| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1660/Э |
| Дугаар | 1693 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1693
2020 09 23 2020/ШЦТ/1693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч С.Чимэдцэеэ,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Мт холбогдох 2006 01662 2305 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Увс аймагт 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрхны 7 дугаар гудамжны 186а тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1062 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, З овогт Бын М /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн зах дотор байрлах АТМ-ээс иргэн Даваахүүгийн ХААН банкны картыг ашиглан 200.000 төгрөг, мөн өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн гадна талд байрлах ХААН банкны АТМ-ээс тус картыг дахин ашиглаж 200.000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллаг дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Даваахүүгийн өгсөн: “... 2020 оны 03 дугар сарын 06-ний өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн хулдаас зардаг хэсэгт Төөгий, Чаагий гэх 2 хүнтэй хамт 2 шил архи хувааж уусан. Тэгээд гэр гэр лүүгээ явсан, 03 дугаар сарын 07-ны өглөө босоод дансаа шалгатал миний данснаас 200.000 төгрөгөөр 2 удаа, нийт 400.000 төгрөгөөр зарлага гарсан байсан. Тэгээд би ХААН банк ороод дансны гүйлгээгээ хартал Офицерт байрлах АТМ дээрээс 400.000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.7/
Дүрс бичлэгт үзлэг хийсэн: “... шар цайвар царайтай саарал хувцастай эрэгтэй хүн ХААН банкны АТМ дээр үйлчлүүлж байгаа талаар зураг бичигдсэн байв...” гэх тэмдэглэл /хх.10-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн: “... Нарантуул зах руу алхаж явахад Э.Даваахүү дахин нэг шил архи аваад ир гэсэн тул би ХААН банкны АТМ орж түүний картнаас 200.000 төгрөг авч, уг мөнгөнөөс нь нэг шил архи авсан. Тэгээд би Э.Даваахүүд архийг нь өгчхөөд лангуу руугаа явсан. Удалгүй Э.Даваахүү манай лангуун дээр ирээд нэмж архи уумаар байна гэж хэлэхээр нь би дахин 1 шил архи авч өгсөн. Ингээд Нарантуул зах тарсны дараагаар би ХААН банкны АТМ руу очиж Э.Даваахүүгийн виза картаас дахин 200.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.27-29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн Шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн зах дотор байрлах АТМ-ээс иргэн Даваахүүгийн ХААН банкны картыг ашиглан 200.000 төгрөг, мөн өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн гадна талд байрлах ХААН банкны АТМ-ээс тус картыг дахин ашиглаж 200.000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Даваахүүгийн өгсөн: “... 2020 оны 03 дугар сарын 06-ний өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн хулдаас зардаг хэсэгт Төөгий, Чаагий гэх 2 хүнтэй хамт 2 шил архи хувааж уусан. Тэгээд гэр гэл рүүгээ явсан, 03 дугаар сарын 07-ны өглөө босоод дансаа шалгатал миний данснаас 200.000 төгрөгөөр 2 удаа нийт 400.000 төгрөгөөр зарлага гарсан байсан. Тэгээд би ХААН банк ороод дансны гүйлгээгээ хартал Офицерт байрлах АТМ дээрээс 400.000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.7/
Дүрс бичлэгт үзлэг хийсэн: “... шар цайвар царайтай саарал хувцастай эрэгтэй хүн ХААН банкны АТМ дээр үйлчлүүлж байгаа талаар зураг бичигдсэн байв...” гэх тэмдэглэл /хх.10-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн: “... Нарантуул зах руу алхаж явахад Э.Даваахүү дахиад нэг шил архи аваад ир гэсэн тул би ХААН банкны АТМ орж түүний картнаас 200.000 төгрөг авч, уг мөнгөнөөс нь нэг шил архи авсан. Тэгээд би Э.Даваахүүд архийг нь өгчхөөд лангуу руугаа явсан. Удалгүй Э.Даваахүү манай лангуун дээр ирээд нэмж архи уумаар байна гэж хэлэхээр нь би дахин 1 шил архи авч өгсөн. Ингээд Нарантуул зах тарсны дараагаар би ХААН банкны АТМ руу очиж Э.Даваахүүгийн виза картаас дахин 200.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.27-29/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “Согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Даваахүү нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Мыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Б.М нь хохиролд 400.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Э.Даваахүү нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэн, шүүгдэгчид ял оногдуулахыг тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Б.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч хорих Б.Мт ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. З овогт Бын Мыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, Б.Мт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Мт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 400.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Даваахүү нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР