Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 689

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Эн Эн Жи Юу” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00180 дугаар шийдвэртэй, “Эн Эн Жи Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Түвшинжаргалд холбогдох,

 

2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг,

Хариуцагч Ж.Түвшижаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Долгормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эн Эн Жи Юу” ХХК нь иргэн Ж.Түвшинжаргалд холбогдуулж, түүний өмчлөлийн газрыг худалдан авсны төлбөрт төлсөн 550 000 000 төгрөгт дүйцүүлэн, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 6 дугаар гудамж, 2036 тоот 700 м.кв газрыг “Эн Эн Жи Юу” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг иргэн Ж.Түвшинжаргалд даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2576 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг батлан шийдвэрлэсэн.

Гэтэл уг захирамжийн үндэслэл болсон 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээнд “Эн Эн Жи Юу” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг гарын үсэг зураагүй бөгөөд хэн нэгэн этгээд гарын үсгийн дардасыг ашигласан байна. Тодруулбал Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэлт зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно гэж, 196 дугаар 196.1.2 ...талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрсөнөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан ... бол гэрээг байгуулсанд тооцохоор тус тус хуульчилсан.

Гэрээний нэг тал болох “Эн Эн Жи Юу” ХХК-ийн эрх бүхий этгээд болох Ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг хүсэл зоригоо илэрхийлээгүй, эвлэрлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурагдаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй. Иймд 2576 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэл болсон “Эн Эн Жи Юу” ХХК болон иргэн Ж.Түвшинжаргал нарын байгуулсан гэх, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би иргэн Ч.Сүрэнцэцэгтэй ярьж тохирсоноор өөрийн өмчлөлийн 3 айлын гал, голомт болох 2.000 м.кв газар, үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 ширхэг 2 давхар байшин мөн 180 м.кв агуулахын хамт буулган чөлөөлж өгсөн боловч мөнгө төгрөгөө авах асуудлаас болж анх маргаан үүсч, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 тоот захирамжаар эвлэрлийг баталсанаар дуусгавар болсон.

Гэвч Ч.Сүрэнцэцэг нь захирамжийн дагуу миний газрыг өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш нэг төгрөг ч төлөөгүй ба төлбөр тооцоо хийхгүй байх бүхий л аргыг хайж олон сар жилийг өнгөрүүлж, миний хохирлыг улам бүр нэмэгдүүлсээр эцэст нь гарын үсэг хуурамчаар үйдсэн гэж гүтгэн гүжирдэж байгаад гомдолтой. Миний хувьд Ч.Сүрэнцэцэгийн гарын үсэг, дардасыг хуурамчаар хийж ашиглах ямар ч боломжгүй бөгөөд бид хамт байлцан гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулан шүүхэд өгснөөр шүүгч хянан шүүх хурал болж захирамж гарсан.

Гэтэл эцсийн хугацаа болох 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байтугай 2016 он дуусах гэж байхад нэг төгрөг ч төлөгдөөгүй, төлбөрийн баталгаа болгож барьцаа болгон бүртгүүлсэн талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бус гэж хүчингүй болгох асуудлаар захиргааны шүүхэд хандан хууль зөрчин хууль хяналтын болон шүүх төрийн байгууллагын шийдвэрийг үл тоон тохуурхсан нь баримтаар нотлогдоно. Ч.Сүрэнцэцэг 2013 оноос хойш 4 жил шахам хугацаанд миний гал голомт, амьдралыг сүйрүүлж бие, сэтгэл санааны асар их хохирол үзүүлж гүтгэн гүжирдэж яваад гомдолтой байна.

Миний нөхөр гал голомтоо сүйрүүлснээс болж сэтгэл санаагаар унан гутарч өвчин хүндэрсээр 2015 оны 8 дугаар сард маш гомдолтойгоор, наймхан настай охиноо өнчрүүлээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ч.Сүрэнцэцэг нь надад хүний ёсоор хандаж 2 жил гаруй эмнэлгээр явж байхад боломжоороо хэдэн төгрөг өгсөн бол миний нөхөр элэг солиулах хагалгаанд орж гэр бүл маань элэг бүтэн байх байсан. Одоо би хууль, шүүхийн байгууллага шударга үнэнийг олж шийдэж өгнө гэдэгт итгэн найдаж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудас хүргүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болж ор үндэсгүй аргаар цаг хугацаа хожин хуурч, мэхлэн явааг үнэн зөвөөр тунгаан шийдэнэ байх. Одоогоор би ямар ч бизнес хийх, орлого олох боломжгүй болж, өрөнд орж хохирч, гадагшаа гарах эрхээ ч хасуулж, байгаа бүх зүйлээ барьцаад тавиад алдсан. Гагцхүү шүүх шударгаар шийдвэрлэхийг хүлээж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК болон хариуцагч Ж.Түвшинжаргал нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Эн Эн Жи Юу” ХХК-иас 4 564 250 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ж.Түвшинжаргалаас 4 634 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Ж.Түвшинжаргал нь 2013 оны 7 дугаар сард өөрийн өмчлөлийн гурван хэсэг газраа “Эн Эн Жи Юу” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгт худалдсан ба тэрээр газар худалдсан төлбөрийн үлдэгдэл 900 000 000 төгрөгийг төлөөгүйгээс шүүхээр маргаан үүсч, 2015 оны 3 дугаар сард Ч.Сүрэнцэцэгийн нөхөр Энх-Амгалан, хүү Бат-Амгалан нар Ж.Түвшинжаргалтай уулзан эвлэрэх санал тавьж, “Эн Эн Жи Юу” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний 015/54 тоот албан бичгээр эвлэрэх саналыг ирүүлсэн тул 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулж, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжаар уг гэрээгээ батлуулсан.

Эвлэрлийн гэрээг байгуулахад Ч.Сүрэнцэцэг, нөхөр Энх-Амгалан нар өөрсдийн өмгөөлөгч н.Түвшинтамир, н.Цацралтуяа нарын хамт, Ж.Түвшинжаргал нь өмгөөлөгч Т.Урангэрэл, н.Долгормаа нарын хамт байж талууд харилцан тохиролцож байгуулан, өмгөөлөгчдийн дэргэд гэрээнд гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарсан. Уг эвлэрлийн гэрээнд төлбөрийн үлдэгдэл нийт 895 300 000 төгрөгийн 50 хувь буюу 447 650 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 01-нд, үлдэгдэл 50 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 01-нд Ч.Сүрэнцэцэг нь Ж.Түвшинжаргал төлөх, энэхүү үүргийн баталгаа болгож, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд баригдаж буй барилгынхаа 1 дүгээр давхрын 860 м.кв талбайг Ж.Түвшинжаргалын өмчлөлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг өгөх, төлбөрөө бүрэн төлсний дараа Ж.Түвшинжаргал нь Ч.Сүрэнцэцэгт уг обьектыг буцаан шилжүүлж өгөх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд уг обьектыг Ж.Түвшинжаргалын өмчлөлд үлдээх тухай маш тодорхой заасан.

Гэвч 2015 оны 8 дугаар сараас эхлэн төлбөр төлөх хугацааг хойшлуулж, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болгож өгөөч, түр хүлээгээч гэсэн хүсэлтийг “Эн Эн Жи Юу” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг 2015 оны 8 дугаар сарын 18-ны №015/133, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны №015/145, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний №015/148 албан бичгүүдээр удаа дараа ирүүлсэн хэдий ч өнөөг хүртэл нэг төгрөг ч төлөөгүй. Иймд бид шүүхэд хандаж албадан гүйцэтгэл хийлгэх захирамж гаргуулж ажиллагаа эхэлсэн.

Гэтэл Ч.Сүрэнцэцэг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулна гэж шүүхэд хандахад шүүх гомдлыг хэлэлцээд хангаагүй орхисон. Үүгээр ч зогсохгүй Захиргааны хэргийн шүүхэд өмчлөгчийн гэрчилгээг хүчингүй болгуулах гомдол гаргасан атал жилийн хугацаанд элдэв шалтагаар шүүх хуралдаан хийлгэхгүй 19-20 удаа хойшлуулсаар өдийг хүрсэн. “Эн Эн Жи Юу” ХХК нь Ч.Сүрэнцэцэг захиралтай ганц гишүүнтэй компани бөгөөд Энх-Амгалан түүнийн нөхөр, Бат-Амгалан хүү нь юм.

Тэрээр аливаа баримт бичигт өөрийн гарын үсгийн дардас хэрэглэж, компанийхаа тамгыг дарж байсан нь Ж.Түвшинжаргал надад ирүүлсэн эвлэрэх хүсэлт, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжаар баталсан эвлэрлийн гэрээ, уг гэрээний дагуу төлөх төлбөрийн хугацаа хойшлуулах удаа дараагийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасныг зөрчсөн, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдож нотлогдсон үйл баримт байхад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар хэрэгт онц ач холбогдолтой гэрчүүдээс мэдүүлэг авах хүсэлтийг албан ёсоор бичгээр тавьсан боловч үүнийг хангаагүй орхисон төдийгүй, гомдол гаргах нөхцөл бололцоо олгохгүйгээр шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлж шийдвэр гаргасан. Ийнхүү нотлох баримтыг дутуу үнэлж, хууль буруу хэрэглэснээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.2.2, 43.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг илтэд ноцтой зөрчсөн тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК нь хариуцагч Ж.Түвшинжаргалд холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ өөрийн гарын үсэг бүхий дардасыг хэн нэгэн ашигласан гэснийг, хариуцагч эс зөвшөөрч тухайн үед “Эн Эн Жи Юу” ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг, нөхөр болон өмгөөлөгч нарынхаа хамт байлцаж уг гэрээг байгуулан компанийн тамгыг дарж баталгаажуулсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2376 дугаар шүүгчийн захирамжаар талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Үүнээс үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, улмаар Иргэний хуулийн 56 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК болон хариуцагч Ж.Түвшинжаргал нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлгүй юм.

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохицуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр ... шүүгчийн захирамж байгаа” тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох журамтай.

Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу тул шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Эн Эн Жи Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Түвшинжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Түвшинжаргалд холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Т.ТУЯА