| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0297/и |
| Дугаар | 00297 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух “Хотгойд” овогт Содномдаржаагийн Бямбаабаатар /РМ-72122339/-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу суулцуулан.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Бямбаабаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Содномдаржаан Бямбаабаатар би 1988 онд 8 дугаар ангиа төгсөж, 1989 оноос эхлэн Ялалт нэгдэл татан буутал нэгдлийн туслах үйлдвэрт ачигч, буулгагч буюу ногоон дээр тус тус ажиллаж байсан юм. Би эрүүл мэндийн байдлаас шалтгаалж группд орох болсон ба ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачин, ногоочин зэргээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Бямбаабаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор группд орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачин, ногоочноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №35 дугаартай тушаалд “....С.Бямбаабаатарыг 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ногоочноор....” гэх ажилд түр томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №10 дугаартай тушаалд “....С.Бямбаабаатарыг 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ачигч буулгагчаар....” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч Б.Мядагмаагийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: “....С.Бямбаабаатар бид 2 Түнэл сумын сургуулийн 8 дугаар ангийг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн ногоо бригадын үйлдвэрийн ажилчнаар томилогдон 1989 оныг дуустал ажилласан ба би 1989 онд цэрэгт явж С.Бямбаабаатар нэгдэлдээ үлдсэн....” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Пүрэвжавын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: “....С.Бямбаабаатар нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1988 оноос 1993 оныг дуустал ачигч, буулгагч буюу грушиг хийж байсан. Грушиг гэдэг нь хаврын тариалалт хийх үед цуг ажиллана, өвөл айл нүүлгэх гээд хаана ямар ажил хийлгэнэ тэнд л явдаг байсан хүн....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч С.Бямбаабаатарт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10/20 дугаартай “....Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1988, 1992 оны тушаалд С.Бямбаабаатарыг чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнд-Аюуш нь шүүхэд “....Г.Цэнд-Аюуш миний бие 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт болох шүүх хуралдаанд Шинэ-Идэр сум руу явах болсон тул өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү....” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хотгойд” овогт Содномдаржаагийн Бямбаабаатар /РМ-72122339/-ыг Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн туслах үйлдвэрт 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигч, буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бямбаабаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ