| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0327/и |
| Дугаар | 00327 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 00327
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 10-12 тоотод оршин суух “Шарнууд” Долзодмаагийн Нэргүй /РХ-74070816/-ын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 16-12 тоотод оршин суух “Гавъяат” Болдбаатарын Баярцэцэг /ИЮ-86060202/-т холбогдох,
Зээлийн төлбөрт 795.000 /долоон зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Нэргүй нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Баярцэцэгтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөг зээлсэн юм. Уг зээлийн гэрээ нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд Б.Баярцэцэг нь төлбөрөө хэсэгчлэн төлж байсан боловч 2016 оны 10 дугаар сард 1.500.000 төгрөг өгч үүнээс хойш үлдэгдэл төлбөр болох 530.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй тул бид хоёрын дунд байгуулсан зээлийн гэрээний дагуу өдрийн 0.5 хувийн алданги тооцож уг алданги нь үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтэрсэн байгаа тул Б.Баярцэцэгээс хуульд заасан хувиар тооцож 265.000 төгрөг нийт 795.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Нэргүй шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Болдбаатарын Баярцэцэгээс 795.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг мөнгийг Б.Баярцэцэг нь 2017 оны 02 дугаар сарын 20-нд төлж барагдуулсан тул миний бие анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Нэргүй нь хариуцагч Б.Баярцэцэгт холбогдох зээлийн төлбөрт 795.000 /долоон зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Д.Нэргүй нь “....миний бие анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч Д.Нэргүй нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 11.825 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Д.Нэргүйн нэхэмжлэлтэй, Б.Баярцэцэгт холбогдох зээлийн гэрээний төлбөрт 795.000 /долоон зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д.зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.650 /хорин гурван мянга зургаан зуун тавь/ төгрөгнөөс 11.825 /арван нэгэн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ