| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0283/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/288 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/288
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Улсын яллагч Э.Гантулга,
Иргэдийн төлөөлөгч Э.*******,
Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,
Шүүгдэгч Г.Г ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, Ц.Мөнхтуул,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000298 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 05 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, малчин ам бүл 4, овогт Г.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Хөх бүрд” багийн нутаг “Майханы хоолой” гэх газарт 2019 оны 07 сарын 12-13-нд шилжих шөнө иргэн О.Х ыг зодож амь насыг нь хохироосон, иргэн Л.М ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн … Талийгаачийн оршуулгын зардалд 11.000,000 төгрөг зарцуулсан байгаа, үүнийг нэхэмжилж байна, мөн манай 6, 13 настай хүүхдүүдийг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна, би гомдолтой байна. Хэргийн холбогдогчийн зүгээс одоог хүртэл манайд нэг ч төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулаагүй байгаа. Оршуулгын зардалд 11,000,000 төгрөг зарцуулсан баримтууд нь байгаа би баримтыг нь гаргаж өгнө ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 154-157/,
Хохирогч О.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Талийгаач О.Х минь миний төрсөн дүү байгаа юм, тэгээд эхнэр нь энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа бөгөөд төрсөн эгч би мөн энэ хэрэгт хохирогчоор оролцохоор хүсэлт гаргасан байгаа. Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06:00 цагт би Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн, тэгээд аймагт ирээд өөрийнхөө ээжийн гэрт байсан бөгөөд манай ээжийнхтэй хамт байдаг манай дүү ******* нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш 16:00 цагийн үед эхнэр хүүхдийн хамт Бууцагаан сумын Хөх бүрдийн наадамд оролцохоор явлаа гэж хэлээд явсан юм, тэгээд тэр өдрийнхөө өглөө нь 05:00 цагийн үед манай дүү Сувд-Эрдэнийн утас дуугараад талийгаач *******ыг хүнд зодуулчихлаа гэнэ гээд тэгээд би, ******* ах, ******* бид нар Бууцагаан сумын нутагт хэрэг болсон газарт очиход эхнэр хүүхэд нь хадам ээж нь, манай эгч Эрдэнэцэцэг нар нь тухайн газарт очсон байсан, тэгээд цагдаагийн ажилтан нар ирээд шалгасан. Яллагдагчийн зүгээс хохирол төлбөр, оршуулгын зардалд нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Би оршуулгын зардалд 9,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан, мөн талийгаач ******* нь амьд байхдаа хүнээс 15,000,000 төгрөгийн зээл авсан байдаг, тэгээд зээл авсныхаа дараа нас барсан учраас зээл нь төлөгдөхгүй байгаад байгаа юм, ийм учраас энэ зээлийг мөн нэмж нэхэмжилж байна. Манай гэр бүлийнхэн маш их гомдолтой байна, хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 168-169/,
Хохирогч Л.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Өгдөг” гэх газарт нутаглаж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр *******, Г.Г нар манай гэрт ирээд манай гэрт манай нөхөр *******, би, манай хүүхэд, Г.Г , ******* бид нар байж байхад 21:00 цагийн үед талийгаач О.Х нь цэнхэр өнгийн портер маркийн машин дээрээ морьд аччихсан нэг жаахан эрэгтэй хүүхэд дагуулчихсан Хөх бүрдийн багийн наадамд морь уралдуулах гэж явна гэж хэлж байсан. Тэгээд талийгаач О.Х нь “Ауруг” гэх нэртэй нэг шилтэй архи гаргаж ирээд манай нөхөрт өгсөн чинь тэр архийг нь манай нөхөр *******, Г.Г , ******* нар 23:00 цаг хүртэл хувааж уусан ба надад тэр архинаасаа өгөхөөр нь би нэг л аяга архи уусан. Манай гэрт архи ууж байхад бол ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Архиа ууж дуусаад талийгаач О.Х нь гашуун ногоогүй газарт очиж хээр хононо гээд цуг ирсэн хүүхэдтэйгээ хамт машинаараа явсан. Явахдаа та нар араас ирээд ачиж яваа адууг буулгалцаадах гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг явсных нь дараа нь пикап маркийн машинтай бид нар хөдөлж явсан ба машинд манай нөхөр *******, манай хүүхэд би, ******* нар суугаад Г.Г машиныг жолоодоод явсан ба замдаа Г.Г өөрийнхөө гэртээ очоод гэртээ орчихоод гарч ирсэн, тэгээд бид нар талийгаач О.Х ын буудаллаж байгаа газарт нь очиход О.Х нь машиныхаа ар талын тэвшийг буулгаад зогсож байхаар нь бид нар очоод морьдыг нь буулгалцсан, тэгээд манай нөхөр ******* машин дотор унтаж байсан бөгөөд ******* тэр жаахан хүүхэдтэй нь 2 морийг нь тойруулж байсан. Г.Г , талийгаач О.Х нар *******ын авчирсан Алтан түрүү нэртэй архийг хувааж ууж байгаад О.Х нь намайг дуудахаар нь би очсон чинь надад нэг аяга архи хийж өгөхөөр нь би архийг нь аваад байж байсан чинь Г.Г араас татаад та нар намайг бөөрөлхөөд байна та нарын ах дүү байх чинь тэндээ л юм байгаа биз дээ гэж талийгаач О.Х т хандаж хэлэхэд О.Х чи ер нь юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд Г.Г сууж байсан байрлалаасаа талийгаач О.Х ыг заамдаж авсан, О.Х бас Г.Г ыг заамдаж аваад тэр хоёр босож ирснээ бие биеэ цохих гэхээр нь би тэр хоёрыг салгах гээд тэр хоёрын дундуур нь орсон чинь Г.Г миний уруул руу өшиглөсөн чинь би арагшаа савж унасан. Би орилсон чинь ******* нь цуг явж байсан хүүхэдтэйгээ ирээд тэр хоёрыг больцгоо гэж хэлж байсан. Би машин дотор унтаж байсан нөхөр *******ийг сэрээгээд Г.Г , талийгаач О.Х хоёр дээр очиход талийгаач О.Х нь Г.Г ын дээр нь гарчихсан байсан ба Г.Г нь чи намайг мөнгөндөө тохируулаад зодчих гэж хэлэхэд талийгаач О.Х нь цохихоо болиод Г.Г нь босож ирээд талийгаач О.Х ын толгой руу нь цохисон чинь тэр хоёр ахиад барилцаад авсан, тэр үед нь манай нөхөр ******* Г.Г ыг 2 удаа цохиж аваад Г.Г ыг дагуулаад тэр газраас жаахан холдсон юм. Тэгээд эргэж талийгаач дээр ирсэн чинь талийгаач О.Х нь газарт хэвтэж байсан тэгээд талийгаачийг харчихаад эвгүй болчихсон байгаа юм биш үү, дуудлага өгье гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 159-162/,
Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Талийгаач О.Х нь манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Тэгээд манай ах ******* Хүрээмарал сумын 1 дүгээр багийн наадамд хурдан морь уралдуулах гээд уралдах морийг нь би унаж уралдуулах гээд ******* ахын цэнхэр өнгийн портер маркийн автомашинаар ******* ахын эхнэр нь 2 хүүхдийн хамт, бас би ингээд бид нар бүгдээрээ 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 18:00 цагийн үед гарч явсан ба Бууцагаан сумын Нарангийн багт айлд ******* ахын эхнэр 2 хүүхэд нь үлдсэн, тэгээд ******* ах бид хоёр цаашаа яваад Бууцагаан сумын нутагт байх Хатантөмөр гэдэг айлд очсон, тэднийд хоол идчихээд Хүрээмарал сумын нутаг Майханы овоо гэх газарт шөнө очоод ******* ах портер маркийн машин дээрээ 4 морь ачиж явсан ба тэгээд очсон шөнөдөө ******* ах бид хоёр ачиж очсон 4 мориноосоо 2 морийг нь нэг нэгээр нь унаж хөлсөлсөн. Тэгээд хөлс авч ирчихээд 4 морио аргамжчихаад байж байтал *******, Хатантөмөр, Анхбаяр, Хатантөмөрийн эхнэр*******, Хатантөмөрийн хүүхэд Оростогоо нар ногоон өнгийн пикап машинаар бид нар дээр ирээд ******* гэдэг хүн нь өврөөсөө нэг шилтэй Алтан түрүү гэдэг архи гаргаж ирээд ******* ах намайг унт гэхээр нь би машиныхаа кабинд ороод унтах гэж байсан чинь *******,******* хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэр хоёрыг хэрэлдээд нэг нэгнийгээ цохиж аваад байхаар нь ******* ах тэр хоёрын дундуур нь ороод салгах гэсэн чинь ******* нь ******* ахыг толгойгоороо ******* ахын дух руу нь нэг удаа мөргөөд гараараа цээж рүү нь түлхсэн чинь ******* ах өөрийнхөө портер маркийн машины урд дугуйных нь хажууд нь байдаг багажийн төмөр хайрцгийг толгойгоороо толгойныхоо ар талын дагзаараа мөргөөд ойчсон. Тэгээд ******* ах босож ирээд ******* гэдэг хүнийг гараараа хэд хэдэн удаа цохиж авсан чинь ******* гэдэг хүн нь больё больё гэхээр нь ******* ах машиныхаа хажууд ирээд газарт толгойныхоо ар талыг нь бариад сууж байсан чинь ******* гэдэг хүн ирээд хөлөөрөө ******* ахыг өшиглөх гэсэн чинь******* гэдэг хүн нь *******ын хөлийг нь бариад авсан байж байсан чинь Анхбаяр гэдэг хүн нь******* гэдэг эмэгтэй хүнийг татаж ирээд 2 эр хүний хооронд битгий ороод бай гээд******* эгчийн уруул руу нь гараараа цохиод авсан. Тэр үед ******* ахыг ******* гэдэг хүн хөлөөрөө хоолой руу нь 1 удаа өшиглөсөн, тэр үед ******* ах хойшоо өнхрөөд ойчсон эргэж босож ирэхгүй байсан. Тэр үед машин дотор унтаж байсан Хатантөмөр ах босож ирээд хүн цохиж унагаалаа гээд *******той зодоо хийгээд *******ыг доороо оруулаад дээрээс нь дарчихсан гэдэс рүү нь цохисон. ******* гэдэг хүн босож ирчихээд Хатантөмөр ахын хацар луу нь цохисон чинь хацар нь цус болчихсон байсан. Тэгж байх хойгуур нь би Хатантөмөр ах дээр очоод байж байсан чинь******* эгч босож ирээд хүн алчихлаа гээд орилсон, тэгээд түргэн дуудъя гэхэд Хатантөмөр, ******* хоёр хэрэлдэхээ болиод ******* ах дээр ирсэн, тэр үед ******* ах машины хажууд хэвтэж байсан, намайг харахад бол ухаангүй л байх шиг байсан, тэгээд******* гэдэг хүн бид хоёр дуудлага дуудъя гээд ******* ахын машиныг нь асаагаад явах гэсэн чинь ******* гэдэг хүн нь машинд орж ирээд машины түлхүүрийг сугалаад аваад явчихсан, тэгэхээр нь би ядаж түргэн дуудахгүй юмаа гэхэд би эгчтэйгээ утсаар ярьмаар байна гэсэн чинь ******* нь утсаар ярьж яах гээд байгаа юм бэ гээд миний гар утсыг булааж авсан, тэгээд ******* нь дуудлага дуудаад яах юм бэ би мэдэж байна, ах чинь унтаж байгаа жаахан байж байгаад босоод ирнэ гэж хэлсэн, ах нь анагаахын дээдэд 4 жил сурсан хүн ах нь мэдэж байна гэсэн ... Анхбаяр гэдэг хүнийг ******* ахын хажууд нь үлдээгээд******* гэдэг хүнийг хүүхэдтэй нь хамт авч яваад гэрт нь очоод*******, түүний хүүхэд болон намайг гэрт нь буулгасан, тэгээд Хатантөмөр би ******* ах дээр чинь очлоо гэж хэлээд намайг утсаар яриад байж бай гэж хэлсэн, тэгээд би тэднийхээс аймгийн төвд байдаг Сувд-Эрдэнэ эгч рүү залгаж ******* ах ухаан орохгүй байна гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй ******* ахын эхнэр нь хүүхдүүдийнхээ хамт машинаар*******ийн гэрт нь ирээд намайг машиндаа суулгаад ******* ахын байгаа газарт нь очсон чинь тэнд Анхбаяр, Хатантөмөр нар портер машинд сууж байсан, харин ******* ах нөгөө хэвтэж байсан газартаа хөнжил нөмөргөсөн байхаар нь би яарч очоод хөнжлийг нь сөхөж үзсэн чинь ******* ахын нүүр царай нь хөв хөх царайтай болчихсон байсан. ... ******* нь ******* ахыг газарт завилаад сууж байсан чинь ирээд хоолой руу нь өшиглөсөн, тэгсэн чинь ******* ах хойшоо газарт унаад босож ирээгүй ээ. Тэгж унахдаа бол ямар нэгэн зүйл мөргөж унаагүй, зүгээр газарт арагшаа савж унасан, тэгээд ерөөсөө босож ирээгүй ээ.. Талийгаач эхлээд машин мөргөөд унах үед биеэс нь цус гараагүй зүгээр байсан, тэгээд үүний дараа нь газарт сууж байхад нь ******* гэдэг хүн ******* ахын хоолой руу нь өшиглөөд тэгээд ******* ах хойшоо газарт унаад тэгээд эргэж босож ирээгүй, тэгж унахад нь л түүний хамраас нь цус гараад эхэлсэн ...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 172-179/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Өвдөг гэдэг газарт байдаг ба 2019 оны 07 дугаар сарын 12- ний өдөр орой 20:00 цагийн үед намайг гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт, мөн манайд *******, Анхбаяр нар ирчихсэн байж байсан чинь манайд ******* нь өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн портер маркийн автомашинаар нэг жаахан эрэгтэй хүүхдийн хамт манай гэрт ирсэн, тэгээд манайд ирж юм ярьж сууж байгаад 2 шилтэй архи гаргаж ирээд би тэр архиных нь нэрийг нь мэдэхгүй байна, тэгээд тэр архийг нь *******, *******, Анхбаяр бид нар манай гэрт тэр 2 шилтэй архийг нь хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад ******* эрэгтэй хүүхдийнхээ хамт хонох газар руугаа явлаа гээд явсан. Явсных нь дараа нь бид нар хээр гарч жаахан сууя гэж яриад миний эзэмшлийн пикап маркийн машинаар *******, Анхбаяр, манай эхнэр*******дарь, манай 4 настай хүү Оростогоо бид нар яваад замдаа *******ын гэрт нь очоод ******* гэрээсээ Алтан түрүү нэртэй архи аваад тэгээд бид нар шууд яваад Хүрээмарал сумын Майхны хоолой гэх газарт очсон чинь тэнд ******* нөгөө эрэгтэй хүүхдийнхээ хамт байж байсан, тэгээд бид нар очоод ******* нөгөө архиа гаргаж ирээд хувааж уусан гэсэн, би тэр үед нь согтоод өөрийнхөө машинд унтаж байсан. Тэр намайг унтаж байх үед *******, ******* хоёр зодоо хийсэн юм шиг байгаа юм, тэгээд намайг унтаж байхад *******тай хамт явсан жаахан эрэгтэй хүүхэд нь намайг дуудаж сэрээгээд Хатнаа ах сонин болчихлоо ******* өшиглөөд хаячихсан чинь татганаад сонин болчихлоо гэхээр нь би сэрээд харсан чинь ******* машины хажууд дээшээ харчихсан хэвтэж байсан ба би очоод гарыг нь хөдөлгөж үзсэн чинь зүгээр байх шиг байсан, бас миний хажууд ******* бас ирчихсэн судсыг нь барьж үзээд, гарыг нь хөдөлгөж үзээд гайгүй юм шиг байна гэж хэлж байсан, тэгээд манай эхнэр хүүхэд, *******тай хамт явсан эрэгтэй хүүхэд бид нар доошоо айл руу яваад тэр Тунгаа гэдэг айлд очоод утсаар ярих гэсэн чинь гар утас нь сүлжээгүй байсан, тэгээд бид нар шууд манайх руу яваад манайд ирээд эрэгтэй хүүхэд нь утсаар ярьсан. Тэгээд би эргэж яваад нөгөө архи уусан газартаа очсон чинь *******, Анхбаяр хоёр миний машиныг жолоодоод яваад өгсөн, тэр газарт талийгаач ******* ганцаараа хэвтэж байсан, тэгээд би ******* дээр очоод харсан чинь нас барчихсан байсан ... Надад тэр *******тай хамт байсан эрэгтэй хүүхэд нь хэлэхдээ ******* *******ыг зодсон, тэр хоёр эхлээд зодоо хийж байгаад болиод байж байгаад *******ыг газарт сууж байхад нь ******* нь очоод өшиглөөд унагаачихсан гэж хэлсэн. Би тэгж зодохыг нь бол би өөрөө хараагүй ээ, тэр үед би өөрийнхөө машинд унтаж байсан юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 187-189/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 16:00 цагийн үед Хатантөмөрийн гэрт нь ирсэн чинь тэднийд Хатантөмөр, эхнэр, хүүхдүүд нь байж байсан, тэгээд тэднийд байж байсан чинь удалгүй ******* бас ирсэн. Бид нарыг Хатантөмөрийнд байж байхад орой 20:00 цагийн үед ******* цэнхэр өнгийн портер машинаар 4 морь аччихсан, бас нэг эрэгтэй хүүхдийн хамт ирээд бид нар тэнд 2 шил архи хувааж уучихаад ******* нь хонох газраа очоод морьдоо аргалаад байж байя та нар араас хүрээд ирээрэй гэж хэлсэн. Бид нар Хатантөмөрийн пикап маркийн машинаар Хатантөмөр, *******, Хатантөмөрийн эхнэр хүүхэд, бид нар яваад *******ын гэрт нь очиж ******* гэрээсээ Алтан түрүү нэртэй нэг шил архи аваад *******ын хонох гэж байгаа газарт очоод ******* авсан архиа гаргаж ирээд бид нар бүгдээрээ хувааж уусан. Би согтоод машиных нь хажууд унтаж байсан чинь Хатантөмөрийн эхнэр*******дарь намайг сэрээгээд ******* Хатнааг өшиглөчихсөн чинь Хатнаа сонин болчихлоо босоорой гэхээр нь босоод ирсэн чинь *******тай хамт ирсэн эрэгтэй хүүхэд нь Хатнаа ахаа гээд *******ын хажууд уйлаад сууж байсан. Би *******ыг чи яасан юм бэ гэсэн чинь ******* би өшиглөчихсөн чинь сонин болчихлоо гээд *******ын гарын судсыг нь барьчихсан сууж байсан. Тэгээд утсаар яриад түргэн дуудъя гэсэн чинь ******* 2 машиных нь түлхүүрийг авчихсан байсан. Би доод талынх нь айл руу алхаад очиж мотоциклийг нь унаад эргээд тэд нар дээр ирсэн чинь Хатантөмөр, эхнэр хүүхэд, бас *******тай хамт ирсэн хүүхэд тэд нар *******ын портер маркийн машинаар сүлжээ рүү явсан тэр газарт нь ******* газарт хэвтэж байсан, хажууд нь ******* байж байсан. ******* *******ын гарыг нь барьж үзчихээд түрүүнийхээс арай өөр болчихсон байна гээд би гэртээ очоод мотоциклио унаад ирье гээд Хатантөмөрийн пикап маркийн машиныг жолоодоод явсан. Би мотоциклоороо *******ын араас нь явсан чинь ******* машинтайгаа дөрөлжөөр даваад давхиад явчихаар нь би Тунгаа гэдэг айлд очоод Тунгааг сундлаад ******* алга болчих вий дээ Хатантөмөрийн машиныг унаад явчихлаа гээд араас нь явж байсан чинь Хатантөмөр нартай тааралдсан. Тэгээд би машинд нь суугаад цуг явсан...*******дарь надад хэлэхдээ ******* *******ыг өшиглөчихсөн л гэж хэлсэн, тэгсэн чинь сонин болчихлоо гэж надад хэлсэн, бас ******* надад өөрөө хэлэхдээ би *******ыг өшиглөчихсөн чинь өнхрөөд ойчсон чинь сонин болчихлоо гэж надад хэлсэн. Би бол яг цохиж зодохыг нь хараагүй ээ ... Золбоо гэх хүүхэд нь талийгаач *******ын хажууд нь суучихсан Хатнаа ахаа гээд уйлаад суугаад байсан, бас хажууд нь ******* талийгаач *******ыг өөрийгөө түшүүлээд суулгачихсан байсан, тэгээд яасан бэ гэж асуусан чинь Золбоо нь Хатнаа ахаа гээд дуудаад уйлаад байсан, харин ******* мань чинь өшиглөчихсөн чинь сонин болчихлоо гэхдээ гайгүй юм шиг байна гэж хэлээд 2 гарынх нь судсыг барьчихсан сууж байхаар нь тэгээд яасан бэ, одоо зүгээр юм уу, түргэн дуудах уу гэсэн чинь ******* зүгээр зүгээр түргэн дуудаж яах вэ мань чинь бас эмч хүн ш дээ ингээд жаахан байгаадахъя гэж хэлсэн юм, яг хэзээ, яаж аль хэсэг рүү нь өшиглөсөн талаар хэлээгүй ээ ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 190-197/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд 4 дүгээр багийн нутагт “Навтан” гэдэг газар байдаг бөгөөд энэ газарт байх манай гэр нь Хүрээмарал сумын нутаг “Майхны хоолой” гэх газраас 3-4 км зайтай газарт байдаг юм. 2019 оны 07 дугаар сарын 12-ны шөнө намайг гэртээ унтаж байсан чинь шөнө Анхбаяр гэдэг хүн манай гэрт ганцаараа орж ирээд мотоциклынхоо түлхүүрийг өгчихөөч гэхээр нь би сая мотоциклоороо хонио эргүүлсэн түлхүүр нь мотоциклийн толгойдоо байгаа байхаа гэж хэлсэн чинь за гээд гараад явсан, тэгээд тэр Анхбаяр миний мотоциклийг унаад давхиад яваад өгсөн тэгээд өглөө нь үүр цайж байсан чинь Улаанаа гэж дууддаг Хатантөмөр нь эхнэрийн хамт бас нэг эрэгтэй хүүхдийн хамт цэнхэр өнгийн портер маркийн машинаар манай гэрт ирэнгүүтээ танай эндээс сүлжээ барьдаг уу гэхээр нь би манай гэрээс сүлжээ барьдаггүй, ийшхэнээ өвөлжөөний хойд талын оройгоос сүлжээ барьдаг юм гэсэн, тэгээд би Анхбаяр хаачив гэсэн чинь хойно байгаа гэж хэлсэн, тэгээд тэд нар яваад өгсөн, тэгээд түүнээс хойш нэлээд байж байгаад Анхбаяр нь миний мотоциклийг унаж хүрч ирээд Анхбаяр нь ******* баяртай гэж хэлчихээд Хатантөмөрийн машиныг унаад давхиад явчихлаа хоёулаа араас нь очоодохъё гэсэн тэгэхээр нь би өөрийнхөө мотоциклоо жолоодоод миний ар талаар Анхбаяр сундалж суугаад *******ын гэрийн гадаа очсон чинь *******ын гэрийн гадаа Хатантөмөрийн машин байж байсан, ******* өөрөө мотоциклоо унаад явчихсан байсан, тэр үед Анхбаяр бид хоёр гэрт нь ороогүй ээ, гэрээс нь ч хүн гарч ирээгүй. Тэгээд Анхбаяр бид хоёр буцаад манай гэр лүү явж байсан чинь замд цэнхэр өнгийн портертой Хатантөмөр, эхнэр нь бас хамт явсан нэг эрэгтэй хүүхэд нар нь хамт явж байсан, тэгээд Анхбаяр нь тэд нарын машинд нь суугаад тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн, тэгээд гэртээ очоод хониндоо явсан, тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй ээ... Хатантөмөр надад *******, ******* хоёр хоорондоо зодоо хийгээд ******* нь нэг л сонин болчихлоо гэж хэлсэн, надад өөр юу ч хэлээгүй, би ч нэмж янз бүрийн юм асуугаагүй ээ ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 202-203/,
Гэрч О.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Талийгаач О.Х нь миний төрсөн дүү байгаа юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 06:30 цагийн үед манай эгчийн хүүхэд болох ******* нь над руу утсаар залгаж яриад Хатнаа ах өнгөрчихлөө гэхээр нь би яасан гэнээ үнэн юм уу гэсэн чинь Хатнаа ах өнгөрчихлөө хурдан ирээрэй гээд уйлаад байхаар нь яг яасан юм бэ юу болсон юм бэ гэсэн чинь хүмүүс ирээд боогоод унагачихсан гэсэн, тэгэхээр нь яг үнэн юм уу гэсэн чинь үнэн гээд уйлаад байсан, хажууд чинь том хүн байна уу, тэр хүмүүс нь байгаа юу гэсэн чинь тэр хүмүүс нь зугтаачихсан гэж хэлсэн, хажууд чинь том хүн байна уу том хүн байна уу яръя гэсэн чинь Хатантөмөр гэдэг хүн утсыг нь авч яриад Сувдаа эгчээ нэг эвгүй юм болчихлоо гэсэн, тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн, тэгээд талийгаачийн эхнэрийнх нь утсыг нь асуугаад эхнэрт нь хэлээд түрүүлээд очиж бай гэсэн. Би тэгээд талийгаачийн эхнэрт нь хэлчихээд аймгаас гараад тэр нас барсан газарт нь очиход талийгаачийн эхнэр нь тэнд очсон байсан, талийгаач ******* болохоор газарт дээшээ хараад хэвтчихсэн, баруун хөлөө нугалчихсан, зүүн хөлөө жийчихсэн байсан, өөрийнх нь авч явдаг улаан өнгийн хөнжилөөр цээжин хэсгийг нь хуччихсан байсан. Намайг хэргийн газарт очиход Анхбаяр, Хатантөмөр,*******дарь нарын хэн нь ч байгаагүй ээ. Золбоотой уулзахад ******* нь эхлээд*******дарь гэх эмэгтэйтэйгээ маргалдсан, тэгээд Хатнаа ах намайг унт гэсэн, тэгээд би унтаагүй байсан чинь ******* гэх хүн нь*******дарь гэх эмэгтэйтэй маргалдаад байсан, тэгээд Хатнаа ахыг ******* нь цохисон чинь машиныхаа аккумляторын савыг мөргөөд ойчсон гэсэн, тэгээд ёо гээд толгойгоо бариад сууж байсан чинь ******* нь ирээд дахин өшиглөчихсөн чинь арагшаа унасан, тэгээд босож ирээгүй гэж хэлсэн. Тэгээд Хатнаа ахыг босохгүй байна гээд би уйлаад байсан чинь ах чинь жаахан унтаж байгаад босож ирнэ гээд ******* нь гарынх нь судсыг бариад суугаад байсан гэж хэлсэн, тэгээд би чи хурдан түргэн хэл дуулгаадахгүй яасан юм бэ гэсэн чинь машиных нь түлхүүрийг авчихаад өгөхгүй байсан гэж надад хэлсэн, мөн Золбоо нь Хатнаа ах босож ирэхгүй байна гээд уйлаад байсан чинь ******* нь ах чинь унтаж байна, одоо босоод ирнэ гээд байсан гэж хэлсэн, бас ******* нь би анагаахад 4 жил сурсан хүн нас барсан бараагүйг мэднэ, ах чинь үхээгүй байна одоо босоод ирнэ гэж хэлсэн гэсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 204-205, 2-р хх-ийн 90-92/,
Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би мөрдөгчөөс ирүүлсэн шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр талийгаач О.Х ын цогцост үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийж 61 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтээр талийгаач О.Х нь хүзүү орчмын рефлексийн бүсэд хүч үйлчилсний улмаас зүрх гэнэт зогсож нас барсан гэж дүгнэсэн. Рефлексийн бүс гэдэг нь хүний толгойн хэсгээс доошоо хүзүү, цээж хэвлийн хэсгүүдэд рефлексийн бүс гэж байдаг. Энэ хэсэгт их хэмжээний мэдрэлийн хүлээн авагчийн бөөгнөрөл болон судасны багцын хэсэг байдаг. Талийгаач О.Х ын цогцост задлан шинжилгээ хийхэд талийгаачийн хүзүү хоолойн зөөлөн эд, төвөнхийн мөгөөрсний хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдсон, энэ хэсэгт рефлексийн бүсийн хүзүүний хэсэг оршдог учраас хүзүү орчмын рефлексийн бүсэд хүч үйлчилсний улмаас нас барсан гэж дүгнэсэн. Талийгаачийн үхлийн шалтгаан нь энэ юм гэж дүгнэсэн. Рефлексийн бүсэд хүч үйлчилнэ гэдэг нь гаднаас цохих, шахах болон гаднаас л ямар нэгэн хүч үйлчлэхийг хэлнэ. Рефлексийн бүсэд хүч үйлчилсэн тохиолдолд мэдрэлийн хүчтэй цочролд бий болж цусны даралт унан, зүрхний хэм алдагдаж зүрх рефлексээр гэнэт зогсож хүн нас бардаг. Талийгаач О.Х ын хувьд энэ байдлаар нас барсан байна гэж дүгнэсэн. Энэ тохиолдол нь хүний түргэн үхлийн нэг төрөл юм. Талийгаачийн хүзүүний зүүн хажуу хэсгийн зөөлөн эд /төвөнх орчмын/ цус хуралт гэмтлийг талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл гэж үзэж байгаа учраас гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй, харин доод эрүү, өвдөгний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, талийгаачийг амьд ахуйд буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 10-11, 14-15,18-19/,
Шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэгээд тэнд очоод би авсан нөгөө алтан түрүү архиа талийгаач *******т өгөөд Хатантөмөр, Анхбаяр,*******дарь талийгаач ******* бид нар хувааж уусан. Архиа ууж байхад*******дарь намайг үгээр идээд бид хоёр жаахан маргалдсан. Тэгээд байж байсан чинь талийгаач ******* нь дундуур орж ирэхэд талийгаач угаасаа тийм шүү дээ гээд*******дарьтай хамт над руу хэл амаараа хэлээд байхаар нь талийгаач ******* бид хоёр барилцаж аваад ******* намайг газарт унагаагаад дээрээс дарж байгаад нүүрлүү өшиглөж зодсон. Би нүүрээ хамгаалаад байсан. Тэгээд намайг түрээд байхаар нь намайг битгий зодооч амь авраарай гээд гуйсан чинь Хатантөмөр хүрч ирээд талийгаач *******ыг салгаад Хатантөмөр намайг нүүрлүү гараараа цохиж, хөлрүү өшиглөж зодсон. Тэгээд Анхбаяр ирэхэд одоо зодоо хийхээ боль гээд болиулсан. Тэгээд нэг амсхийгээд харсан чинь талийгаач ******* завилаад суучихсан амьсгаа нь бачуураад байгаа бололтой байсан, тэгээд байж байтал талийгаач *******тай хамт байсан хүүхэд нь ах сонин болчихлоо гээд уйлаад орилоод та нар миний ахыг яачив гээд уйлаад байсан. Тэгээд би очоод үзсэн чинь ******* хойшоо уначихсан газарт хэвтэж байсан.Тэгээд би очоод судсыг нь бариад үзсэн чинь судас нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд тэр хамт байсан хүүхэд нь чи миний ахтай зодоо хийсэн. Та миний ахыг алчихлаа шүү дээ гээд уйлаад байсан. Тэгээд бүгдээрээ түргэн буудая гээд явах гэсэн чинь машиныхаа түлхүүрийг өгөхгүй байсан. Тэгээд портер машинаар Хатантөмөр,*******дарь, талийгаач *******тай хамт явсан хүүхэд тэд нар түргэн дуудахаар явсан. Тэгээд тэр газарт Анхбаяр бид хоёр үлдсэн байж байсан чинь талийгаач ******* нь ухаан орохгүй зүрх судас нь тэмтрэгдэхгүй байсан. Тэгээд би айж балмагдаад пикап маркийн машиныг нь асаагаад өөрийнхөө гэрлүүгээ яваад гэртээ очоод машиныг нь гэрийнхээ гадаа үлдээчихээд гэрээсээ өөрийнхөө мотоциклийг асаагаад гэрийнхээ урд талын ууланд очоод уулын орой дээр сууж байсан чинь манай сумын хэсгийн төлөөлөгч ирээд намайг дуудахаар нь би очсон юм ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 246-250/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 61 тоот шинжээчийн ... “Талийгаач О.Х ын цогцост хүзүүний зүүн хажуу хэсгийн зөөлөн эд /төвөнх орчмын/ цус хуралт, доод эрүү, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн хүзүү ормын рефлексийн бүсэд хүч үйлчилсний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй ... гэсэн дүгнэлт / 2-р хх-ийн 5-7/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 22 тоот шинжээчийн ... Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 61 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач О.Х ын цогцост рефлексийн бүсийн гэмтэл, хүзүүний зүүн хажуу хэсэг буюу бамбай булчирхай, төвөнхийн мөгөөрсний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт, зүүн өвдөг, эрүү, баруун өвдөгний зулгаралт гэмтэл учирчээ. Талийгаач О.Х т учирсан рефлексийн бүсийн гэмтэл, хүзүүний зүүн хажуу хэсэг буюу бамбай булчирхай, төвөнхийн мөгөөрсний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.16-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад зүүн өвдөг, эрүү, баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач О.Х нь рефлексийн бүсийн гэмтэл, хүзүүний зүүн хажуу хэсэг буюу бамбай булчирхай, төвөнхийн мөгөөрсний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ ... талийгаачид тухайн цаг хугацаанд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэнч амь насыг аврах боломжгүй байжээ ... гэсэн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 45-57/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 482 тоот шинжээчийн ... Л.М ийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, 2 дугаар шүдний сулрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 91-92/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 522 тоот шинжээчийн нэмэлт ... Л.М ийн биед өмнө гаргасан 2019.08.07-ны №482 тоот дүгнэлтэнд зүүн дээд 1-р шүдний цөгцний хугарал, 2-р шүдний сулрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлэгийн бичиг баримтаас хархад зүүн дээд 1, 2-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 94/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 469 тоот шинжээчийн ... Г.Г ын биед баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хүзүүнд цус хуралт, зовхи, дух, доод уруулд зулгаралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 98/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 04 тоот нарийн мэргэжлийн эм нарын ... Яллагдагч Г.Г нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй. Одоо сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй байна. Г.Г нь хэрэг хариуцах чадвартай. Тухайн хэрэг болох үед амь хохирогч О.Х ын зүй бус үйлдлээс болж Г.Г нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй. Энэ нь тухайн үеийн орон зай цаг хугацаатай болсон үйл явдлыг дэс дараатай санан тодорхой ярьж байгаагаар тодорхойлогдоно ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 111-112/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 22-32/,
Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 32-43/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 47-48, 60-61, 65-66, 91-92/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 49-56, 62-64/,
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 73-76/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 79-80/,
Цогцсыг оршуулсан газраас нь гарган үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 83-89/,
Шүүгдэгч Г.Г ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон түүний хувийн байлтай холбоотой бусад баримтууд /3-р хх-ийн 18-20, 22, 24, 26-27, 29-30, 32, 36-37, 40-43/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн шүүгдэгч Г.Г ын хувийн байлтай холбоотой 5 хуудас баримт, хохирол нөхөн төлсөн тухай санхүүгийн 1 хуудас баримт,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн оршуулгын зардлын тооцоо, холбогдох санхүүгийн баримтууд, хохирогч О.Э , ******* нарын хохирол бүрэн барагдсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтүүд зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2019 оны 07 сарын 12-13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Хөх бүрд” багийн нутаг “Майханы хоолой” гэх газарт хээр иргэн О.Х ын хүзүүний зүүн хажуу хэсэгт хөлөөрөө өшиглөсний улмаас түүний биед рефлексийн бүсийн гэмтэл, хүзүүний зүүн хажуу хэсэг буюу бамбай булчирхай, төвөнхийн мөгөөрсний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл учруулж алсан, иргэн Л.М ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний биед зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, 2 дугаар шүдний сулрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, цогцосны биед үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, цогцсыг оршуулсан газраас нь гарган үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, хэргийн газраас хураан авсан эд мөрийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, талийгаач О.Х ын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирч нас барсан тухай анхан болон нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч Л.М ийн биед хөнгөн хохирол учирсан талаархи анхан болон нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч Л.М ь, гэрч *******, *******, *******, , О.Сувд-Эрдэнэ, шинжээч эмч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Г нь О.Х ын хүзүүний зүүн хажуу хэсэгт хөлөөрөө өшиглөж алсан, Л.М ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Г ыг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэргийн улмаас иргэн О.Х ын амь нас хохирсон нь хүнд хор уршиг учирсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй гарах зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй.
Хохирогч талаас шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 19.837.202 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч талаас талийгаач О.Х ын оршуулгын зардал, ар гэрийнхний сэтгэл санаа болон бусад хохирлыг бүрэн барагдуулсан цаашид шүүгдэгч Г.Г оос нэхэмжлэх зүйлгүй байхгүй, гомдол санал байхгүй тухайгаа хохирогч О.Э , ******* нар нь шүүхэд бичгээр илэрхийлсэн, мөн хохирогч Л.М ь нь шүүгдэгч Г.Г оос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Г ыг бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэн бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Г.Г од эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Г.Г ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүний үйлдсэн хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Г.Г ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт торгох ял оногдуулж оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Г ын эзэмшлийн 99-39 БНА улсын дугаартай автомашиныг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД, шүдний рентген зураг 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалж, хар хөх өнгийн дотоож, 1 хос оймс, Fuzetea гэсэн бичигтэй хуванцар сав 1 ширхэг, Алтан түрүү гэсэн бичигтэй архины шил, ногоон өнгийн фудболк, саарал өнгийн өмд, 1 хос гутал, шар өнгийн бүс, саарал өнгийн монгол дээл, мааралд шингээж авсан цусны дээж 4 ширхэг, хэргийн газраас хураан авсан шорооны дээж, цагаан өнгийн салфетка 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц, хар өнгөтэй түрүүтэй хос гутал зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Г.Г ын 2019 оны 07 сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл 227 хоног, 2020 оны 03 сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл 181 хоног нийт 408 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 2020 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Г.Г ыг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5 /таван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 5 /таван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар сольж тооцон 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г од оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г ын 2019 оны 07 сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл 227 хоног, 2020 оны 03 сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл 181 хоног нийт 408 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Г.Г ын эдлэх ялыг 2020 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Г ын эзэмшлийн 99-39 БНА улсын дугаартай автомашиныг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД, шүдний рентген зураг 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалж, хар хөх өнгийн дотоож, 1 хос оймс, Fuzetea гэсэн бичигтэй хуванцар сав 1 ширхэг, Алтан түрүү гэсэн бичигтэй архины шил, ногоон өнгийн фудболк, саарал өнгийн өмд, 1 хос гутал, шар өнгийн бүс, саарал өнгийн монгол дээл, мааралд шингээж авсан цусны дээж 4 ширхэг, хэргийн газраас хураан авсан шорооны дээж, цагаан өнгийн салфетка 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц, хар өнгөтэй түрүүтэй хос гутал зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.
9. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.