Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 638

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: шүүхийн Тамгын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “... шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Э миний бие 2006 онд Цагдаагийн Академийг бакалаврын зэрэгтэй “эрх зүйч” мэргэжлээр төгссөн. 2010 онд Х у и с харьяа “Б” дээд сургуулийг хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

2011 оны 05 дугаар сард Төрийн албан хаагчийн шалгалт өгч мэдлэг чадвар болон ур чадвараар тэнцэж хамгийн өндөр оноог авч 1 дүгээр байранд орсноор 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ... шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон.

Шүүгч О-н туслахаар 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй 5 жил 2 сарын хугацаанд ажиллахдаа ажилдаа алдаа зөрчил гаргаж байгаагүй, үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр “А” үнэлгээтэй ажиллаж байсан болно.

2016 оны 06 дугаар сарын 02-ноос 10 дугаар сар хүртэл ... Ерөнхий шүүгч О-н туслахаар, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ... шүүхэд мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ... шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр, 2017 оны 04 дүгээр сараас эхлэн ... шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн орчим Ерөнхий шүүгч О миний гар утас руу залгаж Тамгын даргын өрөөнд ороод ир гэж дуудсан, би яваад ортол Ерөнхий шүүгч О нь “Чи маргаашнаас н.Б шүүгчийн туслахаар ажилла” гэж хэлсэн, тэгэхээр нь би “та дандаа миний ажлын байрыг үндэслэлгүйгээр өөрчилдөг, яагаад одоо өөрчилж байгаа юм бэ?” гэхэд би өөрийнхөө хүнийг тавина, тэгээд ч чи ажлаа хийж чаддагүй, Прокуророос ирсэн хэргийг надад танилцуулдаггүй шууд хуваарилдаг. Ер нь чи надад шинээр ирж байгаа хэргүүдийг заавал танилцуулах ёстой, ажлаа хийж чадахгүй болохоор чинь ажлыг чинь сольж байгаа юм” гэж хэлсэн.

Тэр өдөртөө буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үндэслэлгүйгээр миний албан тушаалыг сольж шүүгчийн туслахын албан тушаалд томилсон. Энэ тушаалд нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл рүү миний гомдлыг шилжүүлсэн.

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар өмнөх 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 99 дүгээр тушаалыг хүчингүй болгож Э намайг мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалд буцаан томилсон.

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дээрх асуудлаас үүдэж Ерөнхий шүүгч О надад холбогдуулж гомдол гаргасан. Тэр гомдлын хариу тайлбарыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бичгээр өгсөн. Ингээд шүүхийн Тамгын газрын захиргааны дэргэдэх Ёс зүйн хороо хуралдаж миний асуудлыг шийдвэрлэх байх гэж хүлээж байтал намайг дуудаагүй.

2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би Солонгос улс руу эрүүл мэндийн асуудлаар буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас явсан. Солонгос Улсад байхад манай гэрийн хаягаар ... шүүхийн Тамгын газраас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шуудангаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Тамгын газрын даргын Б/05 дугаар тушаал, мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг хүргүүлсэн байсан.

Ингээд арга хэмжээ авсан тушаалыг хүлээн аваад 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргасан. Гомдлоо өөрийн төрсөн дүү Э-р хүргүүлсэн.

Гомдлын хариугаа авах гээд Шүүхийн ерөнхий зөвлөл рүү 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хандахад хаана байгаа нь мэдэгдэхгүй хэн хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй байсан, Удаа дараа утсаар лавлаж асуусан. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М ш 51 дүгээр салбараас очиж өөрийн биеэр авсан.

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтийг гардан аваад дүгнэлтийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1. Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг баримтлалгүй орон тооны бус ёс зүйн хороог хуралдуулалгүй захиргааны албан хаагчид сахилгын арга хэмжээ авсан.

2. Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт зааснаар “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байна. Энэ эрхийг минь зөрчсөн гэж үзэж байна.

3. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 25, 26 дугаар зүйлүүдийг зөрчиж яагаад маргаан гарах болсон /маргаан гарсан асуудал нь Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт болон, Тамгын газрын даргын тушаалаар Э миний талд шийдвэрлэгдсэн/ нөхцөл байдлыг тодруулан тогтоох болон сонсох ажиллагаа огт явуулаагүй болно.

4. Хуралд биечлэн оролцоно гэж хүсэлт гаргаад байхад хуралд оролцуулаагүй.

5. Ёс зүйн хороо хуралдсан эсэх нь тодорхойгүй. /Ёс зүйн хороо байгуулагдсан эсэх нь тодорхойгүй/

6. Сахилгын арга хэмжээ авчихаад надад танилцуулалгүй сарын дараа шуудангаар хүргүүлсэн.

7. Ес зүйн хорооны дүгнэлтийг хуулбарлан авах хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй зэрэг зөрчил байна.

8. Сахилгын арга хэмжээ авсан асуудал нь хууль журмын дагуу явагдаагүй тул ... шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ... шүүхийн Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Иргэн Э нь ... шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Э гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Э нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагад “Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг баримтлалгүй орон тооны бус ёс зүйн хороог хуралдуулалгүй захиргааны албан хаагчид сахилгын арга хэмжээ авсан” гэсэнд;

- 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... шүүхийн Еренхий шүүгч О гомдол гаргасан тул 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Э д гомдлыг танилцуулан, хуулбарлан өгсөн бөгөөд Э нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариу тайлбар өгсөн тул 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг 45 минутанд тус шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтны ёс зүйн хороо хуралдсан болно.

Э нь гомдолтой танилцаж хариу тайлбараа өгсөн нь эрхийг зөрчсөн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн ёс зүйн хорооны гишүүд гомдлын материалтай танилцаж, хуралдаад Э нь ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн.

2. Э нь нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагад: “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын Засгийн газрын 1995 оны 97 дугаар гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байна. Энэ эрхийг минь зөрчсөн гэж үзэж байна” гэсэнд;

- Э д Тамгын газрын захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хороо Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт зааснаар “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулна гэж заасны дагуу гомдлын нэг хувийг хувилан өгч гомдол гаргах журмыг зөрчөөгүй ажилласан мөн зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу ирүүлсэн материалтай танилцах хүсэлт гаргахад нь Э д ирсэн гомдлыг танилцуулсан өөр материал хавсаргаагүй байсан. Мөн дүгнэлттэй танилцаагүйгээс гадна дахин шалгуулах хүсэлт гаргаагүй.

3. Э нь нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагад “Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25, 26 дугаар зүйлүүдийг зөрчиж яагаад маргаан гарах болсон /маргаан гарсан асуудал нь Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт болон, Тамгын газрын даргын тушаалаар Э миний талд шийдвэрлэгдсэн/ нөхцөл байдлыг тодруулан тогтоох болон сонсох ажиллагаа огт явуулаагүй болно гэсэнд;

- Тус шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хороо Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 25.1.5-д “баримт бичиг болон хууль бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах”, 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.4.2-т “саналыг бичгээр авах” зэрэг заалтуудыг ханган ажилласан.

Тамгын газрын захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хороо гомдлыг танилцуулан, тайлбарыг авч хуралдан нэг талыг барилгүй гишүүдийн саналын үндсэн дээр шийдвэр гаргасан болно.

Тухайн хурлаар хоёр талын бичгээр өгсөн тайлбарыг үндэслэсэн болохоос нэг талыг барьж хуралд оролцуулж шийдвэрлэсэн асуудал байхгүй. Э нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажлаа хаяж явсан.

4. Э нь нэхэмжлэлийн дөрөвдүгээр шаардлагад: “Хуралд биечлэн оролцоно гэж хүсэлт гаргаад байхад хуралд оролцуулаагүй” гэсэнд;

- ... шүүхийн Ерөнхий шүүгч О 2018 оны 12 дугаар сарын 08-ны гомдол гаргасны дагуу Э д гомдлыг танилцуулсан. Тамгын газрын захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хорооны хуралд гомдол гаргагч хоёр талыг заавал оролцуулахаар заагаагүй байдаг бөгөөд тайлбараа бичгээр өгсөн тул гишүүд тайлбартай танилцан дүгнэлт гаргасан. Иймд энэ асуудал үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хаяж явсан, ёс зүйн хороо хуралдсан 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн ажилдаа ирээгүй болно.

5. Э нь нэхэмжлэлийн тавдугаар шаардлагад: “Ёс зүйн хороо хуралдсан эсэх нь тодорхойгүй. /Ёс зүйн хороо байгуулагдсан эсэх нь тодорхойгүй/” гэсэнд;

- Тус шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтны ёс зүйн хороо 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/128 тоот тушаалаар Комиссын дарга Ө, гишүүд О, М, Б, Б нарын бүрэлдэхүүнтэй нийт Тамгын газрын хамт олны саналаар батлагдсан. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 45 минутанд тус шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хороо хуралдаж уг асуудлыг хэлэлцэж 17 цаг 15 минутанд дууссан байна.

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ажлаа хаяж явсан байж ёс зүйн хороог хуралдаагүй гэж үзэж үгүйсгэж байгаа нь тухайн хүний хувь хандлага, ёс зүйг хэрхэн баримталдаг нь харагдаж байна.

6. Э нь нэхэмжлэлийн зургадугаар шаардлагад: “Сахилгын арга хэмжээ авчихаад надад танилцуулаагүй сарын дараа шуудангаар хүргүүлсэн” гэсэнд;

- Э нь 2017 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд эмнэлэгт үзүүлэх чөлөө хүсч, 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл өвчтэй, 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд чөлөө авч, 01 дүгээр сарын 08-ны өглөө ажилдаа ирээд шүүгчийн туслахын ажлыг хийхгүй гээд гарч явсан бөгөөд энэ өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Э д 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг танилцуулахаар өрөөний 1146.... дугаараас удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байснаа орох ярианы эрх хаагдан холбогдох боломжгүй байсан. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 цаг 02 минутанд түүний 9191... дугаарын гар утасруу залгасан боловч мөн орох ярианы эрх хаагдсан байсан тул 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр түүний гэрийн хаягаар тушаалыг шуудангаар хүргүүлсэн.

7. Э нь нэхэмжлэлийн долдугаар шаардлагад: “Ёс зүйн хорооны дүгнэлтийг хуулбарлан авах хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй” гэсэнд;

- Э нь ёс зүйн хорооны дүгнэлтийг хуулбарлах хүсэлт гаргаж байгаагүйг ... шүүхийн “Тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэл”-ийн дэвтрээр нотолж байна.

8. Э нь нэхэмжлэлийн дөрөвдүгээр шаардлагад: “Сахилгын арга хэмжээ авсан асуудал нь хууль, журмын дагуу явагдаагүй тул ... шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэнд;

 - ... шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хорооны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр шүүгчийн туслах Э нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 175 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам”-ын 2.1-ийн 2-т зааснаар “төрийн албан хаагчийн болон шүүхийн ажилтны ёс зүйг чанд сахих”, 3-т зааснаар “шүүгчийг хүндэтгэх”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар батлагдсан “Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 3.1.3-т зааснаар “шүүх гагцхүү хуульд захирагдан шударга, алагчлалгүй ажиллаж чадна гэсэн итгэлийг өөрийн үйл ажиллагаа, үг яриагаар төрүүлж чадахуйц харилцааны соёл, мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх” гэсэн заалтыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсний дагуу тус шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

Иймд Э гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э нь “... шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ... шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч ... шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/99 дүгээр тушаалаар ... шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, шүүгчийн туслахын албан тушаалд томилсонтой холбогдуулж шүүхэд маргаан үүсгээгүй бөгөөд уг тушаалыг тус шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар “Тушаал хүчингүй болгож, ажилд томилох тухай” тушаалаар хүчингүй болгож, Э г тус өдрөөс “Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилсон байна.  

 ... шүүхийн Ерөнхий шүүгч О-н гомдлын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 дугаар тушаалаар Э д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар “сануулах” сахилгын шийтгэлийг оногдуулсан.

Нэхэмжлэгчээс “...Ёс зүйн хороо байгуулагдсан, хуралдсан эсэх нь тодорхойгүй, уг хуралд намайг оролцуулаагүй, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалган тогтоогоогүй, энэ талаар урьдчилан танилцуулж, сонсох ажиллагаа явуулаагүй, тушаалыг танилцуулаагүй, холбогдох журмыг баримтлаагүй” гэх үндэслэлүүдээр маргаж, ... Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл зэргийг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтын талаар дурдвал: 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... шүүхийн Ерөнхий шүүгч О нь “тус шүүхийн шүүгчийн туслах Э г шүүхийн Тамгын газрын дарга, Ерөнхий шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж хэл амаар доромжилсон тул сахилгын арга хэмжээ авна уу” гэх гомдлыг ... шүүхийн Тамгын газрын даргад гаргасныг хүлээн авч, Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журмын дагуу Шүүхийн захиргааны ажилчдын ёс зүйн хороонд гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлсэн байна.

Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж захиргааны ажилтан Э д холбогдох гомдлын талаар хэлэлцэж Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журмын 2.1 дэх хэсгийн 2, 3, Шүүхийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж 01 дугаартай дүгнэлтийг гаргажээ.

Дүгнэлтийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргасныг тус салбар зөвлөлийн баталсан Ажлын хэсэг хянан хэлэлцэж, гомдлыг үндэслэлгүй байна гэж дүгнэснийг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолоор дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоосон байна.

... шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байсан Э нь тус шүүхийн Ерөнхий шүүгч О-г хэл амаар доромжилж ёс зүйн зөрчил гаргасан болох нь Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, тухайлбал ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, өөрийнх нь Шүүхийн захиргааны ажилчдын ёс зүйн хороонд гаргасан тайлбар, тус шүүхийн Тамгын газрын даргын Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүхийн захиргааны ажилтан Э гийн гаргасан дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1 “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах ...”, 5.4.4 “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 175 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журмын 2.1 дүгээр зүйлийн 2 “төрийн албан хаагчийн болон шүүхийн ажилтны ёс зүйг чанд сахих”, 3 “шүүгчийг хүндэтгэх”, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар батлагдсан Шүүхийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.3 “шүүх гагцхүү хуульд захирагдан шударга, алагчлалгүй ажиллаж чадна гэсэн итгэлийг өөрийн үйл ажиллагаа, үг яриагаар төрүүлж чадахгуйц харилцааны соёл, мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан “сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан нь мөн зүйлийн 26.1-д “зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэлийг ногдуулна” гэж заасантай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

... шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/128 дугаар тушаалаар тус шүүхийн Тамгын газрын дэргэд орон тооны бус ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан, нэхэмжлэгчээс Ерөнхий шүүгч О-н гаргасан гомдолтой нь холбогдуулан өөрийн тайлбарыг Ёс зүйн хороонд бичгээр гаргасан зэрэг баримтууд хэрэгт авагдсан нь орон тооны бус ёс зүйн хороо хуралдсан, тайлбар гаргах, сонсох ажиллагаа явуулаагүй гэх тайлбарууд үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Э нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл өвчтэй байсан, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 4 хоногийн чөлөө авсан, тушаалын талаар танилцуулах гэсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ажилдаа шалтгаангүйгээр ирээгүй, ингээд гэрийн хаягаар нь тушаалыг хүргүүлсэн” гэх тайлбар нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн чөлөө хүссэн хүсэлтүүд болон тус шүүхийн Тамгын газрын Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ө 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн утсаар залгасан тухай тэмдэглэл, Ажилдаа ирсэн, явсан цагийн тайлан, шуудангийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий тушаалыг танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэх боломжтой.

Түүнчлэн Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журмын 5.7-д “Ёс зүйн хорооны хуралдаанд зөрчил гаргасан гэж үзэж буй ажилтныг биеэр оролцуулж тайлбар авч болно” гэж заасан нь Э д холбогдох гомдлын асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцуулах эсэх нь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооны шийдвэрлэх асуудал бөгөөд нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл чөлөө авсан, ингээд долоо хоногийн ээлжит амралтын өдрүүд таарсан, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн ёс зүйн хорооны хуралдаанд оролцох талаар хүсэлтийг гаргасан боловч оролцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд ... шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Э д сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул, дээрх тушаалыг хүчингүй болгуулах тухай Э гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн ... шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Э гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлсөн болохыг дурдаж байна.

Харин нэхэмжлэгч нь “... эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д зорчих болсон тул 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш шүүх хуралдааныг товлон зарлаж өгнө үү” гэх хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан, шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан боловч  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч[1] нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасантай холбоотой хурлыг хойшлуулсан.

Улмаар шүүгчийн туслахаас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчтэй холбогдож, хурлын товыг мэдэгдэхэд БНСУ-д байгаа гэх тайлбарыг өгсөн, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч М нь БНСУ-аас Э тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүгчийн туслах нь өмгөөлөгч М-тай утсаар холбогдоход нэхэмжлэгч нь намайг өмгөөлөгчөөр оролцуулахгүй болсон, өөрөө ч шүүх хуралдаанд оролцохгүй гэх тайлбарыг өгсөн, шүүх нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох, тайлбар гаргах боломжоор удаа дараа хангасан, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч Хил хамгаалах ерөнхий газраас ирсэн лавлагаагаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хил гарсан болох нь тогтоогдсон, хүсэлтэд хавсаргасан буцаж ирсэн билетний хугацаа 9 дүгээр сарын 09-ний өдөр дууссан, шүүх хуралдаан болох өнөөдрийг хүртэл БНСУ-д зорчоод 4 сар болсон, хэзээ ирэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.2-т заасныг тус тус баримтлан “... Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА

 


[1] Итгэмжлэлээсээ татгалзсан хүсэлт хавтаст хэргийн ..... тал