Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2017/00049

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 15 дугаар байр, 5-61 тоотод оршин суух, Дарлуу овогт Содномдаржаагийн Нямдаваа /РД: ИЛ86030316, утас: 88038603/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1988 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, “Чойр кашмер” ХХК-д оёдолчин ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Хайгуулчин 2-6 тоотод оршин суух, Боржигин овогт Лувсанцэрэнгийн Баярням /РД: ЕЙ88022501, утас: 88659013/-д холбогдох

 

Гэм хорын хохирол 3 359 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            С.Нямдаваа миний Тоёота королла маркийн 36-36 ГСА улсын дугаартай автомашиныг Л.Баярням жолоодон явж байгаад унагаж, 3 359 000 төгрөгийн хохирол учруулсан ба одоог хүртэл барагдуулаагүй байна. Энэхүү ослыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Л.Баярням шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Л.Баярням миний бие 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С.Нямдаваагийн машиныг барьж яваад аваарт орсон. Энэ хүн жолооны үнэмлэхгүй хүнд машин аваад ир гэж гуйсан. Тэр хүн нь манай найз байсан учраас 22 дугаар зөрлөгөөс тосоод аваач гэж гуйсан. Би тосч аваад 500 метр зайд аваарт орсон. Аваарт орсноос болж Говьсүмбэр аймгийн эмнэлэгт 14 оёдол тавиулж Улаанбаатар хотод хагалгаанд орж, арьс нөхүүлсэн. Одоог хүртэл баруун гар мэдээ орохгүй, ажил хийх боломжгүй байгаа тул энэ хохирлыг барагдуулж чадахгүй гэжээ.

 

            Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

С.Нямдаваа, Л.Баярням нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн анхны шаардлага 3 359 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлье гэснийг нэхэмжлэгч С.Нямдаваа зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 1 359 000 төгрөгөөр багасгахаар харилцан тохиролцож, бидний дунд одоо ямар нэгэн маргаангүй болсон. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 68 694 төгрөгийг хуульд зааснаар хариуцагч болон төсвийн орлогоос гаргуулахгүй гэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Нямдаваа нь Л.Баярнямд холбогдуулан гэм хорын хохирол 3 359 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Баярням нь 2 000 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлье гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 1 359 000 төгрөгөөр багасгахаар харилцан тохиролцож, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 68 694 төгрөг төлснийг хуульд зааснаар хариуцагч болон төвсийн орлогоос гаргуулахгүй гэжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С.Нямдаваагийн нэхэмжлэлтэй Л.Баярнямд холбогдох гэм хорын хохирол 3 359 000 /гурван сая гурван зуун тавин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 694 төгрөгийг хуульд зааснаар гаргуулахгүй гэснийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Ц.НАРАНЧИМЭГ