Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1651

 

 

 

 

 

 

  2020         09          14                                      2020/ШЦТ/1651

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Хохирогч Г.Загдаа, түүний өмгөөлөгч М.Билгүтэй /ҮД:3118/,

Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Б.Ит холбогдох 2006 03320 2255 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул олон улсын худалдааны төвд унадаг дугуйны сэлбэг зардаг, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уул 16 дугаар гудамжны 95 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, “Нью таун” хотхоны 43а байрны 301 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялд өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Бын И /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.И  нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний  өдөр 13 цагийн үед  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвд иргэн Г.Загдаатай  маргалдан, улмаар түүний толгойн тус газар гараараа  цохиж, Г.Загдаагийн биед тархи доргилт, зүүн хацрын шонтны няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Иын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Загдаагийн өгсөн: “Би маш олон зүйл дээр шалгагдаж байна. Үүнийг би захиалгатай хэрэг гэж ойлгож байна. Би 07 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрээр суллагдаад гарч ирсний дараа надад ямарваа нэгэн гэмт хэрэгт холбогдож болохгүй шүү гэсэн санамжууд өгөөд шүүхийн захирамж гарсан. Би хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийдэг учраас Ананд, Мөнх-Ирээдүй гэдэг нэртэй хүүхдүүдэд эдний дугуйны газраас 2 дугуй худалдаж аваад дугуйндаа засвар хийлгэсэн. Миний үйлчилгээг бүрэн өгөөгүй зодоод гаргасан. Энэ хүний яриад байгаа зүйлүүд нь бүгд худлаа байна. Би юу гэж энэ хүний талаар мэдэхгүй байж шоронгийн хулгайч гэж хэлэх юм. Худал мэдүүлгийн талаар  би сайн судалсан. Энэ худал мэдүүлэг өгөөд байгаа хүмүүсийг шалгахгүй байгааг би гайхаад байгаа юм. Үүний ард эзэн байгаа цагдаа нар турхирч байна. Манай гудамжаар зүгээр явуулахгүй байна. Энд тэндгүй чулуу шиддэг, энд тэндгүй үзэн яддаг. Тэрний нэг жишээ нь энэ үйл явдал. Чамайг шоронд оруулаад өгнө гэсэн хүн. Намайг хуруу гарыг нь хугалсан гэсэн,  дараа нь дугуйны гараар цохисон гэх мэтийг зөрүүтэй мэдүүлээд байна. Өнөөдөр надаас уучлалт гуйхаас илүү энэ хүн намайг дээрэлхээд байсан гэдэг зүйл яриад байна. Би ямар ч хүнийг дээрэлхээд байх шалтгаан байхгүй. Би худалдан авалтаа хийлээ, засвараа хийлгээд гараад явлаа өөр ямар ч асуудал байхгүй. Би бол харамсаж байна. Энэ хүнийг шийтгүүлэх шийтгүүлэхгүйдээ гол нь биш нийгэм ийм болсон байна. Хаврын хэрэг дээр Халиунаа гээд эмэгтэй юунд өртсөн байгаа юм өнөөдөр энэ хүн юунд өртсөн юм. Би учрыг нь олохгүй байна. Намайг өөр хэрэг дээр шалгаж байгаа  Гантулга гэдэг прокурор та хүний гар хуга цохисон байна лээ гэж хэлж байна. Энэ чинь шүүхээр тогтоогдоод нотлогдож байгаа асуудал. Энэ хүн олон удаа алдсан юм байна. Гэхдээ ямарваа нэгэн юмны турхиралтаар өртөөд байна. Энэ нь үнэхээр харамсалтай асуудал. Миний нүдэн дээр 2, 3 оёо тавиулсан, нэг их асуудал биш...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Загдаагийн өгсөн: “... Би 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн  14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвд унадаг дугуй зардаг газар дээрээс 4-5 насны Мөнх-Ирээдүй, Ананд гэх 2 хүүхдэд унадаг дугуй авахаар очсон юм... халзан толгойтой залуу “чи удахгүй ийм болно, удахгүй шорондоо орно” гээд надад үг хаяж эхэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь “миний энд явах, миний шоронд орох ямар хамаатай юм бэ” гэж маргалдсан. Намайг янз янзын үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь “чи  юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь халзан толгойтой залуу миний зүүн талын хацар луу бөгжтэй гараараа цохисон, яг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэгсэн миний зүүн талын хацар болон зүүн нүдний доод хэсэгт зүсэгдсэн, хацартаа 2 оёдол тавьсан ...” гэх мэдүүлэг /хх.6-9, 22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баярхүүгийн  өгсөн: “... Би унадаг дугуйны сэлбэгийн тасагт лангуу ажиллуулдаг юм... гинжийг нь холбочхоод эргээд харсан чинь Г.Загдаагийн баруун талын хацар нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.28-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нармандахын  өгсөн: “... Тухайн өдөр 13 цагийн орчим лангуун дээрээ зогсож байгаад өдрийн хоол идчихээд буцаад лангуун дээрээ ирэхэд хажуу талын унадаг дугуйны сэлбэгийн Б.Иын лангуун дээр  Б.Итай нэг 50 орчим насны эрэгтэй хэрүүл хийж байсан... тэгэхэд хэрүүл хийгээд байсан Г.Загдаагийн зүүн талын хацар дээр нь жижигхэн шалбарсан цус гарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8567 дугаартай:

“1. Г.Загдаагийн биед тархи доргилт, зүүн хацрын шонтонгийн няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.38-39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Иын яллагдагчаар өгсөн: “... Г.Загдаагийн биед учирсан гэмтлийг би учруулсан... Би Г.Загдаагийн биед учирсан гэмтлийн эмчилгээний бодит нотлох баримттай зардлыг бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх.53-55/,

Хохирлын баримтууд /хх.12-13/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.И  нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний  өдөр 13 цагийн үед  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвд иргэн Г.Загдаатай  маргалдан, улмаар түүний толгойн тус газар гараараа  цохиж, Г.Загдаагийн биед тархи доргилт, зүүн хацрын шонтны няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Загдаагийн өгсөн: “... халзан толгойтой залуу миний зүүн талын хацар луу бөгжтэй гараараа цохисон, яг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэгсэн миний зүүн талын хацар болон зүүн нүдний доод хэсэгт зүсэгдсэн, хацартаа 2 оёдол тавьсан ...” гэх мэдүүлэг /хх.6-9,22-23/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баярхүүгийн  өгсөн: “... Г.Загдаагийн баруун талын хацар нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.28-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нармандахын  өгсөн: “... Б.Итай нэг 50 орчим насны эрэгтэй хэрүүл хийгээд байсан... тэгэхэд хэрүүл хийгээд байсан Г.Загдаагийн зүүн талын хацар дээр нь жижигхэн шалбарсан цус гарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8567 дугаартай:

“1. Г.Загдаагийн биед тархи доргилт, зүүн хацрын шонтонгийн няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.38-39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Иын яллагдагчаар өгсөн: “... Г.Загдаагийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.53-55/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Загдаагийн өгсөн: “... Миний нүдэн дээр 2, 3 оёо тавиулсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Иыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Б.Иын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Б.И нь хохирогч Г.Загдаагийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, томографийн зураг авхуулсан 120.000 төгрөг, нийт 128.000 төгрөгийг нөхөн төлжээ.

Хохирогч Г.Загдаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Иаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Иын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол санал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдэв.

Б.Ит эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, гэмт хэргийн улмаас бусдад  учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Ит оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Бын И “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ит 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ит сануулсугай.

4. Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          6. Хохирогч Г.Загдаагийн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Иаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР