Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1680

 

 

 

 

 

 

  2020         09         18                                       2020/ШЦТ/1680

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Л.Галав,

Хохирогч Г.Тулга, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн /ҮД:3156/,

Өсвөр насны шүүгдэгч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э, тэдгээрийн өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн өсвөр насны шүүгдэгч Э.Эод холбогдох 2006 00000 1193 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Эийн Э /РД:,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Тулгын уруул, шүд хэсэгт чулуугаар цохих үйлдлээр баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүдний хүзүү хэсгийн хугарал /булгарал/, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Тулгын өгсөн: “Хэрэг гардаг өдөр би тамхигүй болчхоод найз руугаа утсаар ярьсан чинь “тамхи байна ирээд авчих” гэсэн. Би 9 настай хүүхдээ дагуулаад явж байтал эдгээр хүмүүсийн нэг нь манайг мөрлөхөөр нь би тоохгүй цаашаа явж байсан чинь хойноос  гурвуулаа гүйгээд ирсэн. Ирээд чи яахаараа хүн мөрлөдөг юм гээд намайг зодох гэж дайрсан. Би биеэ хамгаалах гээд хоёрыг нь түлхэж унагатал 3 дахь нь намайг унагаагаад зодсон. Миний хүүхэд орилоод тэр газар байсан таксины жолооч нар ирж салгаж өгсөн. Нэг таксины жолооч нь намайг найз руу маань хүргэж өнгө гээд хүргэж өгсөн. Найз гарч ирээд би тамхи аваад хүргэж өгсөн залуу найз 2 маань надаас бага зэрэг зайтай алхаж байтал хойноос гүйж ирээд чулуугаар цохичхоод мангар хурдан зугтаасан. Би тухайн үед шокт ороод найз маань цагдаа, түргэн дуудсан. Би эдгээр хүмүүстэй их гомдолтой байна. Хүүхдээ дагуулаад явж байгаа хүнийг зодох хүүхдийн хүчирхийлэл болдог юм эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ хүүхдийнхээ дэргэд архи дарс уусан хүний үйлдэл хүчирхийлэлд ордог гэсэн. Одоо хохирол төлбөр төлж чадахгүй гэж байна. Хохирол төлж чадахгүй юм бол яах гэж архи дарс ууж, хүүхдээ дагуулаад явж байгаа хүнийг зодсон юм...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Тулгын өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цаг өнгөрч байхад би найзаасаа тамхи авах гэж Шар хадны эцсийн буудал дээр явж байхад 3 залуу өөдөөс алхан ирж байгаад нэг залуу нь намайг мөрлөөд зөрж явсан. Тэгснээ тэр 3 залуу буцаж ирээд “чи яахаараа хүн мөрлөдөг юм” гэж хэлээд над руу дайрахаар нь би хоёр залууг нь түлхэж газарт унагаатал 3 дахь залуу нь намайг газарт унагаан зүүн талын ташаа хэсэгт өшиглөөд хүмүүс салгасан. Тухайн үед нэг залуу нь миний зүүн талын ташаа хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд нь миний биед гэмтэл учраагүй. Дараа нь найзаасаа тамхи аваад буцан явж байхад нэг хүн хойноос гүйж ирээд уруул шүд хэсэгт чулуугаар нэг удаа цохисон. Тэгэхэд миний биед шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүд учирсан. Тэгтэл манай найз цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /хх.11/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анхбаярын  өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Шар хаданд байдаг найз Билгүүний гэрт найз Баатархуяг бид гурав 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад 22:00 цагийн үед Баатархүү, Билгүүн хоёрыг Шар хадны автобусны эцсийн буудлаас автобусанд суулгаж өгсөн. Тэгээд нэг мэдэхэд Шар хадны эцэс дээр нэг залуутай маргалдаад зогсож байсан. Өөр зүйл санахгүй байна. Архи их уусан байсан болохоор согтчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5067 дугаар:

“1. Г.Тулгын биед баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүдний хүзүү хэсгийн хугарал /булгарал/, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, ооч, дээд уруулд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хоёр шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө” гэх дүгнэлт /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “... хамрын нуруу, зүүн хацар, ооч, дээд уруулд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх.76-77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ байхад манай найзууд утсаар дуудаад би Шар хаданд очоод “Миний зах”-ын үүдэнд найзуудаа хүлээгээд зогсож байхад Анхбаяр ах ирээд намайг дагуулж хэлгүй Билгүүний гэрт очиж архи уусан. Би тэр архинаас 2 удаа уусан. Тэр архины ихэнхийг нь Анхбаяр, Билгүүн хоёр хувааж уугаад бид гурав Шар хадны эцэс орж Билгүүнээ салаад явсан. Тэгээд Анхбаяр ах Шар хадны эцэс дээр үлдээд би найзтайгаа уулзах гэж яваад буцан ирэхэд Анхбаяр ах нэг ахтай заамдалцаад зогсож байхаар нь би салгах гэтэл Анхбаяр ахтай заамдалцаж байсан ах миний нүүрэнд гараараа нэг удаа цохисон, Би газарт унаад босож ирэхдээ газраас чулуу аваад тэр ах руу шидчихээд зугтааж гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх.31/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.31/,

Хохирол нөхөн төлсөн баримт /хх.43/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Тулгын уруул, шүд хэсэгт чулуугаар цохих үйлдлээр баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүдний хүзүү хэсгийн хугарал /булгарал/, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Тулгын өгсөн: “... нэг хүн хойноос гүйж ирээд уруул шүд хэсэгт чулуугаар нэг удаа цохисон. Тэгэхэд миний биед шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүд учирсан...” гэх мэдүүлэг, /хх.11/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анхбаярын  өгсөн: “... Тэгээд нэг мэдэхэд Шар хадны эцэс дээр нэг залуутай маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5067 дугаар:

“1. Г.Тулгын биед баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүдний хүзүү хэсгийн хугарал /булгарал/, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, ооч, дээд уруулд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хоёр шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө” гэх дүгнэлт /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “... хамрын нуруу, зүүн хацар, ооч, дээд уруулд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх.76-77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн: “... Би газарт унаад босож ирэхдээ газраас чулуу аваад тэр ах руу шидчихээд зугтааж гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх.31/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Э.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч Э.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Г.Тулгын баримтаар нэхэмжилсэн 4.801.250 төгрөгөөс өсвөр насны шүүгдэгч Э.Э 252.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 4.549.250 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хангахгүй орхих нь зүйтэй.

Харин хохирогч Г.Тулга энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох өсвөр насны шүүгдэгч Э.Эоос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол санал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Эод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Өсвөр насны шүүгдэгч Э.Эод ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эсхүл хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг түүний өмгөөлөгч хүсэж байх боловч хохирогчийн гомдол санал, хохирол, хор уршгийг арилгаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Э.Эод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж байна.

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Ш овогт Эийн Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Эод 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Э.Эод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгчид сануулсугай.

4. Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Г.Тулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох өсвөр насны шүүгдэгч Э.Эоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Э.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР