Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1698

 

 

 

 

 

 

 

 2020          09          23                                      2020/ШЦТ/1698

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэджүний,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох 2006 03388 2241 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дугаар сарын 01-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймагт 1977 оны 11 дугаар сарын 15-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ЭН ДИ СИ” инженеринг ХХК-д туслах ажилтай, Сүхбааатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 19 дүгээр гудамжны 49 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 05 дугаар  сарын 02-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 254 дугаартай таслан сэргийлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан, уг ялд өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоосон,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 23 хоногийн хорих ялын заримыг буюу 3 жил 4 сарын хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 4 сарын хугацаагаар тогтоосон, И овогт Эийн Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Э нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 22 дугаар гудамжны 499г тоотод оршин суух Т.Байгальмаагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтрэн орж Монел загварын 32 инчийн LCD зурагт, MNBC-ийн олон сувгийн төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 218.994 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Байгальмаагийн өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 22-499г тоотод байрлах гэрээсээ өөрийн нөхөр болох Төмөрхуяг болон 2 хүүхдийн хамтаар Булган аймаг руу аяллаар явсан. Хөдөө явж байхад 2020 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчимд манай гэрт амьдардаг Эрдэнэсувд над руу залгаад “гэрт хулгай орсон байна, миний харж байгаагаар 32 инчийн LCD зурагт болон MNBC сувгийн антен алдагдсан байна” гэсэн. Тухайн 2 эд зүйл алга болсон байна. Эд зүйлээ буцаан авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.14-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсувдын өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 07-ны 23 цаг 30 минут өнгөрч байх үед ахынхаа гэрт ирээд байшингийн гадна хаалгаа онгойлгоод байшинд ороход байшингийн үүдний хэсгийн вакум цонх онгойсон, мөн угаалгын машин газар унасан байсан. Тэгээд би цааш орж эд зүйлсээ шалгасан бөгөөд гэрээсээ Монел загварын 32 инчийн LCD зурагт, MNBC-ийн олон сувгийн төхөөрөмж хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эын яллагдагчаар өгсөн: “... Т.Байгальмаагийн гэрт очиход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь Т.Байгальмаагийн байшингийн үүдний цонхны салхивчийн хэсгийг гараараа түлхэж онгойлгоод дотогш зурагтын тавиур дээр байсан хар өнгийн Монел загварын зурагтыг MNBC олон сувгийн төхөөрөмжийн хамт орны даавуунд боогоод авч гарсан. Миний хувьд үйлдсэн хэргээ болон сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.23-24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Э нь 2020 08 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 22 дугаар гудамжны 499г тоотод оршин суух Т.Байгальмаагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтрэн орж Монел загварын 32 инчийн LCD зурагт, MNBC-ийн олон сувгийн төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 218.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Байгальмаагийн өгсөн: “... Хөдөө явж байхад 2020 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчимд манай гэрт амьдардаг Эрдэнэсувд над руу залгаад “гэрт хулгай орсон байна, миний харж байгаагаар 32 инчийн LCD зурагт болон MNBC сувгийн антен алдагдсан байна” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.14-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсувдын өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 07-ны 23 цаг 30 минут өнгөрч байх үед ахынхаа гэрт ирээд байшингийн гадна хаалгаа онгойлгоод байшинд ороход байшингийн үүдний хэсгийн вакум цонх онгойсон мөн угаалгын машин газар унасан байсан. Тэгээд би цааш орж эд зүйлсээ шалгасан бөгөөд гэрээсээ Монел загварын 32 инчийн LCD зурагт, MNBC-ийн олон сувгийн төхөөрөмж хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эын яллагдагчаар өгсөн: “... Т.Байгальмаагийн гэрт очиход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь Т.Байгальмаагийн байшингийн үүдний цонхны салхивчийн хэсгийг гараараа түлхэж онгойлгоод дотогш зурагтын тавиур дээр байсан хар өнгийн Монел загварын зурагтыг MNBC олон сувгийн төхөөрөмжийн хамт орны даавуунд боогоод авч гарсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Э.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Т.Байгальмаа нь эд зүйлээ буцаан авсан тул гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Эт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Э.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Э.Эт хорих ял оногдуулах ялыг хөнгөрүүлэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч урьд нь олон удаа хорих ял шийтгүүлж байсан шүүгдэгчийн хувийн байдлаас үзэхэд дээрх хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэлээ.

          Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. И овогт Эийн Э “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Эт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Байгальмаа эд зүйлээ буцаан авсан гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР