Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0191/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                         А.Цэрэндулам

Улсын яллагч                                                   Г.Мөнхболд

Шүүгдэгч                                                            Б.Х нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Б.Х-д холбогдох 2039000000180  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний    өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Х нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С-80 дугаар байрны 2-22  тоотод тус  сумын харьяат  иргэн  П.Б-ыг өөрийн хамтран амьдрагч  Ш.Мөнхцэцэгтэй  хардан  улмаар түүний нүүр  болон  цээжин тус газарт  гараараа цохин  П.Б-ны эрүүл мэндэд  зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоншоор хэсэгт  цус хуралт, зулгаралт, доод  уруулд зулгаралт, цээжинд цус хуралт,  цээжний зүүн талд  зөөлөн эдийн няцрал  бүхий  хөнгөн хохирол  санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч П.Б-ны өгсөн:...2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр архи уугаад гэртээ амарсан юм. Тэгээд маргааш нь мөн архи сайн гараагүй байсан болохоор өглөөгүүр эхнэртэйгээ хамт Булагт байдаг найзынх руугаа явах гээд зогсож байгаад урьдны танил 2 залуутай таарсан юм. Тэгээд бид нар манайх руу яваад эхнэр  бид хоёрыг  гэртээ авчирсан, тэгээд  мөн хэсэг зуур  тасарчихсан байна лээ, тэгээд нэг сэрсэн чинь манай хүн  би ойрхон гарчихаад ирье  чи усанд ороод амарч байхгүй юу даа гэж  хэлчихээд гарсан. Тэгээд эхнэрийг гарсаны дараахан нь  Мөнхцэцэг 0.5  граммын вива  гээд архитай орж ирээд  надтай хувааж уусан. Тэгээд Мөнхцэцэгийн авч ирсэн архийг уугаад мөн  тасраад  унтаад өгсөн байсан. Дараа нь манай хүүгийн ярьж байгаагаар гадаа тоглож байгаад гэртээ орох гэхэд нь Х таараад танайд хэн байгаа юм ах нь орж ус уучихаад гаръя гээд манай хүүтэй хамт орж ирсэн гэсэн. Тэгэхэд нь би жижиг өрөөны матрас дээр хувцастайгаа унтаж байсан гэсэн. Харин том өрөөний гудсан дээр Мөнхцэцэг унтаж байсан гэсэн. Тэгсэн Х нь намайг орон дээр хэд хэд цохиод авсан гэсэн. Тэгээд манай хүү айгаад цагдаа дуудсан гэсэн. Би тухайн үед тасарчихсан  байсан болохоор  юу болсон  талаар  огт санахгүй байгаа, яаж Хэрлэнхүүд зодуулсанаа ч  мэдэхгүй байсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Насанд хүрээгүй гэрч Б.Есөнтөмөрийн өгсөн:...Би тэр өдөр гаднаас гэрлүүгээ  ороход  Х ах надтай  манайх руу орсон. Тэгэхэд аав жижиг өрөөний  матрасан дээр унтаж байсан, харин том  өрөөнд байдаг гудсан дээр Мөнхцэцэг эгч  унтаж байсан.  Тэгсэн Х ах аавыг  орон дээр унтаж  байхад шууд  дээрээс нь  цохиод зодсон, тэгэхээр нь би сандраад  цагдаа  дуудлаа  шүү гээд  нөгөө өрөө  рүү ороод утсаа  аваад  цагдаа дуудсан, тэгсэн Мөнхцэцэг эгч  манайхаас гүйгээд  гараад явчихсан, араас нь Х ах  гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/

Гэрч Б.Уранчимэгийн өгсөн:..Манай нөхөр Баярсайханы төрсөн өдөр болоод 2-3 хоног архи  уусан юм. Тэгээд 08 дугаар сарын  04-ний  өдөр манай  хүнийг  найз  нь дуудаад  бид хоёр  Булагт  байдаг  найзынх  руу нь  явах гээд зогсож  байхад  23 залуутай  таарсан юм, тэр  хоёр  нь  манай хүнийг  таньдаг  гээд  бид  хоёрыг  машиндаа  суулгаад  нэг айлд  авчирсан юм,  тэгээд  тэр хоёр залуу  нь манай  хүнд  0.75 граммын  соёрхол  нэртэй  архи  гаргаж  ирсэн,  тэгээд  тэр  айлд  сууж байхад  манай хүний  утас нь  дуугараад  утсаа авсан чинь  Х-н  эхнэр  Мөнхцэцэг та хоёр  хаана байгаа  юм гэхээр нь бид хоёр  танихгүй айлд  явж  байнаа хаягийг нь мэдэхгүй байна гэсэн чинь  наад айлынхаа хүнд утсаа өгчих  гээд тэр  айлын  хүнтэй утсаар яриад  хаягийг  авсанаа  төд удалгүй  такситай   тэр айлд хүрээд ирсэн.  Тэгээд чи хаанаас юу хийж яваа  юм бэ  гэсэн чинь өчигдөр  Х-тэй маргалдаад  Х-с зугатаад  явж байна  гэсэн тэгээд Мөнхцэцэг тэр айлд бид хэдийн  ууж  байсан  архинаас  ууж байгаад утас нь  дуугараад  хүнтэй  ярьж  байснаа  гараад  явчихсан,  тэгээд нөхөр  бид хоёр  тэр айлаасаа  гараад  15 цагийн  үед  гэртээ  ирсэн,  тэгээд би нөхрийгөө усанд орчихоод  амраарай  би гарчихаад  ирье  гэж  хэлчихээд  гарсан, тэгээд  би Оюунаа гээд дүүгийндээ  очиход удалгүй буцаад  гэртээ ирээд  хаалгаа  балбасан чинь  гэр  дотор манай  хүн  болон  Мөнхцэцэг хоёрын  дуу  гараад  архи  ууж  байгаа  юм шиг  байсан.  Тэгээд хаалга  тайлахгүй  болохоор  нь байрны  гадаа  гараад   хүүгээ хүлээгээд  сууж байсан чинь Х-н  эгч  Яргуйцэцэгтэй  таарсан юм, тэгсэн  Яргуйцэцэг, Мөнхцэцэг харагдаагүй биз гэж  асуухаар нь  манай  гэрт  Б-тай  архидаж  байгаа  юм шиг  байна, тэр  хоёр  дотроосоо  хаалга  тайлдаггүй гэж хэлчихээд  би айл руу яваад  өгсөн, тэгээд  орой  20 цагийн үед  гэртээ ирэхэд манай  хүний  нүд нь  хөхөрчихсөн хүнд  зодуулчихсан байхаар нь юу  болсон юм гээд  хүүгээсээ  асуусан чинь  намайг  гэр лүүгээ  орох гэж  байхад Х  ах надтай  орцонд  таараад  ах нь  танайх руу  орж ус  ууя гэж  надтай  хамт орсоноо  орон  дээр  унтаж байсан аавыг  зодсон харин нөгөө  өрөөний гудсан дээр  Мөнхцэцэг эгч унтаж  байсан гэж  хэлсэн. Тэгээд би  Б-д чамайг  яагаад  Х  зодож  байгаа  юм.  Хаалга үүдээ тайлахгүй хүний  эхнэртэй  архи  уугаад  хачин  байсан юмаа  гэж хэлсэн  чинь  манай хүү  би тасарчихсан байна лээ  юу  болсныг  мэдэхгүй байна бодвол  Х  намайг  эхнэртэйгээ  хардаад   зодсон юм шиг байна   гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Гэрч Ш.Мөнхцэцэгийн өгсөн:... Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  архи ууж  байгаад  унтаад  өгсөн байсан тэгээд  шөнө нь  сэрэхэд  архи гараагүй байсан болохоор дахиж  архи олж  уухаар гэрээсээ гараад  хорихын  байранд  байдаг  ахындаа  ирж  унтсан. Тэгээд өглөө  10 цагийн үед  сэрээд өөрийн танил Б  ах руу  залгаад  Урнаа  эгч та хоёр юу  хийж байна гэж  хэлээд  тэр хоёр дээр такси бариад  очсон, тэгээд  хамт  архи  уугаад  суусан. Тэгээд  тэнд хэсэг архи ууж  байгаад Урнаа эгч  Б ах  хоёртой  гэр лүү  нь  хамт яв л уу яалаа  тэрийг  сайн санахгүй байна, тэгээд  Б ахынд ирээд 1 шил архи ууж байгаад унтаад өгсөн байсан, тэгээд  нэг өрөөнд нь гудсан  дээр унтаж  байхад  манай хүн  ороод  ирчихсэн хашгираад  байхаар нь би сэрээд  нөхрөөсөө  эмээгээд Б  ахынхаас  гараад  явсан.  Тэгээд хажуу  талынх нь орцонд сууж  байхад  Х   миний араас  гарч  ирээд  надтай  уулзаад  байж  байхад  цагдаа  ирсэн.  Би  мөн зарим  зүйлийг  сайн санахгүй  байгаа юм... Бид хоёр  гэрлэлтээ батлуулаагүй  хамтран амьдраад  4 жил хэртэй  болж  байна...Манай хүн намайг  гэрээсээ гараад  алга болчихлоо  гээд хайгаад  ирсэн юм шиг  байна лээ  тэр үед  нь би  Б  ахынд  унтаж байх нь таараад  намайг Б  ахтай хардаад  Б  ахыг  цохиж  авсан гэсэн...гэх мэдүүлэг  /хх-ийн 16 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 429 дугаартай дүгнэлт

 

  1. П.Б-ны биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоншоор хэсэгт цус хуралт, зулгаралт,  доод уруулд зулгаралт, цээжинд  цус хуралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал  гэмтлүүд  тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус   удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй.
  4.  Дээрх гэмтлүүд нь  эрүүл мэндийг  түр хугацаагаар саринуулах  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 20 хуу /

 

 Б.Х-н яллагдагчаар өгсөн:...Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм.  Тэгээд 2020 оны 08 дугаар сарын  04-ний шөнө  гэртээ унтаж   байгаад үүрээр  06 цагийн   үед сэрэхэд  манай эхнэр Мөнхцэцэг  шөнө  гэрээсээ  гараад явчихсан байсан, тэгээд  би энэ  одоо  хайчсан юм бол  Б ахынд л очсон  байх гэж  бодоод шууд  босоод Б  ахын гадаа  ирээд хаалгыг нь  балбасан чинь  хаалгаа тайлж  өгөөгүй, тэгээд  би Б  ахын  утас руу залгаад  манай хүн  танайхаар байна уу  гэж  асуусан чинь  ах нь гэртээ байхгүй байгаа  би Цэнхэрмандалд явж байна гэж хэлэхээр нь  өө за за  гээд утсаа  тасалсан юм.  Тэгээд тэр өдөр эхнэрээ   хайгаад  муурын байшин  болон Баярсайхан  ахын байр  хоёрын хооронд эхнэрээ  хайгаад  нилээн явсан, тэгээд  сураг нь гарахгүй  12 цагийн  үед  Баян-Эрдэс буудлын үүдэнд явж байгаад  найз Ариунбаттай  таарсан юм. Тэгээд  Ариунбаттай хамт ажилладаг найзынд нь очиж  ганц  юм хувааж  уугаад  тэр айлынх нь гэрийнх нь  давхарлагааг барьж өгсөн юм, тэгсэн 16 цагийн үед  манай эгч Яргуйцэцэг  над руу залгаснаа  би сая Б-ны эхнэртэй байрных нь гадаа таарсан  чинь Б-ны эхнэр нь  Мөнхцэцэг, Б хоёр  дотроосоо  түгжчихээд намайг  оруулахгүй байна гэж  надад сая хэллээ танай хүн  чинь  Б-д байгаа юм биш үү  гэж хэлэхээр нь би  шууд  Саригаас  такси бариад Б  ахын гадаа  ирэхэд  Бн ахын бага хүү  нь гэрлүүгээ  орох гээд  явж байхаар нь  хүүтэй нь уулзаад  Мөнхцэцэг  эгч нь танайд байна уу  гэж  асуусан  чинь манай аав  л ганцаараа  байгаа шүү дээ гэж хэлэхээр нь  тэгвэл ах нь танайд орж ус ууя гэж худал  хэлээд  хүүтэй нь гэр лүү нь яваад орсон чинь Б манай эхнэр хоёр  орон дотор шалдан хэвтэж  байхаар нь би  тэрхэн зуур уур хүрээд  Б ахыг  та ямар сонин юм бэ  очиж  очиж  манай хүнтэй ингэхдээ  яадаг юм  гээд Б  ахыг  барьж  аваад нүүр  болон цээж рүү нь  хоёр  цохьсоноо  бол санаж  байна... тэгсэн тэр зуур манай  хүн Б  ахынхаас  гараад  гүйчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  27-28 хуу/

Б.Х-н иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 44 хуу/

Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 53-54 хуу/

Хохирогч П.Б-ны гаргасан “Б.Х-с эмчилгээний зардал болон ямар нэгэн гомдол нэхэмжлэхгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 52 хуу/

Б.Х-н гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Х нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С-80 дугаар байрны 2-22  тоотод хохирогч П.Б-г өөрийн хамтран амьдрагч  Ш.Мөнхцэцэгтэй  хардсаны улмаас зодож  П.Б-ны зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоншоор хэсэгт  цус хуралт, зулгаралт, доод  уруулд зулгаралт, цээжинд цус хуралт,  цээжний зүүн талд  зөөлөн эдийн няцрал  бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч П.Б, насанд хүрээгүй гэрч Б.Есөнтөмөр,  гэрч Б.Уранчимэг, Ш.Мөнхцэцэг, Н.Энхжаргал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Б.Х нь хохирогч П.Б-ыг зодсоны  улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

Аймгийн Прокурорын газраас Б.Х-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 62 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 63 хуу/ гарган яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Б.Х хүлээн зөвшөөрч /хх-ийн  67хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч П.Б нь Б.Х-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай тодорхойлолт гаргасан /хх-ийн 52 хуу/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Х-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэрлэнхүүг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  6  /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Х  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ