Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 694

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С” ХХК -ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Б яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Хариуцагч: С даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Б ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/10810 дугаар албан бичигт заасан “тендер хүчингүй болгох” тухай шийдвэр, С 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичигт заасан “тендер шалгаруулалтын үнэлгээг өмнөх шийдвэрийн дагуу хууль, журамд нийцүүлэн дахин хийх” тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”,

Б наас зарласан сургуулийн барилгын өргөтгөл 640 суудалтай Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар сургуулийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг 2018 ооны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн  2/9862 дугаартай албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Б ны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагч С даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... 

Нэхэмжлэгч “С” ХХК нь барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Б наас зарласан Б.../201801270 дугаар бүхий Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, С******* дүүрэг ******* дугаар сургууль/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт тендерийн баримт бичигт заасан шалгуур хангасан материалыг цахимаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлж тендер нээсэн, улмаар 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911 дугаартай албан бичгээр Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн 3.374.937.000 төгрөгөөр гүйцэтгэхээр “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдсэн.

Хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах гэсэн боловч бусад оролцогчдоос С гомдол гаргасан гээд гэрээ байгуулахгүй байснаа 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/9862 дугаартай албан бичгээр хариуцагч дахин мэдэгдэхдээ мэдэгдэл авснаас хойш 5-аас доошгүй өдрийн дараа гэрээнд гарын үсэг зурж ирүүлнэ үү гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч шалтгаангүй гэрээ байгуулахгүй байна.

Иймд Б ны Төрийн нарийн бичгийн дарга нь тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар байхад өнөөдөр болтол гэрээ байгуулахгүй байгааг хууль бус гэж үзэж байгаа тул хариуцагчид .../201801270 дугаар бүхий Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, С******* дүүрэг ******* дугаар сургууль/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны шийдвэрийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/9862 дугаартай албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж шүүхэд хандаж байна” гэжээ.

Хоёр. Хариуцагч Б ны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Б наас зарласан .../201801270 дугаар бүхий Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, С******* дүүрэг ******* дугаар сургууль/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн  2/9862 дугаартай албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгах” шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Б ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/67 дугаартай тушаалаар .../201801270 дугаар бүхий Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, С******* дүүрэг ******* дугаар сургууль/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж уг Үнэлгээний хорооны хуралдааны шийдвэрээр тендерийн баримт бичгийг хэлэлцэн баталж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нийтэд зарлан, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагт тендер нээхэд 10 компани тендер ирүүлсэн.

Улмаар 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Үнэлгээний хороо тендерийг хянан үзэж, үнэлээд “С” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлж 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид 3.374.698.732 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосон болохыг мэдэгдсэн бөгөөд оролцогч “П” ХХК, “В” ХХК-иуд үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч С яаманд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргаж гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлэн хянан үзээд С яамны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/5322 дугаартай албан бичгээр ТШМ-1 маягтын дагуу үнийн саналыг баталгаажуулж ирүүлээгүй байна гэж үзэж “С” ХХК-ийн тендерээс татгалзах үндэслэлтэй байна гэсний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж хэлэлцэн шийдвэрлээд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/9862 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгохоор мэдэгдсэн боловч мөн л оролцогч нараас с яаманд гомдол гаргаж С яам хянан үзээд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичгээр өмнөх шийдвэрийн адил гомдлыг шийдвэрлэсэн болохоо мэдэгдсэн.

С яамнаас хариу ирсний дараа 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан учир гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсч тендер хүчингүй болсон тухай 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн. Одоогоор дахин тендер зарлаагүй байна.

Нэхэмжлэгчийн .../201801270 дугаар бүхий Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, С******* дүүрэг ******* дугаар сургууль/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны шийдвэрийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/9862 дугаартай албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгах шаардлагатай нэхэмжлэлийн шаардлагыг манай зүгээс төлөвлөгөөт ажлаа 2018 оны төсвийн жилд багтаан хэрэгжүүлэх зорилгоор хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй боловч хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан учир манай зүгээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Хариуцагчийн хариу тайлбарт хавсарган шүүхэд хүргүүлсэн баримт болох Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хурал-6 гэсэн хурлын тэмдэглэлд “гишүүд баримт бичгийн нягтлан үзээд өмнөх үнэлгээний хорооны бүрэлдэхүүн нь тус компани нь цахимаар ирүүлсэн үнийн санал болон тендерийн баримт бичгийг үнэлж хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан байна. ...Иймд Үнэлгээний хорооны хурлын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэж шийдвэрлэсэн байхад С яам оролцогчийн гомдлоор дахин хянан үзээд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/5861 тоот албан бичгээр “тендер шалгаруулалтын үнэлгээг өмнөх шийдвэрийн дагуу хууль, журамд нийцүүлэн дахих хийхийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Энэ албан бичигтэй холбогдуулан нэхэмжлэгч шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Б ны Төрийн нарийн бичгийн даргаас 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/10810 дугаартай албан бичгээр “тендерт оролцогчоос гаргасан гомдлын хариу С яамнаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Гомдол хянасан тухай" 6-1/5861 тоот албан бичигт өмнөх гомдолтой ижил утгатай ирсэн байна. Иймд тендерийн хугацааг дахин сунгах боломжгүй ба ...тус тендер хүчингүй болж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн шийдвэр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал дээрх албан бичгүүдийг нэг талын хүсэл зорилгоор үйлдэгдсэн, нэг удаагийн захирамжилсан, үр дагавар шууд үүсгэсэн гэсэн үндэслэлээр захиргааны акт гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3.1-д зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг

1. Б ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан тус яамны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/10810 дугаартай албан бичигт заасан “тендер хүчингүй болгох” тухай шийдвэрийг хүчингүй болгуулах,

2. С яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан С яамны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичигт заасан “тендер шалгаруулалтын үнэлгээг өмнөх шийдвэрийн дагуу хууль, журамд нийцүүлэн дахин хийх” тухай шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж байна” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Б ны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: “... Үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээний хороо тендерийг хянан үзэж, үнэлээд “С” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлж 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид 3.374.698.732 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосон болохыг мэдэгдсэн, оролцогч “П” ХХК, “В” ХХК-иуд үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч С яаманд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргаж гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлэн хянан үзээд С яамны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/5322 дугаартай албан бичгээр ТШМ-1 маягтын дагуу үнийн саналыг баталгаажуулж ирүүлээгүй байна гэж үзэж “С” ХХК-ийн тендерээс татгалзах үндэслэлтэй байна гэсний дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж хэлэлцэн шийдвэрлээд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/9862 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгохоор “С” ХХК-д мэдэгдсэн боловч мөн л оролцогч “В” ХХК нь С яаманд гомдол гаргаж С яам хянан үзээд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичгээр өмнөх шийдвэрийн адил гомдлыг шийдвэрлэсэн болохоо мэдэгдсэн.

С яамнаас хариу ирсний дараа 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан учир гэрээ байгуулах боломжгүй, мөн дахин үнэлгээ хийх хууль зүйн үндэслэлгүй нөхцөл байдал үүсч тендер хүчингүй болсон тухай 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн гэдгээ өмнөх шаардлагатай холбогдуулсан гаргасан тайлбартаа тодорхой дурдсан.

Нэгэнт тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан учир дахин үнэлэх, гэрээ байгуулах боломжгүй болсон, шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүссэн тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Тав. Хариуцагч С яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч С яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Б наас зарласан “Сургуулийн өргөтгөлийн барилга, 640 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/” тендер шалгаруулалтад оролцсон “П” ХХК, “В” ХХК-иас захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч тус яаманд гаргасан гомдлыг хянан үзсэн.

Дээрх тендер шалгаруулалтад “хамгийн сайн” гэж үнэлэгдэж шалгарсан “С” ХХК-ийн ирүүлсэн тендерт ТШМ-1 маягтын дагуу үнийн саналыг баталгаажуулж ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ 15.1-т “Тендерт оролцогч нь 3 дугаар бүлэг буюу тендерийн жишиг маягтуудаас зохих маягтыг ашиглан тендерийн санал ба үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарийг бэлтгэж ирүүлнэ. Эдгээр маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан аливаа өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй. Маягт дахь бүх хоосон зайд шаардсан мэдээллийг нөхөж бичнэ.”, С сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 6 дугаар бүлгийн 6.3-д “Тендерийн маягт, үнийн хуваарь болон үнэлэгдсэн үе шатны ажлын хувиарт гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулаагүй нь тус тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасны дагуу “С” ХХК-ийн тендерээс татгалзах үндэслэлтэй байсан тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/5322 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Захиалагч байгууллагын үнэлгээний хорооны тендер шалгаруулалтын дахин үнэлгээнд “В” ХХК-иас гомдол гаргасны дагуу хянан үзсэн.

Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлэхдээ “Тендерийн үнэлгээний заавар”-ын 6.3-д заасны дагуу шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байхад “С” ХХК-ийг дахин шалгаруулж хууль, журмын дагуу дахин үнэлгээг хийгээгүй байсан тул 6-1/3522 дугаар албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийн дагуу хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Захиалагч байгууллагын Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг үнэлгээг тендерийн баримт бичиг болон “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу хийгээгүй тул тус яамнаас удаа дараа холбогдох албан бичгээр мэдэгдсэн болно.

С яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд

“Б ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/10810 дугаар албан бичигт заасан “тендер хүчингүй болгох” тухай,

С яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичигт заасан “тендер шалгаруулалтын үнэлгээг өмнөх шийдвэрийн дагуу хууль, журамд нийцүүлэн дахин хийх” тухай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах”,

Б наас зарласан сургуулийн барилгын өргөтгөл 640 суудалтай Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар сургуулийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг 2018 ооны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн  2/9862 дугаартай албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Б наас Cургуулийн барилгын өргөтгөл 640 суудалтай Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар сургуулийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийг зарласнаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийн нээлтийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нээхэд 12 аж ахуйн нэгж, компани оролцжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар Үнэлгээний хороо нь тендерт оролцогч аж ахуйн нэгж, компаниудын ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хянан үзэж магадалснаар тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон нэр бүхий этгээдүүдийг шаардлагад нийцсэн хэмээн үзээд хуулийн 28 дугаар зүйлд заасан тендер үнэлэх ажиллагааг явуулснаар гишүүдийн олонхийн саналаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “С” ХХК-ийг шалгаруулсан байна.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4. “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасантай нийцсэн хууль ёсны үйлдэл болжээ.

Улмаар захиалагчаас “С” ХХК-д 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүргүүлж, бусад аж ахуйн нэгж, компаниудад мөн Тендерээс татгалзсан тухай албан бичгийг хүргүүлсэн байна. 

Гэтэл тендерт шалгаруулалтад оролцогч “П” ХХК, “В” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар С яаманд гомдол гаргаснаар тус яамны 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/5322 тоот албан бичгээр тус тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.

Уг мэдэгдлийг захиалагч хүлээн аваад 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Үнэлгээний хороо дахин хуралдаж, үнэлэх ажиллагааг явуулан Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар сургууль/ ажлын гүйцэтгэгчээр “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг дахин хүргүүлэхээр шийдвэрлэж, мөн бусад оролцогчдод тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн.

Тендерээс татгалзсан мэдэгдлийг “В” ХХК нь хүлээн аваад 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С яаманд гомдол гаргаснаар мөн тус яамны 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг өмнөх шийдвэрийн дагуу хууль журамд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэж, хуулийн 55.3-д заасан шийдвэрийг гаргах эрхийг зохицуулж өгсөн ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан байхад 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/5322 тоот албан бичгээр тус тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг өмнө мэдэгдсэний дараа захиалагч тендерийн үнэлгээг өөрийн эрхийн хүрээнд 2 дахь удаагаа зохион байгуулсан байхад өмнө гомдол гаргасан тендерт оролцогчийн гомдлоор дахин тендерийн үнэлгээг явуулахыг захиалагчид мэдэгдэх, даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн С яам нь дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг хуульд заасан 3 тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болохоор заасан хэдий ч тухайн тохиолдолд гомдол гаргагч “В” ХХК-ийн гомдлыг хангах илүү үндэслэл байгаа эсэхийг хянах боломж нээлттэй байсан гэж үзэхээр байна.

Гомдол гаргагч “В” ХХК нь үнийн саналаар 10 аж ахуйн нэгж оролцсоноос 6-д жагссан, Тендерийн баримт бичгийн ТӨОЗ 5.2/г/, 5.2/д/, 5.3/б/, 5.3/в/, 5.3/г/, 14.1/ж/-9,11,12,14-д дурдсан шаардлагуудыг хангаагүй болох нь Тендерийн үнэлгээний хүснэгт, Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдсанаар тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах “өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмын дагуу захиалагчаас шударга өрсөлдөөнийг бий болгож, сонирхогч этгээдүүдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах, бага үнийн саналыг дэмжих, тендер сонгон шалгаруулалтыг хуулийн хугацаанд чанартай зохион байгуулж, хэмнэлттэй, үр ашигтай худалдан авалтыг хийх явдал нь зөвхөн Үнэлгээний хорооны тендер шалгаруулалтад ч бус тухайн шалгаруулалттай холбоотой гомдлыг хянах чиг үүрэг бүхий С яаманд ч хамааралтай болохыг дурдах нь зүйтэй байна.

С яамнаас захиалагчид өмнө хүргүүлсэн 6-1/5322 тоот албан бичигтээ “С” ХХК-ийн тендерт ТШМ-1 маягтын дагуу үнийн саналыг баталгаажуулж ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ 15.1, С сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 6 дугаар бүлгийн 6.3-д “Тендерийн маягт, үнийн хуваарь болон үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарьт гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулаагүй нь тус тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасны дагуу тус компанийн тендерээс татгалзах үндэслэлтэй” гэж дурдсан.

Захиалагчийн бэлтгэсэн Тендерийн баримт бичигт Маягт №ТШМ-1 буюу тендерийн маягтад тендерийн үнэ, тендерийн хүчинтэй хугацаа, гэрээг албан ёсоор байгуулах хүртэл энэхүү тендер болон түүнийг шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь бидний хооронд хийгдсэн хэлцэл болох тухай 3 зүйлийг тусгасан ба үүнийг нэхэмжлэгч цаасан хэлбэрээр бөглөж хүргүүлээгүйг шүүх огт үгүйсгээгүй, гэвч эдгээр мэдээллийг Цахим тендерийн маягт, өгөгдлүүдэд тус тус бөглөсөн болох нь шүүх хуралдааны явцад цахим тендерийн хүснэгтэд хийсэн баримт бичгийн үзлэгээр тогтоогдсон, мөн Үнэлгээний хорооноос явуулсан тендер үнэлэх явцад нэхэмжлэгчээс ирүүлсэн үнийн санал, тендерийн хүчинтэй хугацааг гишүүд харах боломжтой, голлох шалгуур үзүүлэлт болгосон нь хариуцагч нарын тайлбар мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хуульд заасан нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны  байгууллагаас зохион байгуулахдаа аль болох дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хуульд тодорхой заасан өгөгдөл, баримт бичгүүдийг дахин давтан бүрдүүлэх ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор С сайд 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ыг 07 дугаар тушаалаараа баталсан нь цахим хуудсыг ашиглан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдох харилцааг зохицуулахаар заасан. Энэ нь тус журмын 8 дугаар зүйлийн 8.3-д “Тендерт оролцогч цахим тендерийн шаардлагад нийцүүлэн тендерийн баримт бичгийг бэлтгэн ирүүлнэ...”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “захиалагч байгууллага нь цахим тендер шалгаруулалтыг энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна” гэж захиалагч болон тендерт оролцогчийн үүргийг тодорхойлсноос үзэхэд нэгэнт захиалагч цахим тендер сонгон шалгаруулалтыг нийтэд зарласнаар тендерт оролцогчоос ирүүлсэн баримт бичгийг хянан үзэхээс гадна цахим системд оруулсан мэдээллийг хянан үзэх эрх Үнэлгээний хороонд хадгалагдаж байгааг С яам анхаарч үзэх байжээ.

Мөн Үнэлгээний хороо тендер сонгон шалгаруулалтыг 2 удаа зохион байгуулж, нэхэмжлэгч  “С” ХХК-д  төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, тендерийн хугацаанд гэрээ байгуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны байгууллагад итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдахад хүрсэн төдийгүй, гэрээ байгуулж амжаагүй байхад тендерийн хүчинтэй хугацаа дууссанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Иймд С яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичигт заасан “тендер шалгаруулалтын үнэлгээг өмнөх шийдвэрийн дагуу хууль, журамд нийцүүлэн дахин хийх” тухай, Б ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/10810 дугаар албан бичигт заасан “тендер хүчингүй болгох” тухай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосноор нэгэнт Үнэлгээний хорооны шийдвэрээр “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн нэхэмжлэгч “С” ХХК-тай захиалагч Б наас зарласан сургуулийн барилгын өргөтгөл 640 суудалтай Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар сургуулийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг 2018 ооны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн  2/9862 дугаартай албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан”, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29 дүгээр зүйлийн 29.2. “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу гэрээ байгуулахыг даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.3.1, *******.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 55 дугаар зүйлийн 55.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5861 тоот албан бичигт заасан “тендер шалгаруулалтын үнэлгээг өмнөх шийдвэрийн дагуу хууль, журамд нийцүүлэн дахин хийх” тухай, Б ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/10810 дугаар албан бичигт заасан “тендер хүчингүй болгох” тухай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, Б-наас зарласан сургуулийн барилгын өргөтгөл 640 суудалтай Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар сургуулийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/8911, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/9862 дугаартай албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ны Төрийн нарийн бичгийн дарга, С яамны Төрийн нарийн бичгийн даргаас тус бүр 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА