Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00019/И |
Дугаар | 134/ШШ2017/00051 |
Огноо | 2016-03-14 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2017/00051
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Наранчимэг, шүүгч П.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Шивээговь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 14 дүгээр байр, 67 тоотод оршин суух, Минжитэн овогт Цогтбаатарын Эрдэнэбат /РД: СР89011712, утас: 99041915/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга ажилтай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 13-2-27 тоотод оршин суух, Боржгон овогт Ванчинбазарын Бат-Эрдэнэ /РД: ЖЖ80040312, утас: 99038043/-д холбогдох
Ц.Эрдэнэбатыг гүтгэсэн үйлдлийг зогсоолгож, Ц.Эрдэнэбатаас болон Шивээговь сумын нийт иргэдээс уучлалт гуйлгуулж, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат, хариуцагч В.Бат-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Э.Энхбаатар, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Эрдэнэбат миний бие Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд ажиллаж амьдардаг бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдон одоо Шивээговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байна. Орон нутгийн сонгуульд сонгогдож гарснаас хойш Шивээговь сумын Ардын намын дарга В.Бат-Эрдэнэ нь удаа дараа миний нэр төрд халдаж, олон нийт болон хуулийн байгууллагад худал мэдээлэл өгч, зүй зохисгүй үйлдэл гаргасаар удлаа. Орон нутгийн сонгуулийн санал хураалт болох өдөр сонгуулиа өгөхөөр сум орон нутагтаа ирсэн оюутан залуучуудыг зохион байгуулалттайгаар авчирсан, мөн тэдгээрт мөнгө тараах амлалт өгсөн гэх мэтээр үндэслэлгүй мэдээлэл гаргаж цагдаагийн байгууллагад хандсан. Дээрх асуудлыг хуулийн байгууллага шалгаж үнэн зөвөөр тогтоосон боловч дахин миний нэрийг барьж Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан “сонгуулийн үеэр оюутан залуусыг цуглуулан мөнгө тараах амлалт өгсөн этгээд болох Ц.Эрдэнэбат” гэх мэтээр цоллож миний нэр төрд дахин ноцтой халдлаа. Би тэдгээр залуучуудыг хэзээ ирсэнийг мэдэхгүй. Мөн тэдэнд мөнгө тараах амлалт өгсөн зүйл огт байхгүй. Үндсэн хуульд заагдсан эрх, үүргийнхээ хүрээнд сум орон нутагтаа ирж сонгуульдаа идэвхитэй оролцсон тэдгээр залуучуудад харин ч баярлах хэрэгтэй байх гэж бодож байна. Ер нь орон нутгийн сонгууль болж өнгөрснөөс хойш Шивээговь сумын ардын намын дарга В.Бат-Эрдэнэ, Шивээговь сумын Засаг даргын орлогч н.Цэвээндулам нар өөрсдийн эрх мэдэл, албан тушаал, танил талаа ашиглан Шивээговь сумын иргэн н.Сарангуа, н.Ихзориг, н.Чимэддулам нараар Шивээговь сумын Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчдийн эсрэг илт худал мэдүүлэг өгүүлж гүтгэсэн. Энэ нь ч цагдаагийн байгууллагаар биднийг шалгуулж байх явцад нотлогдсон бөгөөд харин мөнгө тараасан гэдэг нь нотлогдоогүй тул Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Энэхүү мэдээллээс болж намайг “мөнгө тараасан гэсэн үү” гэх мэтээр асуух хүмүүс гарах болсон.
Иймд миний нэрийг барьж “оюутан залуучуудад мөнгө тараах амлалт өгсөн” хэмээн гүтгэсэн Шивээговь сумын Ардын намын дарга В.Бат-Эрдэнийн энэ зүй зохисгүй үйлдлийг зогсоож, намайг гүтгэснийх нь төлөө надаас болоод Шивээговь сумын ард иргэдийн сонголтыг хүндэтгэн нийт иргэдээс уучлалт гуйлгуулж, миний нэр төрийг сэргээлгэж өгөхийг хүсье. Цаашид сумын нийт иргэдэд мөнгө тараасан гэх ойлголтыг байхгүй болгох шаардлагатай байна гэв.
Хариуцагч В.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.Эрдэнэбатын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 2002 онд шилжин ирж өнөөг хүртэл хугацаанд тус орон нутагт ажиллаж амьдарч байна. Миний зүгээс Ц.Эрдэнэбатын нэр төрд халдсан, нэр хүндийг нь гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтийн хэрэгсэл, цахим шуудан, сонин хэвлэлд нийтэлсэн тараасан зүйл огт байхгүй. Шивээговь сумын ард иргэд болон өөр бусад хүмүүст Ц.Эрдэнэбатын нэр хүнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан ямар нэг мэдээ, мэдээлэл тараагүй билээ. Ц.Эрдэнэбат нь нэр гутаасан мэдээллийн эх сурвалжийг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гэжээ. Шүүхээс гарч буй аливаа бичиг баримт нь хэргийн оролцогч талуудад өөрсдөд нь очдог. Түүнийг тараах бусдын нэр хүндийг унагах ямар ч боломж байхгүй юм. Би Ардчилсан намын дарга н.Батмөнхийг мөнгө тараасан байж магадгүй гэх гомдолдоо шалгахыг хүссэн, харин Ц.Эрдэнэбатыг шалгуулах гомдол гаргаагүй. Энэ гомдлыг эхлээд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэснийг миний бие гомдол гаргаснаар Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс намыг шалгах шаардлагатай гэж шийтгэврийг хүчингүй болгож, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Захиргааны зөрчлийн хэргийг эрүүгийн хэрэг болгох боломжтой гэхээр нь би эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан. Гэвч үүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр прокурор хэрэгсэхгүй болгосон.
Миний зүгээс Ц.Эрдэнэбатын нэр хүндийг гутаасан зүйл Шивээговь сумын ард иргэдийн өмнө огт яриагүй, түүний нэр хүндийг гутаасан мэдээллийг тараагаагүй. Харин түүнтэй Шивээговь сумаа хөгжүүлэхийн төлөө бие биенийхээ хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, хамтран ажиллаж байгаа хэмээн үзэж байна. Ц.Эрдэнэбатын нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг тараасан зүйл байхгүй учир түүнээс болон Шивээговь сумын ард иргэдээс уучлал гуйх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Иймд Ц.Эрдэнэбатын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь хариуцагч В.Бат-Эрдэнэд холбогдуулан Ц.Эрдэнэбатыг гүтгэсэн үйлдлийг зогсоолгож, өөрөөсөө болон Шивээговь сумын нийт иргэдээс уучлалт гуйлгуулж, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь “оюутан залуусыг зөөж, мөнгө тараасан” гэж Ардчилсан намын дарга н.Батмөнхийг шалгуулахаар Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Харин Ц.Эрдэнэбатын нэр төрийг гутаах үйлдэл гаргаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хүнд төрсөн цагаас нь эхлэн заяасан үнэт зүйл бол нэр, нэр төр байдаг. Нэр төр гэж хүний нийгэмд эзлэх байр суурь, шинж чанар, төлөв байдлыг ёс суртахууны талаас нь илэрхийлсэн үнэлэмж бөгөөд мөн тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж юм. Хүний нэр төрийг хуулиар хамгаалсан байдаг ба энэ нь Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь Монгол Улсын иргэн бүрийн үндсэн үүрэг гэж,
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.
Хүний нэр төр гутаасан мэдээ нь хэн нэг этгээдийн өргөдлөөр нэг этгээдээс нөгөөд түгээгдэж болох бөгөөд нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 84 дүгээр магадлалын Зөрчлийн талаар гомдол гаргагч Шивээговь сумын Монгол ардын намын дарга В.Бат-Эрдэнэ давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэх хэсэгт бичигдсэн “сонгуулийн үеэр оюутан залуусыг цуглуулан мөнгө тараах амлалт өгсөн этгээд болох Ц.Эрдэнэбат” /хх-20/ гэх хэсгийг үндэслэн өөрийн нэр төрийг гутаасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Харин хариуцагч нь “Ардчилсан намыг сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан, Ц.Эрдэнэбатыг мөнгө тараасан гэж гомдол гаргаагүй” гэх боловч энэ тайлбар нь 84 дүгээр магадлалын дээрх хэсгээр няцаагдаж байна. Тэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар өргөдөлдөө дурдсан дээрх мэдээллийн үнэн зөвийг нотлох баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэгэнт бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол нэр төрөө гутаалгасан гэж үзэж нэхэмжлэл гаргасан этгээдийн нэр төрийг шүүх сэргээх үндэслэлтэй. Иймд В.Эрдэнэбат нь “Сонгуулийн үеэр оюутан залуусыг цуглуулан мөнгө тараах амлалт өгсөн этгээд болох Ц.Эрдэнэбат” гэж нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан байна гэж үзэж, түүний нэр төрийг сэргээж, уучлалт гуйхыг хариуцагч В.Бат-Эрдэнэд даалгах нь зүйтэй.
Харин “мөнгө тараасан” гэх В.Бат-Эрдэнийн өргөдлийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс шалгаж, захиргааны зөрчлийн материалыг хянаж, дараа нь уг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэснийг Прокурорын тогтоолоор хүчингүй болгосон, энэ гомдлыг одоо шалгасан зүйлгүй, хэрэгсэхгүй болгосон гэж 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/37 дугаар Прокурорын тогтоолд үзлэг хийлгэсэн боловч энэхүү тогтоолд Ц.Эрдэнбатын нэр төрийг гутаасан мэдээ, мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн одоо Ц.Эрдэнэбатыг “мөнгө тараасан” гэж гүтгэсэн үйлдэл үргэлжлээгүй талаар талууд маргаангүй тайлбарласныг үндэслэн Ц.Эрдэнэбатыг гүтгэсэн үйлдлийг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн дээрх мэдээллийг хариуцагч В.Бат-Эрдэнэ нь Шивээговь сумын нийт иргэдэд тараасан болох нь тодорхойгүй байхаас гадна удаа дараа Ц.Эрдэнэбатын нэр төрийг гутаасан гэх шаардлага нь нотлогдохгүй байх тул Шивээговь сумын нийт иргэдээс уучлалт гуйлгах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн бөгөөд түүний нэр төрийг сэргээж, уучлалт гуйхыг хариуцагч В.Бат-Эрдэнэд даалгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар Ц.Эрдэнэбатын нэр төрийг сэргээж, түүнээс уучлалт гуйхыг хариуцагч В.Бат-Эрдэнэд үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Эрдэнэбатыг гүтгэсэн үйлдлийг зогсоолгох, Шивээговь сумын нийт иргэдээс уучлалт гуйлгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Бат-Эрдэнээс 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА