| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1620/Э |
| Дугаар | 1657 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 1657
2020 09 14 2020/ШЦТ/1657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч, хохирогч Д.Ж, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/,
Шүүгдэгч, хохирогч Э.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг /ҮД:2159/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Д.Ж, Э.М нарт холбогдох 2006 00000 1300 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. М Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1986 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Талх чихэр” ХХК-д худалдагч ажилтай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохойн 625 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дын Ж /РД: /,
2. М Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртайн 7 дугаар хэсгийн 40 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1а гудамжны 115 тоотод түр оршин суух, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Эийн М /РД:/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын Хар усан тохойд архидан согтуурсны улмаас иргэн Э.Мтай маргалдаж дух, хамар, эрүү, нүд, баруун гуяны тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Э.М нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын Хар усан тохойд архидан согтуурсны улмаас иргэн Д.Жтэй маргалдаж толгой, нүд, цээжин тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 09-ний орой Дэгд гэдэг хүн манай хаалгыг янзалж өгч байгаад Ж эгчийн гэр лүү явсан. Бид нар жоохон ууж сууж байгаад Ж эгчийн гар утас нь алга болоод намайг хардсаны улмаас болж хэрүүл зодоон болсон. Би Дэгд, Жийн нөхөр гээд 2 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 3 хүнд би зодуулаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед утас алга болсноос болж маргаан үүссэн. Дараа нь Ж өөрөө гар утсаа гаднаасаа олсон гэсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Жийн хохирогчоор өгсөн: “Мд гомдолтой байна. Хүний гэрт согтууруулах ундааны зүйл өөрөө барьж ирсэн. “Та өдрийн 80.000 төгрөгийн ажлаа хаяад ирж байхад утсаа барьж суулаа” гээд миний утсыг авсан. Би маргааш нь ажилтай байсан болохоор утсаа нэхсэн чинь М “та хүмүүсийн дэргэд хүнийг хулгайд сэрдэж нэр хүнд унагалаа” гэж хэлсэн. Одоо болохоор 3 хүн зодсон гэж худлаа мэдүүлэг өгөөд надад гомдолтой гээд зогсож байгаад нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Мын хохирогчоор өгсөн: “Би 3 хүнд зодуулсан. Үлдсэн 2 хүнийг хэрэгт яллагдагчаар татахгүй байгаад гомдолтой байна. Би эмнэлэгт хэвтсэн, өдрийн эмчилгээ хийлгэсэн, томограф, эход харуулсан. Эход зураг авхуулсан баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй. Нийтдээ 690.000 төгрөг болсон. Би доошоо цус алдаад хувийн эмнэлэгт үзүүлсэн тэд нар НӨАТ-ын баримт гаргаж өгөөгүй.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Жийн хохирогчоор өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн 625 тоотод байдаг манай гэрт М, Дэгд, манай нөхөр Энхбилэг бид дөрөв хамт 0.75 литрийн шилтэй Улаанбаатар архи, 2 литртэй 3 том пиво хувааж уусан. Тэр үед би гар утсаараа хүнтэй ярьж байхад М “Би өдрийн 80.000 төгрөгийн ажлаа хаяад таныг зорин ирж байхад та намайг үл тоон гар утсаа ухаад байх юм” гээд миний утсыг булааж авсан. Тэгээд бид 4 юм уугаад сууж байгаад би Маас “Гар утсаа авмаар байна” гэхэд М согтуу “Та намайг гэртээ авч ирчхээд утасны хулгайд хардаж байгаа юм уу?” гэхээр нь би “Чамайг хулгайд хардсан зүйл алга” гэсэн чинь М агсраад “Чи муу, май” гээд шууд миний баруун хацар луу гараараа нэг удаа цохиод авахаар нь би уурласан. “Ууж идсэнээ шингээ” гэж би зөрүүлээд түлхсэн чинь буцаж ирээд миний үснээс зулгаагаад авахаар нь би зөрүүлж үснээс нь зулгаасан чинь Дэгд ах салгахаар нь би баруун талын орон дээр очоод сууж байсан чинь М зүүн талын ширээн дээр байсан төмөр данх аваад шидсэн чинь миний баруун талын дух хэсгийг оносон. Тэр үед М намайг “Гацууртын янхан” гэж доромжлоод байсан чинь М өөрөө “Би цагдаа дуудна, та нар намайг зодсон” гээд цагдаа дуудсан... иргэн Мын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би ганцаараа учруулсан, тэр үед М бид хоёр харилцан зодолдож хоёр биедээ гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.7-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мын хохирогчоор өгсөн: “... орой 21 цагийн үед Дэгд, Ж болон Жийн нөхөр Эрдэмбилэг гурав ирээд манай хашааны хаалга янзалж өгөөд намайг авч буцан “Улиастайн гол орж жаахан сууя” гэхээр нь би дэлгүүр орж 0,75 шилтэй Улаанбаатар архи, том савтай “Сэнгүр” пиво аваад шууд Улиастайн гол дээр ирсэн чинь хүйтэн байхаар нь буцаад Гацууртад байдаг Жийн гэрт очсон... Жийн гэрт ороод авчирсан архи, пивоо хуваан уугаад сууж байхад Ж эгчийн гар утас алга болсон чинь Ж эгч намайг авсан гэж гүтгээд байхаар нь би “Таны гар утсыг аваагүй” гэж хэлсэн чинь Ж эгч “Чи муу гичий миний гар утсыг авчхаад өгөхгүй байна” гэж ширээ гараараа цохин босож ирээд шууд миний үснээс зулгаасан чинь Дэгд миний араас татаж том түшлэгтэй сандал дээр суулган миний хоёр гарыг холбож атгаад миний дээр гарч суусан чинь Ж “Чи муу янхан наад Дэгдтэй унтах гээд байгаа биз дээ” гэхээр нь би Жийг “Чи намайг гэртээ авч ирээд намайг яагаад зодож байгаа юм” гэж хэлсэн чинь Ж “Чи муу Солонгосын янхан” гэж доромжлоод дахин намайг сандал дээр сууж байхад үснээс зулгааж газар унагаад миний нуруу хэсэгт өшиглөөд байсан... Ж миний үснээс татаад дахин зодсон. Тэгээд намайг гэрээс гаргахгүй байхаар нь би гэрийн зүүн талын орон дээр сууж байхад Ж төмөр үнсний сав шидээд намайг оноогүй. Тэгээд би буцааж шидэх гэхэд Дэгд хориглоод намайг шидүүлээгүй, шууд миний хүзүүнээс гараараа бариад тавихгүй байхаар нь би “Чи намайг алчих” гэсэн чинь Ж зуухны төмөр тагаар миний зүүн гарын шуу хэсэгт цохисон. Тэр үед би шууд гар утсаараа цагдаад дуудлага өгсөн чинь Жийн нөхөр утас булааж аваад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би намайг бариад байсан Дэгдийн гарыг хазаж тавиулаад ширээн дээр байсан никель данхны таг аваад шидсэн чинь Жийн дух хэсэгт оносон чинь дух нь хавдаад эхэлсэн. Ж “Чи миний духыг юмаар цохисон, би чиний духыг тийм болгоно” гээд миний дух хэсэгт гараараа цохиод байсан. Тэр үед цагдаа миний гар утас руу залгаад байсан чинь Жийн нөхөр “Цагдаа ирсэн байна, одоо наад зодооноо боль, Мын утаснаас гэрийг нь зааж өгөөд энэ охиныг хүний гэрт согтуу агсам тавьсан гээд мэдүүлнэ” гэж хэлээд миний гар утсыг авч гарсан...” гэх мэдүүлэг /хх.11-14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5724 дугаартай:
“1. Д.Жийн биед тархины доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун бугалга, тохой, цээжинд цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, нүдний доор, хамар, амны зүүн хэсэг, дээд уруул, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.22-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5721 дугаартай:
“1. Э.Мын биед дух, хамар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд уруулд язрал, баруун чамархайн хуйх, баруун нүдний дээд зовхи, нүдний алимын салст, хүзүү, баруун бугалга, зүүн гарын эрхий хуруу, баруун гуянд цус хуралт, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн хацар, баруун гарын дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхбилэгийн өгсөн: “... унтаж байхад духанд юмаар цохихоор нь сэрээд хартал М данх над руу шидсэн байсан. Тэр үед М, Ж хоёр хоорондоо хэрэлдэж, үсдэлцсэн байсан. Дэгд ах бид хоёр М, Ж хоёрыг салгахад М цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Дэгд ах “Та нар чинь ууж, идэж чадахгүй ямар сонин хүмүүс вэ?, би явлаа” гэж хэлээд явсан. Тухайн үед М, Ж хоёроос өөр хоорондоо зодолдож, ноцолдсон хүн байхгүй. Дэгд ах Мыг цохиж, зодоогүй. Дэгд ах бид хоёр М, Ж хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх.81-83/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэ-Очрын өгсөн: “... тус тоотод “Намайг зодчихлоо” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад дуудлага өгөгч М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Жтэй харилцан нэгнийгээ хэл амаар доромжлон хэрэлдэж маргалдсан байдалтай байсан... хэлтэс дээр ирэх замдаа Ж, М хоёр нэгнийгээ хэл амаар доромжилж, хоорондоо нэгнийхээ үснээс зулгаасан... тухайн үед М нь “Ж намайг зодсон” гэж хэлж байсан. Ж нь ч гэсэн “М намайг зодсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.84-86/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Дэгдийн өгсөн: “... би гэртээ байж байхад М миний утас руу залгаад “Та такси барин Энхбилэгийн гэрт хүрээд ирээч” гэхээр нь би такси барьж буцаад Энхбилэгийн гэрт очсон. Намайг очиход тэр гурав нэлээн халамцуу сууцгааж байсан. Намайг очиход нэг шил архи задалчихсан байсан. Тэр архийг нь хуваан уугаад байж байтал Энхбилэг “Би маргааш өглөө эрт ажилтай унтлаа” гээд орон дээр унтсан. Гэтэл М, Ж хоёр хоорондоо хэрэлдэж, зодолдоод нэгнийхээ үснээс зулгааж, харилцан цохилцоод, хөл гараа савчуулж, салсныхаа дараа бие бие рүүгээ юм шидэлцээд байсан. Тэр үед Энхбилэг бид хоёр М, Ж хоёрыг салгаад, би тэд нарт “Би та нарын хэрүүл зодоонд оролцохгүй” гэж хэлээд тэндээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх.87-89/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Жийн яллагдагчаар өгсөн: “... хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн хэсэг, 625 тоотод хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед хуурай дүү болох Мтай маргалдан зодолдож, би Мын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тухайн үед хамт байсан гэх Дэгд, Энхбилэг хоёр бол салгасан болохоос зодсон зүйл байхгүй. Бид хоёр харилцан зодолдож, хоёр биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх.61-62/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мын яллагдагчаар өгсөн: “... хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ж бид хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор бид маргалдсан. Юунаас болж маргалдсан талаар бол өмнө мэдүүлэгт хэлсэн. Бид хоёр харилцан үснээсээ зулгаасан. Тэгэхэд тархи доргилт үүссэн. Харин бусад гэмтэл нь никель данх шидэж толгойд нь оносон. Түүнээс болж үүссэн гэмтэл байх. Өөр би гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би Жийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх.63-64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Д.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын Хар усан тохойд архидан согтуурсны улмаас иргэн Э.Мтай маргалдан түүний дух, хамар, эрүү, нүд, баруун гуяны тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Э.М нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын Хар усан тохойд архидан согтуурсны улмаас иргэн Д.Жтэй маргалдан түүний толгой, нүд, цээжин тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Жийн хохирогчоор өгсөн: “... М агсраад “Чи муу, май” гээд шууд миний баруун хацар луу гараараа нэг удаа цохиод авахаар нь би уурласан. “Ууж идсэнээ шингээ” гэж би зөрүүлээд түлхсэн чинь буцаж ирээд миний үснээс зулгаагаад авахаар нь би зөрүүлж үснээс нь зулгаасан чинь Дэгд ах салгахаар нь би баруун талын орон дээр очоод сууж байсан чинь М зүүн талын ширээн дээр байсан төмөр данх аваад шидсэн чинь миний баруун талын дух хэсгийг оносон... Мын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би ганцаараа учруулсан, тэр үед М бид хоёр харилцан зодолдож хоёр биедээ гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.7-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мын хохирогчоор өгсөн: “... Ж “Чи муу Солонгосын янхан” гэж доромжлоод дахин намайг сандал дээр сууж байхад үснээс зулгааж газар унагаад миний нуруу хэсэгт өшиглөөд байсан... Ж миний үснээс татаад дахин зодсон... Ж зуухны төмөр тагаар миний зүүн гарын шуу хэсэгт цохисон. Тэр үед би шууд гар утсаараа цагдаад дуудлага өгсөн чинь Жийн нөхөр утас булааж аваад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би намайг бариад байсан Дэгдийн гарыг хазаж тавиулаад ширээн дээр байсан никель данхны таг аваад шидсэн чинь Жийн дух хэсэгт оносон чинь дух нь хавдаад эхэлсэн. Ж “Чи миний духыг юмаар цохисон, би чиний духыг тийм болгоно” гээд миний дух хэсэгт гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.11-14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5724 дугаартай:
“1. Д.Жийн биед тархины доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун бугалга, тохой, цээжинд цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, нүдний доор, хамар, амны зүүн хэсэг, дээд уруул, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.22-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5721 дугаартай:
“1. Э.Мын биед дух, хамар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд уруулд язрал, баруун чамархайн хуйх, баруун нүдний дээд зовхи, нүдний алимын салст, хүзүү, баруун бугалга, зүүн гарын эрхий хуруу, баруун гуянд цус хуралт, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн хацар, баруун гарын дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхбилэгийн өгсөн: “... М, Ж хоёр хоорондоо хэрэлдэж, үсдэлцсэн байсан... М, Ж хоёроос өөр хоорондоо зодолдож, ноцолдсон хүн байхгүй. Дэгд ах Мыг цохиж, зодоогүй. Дэгд ах бид хоёр М, Ж хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх.81-83/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэ-Очрын өгсөн: “... М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Жтэй харилцан нэгнийгээ хэл амаар доромжлон хэрэлдэж маргалдсан байдалтай байсан... хэлтэс дээр ирэх замдаа Ж, М хоёр нэгнийгээ хэл амаар доромжилж, хоорондоо нэгнийхээ үснээс зулгаасан... тухайн үед М нь “Ж намайг зодсон” гэж хэлж байсан. Ж нь ч гэсэн “М намайг зодсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.84-86/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Дэгдийн өгсөн: “... М, Ж хоёр хоорондоо хэрэлдэж, зодолдоод нэгнийхээ үснээс зулгааж, харилцан цохилцоод, хөл гараа савчуулж, салсныхаа дараа бие бие рүүгээ юм шидэлцээд байсан...” гэх мэдүүлэг /хх.87-89/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Жийн яллагдагчаар өгсөн: “... Мтай маргалдан зодолдож, би Мын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тухайн үед хамт байсан гэх Дэгд, Энхбилэг хоёр бол салгасан болохоос зодсон зүйл байхгүй. Бид хоёр харилцан зодолдож, хоёр биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.61-62/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мын яллагдагчаар өгсөн: “... Бид хоёр харилцан үснээсээ зулгаасан. Тэгэхэд тархи доргилт үүссэн. Харин бусад гэмтэл нь никель данх шидэж толгойд нь оносон... Би Жийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх.63-64/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мын өгсөн: “намайг Д.Ж, түүний нөхөр Э.Энхбилэг, С.Дэгд нарын 3 хүн нийлж бүлэглэн цохиж зодсон...” гэх агуулгатай мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдах бөгөөд тухайн хохирогчийн мэдүүлэг нь өөр бусад эх сурвалжаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтийг хангах шаардлагагүй юм.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ж, Э.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Ж, Э.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Д.Ж нь хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэсэн, харин Э.М нь хохирогчийн хувьд нэхэмжилсэн 690.000 төгрөгийг Д.Жээс гаргуулж тухайн хохирогчид олгох нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу, хохирогч Д.Ж нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Маас, хохирогч Э.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Жээс тус тус жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Ж, Э.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Ж, Э.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт торгох ял оногдуулахаар шийдэв.
Д.Ж, Э.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Ж, Э.М нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ж, Э.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Дын Ж, М овогт Эийн М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Э.Мд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Жт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, Э.Мд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ж, Э.М нарт тус тус сануулсугай.
5. Д.Ж, Э.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Жээс 690.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Мд олгосугай.
7. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу, хохирогч Д.Ж нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Маас, хохирогч Э.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Жээс тус тус жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ж, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР