Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1699

 

 

 

 

 

 

    2020        09         23                                       2020/ШЦТ/1699

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох 1906 03546 2226 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг  2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо,  Ээж хайрханы 6 дугаар гудамжны 130 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, 2-11 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт  Бийн Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь урьдын харилцааны явдалд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр С.Батсайханд “байр худалдаж авахад мөнгө дутаад байна 7 хоног зээлээч” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч С.Батсайхан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн 5047141577 дугаартай ХААН банкны  данснаас нийт 2 удаагийн  гүйлгээгээр  5.200.000  төгрөгийг 5013201129 дугаартай  өөрийн данс луугаа шилжүүлэн авч, бусдыг залилсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “Би Батсайхан эгчээс байр худалдаж авах гэж байна гэж мөнгө зээлээгүй. Манай найз байр авах гэж байгаа, би сарын хугацаанд буцаагаад өгнө гэж хэлсэн. Долоо хоногийн хугацаанд буцааж өгнө гэж хэлээгүй. Би тухайн үед худалдааны газар ажилладаг байсан. Би болохгүй бол танд өөрийнхөө орлогоос ч гэсэн өгье. Цуг байдаг юм чинь сарын хугацаатай өгөөчээ гэж гуйн авч байсан...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батсайханы өгсөн: “... 2019 оны 05 дугаар 10-ны өдөр над руу утсаар яриад “танд мөнгөний боломж байвал 5.200.000 төгрөг зээлчих, би байр худалдаж авах гэж байгаа юм, байрны урьдчилгаа 25.000.000 төгрөг өгөх гэтэл 5.200.000 төгрөг дутаад байна, та мөнгөтэй бол  надад 5.200.000 төгрөг зээлчих, би 7 хоногийн дараа таны мөнгийг 6.000.000 болгоод өгнө” гэсэн юм. Тэгээд байж байтал 05 дугаар сарын 14-ний 10 цагийн үед Б дахин над руу утсаар яриад “та яасан бэ? мөнгөний боломжтой бол мөнгө зээлээч” гээд байхаар нь би гэртээ буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо  Баганат өргөө хотхоны 407 дугаар байр 51 тоотод байхдаа өөрийн гар утсаараа мобайл банкны үйлчилгээг ашиглан өөрийн 5047141477 дугаартай данснаасаа Бгийн 5013201129 дугаартай данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд байж байгаад 05 дугаар сарын 14-ний орой 16 цагийн үед гадуур явж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх 13 дугаар хорооллын хойд талын миний зах дэлгүүрийн АТМ-г ашиглан мөн би өөрийн 5013201129 дугаартай данс руу 3.200.000 төгрөг шилжүүлсэн юм. Ингээд нийт 5.200.000 төгрөгийг Бгийн данс руу шилжүүлсэн бөгөөд 05 дугаар сарын 21-ний өдөр гэхэд Б надаас авсан мөнгөө 6.000.000 болгож өгөх байсан  боловч чимээгүй алга болчихсон. Тэгээд 5 дугаар сарын 22-нд би Бтай ярихад учиргүй уйлаад “эгчээ 2 уулаа уулзъя” гэсэн юм. Тэгээд би Бг дуудаж байрныхаа гадна уулзахад “манай өвөө нас барчихлаа, би Зүүнхараа руу өвөөгийнхөө ажил явдалд очоод ажил явдлыг нь дуусгаад ирнэ, тэгээд таны мөнгийг өгье” гэсэн юм. Тэгээд би түүнд итгэж явуулсан боловч 05 дугаар 28-нд ирэхгүй байхаар нь би түүн лүү утсаар ярихад -өө эгчээ манай ах байр зарахгүй гэнэ, би танаас авсан мөнгөө ахдаа өгсөн юм, одоо ахаасаа авч таны мөнгийг буцааж өгнө- гэж хэлсэн. Тэгээд янз бүрээр худлаа хэлж явсаар байгаад миний мөнгийг өгөхгүй өдийг хүртэл явж байна. Би Бгийн ах Тулгаа гэх хүнийг олж утсаар ярихад “байр зарна гэж яриагүй, юу яриад байгаа юм бэ” гэж хэлж байсан, мөн би Бгийн аав ээж хоёртой нь очиж уулзахад Бг хаана байгааг мэдэхгүй, гэртээ ирэхгүй байгаа гэж хэлсэн ба Бгийн нас барсан гэх өвөө одоо Улаанбаатар хотод амьдардаг гэсэн. Тэгэхээр Б анхнаасаа намайг залилах санаатай байсан байна... гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.26/,

“... 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр мөнгө зээлсэн, үүнээс 7 хоног нь болж би мөнгөө авъя гэсэн чинь Б нь “өө ах байраа зарахаа больчихсон, тэр ах маань мөнгөөрөө эхнэртээ хэлэлгүй архи уучихсан байна лээ, би найзаасаа 2 сая төгрөг авах гэж байна” гэж хэлсэн. Тэгж байснаа цуг уулзаад хэд хэдэн айлын хоосон хаалга очиж нүдүүлсэн, утсаар ярина, уйлна энэ мэтээр жүжиглэж эхэлсэн. За тэгээд  2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр алга болчихсон... холбогдож чадахгүй 1 жил болж байна...’’ гэх мэдүүлэг / хх.46-48/,

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.46-48/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: ... би С.Батсайхан эгчид “Манай найз байр авах гэж байгаа юм байна, би 3 хүүхэдтэйгээ тэр байранд нь орох гэж байгаа юм. Та надад 5.200.000 төгрөг зэлээч, би 1 сарын хугацаатай долоо, долоо хоногоор хуваагаад төлчихье, би таны урд талд хараад зогсож байгаа юм чинь болохгүй бол би орлогоноосоо өгье та айлтгүй” гэж хэлсэн чинь С.Батсайхан эгч “эгчид нь мөнгө байгаа, Солонгос явах гэж байгаа юмаа, чамайг олон хүүхэдтэй юм чинь эгч нь тусалж болно” гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс мөнгө зээлэхээр болсон ба өөрийн 50131129 дугаарын данс руу 2 удаагүй гүйлгээгээр 5.200.000 төгрөг шилжүүлж авсан. Мөнгөө аваад өрөндөө өгсөн. Ингээд найз болох Ариунаатай холбогдсон чинь “Мөнгөө өгч чадахааргүй болсон, манай өвөө өнгөрчихлөө” гэж хэлсэн тэгээд өдрийн мөнгө буюу өмнө өртэй байсан төлбөр, мөн Батсайхан эгчийн мөнгийг өгч чадахгүй юм байна гэж бодоод 2019 оны 06 дугаар сарын эхээр Бөмбөгөрт ажиллахаа больж ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг /хх.100-101/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах ххудас /хх.104/,

3 хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /шинээр гаргасан/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь урьдын харилцааны явдалд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр С.Батсайханд “байр худалдаж авахад мөнгө дутаад байна 7 хоног зээлээч” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч С.Батсайхан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн 5047141577 дугаартай ХААН банкны  данснаас нийт 2 удаагийн  гүйлгээгээр  5.200.000  төгрөгийг 5013201129 дугаартай  өөрийн данс луугаа шилжүүлэн авч, бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батсайханы өгсөн: “... 2019 оны 05 дугаар 10-ны өдөр над руу утсаар яриад “танд мөнгөний боломж байвал 5.200.000 төгрөг зээлчих, би байр худалдаж авах гэж байгаа юм, байрны урьдчилгаа 25.000.000 төгрөг өгөх гэтэл 5.200.000 төгрөг дутаад байна, та мөнгөтэй бол  надад 5.200.000 төгрөг зээлчих, би 7 хоногийн дараа таны мөнгийг 6.000.000 болгоод өгнө” гэсэн юм. Тэгээд байж байтал 05 дугаар сарын 14-ний 10 цагийн үед Б дахин над руу утсаар яриад “та яасан бэ мөнгөний боломжтой бол мөнгө зээлээч” гээд байхаар нь би гэртээ буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,  Баганат өргөө хотхоны 407 дугаар байр 51 тоотод байхдаа өөрийн гар утсаараа мобайл банкны үйлчилгээг ашиглан өөрийн 5047141477 дугаартай данснаасаа Бгийн 5013201129 дугаартай данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд байж байгаад 05 дугаар сарын 14-ний орой 16 цагийн үед гадуур явж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх 13 дугаар хорооллын хойд талын миний зах дэлгүүрийн АТМ-г ашиглан мөн би өөрийн 5013201129 дугаартай данс руу 3.200.000 төгрөг шилжүүлсэн юм. Ингээд нийт 5.200.000 төгрөгийг Бгийн данс руу шилжүүлсэн бөгөөд 5 дугаар сарын 21-ний өдөр гэхэд Б надаас авсан мөнгөө 6.000.000 болгож өгөх байсан  боловч чимээгүй алга болчихсон. Тэгээд 5 дугаар сарын 22-нд би Бтай ярихад учиргүй уйлаад эгчээ 2 уулаа уулзъя гэсэн юм. Тэгээд би Бг дуудаж байрныхаа гадна уулзахад манай өвөө нас барчихлаа, би Зүүнхараа руу өвөөгийнхөө ажил явдалд очоод ажил явдлыг нь дуусгаад ирнэ, тэгээд таны мөнгийг өгье гэсэн юм. Тэгээд би түүнд итгэж явуулсан боловч 5 дугаар 28-нд ирэхгүй байхаар нь би түүн лүү утсаар ярихад өө эгчээ манай ах байр зарахгүй гэнэ, би танаас авсан мөнгөө ахдаа өгсөн юм, одоо ахаасаа авч таны мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд янз бүрээр худлаа хэлж явсаар байгаад миний мөнгийг өгөхгүй өдийг хүртэл явж байна. Би Бгийн ах Тулгаа гэх хүнийг олж утсаар ярихад байр зарна гэж яриагүй, юу яриад байгаа юм бэ гэж хэлж байсан мөн би Бгийн аав ээж хоёртой нь очиж уулзахад Бг хаана байгааг мэдэхгүй, гэртээ ирэхгүй байгаа гэж хэлсэн ба Бгийн нас барсан гэх өвөө одоо Улаанбаатар хотод амьдардаг гэсэн. Тэгэхээр Б анхнаасаа намайг залилах санаатай байсан байна...” гэх мэдүүлэг /хх.26/,

“... 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр мөнгө зээлсэн, үүнээс 7 хоног нь болж би мөнгөө авъя гэсэн чинь Б нь “өө ах байраа зарахаа больчихсон, тэр ах маань мөнгөөрөө эхнэртээ хэлэлгүй архи уучихсан байна лээ би найзаасаа 2 сая төгрөг авах гэж байна” гэж хэлсэн. Тэгж байснаа цуг уулзаад хэд хэдэн айлын хоосон хаалга очиж нүдүүлсэн, утсаар ярина, уйлна энэ мэтээр жүжиглэж эхэлсэн. За тэгээд  2019 оны0 6 дугаар сарын 04-ний өдөр алга болчихсон... холбогдож чадахгүй 1 жил болж байна...’’ гэх мэдүүлэг / хх.46-48/,

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.46-48/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “... би С.Батсайхан эгчид “Манай найз байр авах гэж байгаа юм байна, би 3 хүүхэдтэйгээ тэр байранд нь орох гэж байгаа юм. Та надад 5.200.000 төгрөг зэлээч, би 1 сарын хугацаатай долоо, долоо хоногоор хуваагаад төлчихье, би таны урд талд хараад зогсож байгаа юм чинь болохгүй бол би орлогоноосоо өгье та айлтгүй” гэж хэлсэн чинь С.Батсайхан эгч “эгчид нь мөнгө байгаа, Солонгос явах гэж байгаа юмаа, чамайг олон хүүхэдтэй юм чинь эгч нь тусалж болно” гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс мөнгө зээлэхээр болсон ба өөрийн 50131129 дугаарын данс руу 2 удаагүй гүйлгээгээр 5.200.000 төгрөг шилжүүлэн авсан. Мөнгөө аваад өрөндөө өгсөн... Батсайхан эгчийн мөнгийг өгч чадахгүй юм байна гэж бодоод 2019 оны 06 дугаар сарын эхээр Бөмбөгөрт ажиллахаа больж ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг /хх.100-101/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б. Бг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Б.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Б.Бгаас 5.200.000 төгрөг гаргуулж хохирогч С.Батсайханд  олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Бгийн  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бгийн холбогдсон гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээг шүүгдэгчид оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч, мөн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухайн дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч тус тус гаргасан боловч уг гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоос нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Б.Бгийн 11 настай хүү Б.Баяр-Эрдэнэ, 5 настай хүү Э.Хүсэл-Эрдэнэ, 2 настай охин Б.Амин-Эрдэнэ нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгавал зохино.

Шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Бийн Баямааг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Б.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас 5.200.000 төгрөг гаргуулан хохирогч С.Батсайханд олгосугай.

          7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бгийн 11 настай хүү Б.Баяр-Эрдэнэ, 5 настай хүү Э.Хүсэл-Эрдэнэ, 2 настай охин Б.Амин-Эрдэнэ нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР