Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 602

 

 

                                                           

 

 

 

           

 

2020          07         23                                    2020/ШЦТ/602

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч Б.Ганбулган, Ц.Сүхбат,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн,

Шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл,

Шинжээч Т.Одончимэг, П.Гэндэнсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн  263.2, 2015 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лувсан овогт С.Б,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чойндон овогт Ч.Д нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Лувсан овгийн С.Б, 1956 оны 12 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 2007-2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, ам бүл 5, эх, нэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Залуучуудын өргөн чөлөө гудамж 2/3 дугаар байрны 09 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Тэнгэр рашааны гудамж Роял Каунти цогцолбор 303 дугаар байрны 402 тоотод оршин сууж байгаа, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ..............

С.Быг Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн  263.2, 2015 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Чойндон овгийн Ч.Д, 1953 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, “Петровис ойл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 3 дугаар хэсэг Сөүл Роял каунти хотхоны 303 дугаар байрны 401 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ..............................................................

Ч.Дыг Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.           

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч С.Б нь 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Бцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн ордыг ашиглалтанд оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор:

Найз Ч.Дын хувь нийлүүлсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис трейдинг” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айвенхоу Майнз Монголия Инк” /одоогийн Оюутолгой/ ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ВРАNо0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418,385,173,982.34 /Дөрвөн зуун арван найман тэрбум, гурван зуун наян таван сая, нэг зуун далан гурван мянга, есөн зуун наян хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюу толгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,

Шүүгдэгч С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу явж, Ч.Дтай бүлэглэн өөрийн том охин Б.Нандин болон Ч.Д нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью Иорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг Америкийн Нэгдсэн Улсын "Банк оф Америка" банк дахь өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ч.Д нь С.Бтай бүлэглэн Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Бынэрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор  С.Бын охин Б.Нандинтай хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью Иорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг Америкийн Нэгдсэн Улсын "Банк оф Америка" банк нь дахь С.Бын болон түүний эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шинжээч, нарын мэдүүлгийг сонсоод, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд гэмт хэргийн үйл баримт, хууль хэрэглээний асуудлыг дүгнэхэд хүрэлцээтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Прокурорын яллах дүгнэлтийг сонслоо. Шүүх хурал дээр үг хэлэх, мэдүүлэг өгөх эрх, үүргийнхээ дагуу байр сууриа илэрхийлье. Товч, тодорхой байх үүднээс мэдүүлгээ цаасан дээр буулгасан. Үүнийгээ шүүх хуралдааны тэмдэглэлд оруулах хүсэлтэй байна. Нэг талаас шүүхийн ажиллагааг бага ч гэлээ хөнгөвчилъе гэж бодсон юм. Нөгөө талаас энд ярьсан зүйл маань бүрэн бүтнээрээ, хэлсэн тоо баримтаараа, сонгосон томъёололоороо тусгагдаасай гэж хүсч байна. С.Б намайг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах болон мөнгө угаах гэх хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор үзэж байгаа. Намайг буруутгаж байгаа эдгээр үйлдлийг ерөнхий 4 хэсэгт хуваан тайлбарлаж, аль болох товч тодорхой ярихыг хичээе. Прокурорын албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан гэх дүгнэлтийн талаар яръя. Прокурорын яллах дүгнэлтийн 3 дугаар тал, 2 дахь догол мөрөнд С.Б намайг ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан гэж тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 03 дугаар 05-ны өдрийн прокурорын 190 дүгээр тогтоолд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд танилцуулсаны дараа С.Б нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн найз Ч.Дын хувь нийлүүлсэн Петровис трейдинг ХХК-ийг Оюутолгой ХХК-тай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд Петровис трейдинг ХХК нь 418 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг бий болгосон үйл баримт нотлогдсон гэж дүгнэжээ. Үйл баримт нотлогдсон гэж дүгнэснээс үзэхэд С.Б намайг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоосон баримт хэргийн материалд бий гэж ойлгож болохоор байна. Эрх зүйн урт хэллэгээр биш энгийн үгээр хэлэх юм бол миний бие ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед олж авсан ямар нэгэн чухал мэдээллийг өөрийн найз Ч.Дд өгч, түүний компанид эдийн засгийн давуу байдал бий болгон, улмаар олон зуун тэрбум төгрөгийн хууль бус орлого олсон гэж үзжээ. Яллах дүгнэлтэд намайг 1-рт: Мэдээлэл олж өгсөн, 2-рт: Ч.Дд давуу байдал бий болгосон, 3-рт: Түүнээсээ хууль бус орлого олсон гэх ар араасаа дараалсан, хоорондоо уялдаа холбоо бүхий гурван гэмт хэрэг үйлдсэн, улмаар энэ үйл баримт нь нотлогдсон гэж дүгнэсэн байна. Нотлогдсон гэх гурван үйлдлийн талаар тус тусад нь авч үзэхэд 1-рт: Аливаа мэдээлэл тодорхой тоо баримт агуулдаг. Хэрэв тийм бол ерөнхий сайд асан С.Б миний бие Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед албаны чиг үүргийнхээ дагуу чухам юуны тухай, ямар тоо баримт агуулсан мэдээллийг олж аваад, Ч.Д найздаа өгсөн гэж үзэж байгаа нь прокурорын яллах дүгнэлтэд тодорхойгүй байна. 2-рт: Эдийн засгийн давуу байдал мөнгөөр илэрхийлэгддэг. Хэрэв тийм бол Петровис трейдинг ХХК-д эдийн засгийн ямар давуу байдал бий болсон юм бэ, түүний мөнгөн илэрхийлэл нь хэдэн төгрөг юм бэ, яллах дүгнэлтэд тэмдэглэсэн 418 тэрбум төгрөг гэдэг нь Петровис трейдинг ХХК-ийн 4 жилийн борлуулалтын орлогын хэмжээ юм. Энэ 418 тэрбум төгрөгийг бүхэлдээ хууль бус орлого гэж үзэж байна уу, эсвэл түүний нэг хэсэг нь үү, энэ асуудал тодорхойгүй байна. 3-рт: Ямарч гэрээг хүн байгуулдаг. Петровис трейдинг ХХК-ийн Оюутолгой ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ВРА№0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулахад ерөнхий сайд байсан С.Б миний бие хэн гэдэг, ямар албан тушаалтай хүнд ямар нөлөө, яаж үзүүлсэн гэдэг нь яллах дүгнэлтэд тодорхойгүй байна. Миний бие ямар нэг ач холбогдолгүй тоо баримт нэхээд, эсвэл сониуч зан хөдлөөд асууж лавлаад байгаа юм биш. Энэ бол ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Б намайг үйлдсэн гэх эрүүгийн гэмт хэргийн гол суурь нь гэхээр асуудлууд юм. Эдгээр асуултын тодорхой хариулт буюу намайг гэм буруутайг нотлон тогтоосон баримт хэргийн материалд байсан бол би энд олон юм ярьж, өөрийгөө өмөөрөхгүй, хуульд заасан хариуцлагаа үг дуугүй хүлээхэд бэлэн байна гэдгээ шүүхийн өмнө мэдэгдэж байна. Гэтэл хэргийн материал, яллах дүгнэлт болон Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолд тийм нотлох баримт алга байна. Харин том жижиг алдаа, нотолгоогүй дүгнэлт яллах дүгнэлт болон прокурорын тогтоолд цөөнгүй байна. Наад захын нэгэн жишээг хэлэхэд Нийслэлийн прокурорын газрын 101 прокурорын тоот тогтоолд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын чуулганд  танилцуулсаны дараа С.Б нь өөрийн найз Ч.Дд энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн чухал мэдээ дамжуулсан гэж бичсэн байна. Гэтэл бодит амьдрал дээр тийм зүйл огт болоогүй. 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганд би Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг танилцуулаагүй, тэр чуулганаар энэ гэрээг огт хэлэлцээгүй бөгөөд юу хэлэлцсэн гэхээр, Монгол Улсын зарим хуулинд буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Усны тухай хууль, Авто замын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцээд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаагдсан байдаг. Хэргийн материалд энэ тухай албан ёсны мэдээлэл байгаа. Тиймээс намайг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хуралд танилцуулсны дараа өөрийн найз Ч.Дд энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн чухал мэдээ дамжуулсан гэж үзсэн нь Авилгатай тэмцэх газарт мөрдөгчид болон прокуроруудын таамаг сэжиг төдий зүйл юм. Гэхдээ энэ бол тогтож яриад байхаар том алдаа биш гэж бодож байна. Асуудлын гол нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэзээ, хаана, яаж хэлэлцсэндээ байгаа юм биш. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд аль нэгэн компанид давуу байдал бий болгох боломжтой ямар нэгэн нууц, чухал мэдээлэл байна уу, үгүй юу гэдэгт асуудлын гол оршиж байгаа юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол нээлттэй баримт. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж байх үед ч нээлттэй байсан. 2009 оны 10 дугаар сард Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, тодорхой нөхцөл тавьсан. Тэр нөхцөлүүд биелэсний дараа 2010 оны 04 дүгээр сараас хүчин төгөлдөр болсныхоо дараа ч өнөөг хүртэл нээлттэй байгаа эрх зүйн гэрээ. Энэ гэрээ болон түүний хавсралтад улсын болон бизнесийн ямар нэгэн нууц байхгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 16 бүлэг, 300 гаруй зүйл, заалттай том гэрээ. Энэ гэрээнд ямар нэгэн компанид бизнесийн давуу тал бий болгож, хууль бусаар орлого олох ямар нэгэн сэжүүр,тоо баримт, мэдээлэл огт байхгүй. Тэр тусмаа энэ гэрээний зүйл, заалт дотор ямарч компани,түүний дотор шатахуун түлш нийлүүлдэг Петровис трейдинг ХХК-д давуу байдал бий болгох, хууль бус орлого олох ямар нэгэн мэдээлэл огт байхгүй юм. Энэ бол дэндүү мэдээжийн гэмээр зүйл. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гарчиглан гүйлгэж харсан хэнд ч гэлээ ойлгомжтой асуудал юм. Тиймээс яллах дүгнэлтэд тэмдэглэсэнчлэн С.Б нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх үед албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан гэх дүгнэлт нь эрх зүйн талаасаа үндэсгүй юм. Эрх зүйн талаас үндэсгүй байхаас гадна энгийн амьдрал, бизнесийн талаасаа ч учир шалтгаан, утга холбогдол огт байхгүй дүгнэлт гэж би хэлэх байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, Петровис трейдинг ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож хууль бус орлого олсон гэх дүгнэлтийн талаар яръя. Прокурорын яллах дүгнэлтэд намайг албан тушаалаа урвуулан ашигласан, Петровис трейдинг ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож хууль бус орлого олсон, тэр хууль бус мөнгөө угаасан гэж буруутгаж байгаа. Намайг үйлдсэн гэж үзэж байгаа гэмт үйлдлийг нотлох баримтын гол үндэс нь Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлт юм байна гэж би ойлгосон. Тийм ч учраас Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчдийн гаргасан энэ дүгнэлтийг би өөрийн чадлаар тогтож судалсан. Өөрөө судлахаас гадна холбогдох мэргэжлийн хүмүүсээр нягтлуулсан. Түүнчлэн Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчдийн ашигласан баримт дотор илт дутагдаж байгаа, тэдний нягтлаж тодруулаагүй орхисон зарим тоо баримтыг би Оюутолгой ХХК болон Петровис Трейдинг ХХК-д хандан албан ёсоор хүсэлт тавьж авсан. Би Оюутолгой ХХК болон Петровис Трейдинг ХХК-иас авсан баримтаа хэрэгт хүлээлгэн өгсөн байгаа. Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлтийн талаар энэ шүүх хуралдаан дээр нилээн нухацтай ярьж, энэ дүгнэлтийн үндэстэй, үндэсгүйг тогтоох ёстой гэж би үзэж байна. Би хувьдаа тэр дүгнэлтийг нь шулуухан хэлэхэд тун хариуцлагагүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Аж ахуйн бизнесийн гэрээ гэдэг бол нарийн зүйл. Хэдийгээр би хуульч мэргэжилтэй ч, аж ахуйн гэрээний талаарх мэдлэг минь маруухан, ялангуяа шатахуун түлш нийлүүлэх, худалдан авах гэрээний нарийн ширийнийг сайн мэдэхгүй. Тийм учраас энэ талаар олон юм нуршихгүй. Гагцхүү Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлтийн миний анхаарал гойд татаж, гайхал төрүүлсэн, энэ дүгнэлтийг хариуцлагагүй дүгнэлт гэж үзэх болсон наад захын хэдэн баримтыг дурдъя. 1-рт: Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлтэд дизель түлшийн Улаанбаатар хот дахь жижиглэнгийн үнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгаа Оюутолгой орд газрын сайт дээрх үнэтэй шууд харьцуулсан байна. Ингэхдээ Улаанбаатараас Чойр хүрэх 240 км төмөр замаар, мөн Чойроос Оюутолгойн уурхай хүртэлх 450 км автомашинаар зөөвөрлөхөд тодорхой хэмжээний зардал гарна. Гэтэл шинжээчид тээврийн зардлыг тооцолгүй үнийн харьцуулалт хийсэн байна. Энэ нь надад даанч дээ гэмээр санагдсан. Тэр олон мянган тонн түлшийг тэр олон зуун километрийн цаана байгаа газар хүргэхэд үлэмж зардал гарч таарна. Гэтэл Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчид гаргасан гэх дүгнэлтэд үүнийг огт тооцоогүй байх юм. Өндөр мэргэжлийн шинжээчид гэж Авилгатай тэмцэх газар сонгож авсан шинжээчид ийм мэдээжийн ноцтой алдаа гаргасанд харамсаж байна. 2-рт: Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчид Оюутолгой ХХК нь 2007-2013 онд Петровис трейдинг ХХК-иас түлш,  шатахууныг худалдан авахдаа шатахуун ханган нийлүүлэгч бусад компаниудаас харьцангуй өндөр үнээр худалдан авалт хийж байсан байна хэмээн дүгнэжээ. Аль нэг компанид түлш нийлүүлэх үнэ нь тээврийн зардлаас гадна тухайн үеийн түлшний импортын үнэ өөрөөр хэлбэл Оросын Холбооны Улсаас ямар үнээр худалдан авч байгаагаас болон валютын ханш зэрэг Монголоос үл хамаарах олон хүчин зүйлс нөлөөлдөг. 2013 оноос Оросын Холбооны Улсад улс төрийн байдал хурцдаж, Орос-Украины харилцаа, Крымийн хойгийн асуудлаас болж Оросын Холбооны Улсын эсрэг Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбоо хориг арга хэмжээ авсан зэргээс хамаарч Оросын Холбооны Улсаас манайд нийлүүлдэг түлш шатахууны үнэ 2014 оноос хойш огцом унасан. Петровис трейдинг ХХК нь Оюутолгой ХХК-д 2009-2013 онд дизель түлш нийлүүлж байх үед шатахууны импортын үнийн дундаж нь 942 ам.доллар байсан. Гэтэл түүний дараагаар буюу 2014-2017 онд Шунхлай ХХК, М-Ойл ХХК-иуд Оюутолгой ХХК-д дизель түлш нийлүүлж байх үед импортын үнэ 942 ам.доллар биш 627 ам доллар буюу 300 гаруй ам доллараар буурсан үнээр оруулж ирдэг байсан байна. Наушкиас наашаа тээвэрлэсэн үнэ зэргээ оруулсан ч гэсэн Шунхлай ХХК, М-Ойл ХХК-иудын Оюутолгой ХХК-д нийлүүлсэн дизель түлш Петровис трейдинг ХХК-иас хямд байх нь ойлгомжтой. Оросын Холбооны Улсаас авч байгаа импортын үнийн огцом унасан ийм том зөрүүг Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчид гаргасан тооцоондоо тусгалгүй, Петровис трейдинг ХХК нь Оюутолгой ХХК-д өндөр үнээр шатахуун нийлүүлж байсан гэх дэндүү гэнэн гэмээр дүгнэлт хийсэнд би гайхаж байна. 3-рт: Петровис трейдинг ХХК нь бусад компаниудад өгдөг үнээсээ өндөр үнээр бүтээгдэхүүнээ Оюутолгой ХХК-д худалдаж, хууль бус орлого олж байв уу гэдгийг хэргийн материалд буй баримтаас би нягтлаж үзтэл бодит байдал нь эсрэгээрээ байх юм. Хавтаст хэргийн 451 дугаар хавтасны 245 дугаар талд авагдсан баримтаар Петровис трейдинг ХХК нь энэ хугацаанд зөвхөн Оюутолгой ХХК-д ч биш Оюутолгойн орд газар дээр туслан гүйцэтгэх ажил гэрээгээр гүйцэтгэж, хөрс хуулах, ил уурхай гаргаж зохион байгуулах, ачаа бараа тээвэрлэн хүргэх зэрэг ажил хийж байсан Монголын Хэт ХХК, Моннис ХХК, Хасу Мегаватт ХХК, Мэжор дриллинг ХХК, Хаанза ХХК, Гео Мандал ХХК, CIS Mонголиа ХХК, Гаруда Транс ХХК-иудад 2009-2013 онд Петровис трейдинг ХХК-иас нийлүүлж байсан түлшний үнээс Оюутолгой ХХК-д нийлүүлж байсан үнэ нэг тонн тутамд 130.000-170.000 орчим төгрөгөөр хямд байсан байх юм. Тухайн цагт, тухайн компаниудын шатахуун түлш худалдан авч байсан үнэ гэдэг бол хайгаад олдохгүй нууц мэдээлэл огт биш. Петровис трейдинг ХХК-иас лавлаж тодруулж болно. Эсвэл дээр дурдсан хэдэн компани болон газрын тосны газар руу албан бичиг явуулж, эсвэл утасдаж сураглаад мэдэж болох энэ баримтыг Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчид аваагүй юу, авсан ч тоогоогүй юу. Үүнийг хэлэх боломжгүй байна. 4-рт: Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчдийн гаргасан тооцоонд үндэслэсэн яллах дүгнэлтэд яллагдагч С.Б нь Петровис трейдинг ХХК-д 418 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг олгож гэсэн байдаг. Гэтэл 2013 оноос хойш Шунхлай ХХК, М-Ойл ХХК-иуд үүнээс ч богино хугацаанд, үүнээс илүү борлуулалтын орлого олсныг шинжээчид анзаараагүй байх юм. Жишээ нь Петровис трейдинг ХХК нь 7 жилийн хугацаанд 418 тэрбум төгрөгийн шатахуун Оюутолгой ХХК-д борлуулсан бол Шунхлай ХХК, М-Ойл ХХК нар 4 жилийн дотор 535 тэрбум төгрөгийн шатахуун Оюутолгой ХХК-д борлуулсан байна. Гэхдээ борлуулалтын орлогын хэмжээг механик аргаар харьцуулах нь ач холбогдол багатай гэж үздэг юм байна. Учир нь түлшний импортын үнэ, валютын ханш зэргээс хамаараад Оюутолгой ХХК-д шатахуун нийлүүлж ирсэн бүх компаниудын борлуулалтын орлого нь хэлбэлздэг байж. Шатахуун нийлүүлж ирсэн бүх компаниудын борлуулалтын орлогын 80 орчим хувь нь бүтээгдэхүүн худалдаж авах өртөг болон татварууддаа явдаг юм байна. Өртөгөө нөхөөд, бүх татвараа төлөөд Оюутолгой ХХК-тай гэрээгээр тохирсон үнийн томъёоны дагуу 5%-ийн ашиг авах тогтсон жишгээр ажилладаг юм байна. Энэ жишгийг Оюутолгой ХХК 2006 оноос тогтоож, тэр нь одоо болтол мөрдөгддөг учраас энэ компанийн шатахуун түлшийг өндөр үнээр авсан, тэр компанийн шатахуун түлшийг бага үнээр авсан гэж хийсвэрээр дүгнэх үндэслэлгүй юм. 5-рт: Нийслэлийн прокурорын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолд Петровис трейдинг ХХК болон Оюутолгой ХХК-иуд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зурсан гэрээг ерөнхий сайд асан С.Б байгуулуулсан гэж тэмдэглэсэн байсан. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн прокурорын шинэ тогтоол болон сая уншиж танилцуулсан яллах дүгнэлтэд энэ өгүүлбэрийн томъёолол арай өөрчлөгдсөн байгаа хэдий ч дээрх тогтоолд  Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээний зүйл, үнийн дүнг их хэмжээгээр нэмэгдүүлж, шинэчлэн байгуулсанаас нэгтгэн дүгнэхэд Оюутолгой ХХК болон Петровис трейдинг ХХК-уудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд Петровис трейдинг ХХК-д эдийн засгийн хувьд давуу байдал бий болгосон үйл баримт нотлогдсон гэжээ. Аж ахуйн хоёр нэгжийн хооронд байгуулсан энэ гэрээ тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан надад уг нь ямар хамаа байх билээ. 2002 оноос хойш Оюутолгой ХХК-д түлж шатахуун нийлүүлсээр ирсэн, жил жилдээ гэрээгээ сунгаад яваа хоёр компанийн дуундуур би орох ямар ч шаардлага, боломж байхгүй. Гэхдээ нэгэнт үүнийг надад хамаатуулж, энэ хоёр компани гэрээ  байгуулахад нь нөлөөлсөн гэж үзээд байгаа учраас 2009 оны энэ гэрээг 2008 оны гэрээтэй нь би зориуд харьцуулж үзсэн. Петровис трейдинг ХХК, Оюутолгой ХХК нарын хооронд байгуулсан 2009 оны гэрээг 2008 оны гэрээтэй харьцуулвал Петровис трейдинг ХХК-д давуу байдал олох байтугай харин ч төлбөр авах, орлого олох гэрээний нөхцөл нь дордсон байх юм. Жишээ нь: 2008 оны гэрээгээр нэг тонн шатахуун бүрт бодогддог байсан даатгалын төлбөрт 3272 төгрөг бодогддог байж. Гэтэл 2009 оны гэрээнд даатгалын энэ төлбөр нь огт ороогүй байна. Мөн Чойроос Оюутолгой уурхайн агуулах хүртэлх 450 км-ийн 1 тонн түлшний тээврийн зардал 2008 онд 121.500 төгрөг байснаа 2009 онд 99.000 төгрөг болж буурсан байх юм. Мөн нэг тонн шатахуун бүрт 2008 онд тооцож байсан тогтмол зардал 100.000 төгрөг байсан бол 2009 онд 79.000 төгрөг болж буурсан байна. Ингэхээр ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Б миний бие энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээнд нөлөөлсөн гэж үзэж байгаа бол, энэ нөлөөлөл нь Петровис трейдинг ХХК-д эдийн засгийн давуу байдал олгосон биш, харин ч эсрэгээрээ өмнөх гэрээний нөхцлийг дордуулан хохироож, олох орлогыг нь хороосон болж таарч байна. Ийм тодорхой зүйлийг хараагүй, ганцхан жилийн ялгаатай хоёр гэрээг харьцуулж чадаагүй шинжээчид Петровис трейдинг ХХК болон Оюутолгой ХХК нарын хооронд байгуулсан 2007-2013 оны хоорондох 7 жилийн турш хийсэн гэрээ, түлш шатахуун бизнесийн бодит байдал, бодит үнэнийг тогтоож чадах уу гэдэгт миний зүгээс өөрийн эрхгүй эргэлзээ төрж байна. Үүнийг Мишээл Од Аудит ХХК гэх компанийн шинжээчид харьцуулан судлаж яагаад үзээгүй юм бол. Дараалсан хоёр оны гэрээг нь харьцуулж үзэлгүйгээр аль нэг компанид эдийн засгийн давуу байдал олгосон гэж Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчид маань яаж дүгнэж чадаж байна. Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчид гаргасан тооцоо, дүгнэлтэд энэ мэтийн алдаа, дутуу дулимаг зүйл цөөнгүй байна. Яагаад үүнийг анхаараад байна гэхээр нэгэн үе Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан миний хувь заяаг шийдэх, миний буруутай, буруугүйг шийдэх учиртай, прокурорын яллах дүгнэлтийн гол баримт болсон учраас би шинжээчийн дүгнэлтийг сайн судалсан юм. Гэтэл тэдний хийсэн дүгнэлт нь ийм хариуцлагагүй болсон байна. Хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Ийм л дүгнэлтийг үндэслэж нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Б намайг албан тушаалаа урвуулан ашигласан, аль нэг компанид давуу байдал үүсгэсэн, хууль бус орлого олсон, хууль бус тэр орлогоо угаасан хэмээн өнөөдөр яллаж байна. Мишээл Од Аудит гэх компанийн шинжээчдийг санаатайгаар, атгаг зорилгоор ийм дүгнэлт гаргасан гэж би бодохгүй байна. Гэхдээ л тэдний гаргасан гэх хариуцлагагүй иймэрхүү дүгнэлт нь гэмгүй хүнийг гэмтэй болгон харагдуулж, хувь заяа, ирээдүйн амьдралыг нь бүрэн баллаж магадгүй юм байна гэдгийг би яс махандаа тултал ойлголоо. Хамгийн ноцтой нь юу гэхээр, шинжээчдийн тооцоонд үндэслэн гаргасан прокурорын яллах дүгнэлтийн холбогдох хэсэгт С.Б нь Петровис трейдинг ХХК-д 418 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж дүгнэсэн. Оюутолгой ХХК, Петровис трейдинг ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг Ерөнхий сайд байсан надтай нотлох ямар нэгэн баримтгүйгээр холбоод, бүр цаашлаад Монгол улсад хүнд хор уршиг учруулсан гэж өнөөдөр намайг яллан буруутгаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа би Монгол улсдаа хүнд хор уршиг үнэхээр учруулсан бол тухайн үеийн өндөр албан тушаалын эрх мэдэлтэй дүйх хатуу хариуцлага хүлээх ёстой. Үнэхээр би тэгж арчаагүй загнасан бол хатуу хариуцлага хүлээхэд өнөөдөр бэлэн байна. Даанч гомдмоор байна. Гэтэл нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Б намайг Монгол улсдаа чухам ямар хор уршиг, яаж учруулсан гэж үзэж байгаа нь яллах дүгнэлтэд тодорхой бус. Миний учруулсан гэх тэр хор уршгийн хэлбэр нь юу юм, хэмжээ нь яг хэд гэдэг нь ч тодорхойгүй. Яллах дүгнэлтийн хавсралтын ард нь байгаа эрүүгийн хэргийн хохирлын болон гэмт хэрэг үйлдэж олсон орлогын тооцоо гэх баримтад С.Б гэх нэрийн эсрэг хүнд хор уршиг гэсэн хэрнээ мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй гэж тэмдэглэсэн байдаг. Хэмжиж болдоггүй, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй хүнд хор уршиг гэж юу вэ гэж би асуугаад хариултыг хариу авч чадалгүй өнөөг хүрлээ. Оюутолгой ХХК-ийн алдагдал маш өндөр байна гэж Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтэд бичсэн байсан. Хэрэв тийм бол хохирогч нь Монгол Улс биш, Оюутолгой ХХК юм байна гэж шинжээчид маань үзэж байгаа юм болов уу. Эсвэл Ерөнхий сайд байсан миний нөлөөгөөр байгуулагдсан гэх 2009 оны гэрээг 2008 оны гэрээтэй харьцуулвал хамаагүй дордуулсан нөхцөлөөр шатахуунаа нийлүүлэх болсон Петровис трейдинг ХХК хохирогч уу. Намайг зүйлчлэн яллаж буй 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт “уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол...” гэж нөхцөлдүүлэн заасан байна. Гэтэл хэн, яаж хохирсон болон учирсан хохирлын тодорхой хэлбэр, хэмжээ нь тогтоогдоогүй байхад тодорхой хэмжээний ялтай энэ зүйл ангиар намайг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Шулуухан хэлэхэд гомдолтой байна. Хууль бус хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу явсан гэх дүгнэлтийн талаар яръя. 1-рт: Миний Америкийн Нэгдсэн Улс руу явах болсон учир шалтгааныхаа талаар товчхон хэдэн үг хэлье. Би 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа би Бүгд Найрамдах Солонгос Улсад эрчимт эмчилгээ хийлгэж хоёр сар орчим болсон. Тэндээсээ удаан хугацааны эмчилгээ хийлгэхээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хот руу эхнэр Э.Сувдын хамт явсан юм. Яагаад Сиэтл хот гэхээр би тэнд 1993-1996 онд ажиллаж, их сургуульд багшилж, төсөл дээр ажиллаж, амьдарч байсан юм. Би Сиэтл хотын Ю-Даб эмнэлэгт өмнө нь эмчилгээ хийлгэж байсан. Миний өвчний түүх, эмчилгээний карт, эмчилж байсан эмч нар маань тэнд байсан. Тэд надад Бүгд Найрамдах Солонгос Улсад тавьсан оношийг судлаж үзээд, Ю-Даб эмнэлгийн эмч нар элэг солиулах мэс засал хийхгүйгээр терапи эмчилгээ хийх боломжтой гэдгээ илэрхийлсэн дүгнэлтийг 2009 оны сүүлээр надад ирүүлсэн. Миний охид болон миний эхний эхнэр н.Гэрэлтуяа нар Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хот амьдарч байсан тул Ю-Даб эмнэлгээр хөөцөлдөж байгаад үүнийг бүтээсэн байдаг. Тэднийхээ ачаар, найз нөхдийнхөө дэмжлэг, туслалцааны ачаар би зөв газар руу, цагаа зөв олж явсан тул энэ бүхний ачаар би элгээ солиулаагүй, Америкийн Нэгдсэн Улсад хийсэн эмчилгээ амжилттай болж би амь гарсан. Үүнийгээ би сайн мэддэг, хувь заяандаа талархаж явдаг. Хувийн эрүүл мэндийнхээ тухай олны өмнө дэлгэж яриад зогсож байх нь онцгүй, надад эвгүй байгаа хэдий ч намайг Монгол Улсад хүнд хор уршиг учруулан, түлш шатахуун шахаж олсон хууль бус орлогоо нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу найзтайгаа явсан гэж яллаж байгаа тул энэ тухай ярихаас өөр аргагүй байна. Би элэгний архаг өвчтэй хүн. Энэ нь сүүлдээ зүрхний үйл ажиллагаанд нөлөөлсөн. Ерөнхий сайдаар ажиллаж байхад 2009 оны хавар миний бие гэнэт муудаж, би ойр ойрхон эмнэлэгт хэвтэж, манай засгийн газрын гишүүд, сайд нар асуудлаа танилцуулж, улсын нэгдсэн 2 дугаар эмнэлэгт очиж надаар гарын үсэг зуруулж байсан. Тэр үед надад өргөдлөө өгөөд ажлаа хүлээлгэж өгөх боломж байсан. Гэтэл миний хувьд заавал хийх ёстой, ерөнхий сайд С.Б гэх нэртэй шууд холбоотой Атрын III аяныг өрнүүлэх асуудал, иргэдийн иж бүрэн бүртгэлийн тогтолцооны нүсэр ажлаа эхлүүлсэн байсан, Оюутолгойн гэрээ байгуулах зэрэг ажлын цаг нь шахсан байсан. Би шахаж байж хийлгэхгүй бол өнгөрчих юм шиг санагдсан, дуусаагүй ажил олон байсан тул ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Монгол Улсын тухайн үеийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын холбогдох гишүүд миний биеийн байдлын талаар сайн мэдэж байсан. Ер нь бол би хууль бус орлогоо нуухаар Америкийн Нэгдсэн Улс руу яваагүй юм. Энэ нь хувь хүний хувьд, Монголын төрд зүтгэж байсан хүний хувьд надад гутамшигтай сонсогдож байна. Монгол Улс бол парламентын Бүгд Найрамдах Улс юм. Ерөнхий сайд гэдэг бол улс төрд зүтгэж байгаа, улс төрд өөрийгөө сорьж яваа хүний хувьд хүрч болох хамгийн дээд оргил. Энэ оргилоос татгалзана, эхэлсэн ажлаа дуусгалгүй явах бол амаргүй. Гэвч Засгийн газрын ажлыг эмнэлгийн орон дээрээс, эсвэл гадаадаас удаан удирдах боломжгүйг би өөрийн биеэр мэдсэн, мэдэрсэн хүн. Тийм учраас Оюутолгойн гэрээг 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор үзэглэсний дараа би төр засгийн бусад удирдлагатай зөвлөлдөөд, Ерөнхий сайдын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнээс хоцорсон бол миний өвчин хүндрэх байсан. Ажлаасаа чөлөөлөгдөөд би Бүгд Найрамдах Солонгос Улсад эрчимт эмчилгээнд хүргэгдсэн. Тэндээсээ Ю-Даб эмнэлгийн шийдвэр, зөвшөөрөл гарсны дараа Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хот руу явсан. Америкийн Нэгдсэн Улс явах болсон бодит учир шалтгаан энэ юм. Тэрнээс яллах дүгнэлтэд бичсэнчлэн миний бие олсон хууль бус орлогоо нуун далдлах гэж, мөнгө угаах гэж найз Ч.Дтай бүлэглэн Америкийн Нэгдсэн Улс руу яваагүй. Үүнтэй холбогдуулан хэлэхэд миний хажууд сууж байгаа Ч.Д гэх хүн хэн юм бэ, энэ хүнтэй би ямар холбоотой талаар товч өгүүлъе. Би боддог юм. Хэрэв Ч.Д гэдэг хүн нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Б гэх хүний дотны найз байгаагүй бол түүний насаараа эрхэлж ирсэн нефть импортын ажил, тэндээс олсон ашгаараа Америкийн Нэгдсэн Улсад эхлүүлсэн үл хөдлөх хөрөнгийн бизнес олны анхаарал татаж, эцэстээ эрүүгийн хэргийн хэмжээнд хүрэх байсан уу, үгүй юу. Гэтэл Ч.Д улс төрч С.Б надтай тэр ойр дотно, хар багаасаа найзалж нөхөрлөсөн учраас намайг дагасан улс төрийн бохир шавар, манан будан Ч.Дыг тойрсонгүй. Одоо тэрээр надтай хамт шүүгдэгчийн сандалд сууж байна. Хий хоосон улс төржилтийн харгай унаган залуугаасаа үерхсэн хоёр найз дээр яаж тусдагийг бид одоо амсаж явна. Улс төржилтийн тухай би үгийнхээ төгсгөлд хэдэн үг хэлнэ. Ч.Д бид хоёр бага залуугаасаа үерхсэн анд найзууд. Би Ч.Дын, Ч.Д миний хүүхдүүдийг багаас нь мэднэ. Бид нар гэр бүлээрээ найз байсан. Миний эхний эхнэр н.Гэрэлтуяа ч гэсэн Ч.Дтай, түүний гэр бүлтэй нь ойр дотно харилцаатай. Намайг Оросын Холбооны Улсад элчин сайдаар сууж байхад миний хуучин эхнэр н.Гэрэлтуяа Петровис ХХК-д гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм. Тиймээс Ч.Д миний охин Б.Нандинтай ямар учраас хамтран бизнес хийх болсон талаар би гэхээ илүү Ч.Д ярих нь зүйтэй байх. Товчхон дурдахад Б.Нандин бол банкны хөрөнгө оруулалтын мэргэжилтэй. Тухайн үед Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотод ажиллаж, амьдарч байсан. Ч.Дын санаачилсан энэ бизнесийн менежментийг нь хариуцаад, ашгийн 15%-ийг авч ажиллахаар тохирсон гэж надад хэлж байсан. Ч.Д, Б.Нандинтай хамтран хийж байсан бизнест нь миний хоёр дахь охин Б.Бадамханд тусалж байсан. Гадаадын хэд хэдэн хэлтэй учраас Ч.Дын гадаад улс дахь банкны данс, тооцоо, төлбөрийн асуудалд орчуулагч, хэлмэрчээр тусалж байсан гэсэн. Ч.Д, Б.Нандин хоёр Америкийн Нэгдсэн Улсад хийх бизнесээ миний хамаарал, оролцоогүй эхэлсэн. Тэр үед Б.Нандин Америкийн Нэгдсэн Улсын иргэнтэй сууж, өөрөө ч тус улсын иргэн болсон байсан. 2004-2005 оны үе шиг санаж байна, би эхний эхнэр н.Гэрэлтуяагаас салаад 5-6 жил болсон байсан, намайг Оросын Холбооны Улсад элчин сайдаар ажиллаж байхад Ч.Д, Б.Нандин хоёр хамтраад бизнес эрхлэх тухайгаа хэлсэн. Гэхдээ энэ тухайгаа тэр хоёр надтай гэхээсээ Б.Нандингийн ээж н.Гэрэлтуяатай ярилцаж, зөвлөлдөж байсан юм билээ. Миний хувьд гэвэл би тэр үед эхнэр н.Гэрэлтуяагаас салаад 5-6 жил болсон байсан. Гэхдээ Ч.Д миний охины мэдлэг чадварыг нь үнэлж, олон сая долларын бизнес Америкийн Нэгдсэн Улсад хамтран хийх санал охинд минь тавьсан гэж дуулаад би баярласан, охиноороо бахархсан, Ч.Д найздаа одоо ч баярлаж явдаг. Аав хүний хувьд бахархах, талархах сэтгэл төрөх нь ойлгомжтой. Ч.Д, Б.Нандин хоёр Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хот, Сиэтл хотуудад нийтдээ 9 үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байна. Эдгээр есөн байрны эхний тавыг нь засч тохижуулан түрээслэж байх тэр үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах бүү хэл, би ерөнхий сайд болоогүй байсан үе. Тухайн үед би Оросын Холбооны Улсаас буцаж ирээд намын сонгуульт ажил эрхэлдэг байсан. Намайг 2010 онд Америкийн Нэгдсэн Улсад эмчилгээнд очих үед Ч.Д, Б.Нандин нарын бизнес тав дахь жилдээ үргэлжилж байсан. Яллах дүгнэлтээс үзэхэд Ч.Д, Б.Нандин нарын 2010 оноос өмнө худалдаж авсан эхний таван байрыг надтай холболгүй, харин 2010 оноос хойш авсан 4 байшинг надтай холбож, мөнгө угаах гэмт хэрэг зохион байгуулсан гэж дүгнэж байгаа. Мөнгө угаах гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулинд 2009 онд нэмж, 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш дагаж мөрдөх болсон. Тиймээс прокурорын тогтоолд дурдсанчлан миний  эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө худалдан авсан 5 удаагийн үйлдлээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзсэн. Прокурорын дээрх шийдвэрийг би хүндэтгэж хүлээн авсан. Гэвч яллах дүгнэлтийн дээрх заалтыг эрх зүйн талаас нь ойлгож хүлээн авч болох боловч амьдралын болон бизнесийн үйл ажиллагааны утга авцалдаа илэрхий алдагдаж байна. Амьдралын энгийн логикоор бол 4 байр надтай холбогдож байгаа юм чинь, Ч.Д, Б.Нандин нарын Америкийн Нэгдсэн Улсад худалдан авсан бүх байрыг бүгдийг нь надтай холбоод, холболдолгүй гэж үзвэл бүгдийг нь холбохгүй баймаар юм. Тэрнээс надтай, надгүй явж байсан бизнесийг С.Б гэх нэртэй заавал холбож, энэ бизнесийн дунд үеэс нь холбож, 2010 оноос мөнгө угаасан гэж үзэж байгаа нь утга авцалдаагүй юм. Яллах дүгнэлт болон прокурорын 101 тоот тогтоолд тусгагдсан прокурорын байр суурь ч хоёрдмол, салаа утгатай байгаа нь үүний учрыг ухаж ойлгоход бүр хүндрэлтэй болгож байна. Тухайлбал  2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн прокурорын 101 тоот тогтоолд С.Б, Ч.Д нарын Америкийн Нэгдсэн Улсад 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө 5 удаагийн үйлдлээр худалдан авсан 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө нь дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө хийгдсэн худалдан авалт байх тул гэж заасан нь Америкийн Нэгдсэн Улсад авсан эхний 5 байрыг С.Б, Ч.Д нар хамт худалдаж авсан гэж шууд нэр зааж, 5 удаагийн үйлдлээр худалдан авсан 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө гэж томъёолсноос нь үзвэл дээрх 5 байрыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгөн орлогоор авсан гэж ойлгогдохоор байна.  Өөрөөр хэлбэл мөнгө угаах үйлдэл 2007 оноос эхэлсэн, гагцхүү яллагдагч С.Бын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2010 оноос өмнөх энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж ойлгогдож байна. Хэрэв тийм бол миний бие 2006-2007 онд ерөнхий сайд болохоосоо өмнө ямар албаны эрх мэдэл урвуулан ашигласан юм бэ, нөгөөтэйгүүр мөнгө угаах үйлдэл Америкийн Нэгдсэн Улсад 2006-2007 онд эхэлсэн гэж үзэж байгаа бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ямар мэдээлэл олж аваад хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүсэн байж таарах вэ. Товчхон хэлэхэд аваагүй албан тушаалыг яаж урвуулан ашиглах юм бэ. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ сураггүй байхад яаж мэдээлэл олж авах юм бэ. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн прокурорын 101 тоот тогтоолд С.Б, Ч.Д нарын үйлдэлд бизнес хийж, ашиг олох бус, Оюутолгой ХХК-иас “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээний дагуу олсон орлого, ашгийг үл хөдлөх хөрөнгө болгон хувиргах, уг хөрөнгийг ашиг үл харгалзан борлуулж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэр бий болгосныг хууль бусаар олсон орлого, түүний бодит шинж чанар, байршлыг нуун далдалсан гэмт хэргийн шинжийг агуулсан идэвхтэй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ. Тогтоолын энэ заалтаас үзэхэд мөнгө угаах үйлдэл нь Петровис трейдинг ХХК, Оюутолгой ХХК хоёр “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээг 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулснаас хойш эхэлсэн гэж прокурор үзсэн нь тодорхой. Хэрэв тийм бол шатахууны энэ гэрээ байгуулагдахаас өмнө Ч.Д, Б.Нандин нарын Америкийн Нэгдсэн Улсад авсан эхний 5 байрны хөрөнгийн эх үүсвэр нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого биш болж байна. Прокурорын байр суурь үүн дээр илт зөрчилдөж байна. Харин 2010 оноос хойш С.Б миний бие Ч.Дтай бүлэглэн Америкийн Нэгдсэн Улсад авсан 4 байрны хөрөнгийн эх үүсвэр нь Петровис трейдинг ХХК, Оюутолгой ХХК хоёрын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” ВРА№0027 дугаартай гэрээ юм гэж прокурор дүгнэсэн байна. Энэ гэрээ надад хамаагүй, түүнийг байгуулахад миний оролцоо байгаагүй талаар би түрүүн ярьсан. Гэхдээ Ч.Д бид хоёрыг холбон бүлэглэж хууль бус орлого олсон, мөнгө угаахаар Америкийн Нэгдсэн Улс явсан гэж прокурор үзсэн учраас би мөнгөний эх үүсвэр, хөрөнгө оруулалтын хэмжээ талаас нь зориуд судалсан. Дээрх гэрээний дагуу Петровис трейдинг ХХ-ийн хувь нийлүүлэгч Ч.Дын олсон орлого нь Америкийн Нэгдсэн Улсад шинээр 4 үл хөдлөх хөрөнгө худалдан авах байтугай, 2010 оноос хойш түүний худалдан авсан байрны үнэтэй нь харьцуулбал нэг байрны дээврийн үнэд ч хүрэхгүй. Үүнийг би хэдхэн үгээр дэлгэрүүлж тайлбарлая. Петровис трейдинг ХХК нь 2007-2013 оны хоорондох 7 жилийн хугацаанд Оюутолгой ХХК-д нийт нийлүүлсэн түлшний борлуулалтын орлого нь 418 тэрбум төгрөг болсон гэж яллах дүгнэлтэд бичсэн. Мишээл Од Аудит ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтэд Петровис трейдинг ХХК-ийн татварын өмнөх ашиг нь 5% байсан гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзвэл Петровис трейдинг ХХК нь 2007-2013 оны хоорондох 7 жилийн хугацаанд нийт 21 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажилласан байна. Үүнээс 25%-ийн татварыг хасахаар, нийт 15,7 тэрбум төгрөг буюу нэг жилд дунджаар 2,2 тэрбум төгрөгийн татварын  ашигтай ажилласан юм байна. Энэ талаараа Ч.Д ярих байх. Олсон ашгийнхаа хагасыг нь Петровис трейдинг ХХК нь хөрөнгө оруулалтад зарцуулдаг гэсэн. Ч.Д нь Петровис ХХК-ийн хувьцааны 33%-ийг эзэмшдэг. Тэрээр тус компанийн нэг жилд олох 1 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашгаас өөрт ногдох 300 орчим сая төгрөг авч байсан юм шиг байна. 2010-2013 онд долларын ханш 1200-1600 төгрөг байсныг дунджаар нь бодвол Ч.Д жилдээ Оюутолгой ХХК-тай гэрээний ашгаас 200 мянга орчим ам.доллартай тэнцэх ногдол ашиг авдаг байж. 200 мянган ам.доллар бол их мөнгө. Гэхдээ Ч.Дын Америкийн Нэгдсэн Улсад  эрхэлж байсан 10 гаруй сая ам. долларын хөрөнгө оруулсан гэх үл хөдлөх хөрөнгийн бизнест бол энэ мөнгө хүрэлцэхгүй. Ч.Д хэдийгээр миний найз ч гэлээ, түүний болон түүний хувь эзэмшдэг компанийн ашиг орлого, түүний хувь эзэмшдэг компанийн олдог ашгийг олны өмнө дэлгэж яриад, энэ мөнгө их үү, бага уу гээд зогсож байх нь надад зохимжгүй байна. Гэвч яллах дүгнэлтэд С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу явж, Ч.Дтай бүлэглэн мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан гэж тэмдэглэсэн байгаа учраас би Ч.Дын орлогын тухай энд ярихаас аргагүй байна. Яллах дүгнэлтэд С.Б нь Ч.Дтай бүлэглэн Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хот, Нью Йорк хотуудад 2010-2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,6 сая ам.доллараар худалдан авч гэсний хөрөнгийн эх үүсвэр нь тэгвэл юу юм бэ. Петровис трейдинг ХХК-ийн хувь эзэмшигч Ч.Дд ногдох 200 мянга орчим ам.долларын ашгаар нь ийм олон байр байшин худалдаж авахад хүрэлцэхгүй байна. Үүний эх үүсвэр нь юу вэ. Харин Ч.Д, Б.Нандин нарын хэлсэнчлэн 2007-2010 онд авсан 5 үл хөдлөх хөрөнгөө борлуулахыг нь борлуулаад, түрээслэхийг нь түрээслээд, эндээс олсон орлого дээрээ энэ ашгаа нэмбэл энэ олон байр байшин худалдаж авах боломж гарч ирэх биз. Энэ бизнес надтай ямар хамааралтай юм бэ. Надтай, надгүй явж ирсэн бизнес гэж миний хэлээд байгаагийн учир нь энэ. Ч.Д, Б.Нандин нарын хамтран эрхэлж ирсэн энэ бизнест миний оролцоо яг юу байсан гэж прокурор үзэж байгаа нь тодорхойгүй. Нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу авч явсан гэх хууль бус хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр нь нотлогдоогүй. Хууль бус хөрөнгийн хэмжээ нь тодорхойгүй. Хууль бус тэр хөрөнгөө би Ч.Д, Б.Нандин нарын хамтран эрхэлж ирсэн энэ бизнест хэдийд, хэр хэмжээний хөрөнгө, ямар аргаар оруулсан нь тогтоогдоогүй ийм хэрэгт би өнөөдөр яллагдаж байна. Дахин хэлъе. Петровис трейдинг ХХК, Оюутолгой ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ВРА№0027 дугаартай гэрээний нөхцөл нь 2008 оныхоос дээрдсэн биш, харин ч дордсон байхад Петровис трейдинг ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн намайг хилс буруутгаж, улмаар давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу Ч.Дтай явж бүлэглэсэн гэж үзэх үндэсгүй юм. Эдийн засгийн давуу байдал бий болоогүй байхад энэ байдлаас үүсэн хөрөнгийн эх үүсвэр гэж байхгүй. Хууль бус мөнгөний эс үүсвэр үгүй бол мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх боломжгүй. Иймээс намайг буруутган яллаж буй энэ үндэслэл үгүй болж буйг  шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна байх хэмээн найдаж байна. Мөнгө угаах гэмт хэрэг С.Б зохион байгуулсан гэх дүгнэлтийн талаар ярихад яллах дүгнэлтэд С.Б нь үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд 3.569.148 ам.доллар хүлээн авч, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан гэж тэмдэглэсэн байна.  Миний болон миний эхнэр Э.Сувдын тус, тусын болон хамтарсан дансаар энэ хугацаанд нийтдээ 3,5 сая гаруй долларын гүйлгээ хийгдсэн нь үнэн. Гэхдээ нийт 5-6 жилийн турш хийгдсэн энэ олон гүйлгээг мөнгө угаах гэмт хэрэг гэж чухам ямар үндэслэлээр прокурор үзсэн нь тодорхойгүй юм. Мөрдөн байцаалтын үед надаас энэ талаар тодруулж асуугаагүй, байцаалт аваагүй. Харин Авилгатай тэмцэх газраас албан ёсны хүсэлт тавьж, Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс нилээн олон хавтас материал ирүүлсэн байсан боловч энэ баримт дээр үндэслээд чухам хаанаас ямар мөнгө орж ирсэн, хаанаас ямар мөнгө хаашаа гарч байсныг судалбал тодорхой харагдах байсан боловч харамсалтай нь мөрдөгч, прокурорууд Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс ирсэн судлаагүй байна. Миний болон эхнэр Э.Сувдын дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд хийгдсэн 3.569.148  ам.долларын гүйлгээний утга, мөнгөний эх үүсвэр, хэзээ юунд зарцуулж, ямар төлбөрийг хэнд хийж байсан гэдэг нь он оноороо, сар өдрөөрөө тодорхой харагдаж байхад мөрдөгч, прокурорууд Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс ирүүлсэн материалыг зохих ёсоор судалж, бодит үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөгч, прокурор нар миний болон эхнэр Э.Сувдын тус тусын болон хамтарсан дансаар орсон мөнгө дээр илүү анхаараад, тэр мөнгийг цаашаа ямар зориулалтаар, аль байгууллагын, ямар данс руу шилжүүлэн, ямар төлбөр тооцоо хийж байсныг тогтоож баримтжуулах ажлыг орхигдуулсан. Хэрэв үзлэг шарлгалтыг шаардлагын хэмжээнд хийсэн бол эдгээр гүйлгээний зориулалт, учир шалтгаан, мөнгө орж гарч байсан эх үүсвэрүүдийг Америкийн Нэгдсэн Улсын хууль хяналтын байгууллага баримтжуулсан байгаа учраас мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй нь илүү тодорхой болох байсан юм. Би эхнэр Э.Сувдын хамт 2010-2015 онд Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хотод түр хугацаагаар оршин сууж, эмчилгээ хийлгэж байсан. Бид Америкийн Нэгдсэн Улс руу явахдаа жуулчны буюу 6 сарын визтэй зорчдог байсан учраас Америкийн Нэгдсэн Улсад 6 сараас илүү хугацаагаар оршин суух боломжгүй. Америкийн Нэгдсэн Улсад 3-4 сар байж байгаад буцаж ирээд шаардлагатай бол тэр жилдээ дахин Америкийн Нэгдсэн Улс явж, шаардлагатай хугацаандаа Америкийн Нэгдсэн Улсад байдаг байсан. Бид Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хотод байх хугацаандаа Ч.Д, Б.Нандин хоёрын худалдаж авсан, миний эмчлүүлдэг эмнэлэгтэй ойрхон нэг байранд нь бид суудаг байсан ба тухайн байрныхаа ус, цахилгаан гэх мэт урсгал зардлыг нь төлөөд сууна. Хэрэв иймэрхүү байрыг бид өөрсдөө түрээслэсэн бол жилдээ 30-40 мянган ам.доллар төлөх учраас бидэнд хэмнэлттэй байсан. Миний эхнэр Э.Сувд бид хоёр Ч.Д, Б.Нандин нарын бизнесээс нь цалин, ашиг орлого авч байгаагүй. Харин үнэгүй байранд суусныхаа хариуд нь тухайн үед миний эхний эхнэр н.Гэрэлтуяа болон охидууд буцсан, Ч.Д, С.Шагдардулам хоёр Сиэтл хотод жилдээ 1-2 удаа ирдэг. Ирэхдээ сараас илүү хугацаагаар байдаггүй байсан учир би Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаандаа Ч.Д, Б.Нандин нарын бусдад түрээслэх, борлуулах зорилгоор худалдан авсан байранд хийгдэх шаардлагатай засвар тохижилт болон түрээс, төлбөртэй холбоотой асуудлыг нь хариуцах үүрэг хүлээсэн. Ч.Д, Б.Нандин нар үл хөдлөх хөрөнгө авахдаа банкны барьцаанд тавигдсан, засвар тохижилтийн ажил нь дутуу хийгдсэн байр байшин авч засч янзлуулаад борлуулж, түрээслэдэг байсан.  Засвар тохижилтонд шаардагдах зардлыг Ч.Д, Б.Нандин нараас дансаар бидэнд шилжүүлж, бид тухай бүрт нь төлбөр тооцоо хийж явсан. Яагаад миний эхнэр болон охидууд тухайн байрнуудын эзэмшигчээр бүртгэгдсэн бэ гэхээр Америкийн Нэгдсэн Улсад худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг засварлан тохижуулах, түрээслэх, борлуулах эрхийг зөвхөн тухайн байрны албан ёсны эзэмшигч нь эдэлдэг. Тийм ч учраас Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хотод тухайн тухайн үед сууж байсан миний охид болон миний эхнэр өөрийн нэр дээр өмчлөгчийн гэрчилгээ албан ёсоор авдаг байсан. Тэр үндсэн дээр байр, байшингийн өргөтгөл, засвар тохижилт хийх, татварын мөнгө төлөх, түрээслэх байранд тавилга худалдан авах гэх мэтийн гэрээ хэлцэлийг холбогдох компаниудтай хийж, ажил гүйцэтгүүлдэг байсан. Э.Сувд бид хоёрын тус тусын болон хамтарсан дансаар 2010-2015 онд орж, гарсан 3.569 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн. Энэ гүйлгээний дийлэнх хэсэг нь буюу олон сая ам.долларын гүйлгээ нь Ч.Д, Б.Нандин нарын хамтарч хийж байсан үл хөдлөх хөрөнгийн бизнесийн төлбөр тооцоотой холбоотой. Энэ мөнгөний гүйлгээний задаргаа нь Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн баримтаас тодорхой харагдана. Америкийн Нэгдсэн Улсаас ирүүлсэн баримт нь надад ихээхэн тус болж байна. Одоо надаас тэр гүйлгээ яасан бэ гэж асуухад хэлэх боломжтой болсон. Хэрэв энэ материал ирээгүй бол би хаанаас харах билээ. Мөн нэг ач холбогдол нь юу вэ гэхээр энэ баримтаар миний болон эхнэр Э.Сувдын дансаар орж гарсан мөнгө нь С.Б болон Ч.Д нар мөнгө угаасан гэж үндэслэлгүй болж байгаа юм. Яагаад гэхээр Америкийн нэгдсэн улсад Америкийн Нэгдсэн Улсад банкны данс, гүйлгээний тухай нарийн хууль журамтай. Ялангуяа 2001 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн халдлагаас хойш хяналт шалгалт нь бүр хатуу шалгууртай болсон. 10 мянган ам.доллараас илүү дүнтэй банкны гүйлгээ бүрийг мөнгөний эх үүсвэр, гүйлгээний зориулалт талаас нь нарийн шалгаж нягтладаг. Банкны данс эзэмшигчээс албан ёсны тайлбар заавал авна. Гаргасан тэр тайлбарыг Америкийн Нэгдсэн Улс дотроо болон холбогдох гадны банкнаас заавал нягталж хянадаг, шалгаж баталгаажуулдаг. Тэгж шалгаж хянаснаараа Америкийн Нэгдсэн Улсын иргэд, ялангуяа бид мэтийн Америкийн Нэгдсэн Улсад түр оршин сууж буй гадныхан хууль бус арилжаа наймаа хийх, эргэлзээтэй эх үүсвэрээс мөнгө авах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлдэг хууль, журамтай улс юм билээ.  100.000 ам.доллараас дээш гүйлгээг 3 хоног, 400.000 ам.долларын гүйлгээг 5-10 хоног, үүнээс дээш гүйлгээг 15-20 хоног, заримдаа сар болж байсан. Энэ хооронд тэд юуг шалгадаг вэ гэхээр энэ мөнгөний эх үүсвэр хаанаас орж ирж байна, хаанаас орж ирсэн мөнгөөр хэн, юу худалдан авч байна гэдгийг шалгадаг учраас цаг зарцуулдаг байна. Нөгөө талаас цаг зарцуулж байгаа учраас хэрэв Америкийн Нэгдсэн Улсад С.Б, Ч.Д нар мөнгө угаасан байсан бол эхний үйлдэл дээрээ баригдаж, Америкийн Нэгдсэн Улсын хуулиар хариуцлага хүлээх байсан. Бид Америкийн Нэгдсэн Улсад очоод эхэндээ өөрийнхөө хувийн хэрэглээний данс, Ч.Д, Б.Нандин нарын бизнесийн тооцооны данс гэж тусдаа байлгаж байсан. Гэтэл аль нэг дансны гүйлгээг, ялангуяа бизнесийн тооцооны дансыг олон хоног зогсоосон нөхцөлд, цаг нь тулсан төлбөр тооцоо хийх үүднээс гүйлгээ нь хаагдаагүй бусад дансаа ашиглах явдал үе, үе гардаг байсан тул хэд хэдэн данстай байх шаардлагатай болсон. Э.Сувд бид хоёрын данс руу Б.Нандин, Ч.Д нараас мөнгө орж ирэхээр Америкийн Нэгдсэн Улсын банк шалгаж, тайлбар авдаг. Тайлбар авч нягталсаар байх хугацаандаа тухайн дансыг 15-20 хоног хаадаг. Данс хаачихаар яаралтай төлбөр тооцоо хийх шаардлага гарч байсан тул зарим мөнгийг хувийн дансаараа авч байсан. Тийм учраас хувь, хувьсгалын мөнгөн гүйлгээнүүд холилдож байсан. Гэхдээ хийсэн төлбөр, мөнгө орж ирсэн эх үүсвэрүүд нь тухайн банк, үл хөдлөх хөрөнгийн дилер, хуулийн фирм, засвар тохижилтийн компани, гэрийн эдлэл, тавилгын дэлгүүр зэргээс албан ёсны эх, хуулгаараа ирдэг, үлддэг учраас дараа нь тооцоог гаргахад хүндрэл бэрхшээл гарах нь харьцангуй бага байсан. 5-10 жилийн өмнө Сиэтл хотод сууж байхдаа бидний хийж байсан тэр олон дансны гүйлгээ, хийсэн төлбөр тооцоо, худалдан авалтын талаар одоо нэг бүрчлэн эргэн санахад амаргүй байсан боловч Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс ирүүлсэн баримт хэрэг болж байна. Мөн бидний гэм буруугүйг нотлох гол баримт болж байна. Гэхдээ Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс ирүүлсэн материалд дутуу орхигдсон зүйл байсан. С.Б миний болон эхнэр Э.Сувдын банкны дансны зарим гүйлгээний баримт байхгүй, бидний байнга харилцаж байсан үл хөдлөх хөрөнгийн диллер, хуулийн фирм, засвар тохижилтийн компани зэрэгтэй хийж байсан төлбөр тооцоо, банкны гүйлгээний нилээд баримт дутуу ирүүлсэн байсан. Англи хэл дээр ирсэн баримтуудыг дутуу орчуулсан байсан. Мөн Сиэтл хотод байрны түрээстэй холбоотой хийгдэж байсан гэрээнүүд, татвар, төлбөр тооцооны баримт болон банкны гүйлгээний зарим материал дутуу байсан хэдий ч Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс ирүүлсэн материал нь эрх зүйн талаасаа чухал ач холбогдолтой юм. Америкийн Нэгдсэн Улсын хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн эдгээр албан баримт нь С.Б миний бие болон Ч.Д нь тус улсын нутаг дэвсгэр дээр мөнгө угаах болон өөр ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэдгийн эрх зүйн гол нотолгоо нь юм. Хэрэв бид Америкийн Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус ямар нэгэн үйлдэл хийсэн бол манай хууль хяналтын байгууллага Америкийн Нэгдсэн Улсын талд хандсан ч, хандаагүй ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа эхлүүлэх байсан биз. Америкийн Нэгдсэн Улсын хууль нь тийм юм. Энэ хуулийнхаа дагуу Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтэс гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн өөрийн болон гадаадын иргэнийг, өөрийн болон гадаадын нутгаас ч хамаагүй олж ирээд, холбогдох байгууллагаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгээд, улмаар Америкийн Нэгдсэн Улсын аль нэгэн шүүхэд хүргүүлж асуудлыг нь эцэслэн шийддэг практиктай. Үүгээр би өгөх мэдүүлгээ өндөрлөж байна. Би аль болох товч ярихыг хичээсэн боловч уг асуудал маань олон жил сунжирч үргэлжилсэн, олон хүн, олон үйл явдал хамарсан учраас тийм ч товч мэдүүлэг болж бас чадсангүйд хүлцэл өчъе. Ерөнхий сайд байсан С.Б намайг анхандаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч гадаадын талд давуу байдал үүсгэсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаж байсан. Прокурорын тэр тогтоол хүчингүй болсон боловч одоо намайг гадаадын хөрөнгө оруулагчид биш, дотоодын аж ахуйн нэгж болох Петровис трейдинг ХХК-д давуу байдал олгосон гэж буруутгасан хэвээрээ байна. Тэр сэжиг таамаг, хардлага буруутгал нь эрхзүйн талаасаа ч, энгийн амьдралын талаасаа ч ор үндэслэлгүй юм гэдгийг би тайлбарлан ойлгуулахыг сая хичээлээ. Надад одоо оноож буй ялын зүйл өмнөх прокурорын тогтоолоор оноосон ялын зүйлээс арай хөнгөрсөн хэдий ч, миний бие нөгөө Оюутолгойн төсөлтэй холбоотэй чигээрээ, хэн нэгэн этгээдэд давуу байдал олгосон гэх хэрэгт хардагдсан хэвээр явна. Намайг заавал Оюутолгойн төсөлтэй холбох, ингэхдээ заавал буруу гараар, бусармаг аргаар холбогдсон гэж нотлох гэж байгаа нь манай Монгол Улсын өнөөгийн бохир улс төртэй шууд холбоотой. С.Бын гэх энэ хэрэг эхнээсээ л улс төржилтөөр эхэлсэн. Бага залуугийн хоёр найзын амьдралд энэ улс төржилт яаж нөлөөлснийг би түрүүн цухасхан дурдсан. Одоо төр засгийн бодлого, улс төрийн сонгууль, өрсөлдөгч намуудын хооронд явдаг тэмцлээс улбаатайгаар энэ асуудал яаж улс төржсөн талаар хэдэн үг хэлъе. 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө Улсын Их хурлын гишүүн нэгэн бүсгүй С.Бын Америкийн Нэгдсэн Улсад худалдан авсан 7 хаус бол Оюутолгойн гэрээ байгуулахдаа түүний авсан хахуультай холбоотой гэж албан ёсны мэдэгдэл хийж, хэвлэлийн бага хурал зохион байгуулснаас энэ хэрэг эхтэй. Америкийн Нэгдсэн Улсын үл хөдлөх хөрөнгийн олон нийтэд ил байдаг бүртгэлд миний охид, миний эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг нууц юм илрүүлсэн мэт шуугиулж, сенсаац дэгдээж, тэр үеийн хэвлэлээр шуугиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Би тухайн үед нь Авилгатай тэмцэх газарт хандаж өөрийгөө шалгуулах хүсэлт гаргасан. Шалгуулсан. Нийслэлийн Прокурорын газраас надад сүүлд нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга гэсэн хариу өгсөн. 2017 оны хавар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Б нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа зүгээр нэг хахууль авсан юм биш. Хэд хэдэн албан тушаалтан гэмт бүлэг болж зохион байгуулагдаад, магадгүй С.Бын Засгийн газар тэр чигээрээ асар их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх хар пиар дэгдээсэн.  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа надад болон манай Засгийн газрын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнээс хойш намай бараг 3 жил мөрдөн шалгаж байна. Одоо Улсын Их Хурлын сонгуулийн дараахан шүүх хуралдаан маань болж байна. Оюутолгойн төсөл Ерөнхий сайд байсан С.Б надтай холбоотой нь үнэн. Бүр салшгүй холбоотой. Энэ том мега-төсөл Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдалд эерэг ямар нөлөө үзүүлсэн гээд ярьвал зөндөө юм ярьж болно. Гэхдээ тэгэх цаг надад алга. Ийм сэдвээр ярьдаг газар нь ч шүүхийн танхим биш юм. Миний, бидний Засгийн газрын нэртэй салшгүй холбоотой Оюутолгой төслийг өнөөдөр элдвээр шүүмжилж гоочилдог. Шүүмжлэх зүйл энэ гэрээнд бий. Ялангуяа Монгол Улсад тээг садаа болсоор ирсэн хөрөнгө оруулагчийн хувьцааны 34% нь Ашигт малтмалын тухай хууль, Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолд заасан учраас манай Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ тэр 34%-ийг гэрээнд тусгахаас өөр арга байгаагүй. Энэ 34% байгаагүй бол бид татвар АМНАТ-аа аваад сууж байсан бол бид хөрөнгө оруулагч талтайгаа өгөө авааны талаар ямар нэг байнгын маргаангүй, ямар нэгэн сэжиг ажиггүй сайхан аж төрөх байж. Оюутолгой төсөлтэй холбоотой С.Бын гэх хэрэг ч үүсэхгүй байсан нь дамжиггүй. Хардлага сэрдлэг, улс төрийн манан үүсэхгүй байсан. Энэ гайтай 34%-ийг цуцлаж, АМНАТ-ын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар одоогийн Засгийн газар ажиллаж байгаа гэсэн сайн мэдээ бий. Гэхдээ яаж ч муулдаг байгаа гэхэд Оюутолгой бол өнөөдрийн Монголын 300 орчим мянган ахмадын тэтгэвэр тэтгэмж, 180 мянган төсвийн байгууллагын ажилтны цалин харамж, хүүхдийн мөнгөөр өрхийнхөө төсөвт нэмэр болгодог орлого багатай олон мянган айлын амь зуулгын хамгийн том эх үүсвэр болсон нь маргашгүй үнэн. Ингэж бодоход миний сэтгэл өег байдаг. Ийм том төсөлд биечлэн хамаатай, ийм том төслийг хамтарсан Засгийн газрын багаараа зүтгэн байж хөдөлгөсөн гэдгээрээ би бахархдаг. Бахархдаг үнэт зүйлдээ бузар хүргэхгүй байх, тэндээсээ хумслахгүй байх энгийн ухамсар надад бий. Монголын төрийн хар хүний зарчим, монгол эр хүний жудаг надад бий. Эцэст нь хэлэхэд Оюутолгойн төслөөс улбаатай энэ хэргийг битгий улс төржүүлээсэй билээ гэж чинь сэтгэлээсээ хүсч байна. Тулга тусгаар Монгол Улсын хуулийн дагуу шударгаар шийдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: “Намайг С.Бын нөлөөгөөр бизнес хийж,  Петровис трейдинг ХХК нь Оюутолгой ХХК-д шатахуун нийлүүлэн, үүнээс олсон ашгаараа С.Бын охин Б.Нандинтай хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж байгаа нэрийдлээр 4 үл хөдлөх хөрөнгийн нийт 11.643.000 ам.доллараар худалдан авсан гэж буруутгажээ. Би 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл 30-аад жил хувийн бизнес эрхэлж байгаа бөгөөд энэ хугацаандаа ямар нэгэн төрийн байгууллагад ажиллаж байгаагүй. Би 1992 онд нэг хамтрагчтайгаар Эрин ХХК-ийг нэг хамтрагчтай байгуулж, Монгол улсад хамгийн анх нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байсан юм. Би 1995 онд Эдельвайс трейд ХХК-ийг ганцаараа байгуулж, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх, нефтийн бүтээгдэхүүний импортоо үргэлжлүүлэн хийж, одоог хүртэл нефтийн бүтээгдэхүүний импортын бизнес тасралтгүй хийж байна. 1997 оноос Петровис ХХК-ийг хоёр хамтрагчийн хамтаар үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл газрын тос, газ, хийн салбарт хамтран ажиллаж байна. Мөн 2001 онд Капитрон банк ХХК-ийг үүсгэн байгуулж, 2005 онд бусдад худалдсан. 2006 оноос Японы Сомитома ХХК болон Мичтака ХХК-уудтай хамтран шингэрүүлсэн хийн Юнигаз ХХК-ийг байгуулан одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2006 оноос Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслүүлэх, зарах бизнесийг хамтран эхлүүлсэн. Америкийн Нэгдсэн Улсад  анхны байрыг 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр худалдаж авч байсан. 2007 оноос газрын тосны хайгуулын Петро матад ХХК-ийг байгуулан, Лондонгийн хөрөнгийн биржид гарган хөрөнгө босгож, газрын тосны хайгуулийг өнөөдрийг хүртэл хийж байна. 2007 оноос эхлэн олон улсын хөрөнгийн биржид хувьцааны арилжаа хийж эхэлсэн. Энержи ресурс ХХК-ийн хувьцааг 2007 онд худалдан авч, 2010 онд Хонконгийн олон улсын биржид бусад компаниудтай хамтран амжилттай гаргасан. 2008 онд Скард ресурс ХХК-ийг байгуулан, хөрөнгө оруулан, одоог хүртэл хамтран ажиллаж байна. 2015 оноос Петровис ресурс ХХК-ийг байгуулж, нүүрсний давхаргын хийн судалгаа, хайгуулын ажлыг хийж, одоо олборлолтод орох шатандаа явж байна. Дээрх бизнесүүдийг хийх, хөрөнгө оруулалтыг хийх, татах зэрэг үйл ажиллагаандаа би Порест бэри, Лэйв лайт, Тру кайнд лимитид ХХК-үүдийг Аль оф минтэд байгуулан  Хонконгийн Эйч И Би Си банканд данснууд нээн үйл ажиллагаа явуулж байсан юм. Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж эхэлсэн талаараа ярихад би анх 1995 онд Эдельвайс трейд ХХК-иараа үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх болсны хувьд Америкийн Нэгдсэн Улсад 1999 оноос хойш олон удаа очихдоо байр түрээслэн амьдарч байсан. Тэгэхэд анзаарсан зүйл бол ялангуяа Америкийн Нэгдсэн Улсад эмчилгээ хийлгэх 3 сарын хугацаандаа түрээсийн байрны үнэ өндөр боловч байр худалдан авахад тийм өндөр биш, боломжийн үнэтэй, дараа нь буцаагаад бусдад худалдахад ашигтай мэт санагдсан. Анх энэ санаа орж ирсэн цагаас хойш Америкийн Нэгдсэн Улсын байрны үнийг байнга ажиглаж эхэлсэн. Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг хамтрагч хэрэгтэй болохыг ойлгосон. Тэр үед манай компанийн гадаад харилцаа хариуцан ажиллаж байсан С.Бын өмнөх эхнэр н.Гэрэлтуяатай би саналаа солилцдог байсан ба түүний охин Б.Нандин Америкийн Нэгдсэн Улсад байнга оршин суудаг, Америкийн Нэгдсэн Улсад иргэн болохыг мэдээд Б.Нандинд хамтран ажиллах санал тавьсан. Миний хувьд бизнесийн ашгийг харж байсан боловч Америкийн Нэгдсэн Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулахад хэл, тухайн орны хууль эрх зүйн мэдлэг дутуу, тухайн улсад байнга оршин суух боломжгүй байсан зэрэг миний дутагдалтай талыг Б.Нандин сайн нөхөж байсан. Мөн түүний ээжтэй би хамтран ажилладаг, аав нь миний багын найз тул итгэж болох байсан тул би Б.Нандинд миний бизнесийг Америкийн Нэгдсэн Улсад авч явах, түүний хариуд тухайн бизнесийн ашгийн 15%-ийг өгөх санал тавьсан. Энэ нь хэн, хэндээ ашигтай хамтын ажиллагаа болсон. Ингээд 2005 онд С.Быг ерөнхий сайд болох сураг байгаагүй, миний санаж байгаагаар С.Быг Оросын Холбооны Улсад элчин сайдаар ажиллаж байх үед Б.Нандин бид хоёр бизнесээ эрхлэхээр ярилцан,  2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хоорондоо ярьсан зүйлээ бичгээр тохирч, гараар бичин үндсэн зарчмаа тохиролцон, 2007 онд анхныхаа хоёр байрыг худалдан авсан. Үүнээс хойш нийт 9 байр худалдан авсан. Эдгээр байрны 5 ширхэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан 2009 оноос өмнө худалдан авсан байсан. Бизнес хэзээ эхэлсэн Б.Нандин бид хоёрын хооронд хийсэн гэрээ, байрнуудыг хэзээ худалдаж авсан болон төлбөрүүдийг хаанаас яаж хийсэн талаарх бүх баримт, материалууд хэргийн материалд байгаа тул тулган үзэж болно. Миний бие 2007-2016 оны хооронд 20 удаа Америкийн Нэгдсэн Улсад очиж ажиллаж байсан. Үүнийг миний гадаад паспортын тамгаас харж болно. Америкийн Нэгдсэн Улсад байгаа байрнуудыг бусад хүмүүсийн нэр дээр яагаад бүртгүүлсэн талаараа яръя. Америкийн Нэгдсэн Улсад байгаа байрнуудыг Америкийн Нэгдсэн Улсад аль болох удаан амьдрах хүмүүсийн нэр дээр бүртгүүлэх шаардлагатай байсан ба нэгэнт бодитой үл хөдлөх хөрөнгө учраас найдвартай хүний нэр дээр бүртгүүлэх шаардлагатай нь ойлгомжтой юм. Ийм учраас Б.Нандин гэр бүлийн хүмүүсээс Америкийн Нэгдсэн Улсад удаан амьдрах хүмүүсийнхээ нэр дээр бүртгүүлж, тэндэх ажлыг зохицуулж байсан. Бидний байрыг өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан хүмүүст ямар ашигтай байсан бэ гэхээр бид тухайн хүмүүсийг байрандаа амьдруулж тэднээс түрээсийн мөнгө авдаггүй байсан. Оронд нь тэдгээр хүмүүс үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлж, тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зохих гэрээнүүдийг хийх ёстой байсан. Тухайлбал урсгал зардал, засвар үйлчилгээ, тог цахилгааны гэрээ, худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой. Ийм учраас байр нэр дээрээ бүртгүүлсэн хүмүүсийн данс руу байрны урсгал засвар, үйлчилгээтэй холбоотой төлбөрийн мөнгөнууд орж, гарч гүйлгээ хийгдэж байсан. Бид тухайн үед нь тооцоо нийлээд өгөө авцаанд хаалт хийж байсан. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогоос С.Б болон түүний эхнэр Э.Сувдын дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд 3.569.148 ам.доллар хүлээн авсан гэж яллах дүгнэлтэд дурджээ. Америкийн Нэгдсэн Улсаас ирүүлсэн гүйлгээний баримтуудыг нягтлан үзсэн бол үүний 3.000.000 ам.доллар нь буцаад байшин худалдан авах, үл хөдлөхийн татвар, засвар, тохижилт, урсгал зардалд гарсан нь харагдаж байгаа. Үлдсэн хэсэг нь би өөртөө С.Баар дамжуулан хоёр автомашин захиалж авчруулсны 280.000 ам.доллар, С.Бын эмчилгээний зардал буюу Монгол улсад цуглуулсан мөнгийг би шилжүүлсэн 300.000 орчим ам.доллар, миний аяллын бараа, завь болон 3 контейнер бараа ачуулсны зардал байна. С.Б бид хоёр тооцоо нийлж байнга тооцоогоо хааж явсан. Миний байрны мөнгөнөөс С.Б болон түүний эхнэр Э.Сувдад үлдсэн мөнгө байхгүй. Миний байрны мөнгө бүгд байрандаа зарцуулагдсан. Үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийн талаар ярихал би прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа 3,6 сая ам.долларыг өмнөх байруудыг худалдсан болон түрээслүүлсний орлогоос 400.000 ам.долларыг Монгол улсаас, үлдсэнийг нь Хонконгийн Тру кайнд лимитид ХХК болон Порест бэри ХХК-уудаас шилжүүлсэн мөнгөөрөө худалдан авсан. Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн баримтууд дээр хаанаас хэрхэн шилжиж орсон нь нэрээрээ тодорхой харагдаж байгаа. Өнөөгийн байдлаар бид нийт 9 үл хөдлөх хөрөнгө худалдан авсны 8 үл хөдлөхийг худалдсан. Өмнөх байрнуудыг худалдсан болон түрээсэлсэн орлогуудаас дараагийн байшинг худалдан авч байсан. Үлдсэн нэг байрыг 2021 он хүртэл бусдад түрээслүүлсэн учраас энэ байрыг худалдсан орлогоос бидний бизнесийн ашиг гарч ирэх ёстой юм. Прокурорын яллах дүгнэлтэд Петровис трейдинг ХХК нь Оюутолгой ХХК-тай эдийн засгийн давуу байдал бий болгон, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж, олсон ашгаараа Америкийн НЭгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авсан гэжээ. Америкийн Нэгдсэн Улсад худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүд, олсон ашгийн талаар тодруулан ярихад Петровис трейдинг ХХК 2007-2013 оныг дуусталх 7 жилийн хугацаанд Оюутолгойн төсөлд нийт эргэлтээр 418,4 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлсэн гэжээ. Энэ 418,4 тэрбум төгрөгөөс Роснефть ХХК-ийн төлбөр 60% хувь буюу 251 тэрбум төгрөг нь шатахуун худалдан авалт, гаалийн татвар, онцгой албан татвар, замын татварт 20% нь байдаг. Эдгээр зардал нь тухайн мөнгөний 80% нь болж байна. Би 418 тэрбум төгрөг гэж аудитын компанийн хийсэн тооцоогоор ярьж байна. Манай тооцоогоор 365 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Би зардлууд процентоор бодож, тайлбарлаж байгаа учраас зөрүү гарахгүй, заримын ялгаа гарахгүй юм. Үлдсэн 20% буюу 83,9 тэрбум төгрөгөөс төмөр замын тээвэр ачиж, буулгах зардал, үйл ажиллагааны зардал, санхүүгийн зардал, тээвэрлэлтийн зардалд 15% нь зарцуулагддаг. Үлдэх 5% нь ашиг болон үлддэг юм. Петровис трейдинг ХХК-ийн Оюутолгой ХХК-д шатахуун нийлүүлсний ашгийг тооцож үзэхэд 2007-2013 онд нийт 15.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. 15.7 тэрбум төгрөгийн нэг жилийн ашиг нь 2.2 тэрбум төгрөг. Энэ ашгийн 70-аас дээш хувь нь дээрх үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардалд буюу тухайлбал Чойр, Сайншанд, Бор Өндөрийн агуулахын өргөтгөл, засвар, шатахуун зөөх 20-30 ширхэг авто цистерн автомашин худалдан авахад зарцуулагдсан байна. Бид шатахууныг Оюутолгой ХХК руу хүргэхдээ 450 км шороон замаар тээвэрлэдэг. Шатахуун тээвэрлэдэг машин сайндаа 2 жил яваад эвдэрдэг тул машинаа сольдог. Мөн би Петровис трейдинг ХХК-ийн хувьцааг ганцаараа эзэмшдэггүй. 33%-ийг эзэмшдэг учраас 1/3%-ийг авдаг. Тэгэхээр Оюутолгой ХХК-д нийлүүлсэн шатахуун нийлүүлэх гэрээнээс олсон ашгаар Америкийн Нэгдсэн Улсад худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Прокурорын яллах дүгнэлтэд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ерөнхий сайд С.Б нь Петровис трейдинг ХХК-ийг Оюутолгой ХХК-тай гэрээ байгуулахад нөлөөлсөн гэж байна. Оюутолгой ХХК, Петровис трейдинг ХХК нарын хамтын ажиллагаа 2002 оноос эхэлсэн юм. 2013 он хүртэл хамтран ажиллаад 2018 оноос хойш одоог хүртэл хамтран ажиллаж байна. Анх Оюутолгой ордын нөөц илрээгүй хайгуулийн анги байхад 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-ийн хайгуулийн 3 том төсөл болох Өмнөговь аймгийн Оюутолгой, Хармагтай, Манлай гэсэн газруудад түлш нийлүүлэх гэрээ байгуулж, 150 м.кубын багтаамжтай агуулах барьж өгч, хамтын ажиллагаанууд эхэлсэн. 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ байгуулагдахад манай хоёр компани 8 дахь жилдээ хамтран ажиллаж байсан. Оюутолгой ХХК нь Петровис трейдинг ХХК-ийг зүгээр нэг сонгоогүй юм. Оюутолгой ХХК нь Петровис трейдинг ХХК-ийг сонгох 4 үндсэн шалтгааны нэг нь Оюутолгой ХХК-ийн төсөл явуулж байсан Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумуудад ганцхан Петровис трейдинг ХХК шатахуун түгээх станцтай байсан. 2-рт: Оюутолгой төсөл дээр гуравдагч орны өндөр хүчин чадалтай техник ашиглаж байсан учраас түлшний найрлага, чанарт маш их анхаарал тавьж байсан. Манай компани тухайн үед ганцаараа 22 төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай битүүмжлэгдсэн лабораторитой байсан юм. 3-рт: Бусад компаниуд түрээсийн тээврийн хэрэгслээр шатахуун тээвэрлэдэг байсан бол манай компани 108 орчим өндөр даацын авто цистерн автомашинтай байсан юм. 4-рт: Оюутолгойд хамгийн ойр байрлах Чойрын 14 тонн, Сайншандын 8.8 тоннын багтаамжтай хоёр агуулахтай, нөөц хадгалах боломжтой байсан тул түлш шатахуунаар тасралтгүй найдвартай хангах итгэл төрүүлж байсан учраас анхнаасаа Петровис трейдинг ХХК-ийг сонгож хамтарч ажилласан юм. Аудитын дүгнэлтээр тендер зарлаагүй гэж үзэж байгаа юм байна лээ. 2010 оноос өмнөх бүх бусадтай байгуулсан гэрээндээ Оюутолгой ХХК тендер зарлаагүй. Тендерийг төсвийн хөрөнгө зарцуулдаг улсын байгууллагуудад хамаатай гэж би ойлгодог. Оюутолгой тендер зарлаагүй. Тэд тендер зарладаггүй ч манай бүх агуулах, автомашиныг өөрсдийн нүдээр ирж үздэг. Аюулгүй байдал, ажилчдын хувцас зэргийг маш нарийн шалгаж байж гэрээ байгуулж байсан учраас тендерээс илүү нарийн шалгаж байж компаниудтай гэрээ байгуулж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэхүү хамтын ажиллагааны явцад хоёр компанийн хооронд 2002 он, 2006 он, 2007 он, 2008 он, 2009 он, 2011 он, 2012 он, 2016 он, 2018 онуудад зарим жилдээ 1-2 удаа гэрээ шинэчлэгдэн хийгдэж байсан. Дээрх гэрээнүүдийн нотариатаар батлуулсан хувийг хэргийн материалд хавсаргасан байгаа. Петровис трейдинг ХХК нь Оюутолгой ХХК нарын хамтын ажиллагаа 2000 оны урт хугацааны хамтын ажиллагааны үргэлжлэл 2009 онд үргэлжилж байсан бөгөөд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулсан гэрээ бол хамтын ажиллагааны явцад нэгээс хоёр удаа хийгдэж байсан бусад гэрээнүүдийн адил гэрээ байсан юм. Петровис трейдинг ХХК-ийг эдийн засгийн давуу байдал олж авсан гэж буруутгаж намайг яллагдагчаар татаж гэрээнд үнийн дүнг их хэмжээгээр нэмэгдүүлж шинэчлэн байгуулсан гэж прокурор дүгнэсэн бөгөөд прокурорын энэ дүгнэлт нь Мишээл Од аудит ХХК-ийн шинжээч нарын гаргасан худалдан авалтын хэмжээ эрч ихэссэн, мөн нийт үнэ өндөр, үнийн дүнгийн зөрүүнээс үүссэн, Оюутолгой ХХК-ийн алдагдал маш өндөр болж байна гэсэн дүгнэлтэд үндэслэсэн байна. Гэрээний худалдан авалтын хэмжээний талаар ярихад анхнаасаа Оюутолгой ХХК, Петровис трейдинг ХХК нарын гэрээнд худалдан авах нийт шатахууны хэмжээ хэзээ ч тавигддаггүй байсан. Гэрээнд зааснаар сар бүр хэрэгцээний захиалагч захиалгаа өгнө. Нийлүүлэгч захиалгын дагуу ямарч хэмжээгээр захиалсан бай хангах үүрэгтэй гэж заасан байсан. Нийлүүлэх үнийг гэрээгээр тохирсон томъёоны дагуу сар бүр тооцон, төлбөр хийхээр тохирсон байсан. Энэ томъёогоор Оюутолгой ХХК ганцхан манай Петровис трейдинг ХХК-тай биш өөр бусад компаниудтай хийж байсан. Оюутолгой ХХК-ийн Шунхлай ХХК, М.Ойл ХХК-тай байгуулсан гэрээ нь манайхтай ижил байсан бөгөөд ганцхан зардал, ашигт хамаарах тоонууд өөрчлөгдсөн байсан. Үндсэн зарчим өөрчлөгдөөгүй байсан. Сар бүрийн шатахууны захиалгын хэмжээ нэмэгдсэн нь тухайн үед Оюутолгой ХХК-ийн хийж байсан бүтээн байгуулалттай шууд хамааралтай юм. Бүтээн байгуулалтын ажил ихэссэн учраас манай нийлүүлэлт өссөн. 2009 оны шатахууны хэрэгцээг 2012 онтой харьцуулах юм бол 10 дахин их өссөн. 10 дахин өссөн хэрэгцээнд нийлүүлэлт өсөх нь мэдээжийн хэрэг. Түрүүн мөн С.Бын тайлбар дээр яригдсан. Петровис трейдинг ХХК нь Оюутолгой ХХК-д 2007-2013 онд 7 жилийн хугацаанд 418 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлсэн байхад Шунхлай ХХК, М.Ойл ХХК нар хоёулаа хамтран Петровис трейдинг ХХК-ийн 7 жилд дангаараа нийлүүлсэн түлш шатахууныг нийлүүлж байсан. Жишээ нь Шунхлай ХХК, М.Ойл ХХК нар 4 жилийн хугацаанд 535 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлсэн байсан. Тэгэхээр Оюутолгой ХХК нь Петровис трейдинг ХХК-иас илүү шатахуун авч, илүү мөнгө өгч байсан юм биш. Оюутолгой ХХК, Петровис трейдинг ХХК нарын хооронд байгуулсан 2008 оны гэрээний үнийг 2009 оны 03 дугаар сар, 2009 оны 09 дүгээр сарын гэрээний үнэ болон 2013 оны гэрээний үнийг харьцуулж, юу өөрчлөгдсөн талаар хүснэгт гаргасан. Энэ гэрээ нь Оюутолгой ХХК-ийн М.Ойл ХХК, Шунхлай ХХК нартай байгуулсан гэрээний томъёотой ижил байсан. Эдгээр гэрээнд биднээс шалтгаалахгүй зүйл бол импортын үнэ, гадаад валютын ханш байна. Тухайн үеийн валютын ханшийг Монгол банкнаас авч болно. Импортын үнийг гаалиас авч болно. Эдгээрийг үржүүлээд шатахууны импортын үнэ гарч ирнэ. Шатахууны импортын үнэ дээр нэмүү өртөгийн татвар, онцгой татвар, гаалийн татварыг хил дээр авдаг. Үүний дараа Улаанбаатар хотоос 690 км зайд байгаа Оюутолгойд шатахууныг хүргэхийн тулд Чойр агуулах хүртэл 440 км газар төмөр замаар тээвэр хийдэг. Эндээсээ 457 км газарт буюу Чойроос Оюутолгой хүртэлх авто цистерн автомашинаар тээвэрлэдэг. Энэ нь тээвэрлэлтийн зардал. Шатахууныг буулгаж, ачих, шатахууныг захиалах нийт үйл ажиллагааны зардал орно. Оюутолгой ХХК, Петровис трейдинг ХХК нарын хооронд байгуулсан 2008 оны гэрээнд авто цистерн машинаар тээвэрлэлтийн даатгалын хөлс гэж 1 тонн тутамд 3272 төгрөгөөр тооцож авдаг байсан бол 2009 оны 03 дугаар сард байгуулсан гэрээнд даатгалын хөлс хасагдсан байгаа. 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд ч бас байхгүй. Даатгалын хөлс хасагдсан чигээрээ 2013 он хүрсэн. Оросын Холбооны Улсаас Чойр агуулах хүртэл шатахуун тээвэрлэлтийн төмөр замын тээвэрлэлтийн хөлс 2008 оны гэрээнд 22.000 төгрөг байсан бол 2009 оны хоёр гэрээнд ч 22.000 төгрөг байсаар 2013 он хүртэл өөрчлөгдөөгүй. Чойр агуулахаас Оюутолгой хүртэлх автоцистернийн хөлс 2008 оны гэрээнд зааснаар 121.500 төгрөг байсан бол 2009 оны хоёр гэрээнд 99.000 төгрөг болон буурсан. Үйл ажиллагааны зардлыг өртөг үнээсээ 7,7%-иар бодож авдаг. 2008 оны гэрээнд 100.000 төгрөг байсан бол 2009 оны 03 сарын гэрээнд 10.000 төгрөгөөр буурч 90.000 төгрөг, 2009 оны 09 дүгээр сарын гэрээнд 10.600 төгрөгөөр буурч, 79.400 төгрөг болж буурсан. Хэрвээ 2009 оны 09 дүгээр сарын гэрээг бусдын нөлөөлөлтэй илт давуу байдал үүсгэхээр байгуулсан бол эдгээр зардлыг буулгах биш өсгөх байсан. Хүүгийн зардал 1,8% байсан. Тийм учраас хаана өсгөсөн талаар аудитаас асуумаар байна. Энд өсгөхгүйгээр үнийн дүнг хаана ч өсгөх боломжгүй. Оюутолгой ХХК-д 2007-2013 оны хооронд Петровис трейдинг ХХК шатахуунаа бусад компанийн үнээс өндөр үнээр Оюутолгой ХХК-д нийлүүлсэн гэж аудит дүгнэсэн. Шинжээч дүгнэлтдээ гэрээний дагуу шатахуун хангаж, үйлчилгээ үзүүлж байх үедээ сар бүр үнээ харилцан тохиролцож, төслийн талбай дахь агуулахын үнээр өгдөг. Үүнийг зөв ойлгосон байна. Энэ бол Оюутолгойн агуулахын үнэ гадаад бэлтгэн нийлүүлэгчээс авсан сар бүрийн импортын үнэ, тухайн сарын Монгол банкны валютын дундаж ханш, Монгол Улсын гаалийн болон холбогдох албан татварын журмын дагуух татварууд гэчхээд бүтээгдэхүүнийг дотоодод тээвэрлэх төмөр замын болон агуулахад буулгах, дахин ачих, Оюутолгой руу тээвэрлэх зардлууд даатгалын болон банкны зээлийн хүүгийн төлбөр, компанийн үйл ажиллагааны болон арилжааны ашиг зэрэг бүх зүйлийг хоёр тал хянаж байхаар нээлттэй ил тод хийсэн байна гэж Оюутолгой ХХК, Петровис трейдинг ХХК нарын хооронд байгуулсан гэрээний утгыг маш сайн ойлгосон байгаа юм. Шинжээчид шатахууныг Улаанбаатар хотод биш Өмнөговь аймгийн Оюутолгойд хүлээлгэж өгөх юм байна. Энэ үйл ажиллагааны болон банк санхүүгийн зардлууд, тээвэрлэлтийн зардлууд орох юм байна гэж ойлгосон. Шинжээчийн дүгнэлтэд бас Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн жижиглэнгийн үнийн дүнг Петровис трейдинг ХХК-ийн шатахуун нийлүүлсэн үнэтэй харьцуулахад нийт 2007-2013 оныг дуусталх хугацаанд АИ92, АИ80, дизель түлшийг 46.002.249.757,75 төгрөгийн илүү үнээр Оюутолгой ХХК-д нийлүүлсэн байна. Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн жижиглэнгийн үнэ нь Улаанбаатар хотын борлуулалтын үнэ болно гэсэн байна. Түрүүн 690 км газар тээвэрлэхийг ойлгож, үүнд төмөр замын болон автомашины тээвэр, санхүүгийн зардал, ачилт буулгалтын зардал орно гэж ойлгож байсан хүн маань шатахуун түлшний үнийг Улаанбаатар хотын борлуулалтын үнэтэй харьцуулж 46.002.249.757,75 төгрөгийг гаргаж ирсэн байна. Энэ бол үнэхээр ойлгомжгүй. Ямарч хүн харахад яахаараа бид 690 км зайд тээвэрлэж хүргэж өгчхөөд Улаанбаатар хотын агуулахад байгаа шатахууны үнэтэй адилхан худалдах ёстой юм бэ. Улаанбаатар хотын агуулахын шатахууны үнийг Улаанбаатар хотоос 690 км зайд байрлах Өмнөговь хүртэл тээвэрлэх үнийг оруулалгүй 46.002.249.757,75 төгрөгийг гаргаж ирж, ял тулгаж байгаад гомдолтой байна. Шинжээчийн гаргасан 418 тэрбум төгрөгөөс хасч тооцоогүй зардлуудыг дурдахад шатахууныг Улаанбаатар хотын агуулахын үнээр тооцсон байсан тул Улаанбаатар хотоос Чойр агуулах хүртэл тээвэрлэсэн төмөр замын тээвэрлэлтийн зардал 2,5 тэрбум төгрөг, авто цистернийн Чойроос Оюутолгой хүртэлх тээвэрлэлтийн зардал 28,7 тэрбум төгрөг, зээлийн хүү 5,4 төгрөг, ажлын албаны зардал 7,5 тэрбум төгрөг болсон. Ийнхүү шинжээчид манай 43,9 тэрбум төгрөгийн зардлыг харьцуулалтад огт оруулж тооцоогүй байна. Шинжээчид ойлгохгүй болохоороо дүгнэлтдээ оруулж тооцоогүй юм уу гэхээр шинжээч манай гэрээг зөвөөр ойлгосон байсан. Шинжээч зарим харьцуулалтыг хийхдээ Оюутолгой ХХК-д 2014-2017 онд шатахуун нийлүүлж байсан М.Ойл ХХК, Шунхлай ХХК нарын үнэтэй харьцуулж, илүү өндөр үнээр нийлүүлсэн байна гэж дүгнэсэн. 2013 оны сүүлээр Оросын Холбооны Улсад Крымийн асуудлаас болж Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбооноос эдийн засгийн хориг тавьснаас болж Оросын Холбооны Улсад рублийн ханш хоёр дахин өсч, нэг ам.доллар 60 рубль болж, нефтийн үнэ 942 ам.доллараасаа 315 ам.доллараар буурсан. Тухайн үед Монголчууд Орос руу их явж автомашин худалдан авч байсан. Энэ бол 2013 оноос 2014 оны зааг үе юм. 2014 он, 2015 он, 2016 оны шатахууны дундаж ханш 315 ам.доллараар буурсан байсан. Нефтийн үнэ дандаа өсдөг гэж хүмүүс ойлгодог юм шиг байна. Оюутолгой ХХК-д Петровис трейдинг ХХК шатахуун нийлүүлж байх үед буюу 2008 оны 8 дугаар сард 1 тонн нефть 1.426 ам.доллар байсан бол 2015 оны 03 дугаар сард 340 ам.долларын үнэтэй байсан. Энэ талаарх лавлагааг Ашигт малтмал, газрын тосны газраас авч үзэж болно. Өнөөдөр нефтийн үнэ 446 ам.доллар байна. Нефтийн үнэ яагаад ингэж буурч байгааг ойлгохгүй байж магадгүй. Нефтийн үнийг Засгийн газар онцгой албан татвараар тохируулдаг. Дээд тал нь 1 тоннд 528.000 төгрөгийн онцгой албан татвар тавьдаг. Зарим үед 30.000 төгрөг болгож бууруулдаг. Манай компани Оюутолгой ХХК-д шатахуун нийлүүлж байх үед 29.000 төгрөг байсан. Мишээл Од аудит ХХК-ийн дүгнэлтээр бидний хийлүүлж байсан шатахууны үнэ байнга өсч байгаа гэдэг нь 2008 оны нефтийн үнийг 2015 оны, 2016 оны нефтийн үнэтэй харьцуулж байгаа учраас ийм зөрүү гарч байгаа юм. Илүү ойлгомжтой бөгөөд бодит дүгнэлт гаргахын тулд тухайн цаг хугацаанд яг ижил байршилд ажиллаж байсан Оюутолгой ХХК-ийн бусад туслан гүйцэтгэгч компаниудын ханштай харьцуулсан бол илүү бодит дүгнэлт гарах байсан. Шинжээч дүгнэлтээ Оюутолгой ХХК-тай гэрээгээр ажиллаж байсан бусад туслан гүйцэтгэгч компанийн шатахууны хэрэглээ, үнийн дүнгийн суутгалын тооцоо зэргийг нягталж, анхан шатны санхүүгийн баримтуудыг үндэслэж бичжээ. Гэвч тэрхүү анхан шатны баримтууд дотор байх ёстой Петровис трейдинг ХХК-иас Оюутолгой ХХК-д туслан гүйцэтгэгч нартай тусдаа хийсэн шатахуун нийлүүлэх гэрээ болон явуулж байсан нэхэмжлэхүүд нь дээрх Оюутолгойд нийлүүлж байсан үнэтэй харьцуулалт хийхгүй орхисон байна. Хэргийн материалд бид тухайн үед Оюутолгой ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан олон компаниудад шатахуун нийлүүлж байсан гэрээ болон нэхэмжлэхийг хавсаргасан байгаа. Өмнөговь аймагт ганц Оюутолгой ХХК ажиллаж байгаагүй. Өөр олон туслан гүйцэтгэгч Моннис ХХК, Био Мандал ХХК, CIC Монголиа ХХК, Гаруда ХХК, Ханка ХХК, Хасу ХХК зэрэг компаниуд ажиллаж байсан. Энэ бүх компаниудтай бид гэрээгээр шатахуун нийлүүлж байсан. Ижил цаг үед бидний шатахуун нийлүүлж байсан гэрээг буюу эдгээр компаниудтай бидний байгуулсан гэрээг Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээтэй харьцуулж үзсэн бол бүх зүйл гарч ирэх байсан. Хэрэгт авагдсан материалаас харахад 2009 онд бол Оюутолгой ХХК-д бусад компанид шатахуун нийлүүлж байсан үнээсээ хамаагүй хямд үнээр нийлүүлж байжээ.  Монгол улсад нефтийн бизнес эрхэлдэг бүх компаниуд Оросын Холбооны Улсын Роснефть ХХК-иас шатахуунаа авдаг. Петровис трейдинг ХХК нь Роснефть ХХК-иа нефтийн үнээ өсгөхөөр үнээ өсгөдөг. Буулгахаар буулгадаг. Өөр ямар нэгэн байдлаар шатахууны үнийг өсгөж буулгаж байгаагүй юм” гэв.

Гэрч Д.Зоригтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Ерөнхий сайд С.Б ажлын хэсэг Засгийн газар дээр танилцуулахад асуудалтай танилцаж хэлэлцүүлж байсан, мөн Улсын Их Хурлаар асуудлыг хэлэлцүүлэхэд авч орж байсан. Ерөнхий сайд С.Б хэлэлцээр, ажлыг хэсгийн хуралд миний санаж байгаагаар оролцож байгаагүй. Харин гэрээний төслийг бэлэн боллоо гээд Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулахад өөрөө маш сайн танилцаж байсан” гэх мэдүүлэг /2хх-31х/,

Гэрч Б.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний мэдэхээр Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Б нь Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний төслийг боловсруулахад мөн хэлэлцээр хийхэд ямар нэгэн байдлаар оролцож байсан удаа байхгүй ээ. Ажлын хэсгийн хуралдаан дээр нэг ч удаа орж ирж байгаагүй, нэг ч удаа үүрэг чиглэл өгч байсан удаа байхгүй ээ. Засгийн газрын хуралдааны үеэр төслийг эцэслэн хэлэлцүүлэхэд Ерөнхий сайдын хувиар л мэдээллийг сонссон” гэх мэдүүлэг /2хх-38х/,

Гэрч П.Сүхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би “Петровис” ХХК-ийн борлуулалтын менежер байсан бөгөөд тухайн үед гадаад хэлтэй учир гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудыг хариуцан ажиллаж байсан. Айвенхоу майнз Монголиа инк ХХКтай хайгуулын хүмүүстэй уулзаж, 2002 онд компанийнхаа талаар танилцуулж, хамтран ажиллахаар тохиролцоонд хүрч Өмнөговь аймгийн Манлай суманд шатахуун хадгалах бага оврын агуулах барьж, 2 шатахуун цэнэглэж автоцирстернтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед Манлай, Хармагтайд байрлах Айвенхоу майнз Монголиа инк ХХК-ийн хайгуулын ангийг 2006 он хүртэл шатахуунаар хангасан. Улмаар манай компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ сайн байсан учир Ханбогд суман дахь “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажлын шатахууныг хангах тухай хүсэлтийг Айвенхоу майнз Монголиа инк ХХК 2006 онд Петровис ХХК-д тавьсан. Ингээд 2007 оноос гэрээ байгуулж Оюутолгой төслийн талбарт агуулах барьж 5-6 машинтайгаар төслийн үйл ажиллагааг шатахуунаар хангаж эхэлсэн. Тэгээд би 2008 онд ажлаасаа гарч буцаад 2013 оны 11 сард ажилдаа ороход “Оюутолгой” ХХК-тай байгуулсан манай гэрээ 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон байсан. Манай компани 2002-2006 оны хооронд тус компанийн хайгуулын төсөлд нийт 5688 тонн шатахуун нийлүүлж, борлуулалтын орлого 4.899.663.350 төгрөг, үүнээс хоёр талаас гэрээгээр тохирсон үнийн томьёоны дагуу 5 хувийн ашиг болох 244.9 сая төгрөгийн татварын өмнөх ашигтай ажилласан. Харин 2007-2013 онд нийт 184.990 тонн шатахуун нийлүүлж, 364,992,237,330 төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлж, үүнээс 2 талаас гэрээгээр тохирсон үнийн томьёоны дагуу 5 хувийн ашиг болох 18,249,611870 төгрөгийн татварын өмнөх ашигтай ажилласан” гэх мэдүүлэг /3хх-63-64, 69-70х/,

Гэрч Н.Насанжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2008-2009 онд “Петровис трейдинг” ХХК-д техник хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад 2010 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Петровис трейдинг ХХК 2008 онд үүсгэн байгуулагдсан санагдаж байна. Нефтийн бүтээгдэхүүн импортлох, бөөнөөр борлуулах, хадгалах, тээвэрлэх, түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Петровис ойл” ХХК-ийн охин компаниар бүртгэлтэй байдаг санагдаж байна. “Петровис трейдинг” ХХК-ий 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Петровис ойл” ХХК. “Петровис Ойл” ХХК-ий хувьцаа эзэмшигч нь хэн байдаг талаар би мэдэхгүй. “Петровис трейдинг” ХХК нь гэрээний дагуу 2009 оноос 2013 оныг дуустал хугацаанд Оюу толгой ХХК-д түлш, бензин бөөнөөр нь нийлүүлж ажилласан. 2013 онд гэрээний хугацаа дууссанаас хойш Оюу толгой ХХК-д манай Петровис трейдинг ХХК гэрээ байгуулж хамтран ажиллагаагүй. 2013 онд Оюу толгой ХХК нь тендер сонгон шалгаруулалт зарлаад манайхаас өөр компаниуд түлш, бензин нийлүүлэх болсон. Маш олон хуудастай Англи хэл хийгдсэн гэрээ байдаг. Энэхүү гэрээг хийхэд манай төв компаниас том харилцагч хариуцсан хэлтсийн холбогдох хүмүүс ажиллаж хийсэн. Гэрээ байгуулах ажлыг П.Сүхбаатар гэж хүн хариуцан ажиллаж байсан байж магадгүй.  Би энэ талаар хэлж мэдэхгүй байна. 2013 онд манай гэрээний хугацаа дуусаж түүнээс хойш “Оюу толгой” ХХК-д ханган нийлүүлэлт хийгээгүй. 2009 оны гэрээ байгуулахад тендер сонгон шалгаруулалт явуулсан байх би дэд захирлаар ажиллаж байхдаа машин, техникийн үзүүлэлтүүдийг гаргаж өгч байсан санагдаж байна. 2013 онд манай гэрээний хугацаа дуусаад “Оюу толгой” ХХК-иас тендер сонгон шалгаруулалт явуулахад нь манай компани оролцсон боловч шалгарч чадаагүй. ”Оюу толгой” ХХК-иас манай компанид аюулгүй ажиллагаатай холбоотой ажилчдыг сургалтанд хамруулаагүй, машин техник хэрхэн нэвтрүүлж явуулах гэх зэрэг асуудлууд дээр шаардлагуудыг тавьдаг байсан. Мөн шатахууны чанарын асуудлын хувьд газар дээр лабораторид шинжилгээ хийлгэж “Оюу толгой” ХХК-д үзүүлдэг байсан бөгөөд шинжилгээний хариу шаардлагад нийцэхгүй муу гарсан тохиолдолд шатахууныг буулгахгүйгээр буцаадаг байсан” гэх мэдүүлэг /3хх-65-66х/,

Гэрч Р.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2012 оны 3 дугаар сараас Солонгос улсаас евро 5 стандартын дизель түлш анх удаа Монгол улсад оруулж ирэхэд Оюутолгой ХХК-иас асуулга ирээд, 2012 оны 5 дугаар сард Оюутолгой ХХК-д туршилтын журмаар 2000 тонн евро 5 стандартын түлш нийлүүлсэн... 2012 онд /сарыг нь санахгүй байна/ Оюу толгой ХХК-иас тендер зарлаад 2012 оны 11 дүгээр сард тендерийн хариу гарч манай компани шалгарч 3 жилийн хугацаанд сард ойролцоогоор 3000 тонн түлш нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Оюу толгой ХХК-ийн нийт түлшний хэрэглээний 65 хувийг манай компани хангахаар гэрээ байгуулсан ... 2012 оны 11 дүгээр сард манай компанийг гэрээнд гарын үсэг зурж байхад Оюу толгой ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Айван Велла гэж хүн анх удаа том хэмжээний тендерийг шударгаар явууллаа гэж хэлж байсан. Манай компанийн хувьд тендерт шалгарах зорилгоор ямар нэг танил талаа ашигласан, хээл хахууль өгсөн зүйл байхгүй. Манай компанийг түлш нийлүүлэхээс өмнө Петровис ХХК Оюу толгой ХХК-д түлш нийлүүлж байсан. 2015 онд Оюутолгой ХХК-аас тендер зарлаж бас Шунхлай, манай компани хоёр шалгарсан. Шунхлай ХХК Оросоос евро 5 стандартын дизель түлшийг оруулж ирж байгаа. Мөн манай компани Оросын Ангаркс хот, Хятадын хөх хотоос евро 5 стандартын дизель түлшийг нийлүүлж байгаа ... Оюу толгой ХХК-ийн хувьд сахилга бат сайтай компанитай ажиллах дуртай байдаг юм байна лээ. Өмнө нь ажиллаж байсан Петровис компанид шаардлага тавихаар төрийн байгууллага, албан тушаалтнаас шууд нөлөөлөл орж ирээд хүндрэлтэй байдаг байсан гэсэн яриа сонсогдож байсан. Гэхдээ ямар хүмүүс тэгж ярьж байсныг би мэдэхгүй байна. Мөн өмнө нь үнийн томьёо гэж байгаагүй учир нийлүүлэгч компани өөрсдөө энэ сарын үнэ гэж шууд үнээ өгдөг байсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /3хх-207-208х/,

Гэрч Ш.Амгаланжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”... М-ойл, Шунхлай ХХК-иуд 2013 оны 11 дүгээр сараас эхлэн нийлүүлэлт хийж байгаа. Түүнээс өмнө буюу 2013 оны 11 дүгээр сараас өмнө хугацаанд Петровис ХХК нийлүүлэлт хийж байсан” гэх мэдүүлэг /3хх-209-210х/,

Гэрч Э.Сувдаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Давааням, Нандин нар нь Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч түүнийгээ засварлаж буцаан зарж тодорхой хэмжээний ашиг олох зорилготой бизнес хийдэг гэж би ойлгож байгаа. Манай гэр бүлийн хувьд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байх хугацаанд тухайн худалдан авсан байшинд нь амьдарч засвар, арчилгаанд нь тусалдаг байсан. Энэхүү бизнестэй холбоотой миний үүрэг оролцоо гэхээр тухайн байшинд нь амьдарч байх хугацаандаа засвар үйлчилгээ хийх компанитай нь харилцаж, тухайн ажлыг хийлгэх, мөн байшингийн хэрэглээний зардлыг төлөх гэх зэргээр л оролцдог байсан. Би худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ байгуулж байгаагүй бөгөөд ус, цахилгааны билл гэх зэрэг баримтуудыг нь тухайн үед нь бүрдүүлж өгдөг байсан. Миний хувьд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байхдаа тухайн худалдан авсан байшинд нь үнэ төлбөргүй амьдарч байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бизнест туслалцаа үзүүлсний хариуд цалин, хөлс авч байгаагүй. Миний дансаар Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой мөнгө дамжиж байсан байж магадгүй. Учир нь тухайн цаг хугацаанд Америкийн Нэгдсэн Улсад надаас өөр байшинг хариуцаад ажиллах хүн байхгүй тохиолдолд миний дансаар холбогдох мөнгө нь шилжиж гарсан байж магадгүй. Үл хөдлөх хөрөнгийн бизнестэй холбоотой Америкийн Нэгдсэн Улсад миний мэдэж байгаагаар 2 компани үүсгэн байгуулж байсныг санаж байна. Нэг компаний нэрийг нь Вода гэж байсан, нөгөө компанийн нэрийг нь би санахгүй байна. Би үүсгэн байгуулагдсан компанид нь менежерээр бүртгүүлж байсан. Миний хувьд Нандин, Давааням ах хоёрыг байхгүй үед нь төлөөлж гарын үсэг зурах зорилгоор тухайн компаниудад менежерээр бүртгүүлж байсан. Гэхдээ цалин хөлс авч байсан удаа байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн бизнес нь эхэндээ дандаа алдагдалтай яваад байсан. Манай гэр бүлийн хувьд байшин зарсан мөнгөнөөс ашиг гэж авч байсан зүйл байхгүй. Америкийн Нэгдсэн Улсын Банк оф Америка банкинд С.Шагдардулам та хоёрын хамтран эзэмшдэг данс нээсэн нь Үл хөдлөх хөрөнгийн бизнестэй холбоотой нээсэн данс байх. Миний хувьд энэхүү дансыг хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаагүй, би Банк оф Америка банкинд энэ дансаар гадна 2-3 данстай. Би картын дансаа байнга ашигладаг байсан. Гаруда центр гэх барилга нь Грийн ресурс ХХК-ий өмчлөлийнх бөгөөд энэхүү компаний хувь эзэмшигчээр Цэцэнзориг бид хоёр ямар ч байсан байгаа. Бас Бадамханд хувь эзэмшигчээр нь бүртгэгдсэн байж магадгүй. Би яг хэдэн хувь эзэмшиж байгааг мэдэхгүй байна, ямар ч байсан 30 хувийн хувьцаа эзэмшиж байгаа байх” гэх мэдүүлэг /14хх-104-105х/,

Гэрч С.Шагдардуламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Нөхөр Давааням найз Баярын охин Нандинтай хамт Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Нөхөр маань хөрөнгө оруулалтыг хариуцдаг, Нандин бусад асуудлыг хариуцдаг. Ер нь бол Баяртай их дотно байдаг, гэр бүлийн найз нөхөд байгаа юм ... Давааням нь ер нь бол Баяртай их дотно. Миний нөхөр Давааням нь Петровис, НИК ХХК-иудын хувь нийлүүлэгч бөгөөд өөрийнхөө компанид зээл олгохдоо өөрийнхөө нэрээр олгодоггүй болохоор миний нэрээр зээл олгосон байж магадгүй. Миний хувьд энэхүү зээлийн талаар мэдэхгүй байхгүй байна. Би 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,775,314.00 ам.доллар, мөн өдөр 189,850.00 ам.долларын гүйлгээг “Бадамханд зээл” гэсэн утгаар Петровис ХХК-руу шилжүүлснийг үнэхээр санахгүй байна. Би Бадамханд гэж хүнийг танихгүй, яагаад Бадамханд гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн болохыг үнэхээр санахгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн бизнестэй холбоотой Америкийн Нэгдсэн Улсад хэн хэдэн аж ахуй нэгж үүсгэн байгуулснаа мэдэхгүй байна, би энэ хоёр зүйл дээр Даваагийн хэлсний дагуу гарын үсэг зурж байсан. Ямар баримт дээр гарын үсэг зурсан болохыг мэдэхгүй байна. Форест Берриес/Forest berries/ гэж компанийн талаар сонсож байсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, хэний компани болохыг би мэдэхгүй байна. Сувдтай хамтран эзэмшдэг нэг данс нээж байсан, гэхдээ энэхүү дансыг нээх ашиглаагүй санагдаад байна. Энэ дансыг нээхдээ манай Америкийн Нэгдсэн Улсад байдаг байшингийн төлбөр тооцоог манайхыг Монголд байхад үед хийж байгаач гэсэн утгаар нээлгэсэн санагдаж байна. Миний санаж байгаагаар Сувдтай хамтран нээсэн дансыг би нээх ашиглаагүй. Харин Сувд ашиглаж байсан үгүйг би мэдэхгүй байна. Би энэ данснаас бэлэн мөнгө гаргаж авч Америкийн Нэгдсэн Улсад машин авсан байж магадгүй, мөн хоол хүнсний жижиг тооцоонууд хийж байсан байх” гэх мэдүүлэг /12хх-26, 14хх-171-173х/,

Гэрч Д.Энхмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:“... “Петровис ресурс инк” компанийг Давааням, Оюунгэрэл, Туяа нар хувьцааг эзэмшиж байсан ... Уг компани нь Isle of man гэж арал дээр бүртгэлтэй компани байгаа юм” гэх мэдүүлэг /456хх-249-250х/,

Шүүгдэгч С.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... Миний эхний эхнэр Гэрэлтуяа нь “Петровис” компанийн гадаад харилцаа хариуцсан захирлаар ажиллаж байсан. Бид нар бага залуугийн найзууд бөгөөд Давааням надтай харилцаатай байдгаас гадна Гэрэлтуяатай хамтарч ажиллаж байсан, ойр харилцаатай байдаг” гэх мэдүүлэг /60хх-224х/, “2000 он гараад Б.Нандин, Давааням нар үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлбэл яасан юм гэсэн яриатай явж байгаад 2006 оноос ажлаа эхэлсэн.Давааням мөнгө санхүүг нь хариуцан, Нандин менежментийг хариуцан ажиллах тохироонд хүрсэн гэж ойлгосон гэсэн тайлбар /11хх-122х/,

Шүүгдэгч Ч.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Америкийн Нэгдсэн Улсад худалдан авсан 9 байшинд би нийт 13 сая ам долларыг зарцуулсан байдаг бөгөөд энэхүү мөнгийг бүгдийг би хувиасаа гаргасан. Одоогийн байдлаар би энэ бизнесээс ашиг олоогүй. Би Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх хугацаанд ашиг олоогүй, энэ чиглэлийн ажлын маш их туршлагатай болсон” гэх мэдүүлэг /69хх-171х/, “... Байрны бизнест Нандингаас нэг ч ам долларын хөрөнгө ороогүй. Бид 2 анх тохирохдоо Нандин ашгийн 15 хувийг, би 85 хувийг авахаар тохиролцсон. Нандин өөрт ногдох 15 хувийн ашгаасаа хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй” гэх тайлбар /11хх-130х/,

О.Гэрэлтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбарт: “... Байрыг худалдан авсан хөрөнгө бол Даваанямын хөрөнгө байгаа юм. Манай охин болон Нандин болон манай гэр бүлийнхнээс оруулсан хөрөнгө байхгүй” /11хх-125х/,

Э.Сувдаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбарт: “... Үл хөдлөх хөрөнгийн бизнест зориулан Нандин ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг мэдэхгүй” /11хх-128х/,                                                                                               

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/1383 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Монгол Улсын Их Хурлын 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай С.Быг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон тухай тогтоол” /449хх-08х/,

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15/973 дугаартай албан бичгээр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт “Монгол Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаартай С.Быг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсөн тухай тогтоол” /61хх-144-153х/,

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/09 дугаартай албан бичгээр ирүүлсэн “2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Монгол дээр дээр 54 хуудас, Англи хэл дээр 45 хуудас Хөрөнгө оруулалтын гэрээ /189хх-191-241х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай тогтоолд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /40хх-154-155, 162-179х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай тогтоолд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /40хх-180-183х, 86хх-ийн 147х/,

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоол /40хх-193х, 83хх-21х, 141хх- 221х/,

Монгол Улсын Ерөнхий сайдын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамж /141хх-223-224х/,

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай эрх олгох тухай тогтоол /142хх-7х/,

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоол /128хх-62х/,

Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай захирамж /142хх-73х/,

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 308 дугаартай Гарын үсэг зурах эрх олгох тухай тогтоол /40хх-194х, 86хх-42х/,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12/1150 дугаартай

“Оюутолгой” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл /126хх-1-7, 127хх-58, 128хх-29, 31х/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 6/2222 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Оюутолгой” ХХК-ийн улсын бүртгэлийн талаарх танилцуулга /128хх-229-231х/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11/1178 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ч.Дын “Петровис трейдинг” ХХК, “Петровис ойл” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /15хх-195, 202, 241, 131хх-159-160х/,

Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч, комиссар Х.Аюушийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу, шинжээчээр томилогдсон “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээчийн ...2007 оноос хойш Оюу толгой ХХК-д түлш шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн, кэмп, катерингийн үйлчилгээ үзүүлсэн компаниудын ажил гүйцэтгэсэн гэрээнүүд болон нягтлан бодох бүртгэлийн журналд тусгагдсан ажил гүйлгээнүүдийг АТГ-аас ирүүлснийг дараах хөндлөнгийн мэдээллүүдтэй тулган шалгах ажлыг 2018 оны 05 дүгээр сараас 2019 оны 05 сар хүртэлх хугацаанд гүйцэтгэж дүгнэлт гаргалаа. Үүнд: Түлш, Шатахуун, Тос Тосолгооны материалын худалдан авалт Оюу толгой ХХК-д түлш, шатахуун, тос тосолгооны материал нийлүүлж, ажил үйлчилгээ үзүүлсэн компаниудын гэрээний гүйцэтгэл  /хураангуйгаар,төгрөгөөр/

 Петровис трейдинг ХХК, Оюу толгой ХХК     BPANo  0027 /Банкны хөнгөлөлттэй худалдан авах гэрээ/ 2009 Шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ  а. Дизель өвөл зуны,  б. Бензин А80, Аи92                                                         Үнийн дүн тавиагүй гэрээ 418,385,173,982.34

Түлш, шатахуун, тос, тосолгооны материал нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэхээр “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулсан компаниудын гэрээний товч утга, ажлын цар хүрээний дэлгэрэнгүй мэдээлэл;

Харилцагч: Петровис трейдинг ХХК, Оюу толгой ХХК Тендер зарласан эсэх: Тендерийн материал ирүүлээгүй, гэрээгээр ажил гүйцэтгэсэн Гэрээ байгуулсан огноо: 2009.09.01-2010.10.01 Гэрээний дугаар:BPA  No .0027 /Банкны хөнгөлөлттэй худалдан авах гэрээ/ Гэрээний нэр зорилго: Шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ  /Түлш нийлүүлэлт/ Ажлын цар хүрээ:                                                                                   а. Дизель өвөл зуны,  б. Бензин А80, Аи92 Гэрээний анхны үнэ:Үгүй Худалдан авалтын дүн  418,385,173,982.34  төгрөг Гэрээнд хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүд, тайлбарууд Нийт 5 өөрчлөлт бидэнд ирсэн. Гэхдээ гэрээний өөрчлөлтийн дугаар №8-12 нь зөвхөн ирсэн. Тиймээс1-7 дугаарын нэмэлт өөрчлөлт ирээгүй. Тендерийн материал Оюу толгойгоос ирээгүй. Анхны гэрээ 12 сарын хугацаатай ДТ-275.000л, А80-30.000л, Ай92-10.000л шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан. 8-р нэмэлт өөрчлөлтийн 2011.05-2011.12 сар хүртэлх хугацаатай ДТ-62 662 597 литр, А80-113 240 литр, АЙ92-134 784 литр шатахуун авахаар нэмэлт өөрчлөлт оруулсан. 9-р нэмэлт өөрчлөлт 2012.07.17-2013.04.30 хүртэлх хугацаагаар сунгагдсан. 10-р нэмэлт өөрчлөлт 2013.05.13-2013.08.15 хүртэлх хугацааг сунгаж 48.7 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр нэмэгдүүлж гэрээ байгуулсан. 11-р нэмэлт өөрчлөлтөнд 2013.08.16-2013.09.15 хүртэлх хугацаанд 12.0 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр үнийн дүнг нэмсэн.12-р нэмэлт өөрчлөлт 2013.09.16-2013.11.15-нд хүртэл хугацааг сунгаж, үнийн дүнг 24.0 тэрбум төгрөгөөр нэмж өөрчлөлтүүд оруулсан байна.

Харилцагч: Петровис ХХК,  Оюу толгой ХХК Тендер зарласан эсэх: Тендерийн материал ирүүлээгүй, гэрээгээр ажил гүйцэтгэсэн Гэрээ байгуулсан огноо: 2011.10.16-2012.10.16 Гэрээний дугаар: A2MW-90-S0149 Гэрээний нэр зорилго: Аюулгүй ажиллагааны урамшууллын хөтөлбөр Гэрээний анхны үнэ: 17,946.00  $                                                                                    

Худалдан авалтын дүн 110,123,042.52  төгрөг Гэрээнд хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүд, тайлбарууд Тендерийн материал ирээгүй. Гэрээний хугацаа дуусах хүртэл 1 жилийн хугацаанд 1-4 нэмэлт өөрчлөлт орсон байна. Анхны үнийн дүнгээс нэмэлт өөрчлөлтүүдийн нийт үнийн дүн 110,123,778.00 төгрөг болсон. 1-р нэмэлт өөрчлөлт 2011.11.02-ны өдөр үнийг дүн 25,592,109.00 төгрөгөөр нэмсэн. 2-р нэмэлт өөрчлөлт 2012.01.13-ны өдөр 32,287,423.00 төгрөгөөр гэрээг нэмэгдүүлсэн. 3-р нэмэлт өөрчлөлт 2012.06.13-ны өдөр 21,940,535.00 төгрөгөөр гэрээний үнийг нэмсэн. 4-р нэмэлт өөрчлөлт 2012.10.16-ны өдөр 30,303,711.00 төгрөгийг нэмж өөрчлөлт оруулж гэрээний үнийг нэмэгдүүлсэн байна.

Петровис трейдинг ХХК дараах ажлыг гүйцэтгэсэн байна:

2009.09.01-нд Шатах тослох материал нийлүүлэх тухай BPA No 0027 дугаар гэрээг байгуулан 12 сарын хугацаатай ДТ-275.000 л, А80-30.000 л, Ай92-10.000 л шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан. Тендерийн материал Оюу толгой ХХК-иас ирээгүй. Анхны гэрээг 12 удаа нэмэлт гэрээгээр сунгаж, 12-р нэмэлт өөрчлөлтөөр  2013.09.16-2013.11.15 нд хүртэл хугацааг сунгаж, үнийн дүнг 24.0 тэрбум төгрөг нэмж өөрчлөлтүүд оруулсан байна. Ник ХХК 2007 оноос 2016 онуудад 119.900,000.00 төгрөгийн шатахуун нийлүүлсэн байна. Гүйцэтгэлээр 2013 оныг дуустал 418,385,173,982.34 төгрөгийн нийлүүлэлтийг гүйцэтгэн төлбөрийг бүрэн авсан байна.

Үнийн харьцуулалтыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны Петровис ХХК болон Петровис трейдинг ХХК-д шилжүүлсэн шатахууны төлбөрийн шилжүүлгийн баримтад тусгагдсан тоо хэмжээ, нэгжийн үнийг харьцуулалт хийсэн хөндлөнгийн байгууллага, компаниудын нэгжийн үнэтэй харьцуулан нийт үнийн зөрүүг гаргаж Хүснэгт № 46-д тусгасан. Үнийн харьцуулалтыг он тус бүрээр, нийт үнийн зөрүүг товчоогоор гаргахад дараах байдалтай байна. Үүнд:

- Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/6175 дугаар албан бичгээр ирүүлсэн 2007 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар дуусталх хугацааны Улаанбаатар хотод борлуулж байсан А-80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг Петровис ХХК-ийн шатахуун нийлүүлсэн үнэтэй харьцуулахад нийт 2007 оноос 2013 он дуусталх хугацаанд АИ-92, АИ-80, дизель түлшийг нийт 46,002,249,757.75 төгрөгийн илүү үнээр Оюу толгой ХХК-д нийлүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн жижиглэнгийн үнэ нь Улаанбаатар хотын борлуулалтын үнэ гэж албан бичигт тусгагдсан. Гэхдээ 2007 оны хувьд Петровис ХХК-ийн нийлүүлэлтийн үнэ Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн жижиглэнгийн үнээс бага байсан бол 2008 оноос эхлэн тус үнээс илүү үнээр нийлүүлж их хэмжээний зөрүүтэй илэрхийлэгдсэн байна. Үнийн харьцуулалтад нийт худалдан авалт бүгд хамрагдсан.

- Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн бөөний үнийн дүнг Петровис ХХК-ийн шатахуун нийлүүлсэн үнэтэй харьцуулахад нийт 2007 оноос 2013 он дуусталх хугацаанд АИ-92, АИ-80, дизель түлшийг нийт 55,676,922,780.00 төгрөгийн илүү үнээр Оюу толгой ХХК-д нийлүүлсэн. Ирүүлсэн үнийн судалгаанд зарим саруудын бөөний үнэ тусгагдаагүйгээс нийт 412,625,738,993.87 төгрөгийн худалдан авалтаас 329,157,381,285.15 төгрөгийн худалдан авалт нь үнийн харьцуулалтад хамрагдсан.

- Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03/683 дугаар албан бичгээр ирүүлсэн  2007 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар дуусталх хугацааны АИ-92, АИ-80, дизель түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг Петровис ХХК-ийн шатахуун нийлүүлсэн үнэтэй харьцуулахад нийт 2007 оноос 2013 он дуусталх хугацаанд АИ-92, АИ-80, дизель түлшийг нийт 47,036,210,198.80 төгрөгийн илүү үнээр Оюу толгой ХХК-д нийлүүлсэн. Үнийн харьцуулалтад нийт худалдан авалт бүгд хамрагдсан.

- Өмнөговь аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаар албан бичгээр ирүүлсэн 2009 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 сар дуусталх хугацааны АИ-92, АИ-80, дизель түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг ирүүлснийг Петровис ХХК-ийн шатахуун нийлүүлсэн үнэтэй харьцуулахад нийт 2009 оноос 2013 он дуусталх хугацаанд АИ-92, АИ-80, дизель түлшийг нийт 9,868,218,180.87 төгрөгийн илүү үнээр Оюу толгой ХХК-д нийлүүлсэн. Петровис ХХК нь 2009 оноос 2011 он дуусталх хугацаанд Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс ирүүлсэн үнээс бага үнээр нийлүүлж байсан боловч 2012 болон 2013 онуудад илүү үнээр нийлүүлснээс тус зөрүү үүссэн. Харьцуулалтанд 412,625,738,993.87 төгрөгийн худалдан авалтаас 384,539,168,206.52 төгрөгийн худалдан авалт хамрагдсан.

Авлигатай тэмцэх газрын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдээлэл, баримт гаргуулан авч шинжээчид материал хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр хүлээн авсан Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2011 оноос 2017 оны нийт 41 ширхэг гэрээний жагсаалт болон гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбарууд. Тус гэрээнүүдээс Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Ник ХХК, Содмонгол ХХК, Шунхлай ХХК, Магнай трейд ХХК-иудтай байгуулсан шатахуун худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг шатахууны үнийн харьцуулалтад  ашигласан. Эрдэнэс таван толгой ХК нь Ник ХХК-иас 2012 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн. Тус худалдан авалт хийсэн үнийн дүнг Петровис ХХК-ийн нийлүүлсэн тухайн үеийн үнийн дүнтэй харьцуулахад  6,040,115,829.50 төгрөгийн бага үнээр Оюу толгой ХХК нь худалдан авалт хийсэн байна. Тухайн хугацаанд Ник ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-д дизель түлшийг 1,990.00 төгрөгөөр нийлүүлсэн байхад Петровис ХХК нь Оюу толгой ХХК-д 1,700.00 төгрөгөөс 1,800.00 төгрөгөөр нийлүүлж байсан учраас зөвхөн тус харьцуулалтад бага үнээр худалдан авсан харагдаж байна. Гэхдээ Эрдэнэс таван толгой ХК нь Ник ХХК-иас зөвхөн 3 сарын хугацаанд худалдан авалт хийсэн. Бусад харилцагчдын үнэ нь Ник ХХК-ийн үнээс харьцангуй бага байна. Нийт 412,625,738,993.87 төгрөгийн худалдан авалтаас 50,731,820,060.50  төгрөгийн худалдан авалт нь үнийн харьцуулалтад хамрагдсан.

Эрдэнэс таван толгой ХК-иас 2011 оноос хойшхи хугацаанд хамаарах Сод монгол ХХК, Шунхлай ХХК, Магнай трейд ХХК-тай хамааралтай гэрээг ирүүлсэн. Тус гэрээний үнийг Петровис ХХК-ийн үнэтэй харьцуулахад АИ-92, АИ-80, дизель түлшийг нийт 6,384,048,058.88 төгрөгийн илүү үнээр Оюу толгой ХХК-д нийлүүлсэн. Нийт 412,625,738,993.87 төгрөгийн худалдан авалтаас 169,505,163,076.87 төгрөгийн худалдан авалт нь үнийн харьцуулалтад хамрагдсан.

М-Ойл ХХК нь 2013 оны 11 дүгээр сараас эхлэн Оюу толгой ХХК-д шатахуун нийлүүлсэн. М Ойл ХХК нь Оюу толгой ХХК-д 2013 оны 4 дүгээр сард 1 удаа шатахуун нийлүүлж, 2013 оны 11 дүгээр сараас хойших хугацаанд тасралтгүй шатахуун нийлүүлсэн. Тиймээс 2013 оны 4 болон 11 дүгээр сарын М Ойл ХХК-ийн шатахууны үнийг Петровис ХХК-ийн шатахууны үнийн дүнтэй харьцуулахад Петровис ХХК нь 3,453,139,478.40 төгрөгөөр илүү үнээр Оюу толгой ХХК-д шатахуун нийлүүлсэн байна. Нийт 412,625,738,993.87 төгрөгийн худалдан авалтаас 39,129,896,106.40  төгрөгийн худалдан авалт нь үнийн харьцуулалтад хамруулсан байна.

Оюу толгой ХХК-д 2007-2013 онд түлш, шатахуун нийлүүлсэн Петровис ХХК-ийн харьяа компаниудын нийлүүлсэн түлш, шатахууны нэгж үнийг хөндлөнгийн байгууллагуудын үнэтэй харьцуулсан Хүснэгт № 42-46-д тусгагдсан мэдээллийг нэгтгэн дүгнэхэд 2007 оноос 2009 оны 10 сар хүртэл хугацаанд харьцуулалтад хамрагдсан үнээс бага үнээр нийлүүлэгдэж байгаад 2009 оны сүүлчээс 2011 онуудад зарим үнээс бага зэрэг өндөр ерөнхийдөө ойролцоо үнээр нийлүүлэгдсэн байхад 2012 болон 2013 онуудад худалдан авалтын хэмжээ эрс ихэссэн мөн нэгж үнэ өндөр болж үнийн зөрүүгээс үүссэн  Оюу толгой ХХК-ийн алдагдал маш өндөр болж байна. Тухайлбал: 2007-2013 оны хэмжээнд Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн шатахууны үнэтэй харьцуулахад 47,036,210,198.80 төгрөгийн алдагдал үүсэж байна. Мөн  Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс ирүүлсэн шатахууны үнэтэй харьцуулахад 2009-2013 оны байдлаар 9,868,218,180.87 төгрөгийн алдагдал гарч байна. Эндээс харахад Оюу толгой ХХК нь 2007-2013 онд түлш, шатахууныг худалдан авахдаа бусад хөндлөнгийн мэдээлэл буюу шатахуун ханган нийлүүлэгч бусад компаниудаас харьцангуй өндөр үнээр худалдан авалт хийж байсан байна гэсэн дүгнэлт /9хх-ийн 14-170х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн агуулахын ахлах мэргэжилтэн Ш.Амгаланжаргалаас “Петровис” ХХК-ийн шатахуун, дизелийн агуулахад хүлээн авсан орлого, зарлагын баримт /1хх-198-201х/,

Шатахуун нийлүүлэх гэрээ, холбогдох баримтууд /3хх-71-206, 144-148, 183-188х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн асан Г.Уянгаас гаргаж өгсөн цахим хэлбэрээр гаргаж өгсөн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-243-250, 11хх-01-120х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлт /15хх-244-250, 16хх-01-12х/,

Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариу, холбогдох баримтууд /16х-40-45х/,

Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариуд хавсаргасан “Кingston” гэх бичигтэй зөөврийн төхөөрөмжид /төмөр флаш диск/ үзлэг хийсэн тэмдэглэл /16хх-47-59х/,

Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас цахим хэлбэрээр ирүүлсэн эрхзүйн туслалцааны хүсэлтийг монгол хэл рүү орчуулсан баримтад хийсэн тэмдэглэл /16хх-60-66х/,

Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариу, холбогдох баримтууд /38х-55-56х, 65х/,

Америкийн Нэгдсэн Улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариуд хавсаргасан /CRM-182-65498/ гэх хар өнгийн бэхээр бичсэн шар өнгийн DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл /38хх-60-63х/,

С.Бын хамаарал бүхий этгээдүүд, тэдний эзэмшдэг аж ахуйн нэгжүүд нь Америкийн Нэгдсэн Улсад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, борлуулсан талаар гүйцэтгэх ажлын журмаар шалгасан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн

О.Гэрэлтуяа, Б.Нандин, Б.Бадамханд нар нь Вашингтон мужийн Сиэтл хотын Квин Энн дүүрэг байрлах орон сууцыг 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 635.000 ам доллараар худалдан авч, 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 439.000 ам доллараар худалдсан,

Б.Нандин нь Нью-Йорк мужийн 16W.19th St, Unit 10-B, Flatron, 10011 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 895.000 ам.доллараар худалдан авч, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1.092.500 ам.доллараар худалдсан,

Э.Сувд, Ч.Д, С.Шагдардулам нар нь 4516 NE 38th Street, Seattle-University district, WA98105 хаягт бүртгэлтэй байшинг 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1.290.000 ам доллараар худалдан авч, 2013оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гүндэл” ХХК-д бэлэглэлээр өгснийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.488.000 ам доллараар худалдсан,

Ч.Д нь АНУ-ын Сиэтл хотын 6539SW 41st Ave, Avenue WA 98136 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 995.000 ам.доллараар худалдан авч, 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр О.Гэрэлтуяад бэлэглэлээр өгснийг 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 655.000 ам доллараар худалдсан,

Ч.Д, С.Шагдардулам нар нь АНУ-ын Сиэтл хотын 1706 NDexter AvenueA Seattle, WA98109 хаягт бүртгэлтэй орон сууцыг 409.000 ам.доллараар худалдан авч, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өдөр “Вода” ХХК-д 0 ам.доллараар өгснийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 480.000 ам.доллараар худалдсан,

“Nebo” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Steven D Smith 9125 Ne 15th st8 Clyde Hill, WA98004 хаягт бүртгэлтэй орон сууцыг 3.853.000 ам.доллараар худалдан авч, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 4.250.000 ам.доллараар худалдсан,

Ч.Д Америкийн Нэгдсэн Улсын 21310 55th Ave Se Woodinville, WA 98072 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 882.400 ам доллараар худалдсан.

Магадлагаанд дурдсан Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжийн талаар тодруулбал: Э.Сувд нь АНУ-д 2 хаягтай, 1 үл хөдлөх эд хөрөнгөтэй бөгөөд Вашингтон мужид “Гүндэл” ХХК, “Вода” ХХК, “Небо” ХХК-иудыг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн байгуулсан талаар бүртгэгдсэн байна гэсэн магадалгаа /14хх-203-207х/,

Мөрдөгчийн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах даалгаврын дагуу Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны

Ч.Дын эзэмшиж байсан IPhone6 маркийн 99113171 дугаартай гар утсыг Ufed cellebrite тусгай программыг ашиглан илрүүлсэн мэдээллээс хэрэгт ач холбогдол бүхий дараах 46 мессеж С.Бын охин Б.Нандинтай болон Б.Баяр, түүний эхнэр Э.Сувд нартай харилцсан мессеж, мэйлүүдийг баримтжуулсан магадалгаа /14хх-212-227х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч С.Б нь 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Бцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн ордыг ашиглалтанд оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор:

Найз Ч.Дын хувь нийлүүлсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис трейдинг” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айвенхоу Майнз Монголия Инк” /одоогийн Оюутолгой/ ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ВРАNо0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418,385,173,982.34 /Дөрвөн зуун арван найман тэрбум, гурван зуун наян таван сая, нэг зуун далан гурван мянга, есөн зуун наян хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюу толгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,

Шүүгдэгч С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс руу явж, Ч.Дтай бүлэглэн өөрийн том охин Б.Нандин болон Ч.Д нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью Иорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг Америкийн Нэгдсэн Улсын "Банк оф Америка" банк дахь өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ч.Д нь С.Бтай бүлэглэн Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Бынэрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор  С.Бын охин Б.Нандинтай хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл, Нью Иорк хотуудад 2010 оноос 2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг Америкийн Нэгдсэн Улсын "Банк оф Америка" банк нь дахь С.Бын болон түүний эхнэр Э.Сувдын дансаар 2011 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 3.569.148,56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давтан үйлдлээр бусдад давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан мөнгө угаасан гэмт хэргийг  зохион байгуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Чойндон овгийн Чойндонгийн Даваанямыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Б, Ч.Д нар нь мөнгө угаасан гэмт хэргийнхээ олсон орлогыг одоо болтол захиран зарцуулж байгаа тул уг гэмт хэргийн хугацаа дуусаагүй байна.

Шүүх шүүгдэгч С.Б, Ч.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон С.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Ч.Дыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д  “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэсэн байх тул шүүгдэгч С.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жилийн хорих ялаар тогтоосон болно.

          Мөн шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ч.Д нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,  шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 59 хоног, шүүгдэгч Ч.Дын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 6-д “”гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно”; “шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заасан” гэсэн байх тул шүүгдэгч С.Баас 3.569.148.56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.580.444.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Даас 3.5 сая ам.доллар буюу 5.766.040.000 үнэлгээтэй АНУ-д байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого тус тус болгож шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АНУ-ын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрүүгийн хэргийн эрхзүйн туслалцааны хүсэлтийн хариуд хавсаргасан “Кingston” гэх бичигтэй төмөр флаш диск /С.Б болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэн байгуулсан хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, Банк оф Америка банкны дансны мэдээллийг агуулсан/ 1 ширхэг, АНУ-ын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрүүгийн хэргийн эрхзүйн туслалцааны хүсэлтийн хариуд хавсаргасан /CRM-182-65498/ гэх хар өнгийн бэхээр бичсэн шар өнгийн DVD /С.Б болон түүний хамаарал бүхий этгээд, тэдний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн банкан дахь дансны мэдээлэл агуулсан/ 1 ширхэг, шүүгдэгч С.Бын мэдүүлгийн дүрс бичлэг бүхий 4 ширхэг DVD зэргийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.