Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01611

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00553 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1252 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Ө” ХХК

         Хариуцагч: “У” Төрийн өмчид хувьцаат компани /ТӨХК/-д холбогдох

         Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 770 933 086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч Д.Баярсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.Г, А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Ө ХХК нь У ТӨХК-иас 2011 оны 08 дугаар сард зарласан тендерт оролцон, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах тус компанийн өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр сонгогдсон. 2011-11-10-ны өдөр хоёр компанийн хооронд УБЦТС ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээнд дээрх барилга угсралтын ажлыг 2011-11-11 -ний өдрөөс 2012-08-01-ний өдрийн хооронд 2,180,323,378 төгрөгийн төсөвтэйгээр хийж гүйцэтгэх талаар тусгаж, захиалагч, гүйцэтгэгч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг зааж өгсөн. Манай компани нь гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлсэн боловч  УБЦТС ТӨХК барилга барихад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөөгүй. Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь олгогдоогүй, техникийн нөхцөлүүдээ аваагүй, ажлын зураг нь экспертизээр батлагдаагүй, газар олголтын захирамж шийдвэр нь гараагүй, мөн өвлийн улирал эхэлсэн зэргээс барилга угсралтын ажил явуулах боломжгүйд хүрсэн. Түүнчлэн, барилга угсралтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай  бичиг баримт  гарах хүртэлх 1-1, 6 жилийн хугацаанд барилгын зураг өөрчлөгдсөнөөс нэмэлт  ажил хийгдэх шаардлагатай болсон. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын  тушаал гарч барилгын төсөвт өртөг өссөн.Үүнээс болж  анх тооцоологдсон зардал болон хугацааны дотор тухайн барилгын ажил гүйцэтгэгдэх ямарч боломжгүй болсон. УБЦТС ТӨХК-ийн зүгээс тус өргөтгөлийн барилга угсралтын ажлыг явуулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг дараа шийдвэрлүүлж өгөх тул ажлаа зогсоож болохгүй, өөрийн хөрөнгөөр, бүхий л бололцоогоороо ажлаа явуул гэсэн чиглэлийг  өгсөн тул бид өөрийн хөрөнгөөр тус барилгын ажлыг явуулсан. Үүний тулд компанийхаа нэр дээр болон хувь хүний нэрээр банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгөн зээл, хувь хүн, байгууллагуудаас барилгын материал зээлээр авч хэрэглэх зэргээр компанидаа ихээхэн эрсдэл хүлээн барилга угсралтын ажлыг явуулсан. 2013 онд УБЦТС ТӨХК-ийн хүсэлтээр Барилга архитектур корпораци байгууллага нь тус компанийн өргөтгөлийн барилгын зураг төсөв болон барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж хянан судалсны үндсэн дээр өргөтгөлийн барилгын төсөвт заасан ажил 67,5 хувийн гүйцэтгэлтэй, барилгын угсралтын дуусаагүй байгаа ажлыг өнөөгийн мөрдөж буй төсвийн норм, үнэ тарифаар тооцон үзэхэд 936,6 сая төгрөг шаардлагатай байна гэсэн дүгнэлт гаргасан. УБЦТС ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл манай компаниас тус барилгын ажилд зарцуулагдсан хөрөнгө болон цаашид шаардлагатай бусад зардлыг бодитоор авч үзэж, тооцохгүйгээр зөвхөн 487 826 918 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэ санхүүжилтийн хүрээнд барилгын ажлыг дуусга гэсэн хууль бус шаардлагыг манай компанид тулгасан. Манай компани нь УБЦТС ТӨХК-тай зөвшилцөн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд чармайж ирсэн боловч үр дүнд хүрээгүй бөгөөд энэхүү барилгын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэж өгөхийн тулд хичээж, өөрөөс их хэмжээний хөрөнгө, хүч гарган, өрийн болон зээлийн хүү, торгууль алдангийн дарамтад орох зэргээр маш их алдагдал, хохирол хүлээж ажилласны эцэст 2014-12- 15-ны өдөр УБЦТС ТӨХК-ийн өргөтгөлийн барилгыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэж өгсөн. УБЦТС ТӨХК-ийн өргөтгөлийн барилга нийт 3,570,265,927 төгрөгийн өртөгтэй баригдсан, үүнээс УБЦТС ТӨХК нь ажил гүйцэтгэх анхны гэрээнд тусгагдсан 2,180,323,378 төгрөг, нэмэлт гэрээгээр 457,342,549 төгрөг, УБЦТС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрлэсэн 487,826,918 төгрөг буюу нийт 3,125,492,845 төгрөгийн санхүүжилтийг олгохоор зөвшөөрснөөс 98,3 сая төгрөгийг манай компанид олгоогүй. Дээрх 3,570,265,927 төгрөгийн зөрүү болох манай байгууллагаас ажил гүйцэтгэхэд гаргасан 444,773,082 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаад гомдолтой байна. УБЦТС ТӨХК нь дээрх төлбөрийг олгохгүй байгаагийн улмаас манай компани нь их хэмжээний хохирол хүлээж, өр зээлийн дарамтанд орж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн өр төлбөрийн асуудалтай хүнд байдалд ороод байна. У ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд Ө ХХК-с гаргасан хөрөнгө мөнгө болох 543,073,086 төгрөг, мөн У ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэхийн тулд хувь хүн, банк санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн мөнгөнд төлөх хүү, торгууль, алданги, зэргийн улмаас манай компанид учирсан хохирол болох 227,860,000 төгрөг, нийт 770,933,086 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: УБЦТС ТӨХК 2011 оны 09 дүгээр сард өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх ажилд нээлттэй тендер зарлаж 3 байгууллага санал ирүүлсэн. Үүнээс үнэлгээний хороо 2 180 323 378 төгрөгийн санал ирүүлсэн Ө ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж өгсний дагуу 2011-11-10-ны өдөр 280/2011 дугаартай гэрээ байгуулсан. Ө ХХК-тай 2011-11- 10-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрийг 2011-11- 25, 2011-12 -30-нд тус тус нийт 600 сая төгрөг шилжүүлсэн.  Урьдчилгаа 30% шилжүүлсээр байтал өвлийн улирал эхэлсэн зэрэг шалтаг шалтгаан тоочиж барилгын ажлыг хийгээгүй ба дуусах хугацаагаа тооцоололгүй гэрээ байгуулсан нь Ө ХХК-ийн хариуцлагагүй үйлдэл юм. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012-01-31-ний өдрийн 18 дугаар, 2012-06-15-ны 181 дугаар тушаалуудаар барилгын төсөвт өртөг 30%  өсөж нэмэгдсэн гэсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3.4-т захиалагч энд зааснаас өөр төлбөр төлөхгүй бөгөөд зайлшгүй шаардлагатай энэ гэрээний 1.3-т зааснаас бусад тохиолдолд гэрээний хугацаанд бий болсон үнийн өөрчлөлт, мөнгөний ханш унах, мөнгөн машстабт өөрчлөлт орсон нь гэрээний үнийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан тул барилгын төсөвт өртөг нэмэгдсэн нь захиалагч манай компанид хамаагүй бөгөөд гүйцэтгэгч компани эрсдэлээ өөрөө тооцох ёстой байсан. Барилгын ажил эхлээгүй байхад манай компаниас 600 000 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн бөгөөд бараа материалын үнэ нэмэгдэхээс өмнө шаардлагатай материалаа татаж цуглуулах бүрэн боломж байсан. Уг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаалуудыг Монгол Улсын Их Хурлын 2014-04- 17-ны өдрийн 30 дугаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолоор хүчингүй болгосон. Ө ХХК нь гэрээнд тусгагдсан 2 180 323 378 төгрөг, нэмэлт гэрээгээр 457 342 549 төгрөг, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 487 826 918 төгрөг буюу нийт 3 125 492 845 төгрөг олгохоор зөвшөөрснөөс 98 300 000 төгрөгийг манай компанид олгоогүй. Мөн зөрүү гүйцэтгэлд 444 773 082 төгрөгийн асуудал шийдвэрлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд анх тендер болон гэрээнд өргөтгөлийн барилгын төсөвт өртгийг 2 180 323 378 төгрөгөөр тохиролцсон бөгөөд нэмэлт гэрээний санхүүжилтээр 181 681 648 төгрөг, ханшийн зөрүүний санхүүжилт 487 826 918 төгрөг, гадна тохижилтын ажилд 105 660 897, гадна тохижилт нэмэлт гэрээнд 80 000 000 төгрөгийг санхүүжилтийг тус тус олгож нийт 3 027 319 830 төгрөгийг Ө ХХК-д олгож манай компани хохирсон. Мөн 2011 онд 634 531 092 төгрөг, 2012 онд 1 108 793 900 төгрөг, 2012 онд 593 777 564 төгрөг, 2012 онд 689 217 274 төгрөгийг ажлын гүйцэтгэлийг харгалзахгүй тус тус УБЦТС ТӨХК-иас шилжүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч Ө ХХК-д зээл авах өр төлбөр үүсэх нөхцөл байдал үүсгүүлж байгаагүй болно. Манай байгууллага гэрээний үүргээ хүлээн, уян хатан байж гэрээний хугацааг 3 удаа сунгаж барилгын ажлыг зогсоохгүй, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах гэж гэрээг цуцлах буюу алданги тооцох зэрэг аливаа үйлдэл гаргаж байгаагүй. Улсын комиссын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг өнөөдрийг хүртэл Ө ХХК бүрэн биелүүлээгүй байна. Үүнд өргөтгөлийн барилгын гадна фасад, ариун цэврийн өрөөний тусгаарлах хаалтууд, шатны хонгилын хананд үүссэн ан цавыг янзлах зэрэг ажлуудыг хийгээгүй байна. Түүнчлэн, барилгын батлагдсан зурагт тусгагдсан Ө ХХК хийж гүйцэтгэх ажлыг манай компани өөрийн хөрөнгөөр 4 төрлийн ажил үйлчилгээг 322 875 704 төгрөгөөр хийлгэсэн. Үүнд спорт заалны шал, дотор тохижилтын ажилд 248 850 704 төгрөг, гараашийн 2 хаалга солих ажилд 13 050 000 төгрөг, гараашийн шал засварын ажилд 39 975 000 төгрөг, дээврийн ус зайлуулах системийг сольж шинэчлэх ажилд 21 000 000 төгрөгөөр тус тус хийлгэсэн. Мөн өргөтгөлийн барилгад орох байсан манай байгууллагын салбар нэгж болох Хан-Уул Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь гэрээнд заасан хугацаандаа байрандаа орж чадаагүй улмаас 2 жил 2 сарын түрээсийн төлбөрт 108 108 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж хохирсон. УБЦТС ТӨХК нь анхны тендерийн үнэ, гэрээнд заасан төсөв болон Ө ХХК-ийн тендерт ирүүлсэн үнийг 1 тэрбум төгрөгөөр давуулан санхүүжилтийг олгож чанар муутай стандартын шаардлага хангахгүй барилга хүлээн авч хохироод байна. Мөн Ө" ХХК-иас 2015-01- 26-ны өдөр 01/03 дугаартай албан бичиг /манай компани улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэхийн тулд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 33 473 000 төгрөгийг олгоно уу/ ирүүлж байсан бөгөөд дээрх мөнгийг нь өгсөн ба илүү мөнгө нэхэмжилж байгаагүй болно. Гэтэл үндэслэлгүйгээр 770 933 086 төгрөг нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна. Манай компани Ө ХХК-д удаа дараа дахин санхүүжилт, мөнгө өгч чадахгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний хүрээнд ажиллах талаар албан бичиг өгч байсан. Хэрэв хохиролтой боломжгүй байсан бол дээрх мэдэгдлийн дагуу гэрээг цуцлах бүрэн боломжтой байсан. У ТӨХК нь 2011 оны 11 сард тухайн өргөтгөлийн барилгын ажил эхлээгүй байхад Ө ХХК-д 600 000 000 төгрөгийг хоёр хувааж 2011-11- 25-ны өдөр, 2011-12-30-ны өдөр тус тус шилжүүлсэн. Гэтэл хавар болонгуут барилгын ажил эхлэнгүүт барилга захиалан бариулах гэрээний 3.3 дахь хэсэгт ажлын дараагийн санхүүжилтийг захиалагчид хүлээлгэн өгөөд баталгаажуулсны үндсэн дээр гүйцэтгэгчийн нэхэмжлэлээр өгнө гэж заасныг зөрчиж Ө ХХК нь ажлаа хийлгүй мөнгөгүй хэмээн мөнгө нэхэн 2012 оны 8 сард ашиглалтад орох барилгыг барилгүй удааж байсан. У ТӨХК нь тухай, тухай үед нь санхүүжилтийг олгож байсан. Захиалагчийн хувьд гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэдэг нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00553 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345.2-т заасныг баримтлан  У ТӨХК-с 545 162 422 төгрөг гаргуулан Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 225 770 664 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс 4 012 615 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 2 883 762 төгрөг гаргуулж Ө ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1252 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан У төрийн өмчит хувьцаат компаниас 444 773 082 төгрөгийг гаргуулж Ө ХХК-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 326 160 004 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2 883 762 төгрөг гэснийг 2 381 815 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан 2011-11-10-ны өдрийн 280/2011 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т заасан “Дараагийн санхүүжилтийг захиалагчийн хяналтын инженерийн баталгаажуулсныг үндэслэн ажлын гүйцэтгэлээр гүйцэтгэгчийн нэхэмжлэхээр олгоно” гэсэн заалт болон уг заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан 2014-02- 13-ны өдрийн 21/2014 тоот гэрээний 3 дугаар зүйлд заасан “Гэрээний 3.3-т Захиалагч тал дараагийн санхүүжилтийг хяналтын инженерийн баталгаажуулсныг үндэслэн ажлын бодит гүйцэтгэлээр санхүүжүүлнэ” гэсэн заалтуудыг илт буруугаар тайлбарлан гэрээний дагуу дахин гүйцэтгэсэн бодит гүйцэтгэлээр зардлыг төлөхөөр талуудыг тохиролцсон гэж үзэж гэрээнд огт тусгагдаагүй, үндэслэлгүй 444 773 082 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулсан 280/2011 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3.3 дахь заалт бол гэрээ байгуулаад урьдчилгаа болгож уг гэрээний 3.2 дахь заалтын дагуу урьдчилгаа 30%-ийг төлөөд үлдсэн 70%-ийн санхүүжилтийг хяналтын инженерийн баталгаажуулсныг үндэслэн ажлын гүйцэтгэлээр олгоно гэсэн заалт. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг олгох талаар зохицуулсан заалт юм. Харин нэмэлт санхүүжилт 487 826 918 төгрөг олгохоор 2014 онд байгуулсан 21/2014 дугаартай гэрээний 3 дахь заалт бол анх байгуулсан 280/2011 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3.2 дахь заалтад “бодит гүйцэтгэлээр” гэсэн хоёр үг нэмж оруулсан заалт юм. Ийм хоёр үг оруулсан нь ямар учиртай гэхээр өмнөх санхүүжилтүүдийн гүйцэтгэл нь бодит ажлаасаа түрүүлээд, өөрөөр хэлбэл, 50%-ийн гүйцэтгэл өгсөн мөртлөө бодит ажил нь 30-40% байх жишээтэй бодит ажил гүйцэтгэл хоёр нь зөрөөд байсан учир нэмэлт гэрээгээр тохирсон 487 826 918 төгрөгийг зөвхөн бодит гүйцэтгэлийг үндэслэж олгохоор гэрээнд заасан юм. Гэтэл шүүх уг заалтуудыг гэрээгээр тохироогүй дараагийн санхүүжилтийг бодит гүйцэтгэлээр олгохоор заасан байна гэж гэрээний заалтыг илт буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

       Ө ХХК нь 2017-11-19-ний өдөр У ТӨХК-д холбогдуулан 2011-11-10-ны өдрийн гэрээний дагуу барилга угсралтын ажилд зарцуулсан 543,073,086 төгрөг, бусдаас зээлсэн хүү алданги зэрэгт төлсөн 227,860,000 төгрөг нийт 770,933,086 төгрөг шаардсаныг /хх 1-н 1-2, 88-91/ хариуцагч зөвшөөрөөгүй /хх 1-н 80-81/ маргасан байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 545,162,422 төгрөгийн шаардлагыг хангасныг давж заалдах шатны шүүх  444,773,082 төгрөг болгон өөрчилжээ.

       Хариуцагч хяналтын гомдолдоо “... 2011 оны  280/2011 дугаар гэрээний  3.3, 2014 оны 21/2014 тоот гэрээний 3.3-р санхүүжилтийг хяналтын инженерийн баталгаажуулсныг үндэслэн ажлын бодит гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохирсон байхад дахин гүйцэтгэсэн бодит гүйцэтгэлээр зардлыг төлөхөөр тохиролцсон гэрээнд огт тусгагдаагүй 444,773,082 төгрөгийг гаргуулсан...21/2014 дугаар гэрээний 3.3 нь 280/2011 дугаар  гэрээний 3.2-т “бодит гүйцэтгэлээр” гэсэн үг нэмсэн...учир нь санхүүжилт бодит ажлаасаа түрүүлээд байсан учир 487,826,918 төгрөгийг зөвхөн бодит гүйцэтгэлийг үндэслэж олгохоор заасан  ...гэтэл  шүүх “... дараагийн санхүүжилтийг бодит гүйцэтгэлээр олгохоор заасан байна...” гэж хэргийг шийдвэрлэсэн...” гэжээ. 

        Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлэдэхүүн дүгнэв.

        Ө ХХК нь У ТӨХК-с барилга угсралтын ажилд зарцуулсан 543,073,086 төгрөг, бусдаас зээлсэн хүү алданги зэрэгт төлсөн 227,860,000 төгрөг нийт 770,933,086 төгрөг шаардсан байна. 

        1/.  227,860,000 төгрөгийн шаардлагын талаар:

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс хохирол буюу “...бусдаас зээлсэн хүү алданги зэрэгт төлсөн 227,860,000 төгрөг...”-н шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчлөөгүй, хариуцагч тус шүүхэд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хяналтын шатны шүүхээс  дүгнэлт хийгээгүй болно.  

       2/.  543,073,086 төгрөгийн шаардлагын талаар:

       Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэхдээ 2011-11-10-ны өдрийн 280/2011 болон 2013-09-23-ны өдрийн гэрээг үндэслэсэн байна. Хариуцагч нийт 3,055,492,841 төгрөг өгсөн, нэхэмжлэгч авсан нь тогтоогдсон байна.

        2.1/. 2013-09-23-ны өдрийн гэрээний талаар:

        У ТӨХК-н төв оффисын өргөтгөлийн барилгын гадна тохижилтын ажлыг 90 сая төгрөгөөр гүйцэтгэх тухай зохигч нарын хооронд 2013-09-23-ны өдөр /хх 1-34-36/ гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014-03- 26-ны өдрийн 227/2014 дугаар /80 сая/ болон 2014-06-09-ний өдрийн 179/2014 дугаар гэрээгээр /105, 660, 897/ нэмэлт, өөрчлөлт /хх 1-н 39, 41/ оржээ.

       Дурдсан 3 гэрээний нийт үнийн дүн 105,660,897 төгрөг байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

       Нэхэмжлэгч “...оффисын өргөтгөлийн барилгын гадна тохижилтын ажил...”-ын  гэрээний үүрэгт хариуцагч төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн, үүнд нэхэмжлэгч гомдоогүй тул 2013-09-23 өдрийн болон 2014 оны 227/2014, 179/2014 дугаар гэрээний талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.  

        2.2/. 2014-03-26-ны өдрийн гэрээний талаар:

       Талууд 2014-03-26-ны өдөр 226/2014 дугаартай гэрээ байгуулж, 181,681,648 төгрөгийн гадна ажил хийхээр тохирсон байх бөгөөд уг гэрээтэй холбоотой талууд маргаагүй байна. 

        2.3/. 2011-11-10-ны өдрийн  280/2011 дугаар гэрээний талаар: 

       а/. 2011-11-10-ны өдөр талууд 280/2011 дугаар гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь   УБЦТС ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажлыг 2,180,323,378 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон хэдий ч уг гэрээнд 2014-02-13-ны өдрийн 21/2014 дугаар гэрээгээр 487,826,918 төгрөгөөр нэмж санхүүжүүлэхээр тохирсон байна.

        Өөрөөр хэлбэл, 2011-11-10-ны өдрийн 280/2011 дугаар гэрээний дагуу хийгдэх  УБЦТС ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажлыг нийт 2,180,323,738 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон байна. 

         Мөн дээр дурдсан 2014 оны 21/2014 дугаар гэрээнд 2011 оны 280/2011 дугаар гэрээнд зааснаас өөр ажил нэмж гүйцэтгэхээр заагаагүй тул талууд УБЦТС ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажлыг нийт 2,180,323,738 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзнэ. 

        Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд, гэрээ хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй байна.

        б/. У компанийн 2013-11-12-ны өдрийн 4/1789 дугаартай албан бичигт /хх 1-н 188, 195/ хариу болгон өгсөн Барилга архитектур корпорацын 2013-12-11-ний өдрийн 167 дугаар “дүгнэлт” гэх баримтад “...дуусаагүй байгаа ажлыг өнөөгийн мөрдөж байгаа тарифаар тооцон үзвэл 932,600,000 төгрөг шаардлагатай...барилгын дуусаагүй байгаа ажлыг анхны төсөв хийсэн төсвийн норм, үнэ тарифаар тооцон үзэхэд 647,900,000 төгрөг гарч байна...” гэжээ.  /хх 1-н 47, 48/

        Уг баримтад хоёр өөр үнийн дүн заасан бөгөөд 932,600,000 төгрөг нь “дүгнэлт” гэх баримт үйлдэх үеийн, харин 647,900,000 төгрөг нь 2011-11-10-ны өдрийн 280/2011 дугаар гэрээ байгуулах үеийн байдлаар тус тус тооцсон  байна. 

       Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа уг баримтын “...932,600,000 төгрөг шаардлагатай...” гэснийг үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. 

        Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь нийт 3,400,265,922 төгрөгийн /2,180,323,378+ 932,600,000+ 105,660,897+ 181,681,647/ ажил гүйцэтгэсэн, захиалагч нийт 3,035,492,841 төгрөг төлсөн байх тул үлдэх 364,773,081 төгрөгийг хариуцагчаас гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1252 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345.2-т заасныг баримтлан У ТӨХК-с нийт 364,773,081 төгрөг гаргуулан Ө ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 406,160,005  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...2,883,762 төгрөг...” гэснийг “...1,876,276 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 2,381,816 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.                         

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                             ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ