Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 688

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ганхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2017/00044 дүгээр шийдвэртэй, Б.Ганхүүгийн нэхэмжлэлтэй, "Монре даатгал" ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүххуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ганхүү миний бие Монре даатгал ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Монре даатгал ХХК нь гэрээний 8.2.2-т Даатгалын тохиолдол болсон үед мөнгөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох  үүргийг даатгуулагч Б.Ганхүүгийн өмнө хүлээсэн. Б.Ганхүү нь 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 13-63 УНГ улсын дугаартай тоёота королла маркийн автомашиныг жолоодон явахдаа талийгаач Ц.Гүндэгмааг мөргөж амь хохироосон гэмт хэрэгт холбогдож, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 111 тоот шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамрагдсан юм.

Тэрээр үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, талийгаачийн буяны ажлын зардалд 4 500 000 төгрөгийг хохирогчийн ар гэрийнхэнд төлсөн байдаг. Энэхүү мөнгийг Монре даатгал ХХК-иас 2015 оны 11 дүгээр сард нэхэмжилсэн боловч тус компаниас Б.Ганхүү нь зам тээврийн осол болсон даруйд даатгагч болон Замын цагдаагийн газарт хандалгүй ослын газрыг орхин явсан нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т даатгалын тохиолдол гарсан талаар цагдаагийн байгууллага болон даатгагчид мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 13.5-д Даатгуулагч энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэсэн хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Тухайн үед ослын газрыг орхин яваагүй бөгөөд осол гарсан даруйд цагдан хоригдож даатгалын тохиолдлын талаар мэдэгдэх боломжгүй байсан. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т мэдэгдэх үүрэгтэй гэсэн болохоос мэдэгдэх хугацааны хэмжээ хязгаарлалтыг тогтоогоогүй байна. Нэхэмжлэгчийн хувьд  даатгалын тохиолдол болон нөхөн төлбөр хүссэн талаар шүүхээс бүх асуудал шийдэгдэж дууссаны дараа буюу 2015 оны 11 дүгээр сард даатгалын компанид бичгээр мэдэгдсэн. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт цагдан хоригдсон нөхцөл байдал орно гэж үзэж байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 2.1-т Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хуулиас бүрдэнэ гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээллэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан байна.

Монре даатгал ХХК-д ноцтой хохирол учраагүй байхад даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн хариуцагч Монре даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 4 500 000 төгрөг шаардаж байгааг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Ганхүү нь Монре Даатгал ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13-63 УНГ улсын дугаартай Toyota Corolla маркийн автомашинд 14101000410431 тоот дугаартай Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан даатгуулсан бөгөөд энэхүү гэрээний нөхцөлд даатгалын эрсдэл, осол хохирлын газарт авах арга хэмжээ, нөхөн төлбөр олгох хугацаа, даатгалд хамрагдахгүй байх нөхцөл болон даатгалтай холбогдох бусад харилцааны талаар харилцан тохиролцож тусгасан.

Б.Ганхүү нь өөрийн эзэмшлийн 13-63 УНГ улсын дугаартай машинаар 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчин явах үедээ иргэн Ц.Гүндэгмааг мөргөж, амь насыг хохироосон зам тээврийн осол гаргасан бөгөөд ослын газрыг орхин яваагүй, осол гарсан даруйд цагдан хоригдож даатгалын тохиолдлын талаар мэдэгдэх боломжгүй байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан.

Уг зам тээврийн осолд Замын цагдаагийн газар нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.А заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан бөгөөд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Прокурорын газрын яллах дүгнэлт, Техникийн шинжээчийн 458 дугаартай дүгнэлтээр даатгуулагч Б.Ганхүү нь Замын цагдаагийн газар болон даатгагчид хандаагүй нь тогтоогдож байгаа, 13 хоног хоригдсон ч даатгагчид мэдэгдэх боломжтой байсан, энэ үүргээ биелүүлээгүй атал 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай компанид нөхөн төлбөрийн материалын бүрдүүлэн ирүүлсэн төдийгүй ослын газрыг орхин явсан нь 14101000410431 тоот дугаартай Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнд заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаварыг даатгагч хариуцахгүй, даатгуулагч хохирлыг өөрөө хариуцна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1.2-т зааснаар Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах гэсэн заалтыг зөрчин цагдаагийн байгууллага болон даатгагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, 13.5-д зааснаар дээрх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаварыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй тул даатгуулагч өөрөө хариуцах үндэслэлтэй.

Б.Ганхүүгийн нэхэмжлэлд дурдагдсан Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-д Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан боловч даатгалын компани нийт даатгуулагчийн даатгалын хураамжаар нөхөн төлбөрийн санг бүрдүүлдэг бөгөөд ийм тохиолдолд хохирлын нөхөн төлбөрийг олгох нь нийт даатгуулагчдын өмнө хүлээсэн үүрэг болон даатгагч компани өөрийн ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Иймд Б.Ганхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг баримтлан Монре даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 4 500 000 төгрөг гаргуулах тухай Б.Ганхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талууд жолоочийн даатгалын тохиолдол бий болсонд, мөн даатгуулагч Б.Ганхүү зам тээврийн ослын улмаас хохирогчид учирсан хохирол 4 500 000 төгрөгийг төлсөн байдалд маргаагүй гэж зөв дүгнэсэн боловч “Б.Ганхүү нь даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдэх үүргээ 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг биелүүлээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй тул даатгалын тохиолдол бий болсноос хохирогчид учирсан хохирлыг Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.5-д зааснаар өөрөө хариуцах үндэслэлтэй, Б.Ганхүү аль ч үндэслэлээр хариуцагч Монре даатгал ХХк-иас нөхөн төлбөр шаардах эрхгүй.” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

Хариуцагч Монре даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан үндэслэлээ Б.Ганхүү нь зам тээврийн осол болсон даруйд даатгагч болон замын цагдаагийн газарт хандалгүй ослын газрыг орхин явсан, даатгалын тохиолдол гарсан тухай даатгуулагчид мэдэгдээгүй гэж тайлбарладаг боловч ослын газрыг Б.Ганхүү нь санаатай орхин яваагүй, хохирогчийн дээгүүр өөрийн жолоодон явсан автомашинаар гарсныг ч мэдэлгүйгээр Улаанбаатар хотод ирсэн байдаг. Ослын газрыг орхин явсан талаар мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагаас Б.Ганхүүг сэжиглэн шалгаагүй, ослын газрыг орхин явсан гэж дүгнээгүйгээс үзэхэд хариуцагчийн тайлбар огт үндэслэлгүй.

Тэрээр осол гарсан 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс ердөө 1 хоногийн дараа 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн цагдан хорих байранд 13 хоног цагдан хоригдож, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр цагдан хорих төвөөс гарсан ч үргэлжлүүлэн шалгагдсан. Энэ хугацаанд даатгалын тохиолдол гарсан тухай холбогдох баримтыг бүрдүүлэн даатгалын байгууллагад хандах ямар ч боломж байгаагүй, хэргийг олон сар шалгаж шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн материалыг нууцалж, бусдад хэргийн материалыг задруулах, хуулбарлан авахыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хориглосон.

Б.Ганхүү болон даатгалын компанийн хэн алинд ч хэргийн материалаас ослын талаарх баримтыг гаргуулан авах эрх хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл байгаагүй. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр даатгалын тохиолдол гарсан тухай Монре даатгал ХХК-д мэдэгдсэн ч “таны гэм буруутай эсэхийг эрүүгийн хэргийн шүүхээс тогтоохоос өмнө даатгалын нөхөн төлбөрийг олгох боломжгүй” гэсэн тайлбарыг даатгалын мэргэжилтэн түүнд хэлсэн. Иймээс шүүхээс хэргийг шийдвэрлэсний дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нөхөн төлбөр хүсч, шүүхийн шийтгэх тогтоол, холбогдох материалыг бүрдүүлэн хариуцагчид хандсан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1.2-т “даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах” гэж заасан байдаг ч ямар хугацаанд, хэрхэн мэдэгдэх тухай зохицуулаагүй. Б.Ганхүүгийн хувьд даатгалын тохиолдлын тухай 2015 оны 7 дугаар сард амаар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр хариуцагчид мэдэгдсэн учраас Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Б.Ганхүү нь осол гарсан дурйд цагдан хоригдсон учраас Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар даатгалын тохиолдлын талаар даатгагчид нэн даруй мэдэгдэх боломжгүй байсан ч, мөн хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт зааснаар даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учраагүй тул Монре даатгал ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Жолоочийн хариуцлагын даатгал нь хуульд зааснаар албан журмын хариуцлагын даатгал бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1, 444.5 дахь хэсэгт зааснаас үзвэл даатгуулагч нь Б.Ганхүүгийн өмнө хүлээсэн даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй байсан ч Монре даатгал ХХК-ийн хувьд гуравдагч этгээд буюу хохирогчийн буяны ажилд явдалд гарсан хохирлын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

Даатгагч нь ямар ч тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүрэгтэй ба Б.Ганхүү нь хохирогчид учруулсан хохирлоо өөрийн сайн дураар төлж барагдуулсан тул өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 9.1.1-д тус тус зааснаар даатгагчаас хохирлын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

Мөн үүнээс гадна 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөр шүүх хуралдаантай байсан учир энэ тухай хүсэлт гаргасан боловч нотлох баримт нь шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ганхүү нь хариуцагч “Монре даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч хууль болон гэрээнд зааснаар даатгуулагч нь даатгалын тохиолдол гарсан талаар цагдаагийн байгууллага болон даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх өөр шүүх хуралдаанд оролцох талаар тайлбарлаж, энэ тухай баримт ирүүлснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талд хэрэгт авагдсан нотлох баримтыг танилцуулах ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байна.

 

Энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй боловч шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй бөгөөд нэгэнт хуулиар тогтоосон журмыг шүүх зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэснийг үндэслэн анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00044 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Т.ТУЯА