Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/301

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Н.Л ,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008011040307 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 04 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, арьс шир, үслэг эдлэл боловсруулах мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Н.Л ,   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Л  нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 02 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Баруун бүсийн худалдааны төв”-ийн хашаан дотор байхдаа үл таних хүнээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны) 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтан болох 3 ширхэг *******н хойлог (Tetraogallus altaicus) шувууны махыг худалдан авч 780.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... манай аймагт байгаа хойлог нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут, Байдраг, Шаргалжуут гэх хангайн сумдаар сэрүүн нөхцөлд амьдардаг амьтан байгаа юм аа. Хойлог нь дунд зэрэг биетэй бор алаг өнгийн шувуу байдаг юм аа. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 хойлог нь 130.000 төгрөг байдаг юм аа. Хойлог гэх шувуу Баянхонгор аймагт нутагладаг учраас  Баянхонгор аймагт хохирол учирсан. Харин хохирол болон нэхэмжлэх зүйл гэвэл хойлог гэх шувууны экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлж авах ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,  

 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би хувиараа тээвэрт явдаг бөгөөд хувьдаа 80-60 УНХ улсын дугаартай истана маркийн машинаар үйлчилдэг юм. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн үед Баянхонгор аймгийн төвөөс 6 хүнтэй ойр зуурын хүмүүсийн ачаа дайж ирсэн. Ингээд өнөөдөр өглөө 07 цагийн үед Улаанбаатар хот руу орж ирэхэд 22-н товчоон дээр шалгаад хайрцагтай дайвруудыг шалгахад нэг хайрцаг дотроос нь 3 ширхэг хойлог шувуу агнаад бүтнээр нь хөлдөөсөн байдалтай олдсон. Ингээд цагдаагийн байгууллагад ирсэн. Би бол хэн ачиж явуулсныг мэдэхгүй харин тухайн хайрцаг нь дээр нь тосож авах хүнийх нь 99039172 дугаарын гар утсаар залгаж дуудуулсан байгаа. Хэн ачуулсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан манай нутгийн л хүн байсан байх аа. Би уг нь ачааг нь байнга л шалгадаг. Тэгээд цагаан сарын үеэр болохоор идэш мах бууз банш л болов уу гэж бодоод л шалгаагүй авчихсан юм. Хүн нь өөрөө юм хэлээгүй. Хот руу явуулъя  гээд жижиг хайрцагтай зүйл өгсөн. Би ачаа тээшний төлбөр аваагүй байгаа. Хотоос хүлээж авах хүн нь мөнгийг нь өгнө гэж байсан. Нэг жижиг хайрцагтай ачааг 5000 төгрөгөөр л ачдаг ... Тэр ******* гэх хүн нь ачаагаа надад өгөөгүй. Өөр жолоочоос дамжиж ирсэн. Гэхдээ тэр ******* гэх хүнийг харвал танина. Ерөөсөө юу ч хэлээгүй. Дотор нь юу байсныг  би мэдэхгүй. Би явахгүй болчихлоо ах та энэ хэдэн дайврыг аваад яваач  гэж хэлэхээр нь шалгалгүй аваад явчихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-43/,

 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний хадам аав болох ******* овогтой ******* нь 2019 оны 10 дугаар сард тархины хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь тааруу байсан бөгөөд найз нөхөд хагалгаанд орсон хүнд хойлог гэх амьтны мах сайн байдаг юм гэж хэлсэн юм. Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгорт байдаг таньдаг ах болох *******гийн 80062757 гэсэн дугаарлуу залгаад надад 3 хойлог гэх шувууны мах хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Тэгтэл ******* ах би зах дээр хүн зарж байна уу сураглаж байгаад олоод өгье гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орой хойлог шувууны мах олсон би замын унаанд чиний утасны дугаарыг бичээд өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө тухайн хойлог шувууны мах авчирсан жолооч нь цагдаад баригдсан гээд ийм асуудал болж байна ... Хойлог шувууны махыг зарж борлуулж болохгүй талаар сонсож байсан боловч худалдаад авчихаар гайгүй байх гэж бодоод л хүнд захисан байсан юм. Би *******гээс 3 хойлогны махыг нийт 285.000 төгрөгт бодож авсан байсан юм. Би *******г сайн танихгүй манай хүргэн ах Цэрэнбанди овогтой *******ын найз гэсэн бөгөөд Баянхонгорын төв дээр зах дээр бараа зардаг 40 орчим настай эрэгтэй хүн байдаг юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,  

Шүүгдэгч Н.Л гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 02 дугаар сарын эхэн үед манай найз ******* 99997472 гэсэн утаснаас яриад хадмын дүүд хойлог шувуу хэрэгтэй байна олоод өгөөч гэсэн. Тэгээд сүүлд нь 99039172 гэсэн утаснаас Баянмөнх гэсэн *******ын хүргэн дүү нь яриад хойлог шувууны мах хэрэгтэй байна хүний бие муу байна гэхээр нь би фейсбүүк дээр хойлог шувууны мах яаралтай худалдаж авна гэж зар тавьсан. Тэрнээс хойш нэлээн олон хүн ярьсан. Хэдээр өгөх юм бэ гэсэн чинь 60.000 төгрөг гэхээр нь Батмөнхрүү яриад 60.000 төгрөгтэй байна гэсэн та тэгвэл 2-3 ширхэгийг явуулчих гэсэн. Тэгээд би зах тарахын алдад дугаарыг нь сайн санахгүй байна нэг хүн залгаад баруун бүсийн хашаан дотор очоод авсан. Шууд хот хоорондын унаанд тавьсан. Машиных нь дугаарыг нь болон жолоочийг нь танихгүй. Жолооч нь юу юм гэж асуухад зүгээр л шувуу байгаа юм аа гэсэн. Нэг ширхэг нь 60.000 төгрөгөөр авсан. Нийлээд 180.000 төгрөг болсон мөнгө нь зах дээр малгай ороолт зарж байгаад мөнгөтэй байсан болохоор шууд бэлэн байсан болохоор бэлэн өгсөн..... Би хүлээн зөвшөөрч байна одоо бол нэмж ярих зүйл байхгүй. Би мэдэхгүй. Мэдэхгүй болоод ийм зүйл хийсэн юм аа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41, 60/,

         Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шувуу, шавьж судлалын лабораторын эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяагийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн зүйлийг шалгаж тодорхой хэмжээний дүгнэлт гаргах боломжтой байна. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Гургуулынханы /овгийн 3 бодгаль *******н хойлог шувуу болохыг тогтоосон. Шувуунд буудуулсан оромтой байсан. Нас, хүйс, агнагдсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй. ******* хойлог шувуу нь монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад орсон байдаг. (ATX, 2012) Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны “ховордож болзошгүй зүйл” ангилалд хамаарна. ******* хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд тусгагдсанаар 130.000 төгрөг байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 46/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/,

Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шувуу, шавьж судлалын лабораторын шинжилгээний төлбөр 150.000 төгрөгийн нэхэмжлэл /хх-45/,

Шүүгдэгч Н.Л гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 63, 67-68, 77/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Н.Л  нь 2020 оны 02 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Баруун бүсийн худалдааны төв”-ийн хашаан дотор үл таних хүнээс ховор амьтан болох 3 ширхэг *******н хойлог шувууны махыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч байгаль экологит 780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Н.Л гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Н.Л д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч Н.Л гийн үл таних хүнээс худалдан авсан 3 ширхэг *******н хойлог шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны) 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтанд заасан үнэлгээгээр *******н хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 130.000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон байх тул Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шувуу, шавьж судлалын лабораторын эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяагийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн гэмт хэргийн улмаас байгаль экологит учруулсан 3 ширхэг *******н хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ болох 390.000 төгрөгийн хохирлыг Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу 2 дахин нэмэгдүүлж хохирлын дүнг 780.000 төгрөгөөр тооцож яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байх бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Н.Л г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Л  нь байгаль экологит учруулсан 3 ширхэг *******н хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ болох 780.000 төгрөг, Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шувуу, шавьж судлалын лабораторын шинжилгээний төлбөр 150.000 төгрөг зэргийг нөхөн төлөхөө мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн байх бөгөөд түүнээс 780.000 төгрөгийн хохирлыг гаргуулж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 150.000 төгрөг гаргуулж Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шувуу, шавьж судлалын лаборатор /100900015272 тоот төрийн сангийн данс/-нд тус тус олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.Л д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Л  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Л  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Н.Л г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Л д зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.   4. Шүүгдэгч Н.Л гийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Н.Л гээс 780.000 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 150.000 төгрөг гаргуулж Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шувуу, шавьж судлалын лаборатор /100900015272 тоот төрийн сангийн данс/-нд тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Л  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй