Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ч-гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ж.Д

Нэхэмжлэгч Д.Ч

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Говь-Алтай аймгийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 112/2021/0050/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Ч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга нарт холбогдуулан “...аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар сумын Засг даргыг огцруулах тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ... Есөнбулаг сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г/, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ч-гийн “....” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ж.Д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн мөртлөө захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг биш гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж дүгнэлт хийсэн.

3.2. Хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

3.3. Шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа нь хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянаж шийдвэр гаргах атал асуудалд хянаж дүгнэлт гаргаагүй.

4. Маргаан бүхий 04 дүгээр тогтоолыг гаргахдаа дараах хуульд заасан журмыг зөрчиж гаргасан.

4.1. ГАА-ийн ЕБС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэг болон нэгжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчиж тогтоолын төслийг олонхийн саналаар батлаагүй.

4.2. Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ. Тус тогтоолын 1 дэх заалтад Есөнбулаг сумын Засаг дарга Д.Ч нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй учир огцрууллаа гэсэн байдаг. Гэтэл энэ талаар хариуцагч тал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

4.3. Шүүх Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ээлжит бус хуралдааныг хуулийн хугацаанд товлож хуралдуулаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг тэргүүлэгчид 15 хоногийн өмнө хуралдаж ээлжит бус хуралдааны тов гаргах ёстой байтал 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж тов гаргасан.

4.4. Хэргийн материалд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Есөнбулаг сум хуралдааны дэгээ баталсан байдаг. Хурлын дэгийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт хууль дээдлэх цөөнхийн саналыг үндэслэж олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх хуралдааны ил тод нээлттэй байдлыг хангах зарчмыг зөрчиж явуулсан. МАН-ын бүлгийнхэнд хурлын товыг мэдэгдээгүй. Хурлын дэгийн 11.2 дахь заалтад хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хуралдуулж, хуралдаан болох өдөр газар хэлэлцэх асуудлыг тогтоолд дурьдаж нийтэд болон төлөөлөгчид мэдэгдэнэ. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Тэргүүлэгчдийн тогтоолд хаана хэрхэн хэдэн цагт болох талаар дурьдаагүй.

4.5. Мөн Хурлын дэгийн 11.3 дугаар зүйлд хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо судалгаа, шийдвэрийн төслийг хурлын Тэргүүлэгчид иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн ажлын алба Засаг дарга, түүний Тамгын газар нь энэ дэгд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж хуралдаан болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө сумын ИТХ-ын даргад өргөн барина. Энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хурал хэлэлцэхгүй байхаар тусгасныг зөрчсөн.

4.6. Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. ЕБСумын Засаг дарга Д.Ч-гийг огцруулах шийдвэрийн төслийг хуульд заасан хугацаанд төлөөлөгч нарт бэлтгэж тараагаагүй. Иймд Д.Ч-гийн огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй.

5. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд аймгийн Засаг даргын Б/63 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

5.1. Тухайн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгож хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл хуульд заасан 5 хоногт хянан огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад хуулийг хэрхэн зөрчсөн болох талаар хянаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн.

5.2. Нэхэмжлэгч Д.Ч нь 2021.09.21-2021.10.27-ны өдрийг дуустал ээлжийн амралттай байсан болох ээлжийн амралтын хувиар ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл зэрэг нотлох баримт байгаа. Гэтэл ээлжийн амралттай байх хугацаанд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байхад шүүх дүгнэлт хийгээгүй.

5.3. Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Засаг дарга эрх бүхий албан тушаалтан Хурлын Төлөөлөгчдийг ажлаас халах Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэснийг зөрчсөн.

6. Шүүх Засаг даргыг огцруулах эсэх асуудал тухайн нутгийн удирдлагын өөрсдийнх нь дотоод асуудал шүүх хөндлөнгөөс дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй. Тухайн шатны Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн томилох чөлөөлөх үндэслэлийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тодорхой тусгаж өгсөн бөгөөд хуулийн заалтыг зөрчиж чөлөөлсөн тохиолдолд шүүх харьяалан шийдвэрлэж хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

6.1. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Маргаан бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Есөнбулаг сумын Засаг дарга Д.Ч-гийг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 78.9 хувийн саналаар албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар Есөнбулаг сумын Засаг дарга Д.Ч-гийг үүрэгт ажлаас нь огцруулжээ.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар сумын Засаг дарга нь улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогдох бөгөөд улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөх ёстой.

3.1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 төлөөлөгч 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Есөнбулаг сумын Засаг дарга Д.Ч-гийг огцруулах саналд гарын үсэг зурж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.З-д өргөн мэдүүлсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна.

3.2. Харин Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зарлан хуралдуулахаар тогтсон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх заалтыг дараахь байдлаар зөрчжээ.

3.2.1. Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд хуралд оролцсон 19 төлөөлөгчийн 15 төлөөлөгч буюу 78,9 хувь нь сумын Засаг дарга Д.Ч-гийг огцруулах саналыг дэмжсэн гэж тусгасан байна.

3.2.2. Гэтэл Есөнбулаг сумын тухайд Говь-Алтай аймгийн төвийн сум байх бөгөөд хуралдаанд ирвэл зохих 31 төлөөлөгчтэй боловч хуралдааны зарыг нэхэмжлэгч Д.Ч болон МАН-ын 11 төлөөлөгчид мэдэгдээгүй байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан ... хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэснийг зөрчөөгүй гэж дүгнэх боломжгүй.

3.2.3. Учир нь Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлээс үзэхэд сумын Засаг дарга Д.Ч-гийг огцруулахаар гаргасан дээрх 16 төлөөлөгчийн саналыг хэлэлцэх Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагаас эхэлж, 15 цаг 20 минутад дууссан, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хурал мөн өдрийн өглөөний 10 цаг 15 минутад эхэлсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7... хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэснийг зөрчсөн, хурлын төлөөлөгчдөд хуралдааны тов мэдэгдэх боломжит хугацаа олголгүй дараагийн хуралдааныг зарласан энэ тохиолдолд хэрэв 31 төлөөлөгчид бүгдэд нь хурлын тов мэдэгдсэн бол олонхийн санал өөрөөр тодорхойлогдохоор байна.

3.3. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан байхад дээрх ажиллагаа огт хийгдээгүй, мөн дээрх баримтыг цуглуулах боломжит хугацааг /24 цаг/ хуралдаанаас олгоогүй байх тул хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль ёсны гэж үзэхгүй.

4. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д зааснаар хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоор батлах тул тус хурал өөрийн баталсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан хуралдааны дэгээ мөрдөх учиртай.

4.1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 11.2-д ...бусад хуралдааныг тухайн хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулж, хуралдаан болох өдөр, газар, хэлэлцэх асуудлыг тогтоолд зааж, нийтэд болон Төлөөлөгчдөд албан ёсоор мэдэгдэх, 11.3-д “... хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, гаргах шийдвэрийн төслийг Хурлын Тэргүүлэгчид, ажлын алба, Засаг дарга түүний Тамгын газар энэ дэгд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, хуралдаан болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн барина” гэж заасан энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан хэдий ч дэгд заасан хуралдааны тов мэдэгдээгүй, хуралдааны бэлтгэлийг хангаагүй нь тогтоогдсон байна.

5. Мөн сумын Засаг дарга нь улс төрийн албан тушаалтны хувьд энэ чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөхгүй гэж шүүх зөв дүгнэсэн хэдий ч Засаг даргыг хуульд нийцүүлэн томилох, чөлөөлөх, огцруулах харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг тухайн шатны Хурал хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой.

5.1. Нэхэмжлэгч Д.Ч-гийг албан тушаалаас огцруулахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн хэдий ч мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан сумын Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ ямар чиг үүргээ талаар баримт нотолгоо байхгүй тул Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

6. Нэгэнт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдсон, үүнээс хойш /1 хоногийн/ дараа уг тогтоолыг үндэслэн гарсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Есөнбулаг сумын Засаг дарга Д.Ч-гийг үүрэгт ажлаас огцруулсан нь үндэслэлгүй.

6.1. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д зааснаар сум, дүүргийн хурал нь Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах эрхтэй байхаар хуульчилсан байхад маргаан бүхий 04 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг шууд үүрэгт ажлаас нь огцруулсан байгаа нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлд Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох тохиолдлуудыг нарийвчлан зохицуулсан, уг маргааны хувьд мөн зүйлд заасан нөхцөл байдлууд бий болоогүй байна.

6.2. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Ч-гийг “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр албанаас халсан гэж үзэж байгаа бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлэх боломжтой хэдий ч уг үйл баримт “баримтаар” нотлогдохгүй байна. Тиймээс маргаан бүхий 04 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон тул түүнийг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх” болон “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж үзэхээргүй байна.

7. Нэгэнт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Ч-гийг хууль зөрчин үүрэгт ажлаас нь огцруулсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар дагалдах шаардлага буюу ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г/, 23 дугаар зүйлийн 23.7, 23.14, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Ч-гийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч Д.Чинзоригт олгож, зохих олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН