч гэдгийг нотлох үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ тус хэрэгт авагдаагүй, сууц өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс шилжилт хөдөлгөөний тодорхойлолтыг үндэслэн сууж өмчлөгч гэж дүгнэн, нэхэмжлэгч гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Б-, БӨ СӨХ-д холбогдуулж тус сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож, хурлаас гарсан 01, 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...бүх гишүүдийн 51 хувь хуралд оролцсон  тул хурал хүчинтэй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б- нь БӨ СӨХ-ны гишүүн буюу тухайн сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагдах Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 205 дугаар байрны 67 тоот орон сууцны өмчлөгч болохыг зохигч маргаагүй, тэрээр гүйцэтгэх захиралд нэр дэвшин өрсөлдсөн 2 этгээдийн нэг болох нь тогтоогдсон тул өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэл гаргах эрхтэй.

БӨ СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дашзэвэг нас барсан тул тус сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны тайланг хэлэлцэж, гүйцэтгэх захирал шинээр томилох шаардлага бий болж, тухайн асуудлыг шийдвэрлэхээр бүх гишүүдийн хурлыг 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр товлосон боловч ирц хүрээгүй шалтгаанаар хойшлуулжээ. Улмаар хурлыг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагт хийхээр товлож, энэ тухай мөн оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарласан, тухайн хурал хуралдаж удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлыг шинээр сонгосон, үүнийг Удирдах зөвлөлийн 01, 02 тоот тогтоолоор баталгаажуулж томилсон үйл баримт нотлогдсон байна.

Удирдах зөвлөл бүх гишүүдийн олонхийн саналыг М.Борчулуун авсан гэсэн үндэслэлээр 01 тоот тогтоол гаргаж түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон, мөн 02 тогтоолоор шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон шийдвэр гаргасан   хэдий ч хуралд бүх гишүүдийн 50-с дээш хувь оролцсноор хурал хүчин төгөлдөр болох, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох  хуулийн шаардлагыг зөрчсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Түүнчлэн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудалд удирдах зөвлөлийн гишүүдийг  шинээр сонгохоор зарлаагүй атлаа уг асуудлыг шийдвэрлэсэн үндэслэл тодорхой бус байна.

Иймд Ж.Б-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00862 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1282 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ