Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2017/00044

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, аймгийн Засаг даргын Тамгын газрын 305 тоотод байрлах, Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба /РД: 4614194, улсын бүртгэлийн дугаар: 3270327012, утас: 70543684/-ын хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Үүрийнцолмонг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Говьсүмбэр аймгийн санхүүгийн хяналт аудитын алба шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагын төрийн сан дахь 220051004 тоот харилцах данснаас Гэрэлт сүмбэр ХХК-ийн Хаан банкны 5990368011 тоот дансанд веб сайт хийлгэхээр ажлын хөлсөнд 250 000 төгрөг шилжүүлсэн боловч тус компани одоог хүртэл веб сайтаа хийж өгөөгүй, холбогдох гэхээр хаяг нь тодорхойгүй, утасны дугаар нь холбогдохгүй, утсаа авахаараа биш гээд байна. Тус компани Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 11-62 тоотод байрлалтай байсан боловч одоо уг хаягт байхгүй, тухайн хаягт байгаа хүн нь Б.Үүрийнцолмонг Дорноговь аймаг руу шилжсэн гэсэн. Мөн уг Компани Холбооны байрны 2 дугаар давхарт байрлаж байсан. 99094622 дугаарын утастай боловч уг утсыг эмэгтэй хүн авч 99540002 дугаарыг өгсөн. 99540002 дугаар руу залгахад тийм хүн байхгүй гэдэг. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гэрэлт сүмбэр ХХК-ийн захирал Б.Үүрийнцолмонг /РД: ЕЙ85070331/ эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Говьсүмбэр аймгийн санхүүгийн хяналт аудитын алба нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Үүрийнцолмонг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно.

Б.Үүрийнцолмон нь Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны веб сайт хийх захиалга авах үедээ “Гэрэлт сүмбэр” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 11 дүгээр байрны 62 тоот хаягт бүртгэлтэй байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 53 тоот лавлагаа, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 000056433 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Б.Үүрийнцолмон нь одоо уг хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Борижгин овогт Баярсайханы Үүрийнцолмонг  эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

Б.Үүрийнцолмон нь 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ЕЙ85070331 регистрийн дугаартай, 99094622, 99540002 дугаарын утастай, “Гэрэлт сүмбэр” ХХК-ийн захирал ажилтай, Компанийн регистрийн дугаар 4613627, улсын бүртгэлийн дугаар 3211002047 болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Борижгин овогт Баярсайханы Үүрийнцолмонг  эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Үүрийнцолмонг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.НАРАНЧИМЭГ