Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0273

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ч, хариуцагч татварын улсын байцаагч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О.

Нэхэмжлэгч “М” ХХК

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Э, Э.Н

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, Б.Ч, хариуцагч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0644/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Э, Э.Н нарт холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-35210000008 дугаар актын

-2017 онд 2,089, 955,670.20 төгрөгийн /Татварын маргаан таслах зөвлөлөөр 391,484,263.37 төгрөг болж өөрчлөгдсөн/ олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн хэсэг /Актын 4-р хавсралтын 7/,

-2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг /Актын 4-р хавсралтын 8/,

-2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн НА-35210000008 дугаар актын 2017 онд олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлж,

-2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагч нары тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-35210000008 дугаар актын 2017 оны дотоодын тээвэр гэж дүгнэсэн 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Э.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх гомдол гаргагчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн.

3.2. 2017 онд тээврийн үйлчилгээний борлуулалтад 10%-иар НӨАТ ногдуулаагүй 2,089,955,670 төгрөгийн /маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэж 391,484,263.37 төгрөг болж буурсан/ зөрчлийн тухайд

-Нэхэмжлэгчээс 2017 онд “И” ХХК болон “Э” ХХК-тай уртын урт буюу уурхайгаас БНХАУ-ын ганц модны боомтын гаалийн хяналтын талбайд нүүрсийг тээвэрлэж хүргэхээр гэрээ байгуулж ажилласан, дотоодын тээвэр хийгээгүй гэж маргаж байна.

-Түүнчлэн Маргаан таслах зөвлөлөөс татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 2,089,955,670.2 төгрөгийн зөрчлийг 391,484,263.37 төгрөгийн зөрчил гэж багасгаж шийдвэрлэсэн байх боловч ямар баримтыг үндэслэн хассан нь тодорхойгүй, үлдэх зөрчил нь ямар хугацааны тээвэрлэлтэд хамааралтай болохыг нотолсон тооцоолсон баримт байхгүй байна.

-Хариуцагчаас ирүүлсэн тооцооллын дэлгэрэнгүйгээс харвал Эрдэнэс Тавантолгой ачилтын жин, Ухаа худгийн ачилтын жин хэсэгт тэмдэглэл байх бөгөөд эдгээр нүүрс хаана буусан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл эдгээр нүүрсийг Цагаан хаданд буулгасан талаар баримтыг хариуцагчаас гаргаж ирүүлээгүй байх тул шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

-Шүүхээс Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолд дурдсан зөрчлийг хянан шалгасан тооцооллыг шаардсан бөгөөд хэрхэн яаж гаргаж, 2017 онд 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй гэж дүгнэсэн баримтыг татварын улсын байцаагч нар тайлбарлаж чадахгүй, зөвхөн хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд хэлдэг гэж дүгнэсэн байна.

4. 2017 онд ААНОАТ боруулалтын орлогыг дутуу тооцсон 321,654,145.4 төгрөгийн зөрчил, баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТ-аас хасагдах зардлаар тооцож татвар ногдох орлогыг бууруулсан 184,090,909.1 төгрөгийн зөрчлийн тухайд:

4.1. Нэхэмжлэлийн шаардлагын 2, 3 дахь хэсэгт заасан 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.4 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТ-аас хасагдах зардлаар тооцож татвар ногдох орлогыг бууруулсан 184,090,909.1 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг хариуцагчаас ирүүлсэн баримтаар бүрэн нотлогдохгүй байх тул дахин шалгаж тодруулах шаардлагатай гэж дүгнэжээ.

4.2. Шүүх “татварын улсын байцаагч нар акт ногдуулахдаа шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр шийдвэр гаргах хуулийн заалттай”, “нэхэмжлэгч нар үнийн дүн дээр маргаж байх бөгөөд уг асуудалд хариуцагчаас бүрэн дүүрэн тайлбарыг нотлох баримтын хүрээнд гаргаж ирүүлэхгүй, шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд шүүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, хариуцагч татварын байцаагч нарын хуулиар хүлээсэн үүрэг байх тул нарийвчлэн шалгаж дахин акт тогтоох нь зүйтэй гэж дүгнэжээ.

4.2.1. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт нь хууль тогтоомжийг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хурал дээр зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон.

4.2.2. Нөгөө талаар шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэ тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-л “хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр”-ийг түдгэлзүүлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.

5. Мөн дээр дурдсан 2017 оны зөрчлүүдийг татварын улсын байцаагч дахин шалгаж дүгнэлт гаргахад Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа дууссан тул дүгнэлт гаргах боломжгүйд хүрнэ.

5.1. Ийнхүү хариуцагчийн нөхөн ногдуулалтын акт нь хууль зөрчиж гарсан нь тогтоогдож байхад шүүх хариууцагчийн хууль зөрчсөн алдааг залруулах, дахин нөхөн ногдуулалтын акт гаргуулахаар даалгасан нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

5.2. Энэхүү хууль бус актыг гаргаснаас гомдол гаргагч нь ихээхэн хэмжээний татварын өртэйд тооцогдон улмаас хил дамнасан тээвэрх хийх С тусгай зөвшөөрөл сунгуулж чадахгүйд хүрсэн, анх акт гарснаас хойш Маргаан таслах зөвлөлийн шийдвэр 5 сарын дараа, шүүхийн шийдвэр 1 жилийн дараа гарч байна. Дахин шалгалт хийснээр дээрх хугацаа дахин давтагдаж, хууль эрх зүйн хувьд ч мухардалд орох магадлалтай бөгөөд энэ хооронд компанийн үйл ажиллагаа зогсч дампуурахад хүрэхээр байна.

6. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

7. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Э.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

7.1. Шүүхийн шийдвэрийн 6 дугаар талын үндэслэх хэсгийн 3-д Шүүхээс маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолд дурьдсан зөрчлийг хянан шалгасан тооцооллыг шаардсан бөгөөд уг тооцооллыг хэрхэн яаж гаргаж, 2017 онд 391,484,263,37 төгрөгийн зөрчилтэй гэж дүгнэснийг татварын улсын байцаагч нар тайлбарлаж чадахгүй гэсэн.

7.1.1. Татварын улсын байцаагч нар Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу “М” ХХК нь “И” ХХК-иас нэхэмжилсэн сар бүрийн нүүрс тээвэрлэсэн тооцоо бүхий нэхэмжлэлийг ирүүлсэн. Уг нэхэмжлэл болон Татварын ерөнхий газраас ирүүлсэн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх С зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн талаарх цахимаар ирсэн хөндлөнгийн мэдээлэлтэй харьцуулалт хийж Тавантолгойгоос Цагаан хад, Цагаан хадаас Ганц мод хүртэлх тээврийн хөлсийг салгаж тооцсон. /Энэ тооцооллыг шүүхэд хариу тайлбарын хамт өгсөн/ Тооцооллыг “М” ХХК-ийн захирал Э.Ч, нягтлан бодогч Б.Ч нарт танилцуулахад зөрүүтэй эсэх, зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлох талаар ямар нэг нэмэлт баримт материал хяналт шалгалтад ирүүлээгүй тул татвар төлөгчөөс ирүүлсэн нэхэмжлэх хөндлөнгийн мэдээллийг үндэслэн нөхөн ногдуулалтын актын 4-р хавсралт маягт ХШ-06/02-ын 7 дугаар зөрчил буюу 2,089,955,670.20 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.4-д заасныг зөрчсөн тул хариуцлага тооцсон.

7.1.2. Үүнийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн Маргаан таслах зөвлөлд хандаж шийдвэрлүүлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолын үндэслэх буюу 5 дахь талд “...946,429,332.27 төгрөгийн Монгол улсын хилийн дотор гүйцэтгэсэн тээвэрлэлтийн орлого олсон нь дансны хуулга, тээвэрлүүлэгчийн нэхэмжлэл, авто зам ашигласны замын хураамж, татварын албан дахь хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэн магадлал хийж 391,487,263.37 төгрөгийн зөрчил нь баримтаар нотлогдож байгаа тухай тодорхой бичсэн байхад татварын улсын байцаагч нарыг үүнийг нотолж чадаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д “... Татварын улсын байцаагч нарын актын 4-р хавсралт маягт ХШ-06/02-ын 8 дахь зөрчил 321,654,145.40 төгрөгийн зөрчилтэй хэсгийг хариуцагчаар ирүүлсэн баримтаар бүрэн нотлохгүй байх тул үүнийг дахин шалгаж тодруулах нь зүйтэй гэжээ.

8.1. Энэ нь 2017 онд уурхайгаас гаалийн бүс хүртэл 2,089,955,670.23 төгрөг, гаалийн бүсээс Ганц мод боомт хүртэл 658,050,874.73 төгрөг, нийт 2,748,006,544.96 төгрөгийн нүүрс тээврийн үйлчилгээний орлогыг хариуцагч “И” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн дүнгээр нотлогдож байхад татвар төлөгчийн тайлагнаснаар 2,426,352,399.61 төгрөг байна. Иймд 321,654,145.35 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй талаар холбогдох баримт мөн маргаан таслах зөвлөл дахин шалгаж магадлалаар үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг.

9. Аж нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зүйлийн 16.9-д заасны дагуу “М” ХХК-ийн борлуулсан тээврийн хэрэгсэлд ногдуулах татварыг тооцоход газрыг илүү тооцож хасагдах зардалд тусгасан нь мөн хуулийн 12.1.1-12.1.35-д заасан хасагдах зардлын ангилалд ороогүй байсан тул хариуцлага тооцсон нь нөхөн ногдуулалтын акт, маргаан таслах зөвлөлийн тогтоол, шүүхэд өгсөн хариу тайлбар, нэмэгдсэн өртгийн албан татварын падааны жагсаалтыг цахимаас хэвлэн хүргүүлсэн, тус компанийн нягтлан бодох бүртгэлийн дансны хуулга зэргийг хэргийн материалд өгсөн бөгөөд дараах байдлаар тайлбарлан хэлэхэд шүүх үнэлээгүй нотлогдохгүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

9.1. “М” ХХК-ийн ирүүлсэн нягтлан бодох бүртгэлийн дансны хуулгаас харахад 2005-00-00-000-000 кодтой “Тээврийн хэрэгсэл төв оффис” дансанд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 50,287,200 төгрөгийн дансны үлдэгдэлтэй, 37,081,788.54 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй хөрөнгийг /ниссан патфайндер/ 6,363,636.36 төгрөгөөр борлуулж 2017 оны 11 дүгээр сарын 30-нд 3011041139 тоот НӨАТ-ын падаан үйлдсэн.

9.2. 2005-02-00-000-000 кодтой “Тээврийн хэрэгсэл орон нутаг” дансанд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 433,545,709.77 төгрөгийн дансны үлдэгдэлтэй 244,272,158.51 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй хөрөнгийг 3ш чирэгч, 3ш чиргүүл 163,636,363,64 төгрөгөөр борлуулж 2017 оны 05 дугаар сарын 31-нд 1829369719 тоот НӨАТ-ын падаан үйлдсэн байна.

9.3. 2005-02-00-000-000 кодтой “Тээврийн хэрэгсэл орон нутаг” дансанд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 48,399,981.39 төгрөгийн дансны үлдэгдэлтэй, 31,744,175.69 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй хөрөнгийг чиргүүл 9,090,909.09 төгрөгөөр борлуулж 2017 оны 07 дугаар сарын 17-нд 2327608875 тоот НӨАТ-ын падаан үйлдсэн байна.

9.4. 2005-02-00-000-000 кодтой тээврийн хэрэгсэл орон нутаг дансанд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар 48,399,981.39 төгрөгийн дансны үлдэгдэлтэй, 31,744,175.69 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй хөрөнгийг чиргүүл 9,090,909.09 төгрөгөөр борлуулж 2017 оны 12 дугаар сарын 31-нд 3435792724 тоот НӨАТ-ын падаан үйлдсэн байна.

9.5. Дээрхээс тооцоход 238,645,880.72 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй тээврийн хэрэгслийг 204,545,454.64 төгрөгөөр борлуулсан нь 34,100,426.18 төгрөгийн гарзыг хүлээн зөвшөөрөхөөр байхад 8704-00-00-000-000 кодтой “Үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз” дансанд 218,191,335.27 төгрөгийн алдагдал тооцож бүртгэсэн байгаа нь 184,090,909.09 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан болно.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг шүүхээс хэрэгжүүлээгүй хэрнээ шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзэж дахин акт гаргахаар түдгэлзүүлж байгаа нь үндэслэлгүй, мөн хуулийн 62.1.2-д “хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол” түдгэлзүүлж болохгүй гэдгийг зөрчиж байна.

10.1. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй, мөн шүүх шийдвэрт гомдол гаргах хугацааг 5 хоног гэж байгаа нь Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг зөрчлийн хэрэг мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:

3. Нэхэмжлэгч “М” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Э, Э.Н нарт холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-35210000008 дугаар актын “.... 2017 онд 2,089, 955,670.20 төгрөгийн /Татварын маргаан таслах зөвлөлөөр 391,484,263.37 төгрөг болж өөрчлөгдсөн/ олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн хэсэг /Актын 4-р хавсралтын 7/, ... 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг /Актын 4-р хавсралтын 8/, ... 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

3.1. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-35210000008 дугаар актаар “М” ХХК-ийн 2017-2019 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, нийт 6 төрлийн 7,761,561,646.90 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж нийт 997,355,813.03 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч “М” ХХК-ийн гомдлоор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “...нийт 7,761,561,646.90 төгрөгийн зөрчилд 770,738,136.91 төгрөгийн нөхөн татвар, 169,805,226.17 төгрөгийн торгууль, 56,812,449.95 төгрөгийн алданги, нийт 997,355,813.03 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосноос 2,434,985,058.14 төгрөгийн зөрчилд ногдуулсан 243,498,505.81 төгрөгийн нөхөн татвар, 73,049,551.74 төгрөгийн торгууль, 24,349,850.58 төгрөгийн алданги, нийт 340,897,908.14 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 5,326,576,588.76 төгрөгийн зөрчилд ногдуулсан 527,239,631.10 төгрөгийн нөхөн татвар, 96,755,674.42 төгрөгийн торгууль, 32,462,599.37 төгрөгийн алданги, нийт 656,457,904.89 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын 2, 3 дахь хэсэгт заасан 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон ... 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909.10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсгийг хариуцагч улсын байцаагчаас ирүүлсэн баримтаар нотлогдохгүй гэх үндэслэлээр дахин шалгаж тодруулахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.1. Аливаа эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй, анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ... ” гэж зааснаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулсан байх бөгөөд гомдол гаргагчийн маргаж буй нөхөн татварын ногдуулалтын үнийн дүнг шүүхээс гаргах боломжгүй. Нэхэмжлэлийн үндэслэж байгаа “И” ХХК-иас нэхэмжилсэн ажлын хөлсний тооцоо, ганц модны буулгалтын нийт жин Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээр /тн/ хэсэгт Эрдэнэс таван толгойн ачилтын жин, Ухаа худгийн ачилтын жин гэсэн хэсгээс үзвэл ачсан нүүрс хаана буусан нь тодорхойгүй, нүүрсийг Цагаан хаданд буулгасан гэж шууд үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, 946,429,332.27 төгрөгийн Монгол улсын хилийн дотор гүйцэтгэсэн тээвэрлэлтийн орлого олсон эсэх талаар дансны хуулга, тээвэрлүүлэгчийн нэхэмжлэл, авто зам ашигласны хураамж, татварын зөрчлийн талаарх баримтыг харьцуулж, гомдол гаргагч болон хариуцагч нараас тулгалт хийх замаар шалгаж, дахин нөхөн ногдуулалтын акт тогтоохоор байна.

4.1.1. Учир нь анхан шатны шүүхээс маргаан бүхий акттай холбогдуулан шаардлагатай, гаргуулж болох бүхий л нотлох баримтуудыг шаардсан, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэх ажиллагааг хийсэн, гагцхүү шүүхээс гомдол гаргагчийн маргаж буй үнийн дүнг тодруулах үүргийг захиргаа хүлээх нь илүү үр дүнтэй бөгөөд боломжтой, ач холбогдолтой гэж үзсэнийг шууд буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4.2. Татвар төлөгч “М” ХХК нь татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөр зохих татварын ногдлоо бүрэн гүйцэтгэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгаж, татварын шалгалт хийхтэй холбогдсон нөхөн ногдуулалтын актыг нотлох баримтын хүрээнд баталгаажуулж, маргаан бүхий актын 2017 онд олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд ... 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, ... 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон ... 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн ... 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсгүүдийг “М” ХХК-ийн санхүүгийн баримт болон өөр бусад компаниудтай гэрээ байгуулсан баримт материалыг тулгаж, тээвэрлэлтийн орлого олсон нь эсэх талаарх дансны хуулга, тээвэрлүүлэгчийн нэхэмжлэл, авто зам ашигласны хураамж, татварын зөрчлийн талаарх баримтыг хөтөлбөргүй бүрэн гүйцэт шалган тогтоогоогүй нь шүүхийн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Тодруулбал, хариуцагчаас нөхөн ногдуулалтын актад 2017 онд 2,089,955,670 төгрөгийн экспортын тээврийн борлуулалтыг “дотоодын тээврийн борлуулалт” гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги хүлээлгэснийг Маргаан таслах зөвлөл гомдол гаргагчийн хүсэлтээр хянаад 1,698,471,406.83 төгрөгийн борлуулалт нь нэмэгдсэн өртгийн албан татвар 0%-иар, ногдох экспортын тээвэр 391,484,263.37 төгрөгийн борлуулалт нь дотоодын тээвэр гэж дүгнэснийг болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ногдох орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.4 төгрөгийн зөрчил тэмдэглэж 32,165,414.54 төгрөгийн нөхөн татвар, 9,649,624.36 төгрөгийн торгууль, 3,216,541.54 төгрөгийн алданги, нийт 45,031,580.35 төгрөгийн төлбөр ногдуулсныг Маргаан таслах зөвлөл хэвээр баталж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргагч “М” ХХК-иас “...санхүүгийн анхан шатны баримт болон НӨАТ-ын тайлангуудад дээрх 2,089,955,670 төгрөгийн борлуулалт нь бүхэлдээ НӨАТ 0%-иар ногдох экспортын борлуулалт бөгөөд манай компани гадаадын компанид бүртгэлтэй хэл дамнасан тээвэрлэлт хийсэн, дотоодын тээвэр хийсэн гэж үзээд актыг тавьсан нь үндэслэлгүй” гэж маргаж байгаа энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан “...Албан татварын тэг /"0"/ хувь хэрэглэх...” боломжтой байсан эсэх, энэ хуулийн 12.1.2-д заасан “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” гэж заасан хэл дамнасан олон улсын тээвэрлэлтэд хамаарах 0 хувиар ногдох хэсэгт хамаарах эсэхийг нэг мөр шалган тогтоох учиртай тул гомдол гаргагчийн тээвэрлэлтийн ямар хэсэг нь “дотоодын тээвэр”, ямар хэсэг нь “хэл дамнасан олон улсын тээвэр” зэргийг тодруулж, нөхөн ногдуулалтын акт тавих нь зүйтэй.

5. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу шүүхээс шүүхийн шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын гомдолд дурьдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн асуудал биш байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

5.1. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхив

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч төлөөлөгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН