| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1650/Э |
| Дугаар | 1686 |
| Огноо | 2020-09-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 1686
2020 09 21 2020/ШЦТ/1686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Л.Галав,
Хохирогч Т.Отгонмөнх,
Шинжээч Т.Чимэд-Очир,
Шүүгдэгч Э.Со, түүний өмгөөлөгч Г.Тамир /ҮД:2571/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Сод холбогдох 2006 00522 1941 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дүгээр сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотод 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон, Монелийн 1-3 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг,улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Эын Со /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Со нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-нд иргэн Т.Отгонмөнхтэй маргалдаж ороолтоор хүзүүнээс нь боон, үснээс нь зулгааж, толгой, дух, нүүрэн хэсэгт нь цохих үйлдлээр баруун гарын бугуй, сарвуунд цус хуралт, баруун хацар, зүүн гарын дунд хуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сын өгсөн: “Тухайн үед 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22 цаг болж байсан байх. Би ажил дээрээ байж байтал Хуягбаатар гээд таксины жолооч ах гадаа машинаа тавьсан байсан. Тэр үед гадаа нэг эмэгтэй хүн дугараад байсан. Хуягаа ах кофе уух гээд орж ирээд зогсож байсан чинь машинд хүн суух шиг болсон. Хуягаа гараач гээд хэлсэн чинь Отгонмөнх гээд хүн орж ирээд надаас бохь худалдаж аваад гарахдаа Хуягаа ахыг “чи нэг муу таксины жолооч байж Налайх оруулаад өгөөч” гээд агсан тавих маягийн байсан. Гарахад нь Хуягаа ах “архичин” гээд хэлчихсэн чинь согтуу байсан болохоор тэр юм уу буруу сонсоод ирж ирээд “чи яагаад намайг янхан, гичий гэдэг юм” гээд Хуягаа ахтай зууралдаад цохилцсон. Би лагуунаасаа гарч ирээд “та эмэгтэй хүн юм байж болиоч ноцолдох гэж байгаа бол гараад бол” гээд гаргах гээд түлхсэн чинь миний дух руу цохисон. Би “та миний дух руу цохичихлоо, яаж байгаа юм бэ” гэж хэлээд түлхэх гээд байж байтал цуг явж байсан эгч орж ирээд намайг Хуягаа ахтай нийлээд цохиж байна гэж бодсон юм шиг байсан. Би очоод мэдүүлэг өгсөн. Тухайн үед миний дух хавдсан байсан. Байцаагч нь надаас шүүх шинжилгээнд үзүүлэх үү гэхэд нь би завгүй байсан болохоор “яах юм бэ, амжихгүй” гэж хэлсэн. Энэ эгч Хуягаа ахыг гичий гэж хэлсэн гээд орилж чарлаад намайг Тангадын Галсан гэдэг гээд лангуу нураагаад байхаар нь “та нар битгий энд зодолд” гэж хэлээд салгах гээд энэ эгчийг салгах гэсэн. Тэгтэл согтуу байсан болохоороо “чи юу юм. Та нар хараарай та нарыг ажилгүй, амьдралгүй болгоно” гэж хэлсэн. Уг нь бол Хуягбаатар ахтай маргалдсан, надтай маргах шалтгаан байгаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Отгонмөнхийн өгсөн: “Ийм хэргийн төлөө энд ирсэндээ харамсаж байна. Тэр өдөр би Эрүүл мэндийн яамнаас жуухаар, ажлын эгч Алтан гадас одонгоор шагнуулаад бид нар ажил дээрээ хүлээн авалт зохион байгуулсан. 20 хүн нийлээд 2 шил архи уусан. Гэхдээ би их уугаагүй. Энэ хүний ярьж байгаа шиг орилоод байсан зүйл байхгүй. Шүүгдэгчийн ярьж байгаа ТҮЦ-ний эсрэг талаас такси барих гэсэн чинь олдохгүй байсан болохоор замын цаана байсан таксинд ороод суутал жолооч нь байхгүй байсан. Жолооч нь байхгүй болохоор нь хаана байгааг юм бол гэж бодож байтал ТҮЦ дотор нэг эрэгтэй хүн байхаар нь ороод бохь аваад “та таксины жолооч мөн үү” гэтэл “мөн” гэхээр нь “та таксинд явахгүй юм уу нэг хүн хороолол, 2 хүн Офицер орно. Такси зогсохгүй байгаа болохоор та яваад өгөөч” гэтэл “зайлаач янхан минь” гэж хэлсэн. Би “та яахаараа янхан гэж хэлдэг юм. Тэгж хэлж болохгүй та таксины жолооч байж таксиндаа явахгүй энд юу хийж байгаа юм” гэтэл “хурдан цаашаа гараад яв” гээд намайг элдвээр хэлсэн, тэгэхээр нь би өшиглөсөн. Тэгтэл шүүгдэгч лангуунаасаа гарч ирээд үснээс зулгаан ороолтоор боосон. Миний ноосон 3 давхар ногоон ороолт урагдсан байсан. Би энэ охинтой ямар ч юм яриагүй. Гэтэл шүүгдэгч гэнэт таксины жолоочийг өмөөрч орж ирээд над руу дайрсан. Тэгж байтал Болормаа орж ирээд “та манай эгчийг яагаад байгаа юм бэ” гэсэн. Дараа нь Гантулга орж ирсэн. Дахиад хүн орж ирэх гэтэл ТҮЦ-ний хаалгаа хаачхаад оруулахгүй байсан. Би шүүгдэгчтэй маргалдаагүй. Цагдаа дуудтал эхлээд дуудлага ихтэй байна гэсэн. Шүүгдэгч намайг боогоод алах гээд байхаар нь “та нар хурдан ирээч” гээд 2 дахь удаагаа дуудлага өгсөн. Тэгтэл “чи цагдаа дууддаг хэн бэ батлан хамгаалахыг бид нар атгасан. Чи цагдаа дуудаад юу олж долоохыг чинь харъя гэсэн” Би “хууль сахиулах байгууллагыг та нар атгадаг хэн юм бэ” гэсэн. Миний утсыг булаагаад авсан. Утасны ард миний картад тухайн үед 3.700.000 төгрөг байсан болохоор утсаа авах гээд цагдаа дуудсан. Утас газарт унахаар нь авах гээд тонгойтол миний ар талаас цохисон. Гарах гэхээр намайг гарахгүй буланд шахчхаад байсан. Одоо болохоор намайг шал согтуу байсан гэж хэлж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Чимэд-Очрын өгсөн: “Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс баруун гарын бугуй сарвуун цус хуралт, зүүн гарын дунд хурууны зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт, баруун бугуйн шуун цус хуралт зэрэг гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь тархинд доргилт үйлчлэхээр хүч үүсэн байж эсвэл тархи цалгихад үүсэж болно. Хүзүү боох үед тархины доргилт үүсэхгүй. Хохирогчийн баруун гарын бугуй сарвуун цус хуралт, зүүн гарын дунд хурууны зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт, баруун бугуйн шуунд цус хуралт гэмтлүүд нь газарт хүч үүсэх үед үүссэн. Эдгээр гэмтлүүд нь хохирогч бусадтай зууралдах, цохих үед тухайн хэсэгт хүч үйлчилсэн бол үүснэ. Хүний биед гэмтлийн зэрэг тогтооход тодорхой хэмжээний үзлэг хийж хүний биед үүссэн гэмтлийг тогтоодог. Тархи доргилт нь энэ цаг хугацаанд үүссэн гэдэг талаар нарийвчлан ялгах боломжгүй. Үснээс зулгаахад тархи доргилт үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Отгонмөнхийн өгсөн: “... Тэгээд би дахин нөгөө залуугаас “хөөе чи явчихгүй юм уу? бид нар гурвуулаа явж байгаа 2 нь офицер дээр буугаад нэг нь хороолол орно” гэж хэлсэн. Тэгэхэд тухайн үл таних залуу намайг “зайлаач янхан минь’’ гэж хэлсэн. Би тухайн залууд хандаад “Чи намайг янхан гэдэг юу вэ” гэж хэлээд баруун хөлөөрөө тухайн залуугийн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үл таних залуу намайг “цаашаа бай” гэж хэлээд түлхсэн, тэгээд би “яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд байж байтал ТҮЦ-ний худалдагч хүүхэн лангууныхаа араас гарч ирээд миний үснээс зулгаан, зүүж явсан ногоон өнгийн нэхмэл ороолтоор миний хоолойг боосон. Тухайн үед би ороолтоор миний хоолойг боож байсан эмэгтэйг өөрөөсөө салгах гээд эсэргүүцэж байхад миний гар утас лангуун дээр унасан. Тэгэхэд тухайн үл таних залуу “наад муу гичийгээ ал” гэж хэлж байсан. Намайг ороолтоор боож байсан худалдагч хүүхнийг салгах гээд дийлээгүй ба тухайн үед миний ухаан санаа балартаад ухаан алдсан. Нэг сэрэхэд тухайн худалдагч намайг баруун талын буланд нэг гараараа хүзүүнээс боогоод нөгөө гараараа үснээс зулгааж байсан. Тэгээд би арай гэж тавиулаад утсаараа цагдаа дуудахад ТҮЦ-ний худалдагч хүүхэн “Энэ муу цагдаа дуудчихлаа ямар овоо муу гичий вэ?” гэж хэлээд миний утсыг булааж аваад миний толгой, дух, нүүр хэсэгт маш олон удаа цохиж зодсон. Тэгэхэд надтай хамт явж байсан манай ажлын газрын Болормаа гэх эмэгтэй ирээд уг ТҮЦ-ний хаалгаар орох гэтэл тухайн үл таних залуу ТҮЦ-ний хаалгыг дотор талаас нь түгжчихээд оруулахгүй байсан...” гэх мэдүүлгүүд /хх.13-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Сын гэрчээр өгсөн: “... 2019 оны 102 дугаар сарын 30-ны өдөр 22:00 цагийн орчим манай ТҮЦ-нд таксины жолооч Хуягаа ах орж ирээд кофе уугаад сууж байхад Хуягаа ахын таксинд нэг эмэгтэй суусан, гэтэл Хуягаа ах “явахгүй” гэж хэлэхэд тэр согтуу эмэгтэй манай ТҮЦ-нд орж ирээд “чи яахаараа явдаггүй юм” гэж хэрүүл хийгээд байсан, гэтэл Хуягаа ах “Танай найзууд чинь гадаа машинтай ирчихсэн байна, тэндээ суугаад яваач архичин чинь” гэж хэлэхэд тэр эмэгтэй эргэн орж ирээд “чи намайг гичий гэж хэлсэн” гээд жолооч ахыг хөлөөрөө жийн гараараа цохиод байсан, тэгээд би салгахад тэр эмэгтэй миний зүүн нүдний ухархай руу баруун гараараа 2 удаа цохисон, тэгээд зууралдан байж байхад гаднаас бас нэг эмэгтэй орж ирээд бас зууралдан “та нар манай найзыг гичий гэж хэлсэн байна” гээд маргалдан зууралдаад байсан. Тэгтэл анх орж ирсэн эмэгтэй миний дух руу баруун гараараа 2 удаа цохисон, одоо миний дух хавдчихсан байна...” гэх мэдүүлэг /хх.18-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хуягбаатарын өгсөн: “Би өөрийн 42-13 УБГ улсын дугаартай Соната-6 маркийн такси баазын автомашинтайгаа 21:55 минутад БЗД-ийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн автобусны буудал дээр байрлах ТҮЦ-нд суудаг өөрийн хуурай дүү Соо дээр очоод кофе уух гээд зогсож байтал үл таних 30 орчим насны согтуу 1 эмэгтэй миний машины арын суудал дуур суусан, би уг эмэгтэйг суухад ТҮЦ-ний цонхоор хараад зогсож байсан, гэтэл тэр эмэгтэй 2-3 минут сууж байгаад ТҮЦ-нд орж ирээд намайг “таксинд яагаад явдаггүй юм” гэж намайг загнаад байсан. Тэгэхээр нь би “Чамаас архи үнэртэж байна” гэж хэлэхэд уг эмэгтэй намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уг эмэгтэйг “архичин” гэж хэлсэн, тэгтэл тэр эмэгтэй миний 2 хөл рүү ээлжлээд 4-5 удаа өшиглөсөн, тэгээд манай хуурай дүү Соо лангууны араас гарч ирээд бид хоёрыг салгах гээд дундуур орж ирсэн боловч тэр хоёр хоорондоо зууралдаад байж байтал гаднаас бас нэг согтуу эмэгтэй орж ирээд миний зүүн мөр лүү гараараа гурван удаа зохисон. Тэгээд би ноцолдоод байхаар нь салгатал манай дүү Сын дух нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.27-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Болормаагийн өгсөн: “... 22 цагийн үед тухайн ресторанаас гараад Отгонмөнх эгчийн хамт зам хөндлөн гарч такси барих гээд зогсож байсан. Тухайн үед Отгонмөнх эгч бохь авах гээд ТҮЦ орсон. Отгонмөнх эгч ТҮЦ ороод 10 гаран минутын болоод байхаар нь араас нь ороход ТҮЦ-ний үл таних эмэгтэй Отгонмөнх эгчийг ороолтоор нь боож үсдээд дарсан байсан. Отгонмөнх эгч тухайн эмэгтэйд гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 434 дугаартай:
“1. Г.Отгонмөнхийн биед баруун гарын бугуй, сарвуунд цус хуралт, баруун хацар, зүүн гарын дунд хуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Сын яллагдагчаар өгсөн: “... Би лангууныхаа араас очоод салгах гэсэн чинь зууралдаад салахгүй, нөгөө согтуу эгч гараараа саваад миний дух руу цохичихлоор нь би тэр эмэгтэйд хандаад “та яаж байгаа юм бэ? намайг цохичихлоо” гэж хэлээд би тэр хоёрыг салган, би тэр эгчийг “гар” гэж түлхээд ТҮЦ-ээс гаргасан. Тэр эгч ТҮЦ-ээс гарсны дараа үүдэнд зогсоод миний энгэрээс татан тавихгүй зууралдаад байж байхад Хуягбаатар ах нөгөө эгчийг тавиулах гээд зууралдаж байхад цаанаас нэг согтуу эмэгтэй орж ирээд Хуягбаатар луу дайраад, тэр гурав хоорондоо барилцан авч зууралдаад байсан. Би тэд нарыг салгах гээд дийлэхгүй, тэд нар лангуу нураачих гээд байхаар нь би “цаашаа” гэж түлхээд байхад гарахгүй байсан. Анх цагдаа дээр ирсэн өдөр шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэж асуусан. Үзүүлэх боломжгүй болоод үзүүлэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.44-45/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх.35/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.53/,
Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх.54-55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Со нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-нд иргэн Т.Отгонмөнхтэй маргалдаж түүний ороолтоор хүзүүнээс боон, үснээс зулгааж, толгой, дух, нүүр хэсэгт цохих зэргээр баруун гарын бугуй, сарвуунд цус хуралт, баруун хацар, зүүн гарын дунд хуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Отгонмөнхийн өгсөн: “... ТҮЦ-ний худалдагч хүүхэн лангууныхаа араас гарч ирээд миний үснээс зулгаан, зүүж явсан ногоон өнгийн нэхмэл ороолтоор миний хоолойг боосон... Намайг ороолтоор боож байсан худалдагч хүүхнийг салгах гээд дийлээгүй ба тухайн үед миний ухаан санаа балартаж ухаан алдсан. Нэг сэрэхэд тухайн худалдагч намайг баруун талын буланд нэг гараараа хүзүүнээс боогоод нөгөө гараараа үснээс зулгааж байсан... миний утсыг булааж аваад миний толгой, дух, нүүр хэсэгт маш олон удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх.13-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Болормаагийн өгсөн: “... ТҮЦ-ний үл таних эмэгтэй Отгонмөнх эгчийг ороолтоор нь боож үсдээд дарсан байсан. Отгонмөнх эгч тухайн эмэгтэйд гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 434 дугаартай:
“1. Г.Отгонмөнхийн биед баруун гарын бугуй, сарвуунд цус хуралт, баруун хацар, зүүн гарын дунд хуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.31-32/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Отгонмөнхийн өгсөн: “... Тэгтэл шүүгдэгч лангуунаасаа гарч ирээд үснээс зулгаан ороолтоор боосон. Миний ноосон 3 давхар ногоон ороолт урагдсан байсан... шүүгдэгч гэнэт таксины жолоочийг өмөөрч орж ирээд над руу дайрсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Чимэд-Очрын өгсөн: “... Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс баруун гарын бугуй сарвуун цус хуралт, зүүн гарын дунд хурууны зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт, баруун бугуйн шуун цус хуралт зэрэг гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь тархинд доргилт үйлчлэхээр хүч үүсэн байж эсвэл тархи цалгихад үүсэж болно. Хүзүү боох үед тархины доргилт үүсэхгүй. Хохирогчийн баруун гарын бугуй сарвуун цус хуралт, зүүн гарын дунд хурууны зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт, баруун бугуйн шуунд цус хуралт гэмтлүүд нь газарт хүч үүсэх үед үүссэн. Эдгээр гэмтлүүд нь хохирогч бусадтай зууралдах, цохих үед тухайн хэсэгт хүч үйлчилсэн бол үүснэ... Тархи доргилт нь энэ цаг хугацаанд үүссэн гэдэг талаар нарийвчлан ялгах боломжгүй. Үснээс зулгаахад тархи доргилт үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүгдэгч бусдад гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэх агуулгатай шүүгдэгч Э.Сын мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн дүгнэлт нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Э.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Т.Отгонмөнхийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 120.000 төгрөгийг шүүгдэгч Э.Со нөхөн төлсөн, харин 8 өдрийн ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Мөн хохирогч Т.Отгонмөнх нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Соос жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн гомдол санал, гэм буруугийн хувьд маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдэв.
Э.Сод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Сод торгох ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч хохирогчийн гомдол санал, гэм буруугийн хувьд маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах шаардлагагүй юм.
Э.Сод оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Э.Со нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдбал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Эын Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сод 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Сод оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Сод сануулсугай.
5. Э.Со нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Т.Отгонмөнх нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Соос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР