Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2017/00043

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 51-1 тоотод байрлах, “Капитал банк” ХХК-ийн Говьсүмбэр салбар /”Капитал банк” ХХК-ийн РД: 2556375, улсын бүртгэлийн дугаар: 9016001017, утас: 70543678/-ын хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Нарантуяаг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар, нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК-ийн Говьсүмбэр салбар шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Нарантуяа нь Капитал банктай 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2054000447 тоот зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, цалин барьцаалж зээл авсан. Л.Нарантуяа нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, банкны зүгээс эрэн сурвалжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл олдохгүй банкыг хохироосоор байна. Зээл авах үедээ Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, ХБ 11-8 тоотод оршин сууж байсан боловч одоогоор энэ хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж багийн Засаг дарга нь хэлсэн. Тэрээр Улаанбаатар хотод амьдарч байсан боловч өчигдөрийн мэдээллээр Солонгос улс руу явсан мэдээлэл байна.

Иймд Л.Нарантуяаг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК-ийн Говьсүмбэр салбар нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Нарантуяаг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно.

Л.Нарантуяа нь зээл авах үедээ Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, ХБ 11 дүгээр байр, 8 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо уг хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, Бүгд найрамдах Солонгос улс руу явсан байж болзошгүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Лувсансандагийн Нарантуяаг  эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

Л.Нарантуяа нь 1960 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, ЕЙ60012900 регистрийн дугаартай, урьд нь Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК-ийн Говьсүмбэр салбарын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигин овогт Лувсансандагийн Нарантуяаг  эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Л.Нарантуяаг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.НАРАНЧИМЭГ