Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2108/01657

 

 “М ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

     Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/00887 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1312 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “М ББСБ” ХХК

         Хариуцагч: Д.Х

         Хариуцагч: Д.Н нарт холбогдох

     40,052,720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

      Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, хариуцагч Д.Нийн өмгөөлөгч С.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Г.М, хариуцагч Д.Х, хариуцагч Д.Нийн өмгөөлөгч С.С, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Д.Х, Д.Н нар 2016 -07-04-ний өдөр 20 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5% хүүтэй зээлдэхээр гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн биелэлтэд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын 84Б байрны 166 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш Д.Х 2016-08-09-ний өдөр зээлийн хүүд 764,944 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35,056 төгрөг, 2016-08-11-ний өдөр зээлийн хүүд 186,377 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,623 төгрөг, нийт 1сая төгрөгийг, Д.Н 2017-05-29-ний өдөр зээлийн хүүд 1,071,411 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,970,589 төгрөг, нийт 3,042,000 төгрөг төлсөн. Зээлдэгч нар хэн нь хэдэн төгрөгийг хариуцна гэж тохироогүй. Иймд  зээлдэгч нараас үндсэн зээл 20сая төгрөг, хүү 16,710,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,342,120 төгрөг нийт 40,052,720 төгрөг нэхэмжилж байна.  Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооллын 84Б байрны 166 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Д.Х хариу тайлбартаа: 2016-07-04-ний өдөр М ББСБ ХХК-с 20 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, 5% хүүтэй зээлсэн. Гэхдээ Д.Хт ББСБ-аас мөнгө зээлэх хүсэл сонирхол байгаагүй, харин барьцаанд тавьсан байрыг Д.Н худалдан авахын тулд урьдчилгаа төлбөр хэрэгтэй байсан учраас 8 хувийн зээлийн урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор Д.Хт итгүүлж зээл авсан. Авсан зээлийнхээ 15сая төгрөгийг Д.Нийн охин Б.Азжаргалын данс руу шилжүүлсэн, үлдэх 5сая төгрөгийг Д.Х хэрэглэсэн нь үнэн. Иймд 5 сая төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөд татгалзахгүй.Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч Д.Н гаргасан хариу тайлбартаа: Би Д.Хтэй хамт М ББСБ ХХК-с 20 сая төгрөг зээлсэн нь үнэн. Би Д.Хийн эгч Д.Хишигжаргалтай Буурал трейд ХХК-д хамтарч ажилладаг байсан. Д.Х би 3 өрөө байр зарна, илүү зардал гаргаад сарынхаа төлбөрийг төлж чадахгүй байна гэж ярьсан. Тэр үед би хүүхдэдээ байр авахаар хөөцөлдөж байсан, мөнгийг нь лизингээр төлөх боломжтой гэдгээ хэлэхэд авахгүй ч байсан болно, төлбөрийг нь төлөөд амьдарч байгаач гэж санал тавьсан. Тэгээд тэр байранд нь засвар хийгээд 2016 оны 02 сарын эхээр хүүхдээ оруулсан. Байрны ордер нь гараагүй байж байгаад 2016-05- 27-ны өдөр гарсан. Тухайн үед би Буурал трейд ХХК-д барилгын материал нийлүүлээд 13 сая төгрөг авах ёстой байсан, үүнээсээ 10 сая төгрөгийг Хишигдэлгэрийг эгчээсээ дамжуулаад авчих, би үлдсэн мөнгөө ямар нэгэн байдлаар зохицуулж өгөөд танай байрыг авъя гэж хэлсэн. Гэтэл манай урьдчилгаа  төлбөр бүтэхгүй байсан тул болих талаар хэлэхэд, Д.Х М ББСБ ХХК-ийн захирал миний найз, чи зээл авах гэж байгаагаа хэл гэсэн. Тэгээд бид М ББСБ ХХК-аас 20сая төгрөг авсан. Тухайн үед 20 сая төгрөгийг миний дансанд байршуулна гэж байснаа өөрийнх нь дансанд ороод ирсэн чинь би маш их өртэй, 10 сая төгрөгийг өгөх боломжгүй,  чи 10 сая төгрөгийг ав, үлдэх 10  сая төгрөгөө өөрөө зохицуул гэсэн. Тухайн үед надад тусалж байна гэж би ойлгосон, Д.Х 15 сая төгрөгийг миний охин Б.Азжаргалын дансанд шилжүүлснээ, тэр дор нь буцаагаад 5 сая төгрөгийг шилжүүлж авсан. Тэгэхдээ банкинд 22сая төгрөг байршуулахаас 5 сая төгрөгийг урьдчилаад өгсөн байна гэж харагдуулна гэж хэлээд буцааж авсан. Ингээд 10 сая төгрөгийг хүүхдийнхээ дансанд байршуулсан.Би буцааж нийт 9,6 сая төгрөгийг Д.Хийн дансанд шилжүүлсэн. Зээлээс 1,976,000 төгрөг төлнө гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/00887 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Хээс 29,416,663 төгрөг, Д.Нээс 8,774,663 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,861,394 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 84Б байрны 166 тоот орон сууцыг  худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552 883  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Хээс 305 033 төгрөг, Д.Нээс 155 344 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1312 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/00887 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х, Д.Н нараас 20,300,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 19,752,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг “үлдээж” гэсний дараа “хариуцагч Д.Х, Д.Н нараас 259 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Манай байгууллага  Д.Х, Д.Н нараас нийт 40,052,720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан. Гэтэл шүүх магадлалдаа “...хэтэрсэн хугацаанд төлөх хүүгийн хэмжээг гэрээндээ заагаагүй  ...Иргэний хуулийн 453.1-д хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ ямар байхыг заах талаар тусгасан. Энэ талаар зээлийн гэрээнд тусгаагүй учир хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй...” гэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Хариуцагч нар зээл, барьцааны гэрээ, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар гомдол гаргаагүй. Анхны тохиролцсон үнийн дүнгээ зөвшөөрч байгаа. Д.Н  гомдолдоо үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаагүй, хариуцагч нар  хоорондоо тооцооны талаар маргалдсан. Гэрээний дагуу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй учир бид нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэрэг маргааныг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Д.Нийг 1,976,000 төгрөг төлнө гэж худал бичсэн мэтээр гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдааны бичлэг протоколд байх ёстой. Өөрийн амаар хэлсэн үгээ үгүйсгэж болохгүй. Хариуцагч нарын хоорондын мөнгөний маргаан манай байгууллагад  хамаагүй. Бид зөвхөн өгсөн зээлээ, байгуулсан гэрээ, харилцан тохиролцсон хуваарийнхаа дагуу төлбөрөө нэхэмжилсэн. Гэтэл бидний хооронд хийгдсэн тохироог давж заалдах шатны шүүх үгүйсгэж байгаа нь хууль бус юм. Мөн эдгээр хүмүүс авсан зээлээ төлөхгүйн тулд ээлжлэн гомдол гаргаж шүүхийн болон ББСБ-ын ажлыг хүндрүүлж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Д.Нийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Хариуцагч нараас 20,300,120 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Иргэний Хуулийн 242.8-д “Үүрэг гүйцэтгэгч нэг этгээд үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй.” гэж заасны дагуу Д.Нийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг Д.Х нь үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлээгүйн улмаас энэ бүх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Д.Н нэмж төлөх үр дагавар үүссэн. Д.Н нь нэхэмжлэгчээс авсан зээлийн эргэн төлөлтийг 2017 оны 07 дугаар сарын сүүлээс эхлэн Д.Хийн дансанд шилжүүлж байсан. Гэтэл түүний зээлийн гэрээний төлбөрт өгч байсан мөнгийг Д.Х “М” ББСБ-д шилжүүлэлгүйгээр өөртөө үлдээсэн бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гол шалтгаан болсон. Хэрэв Д.Х зээлийн эргэн төлөлтийг заавал өөрийнхөө нэрээр төлөх ёстой гэсэн ойлголтыг Д.Нт өгөөгүй байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Үүнээс харахад Д.Нийн зээлийн гэрээний эргэн төлөлтөд шилжүүлсэн мөнгийг цаг тухайд нь нэхэмжлэгч байгууллагад шилжүүлээгүйн улмаас үүсэх үр дагавар буюу тухайн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Д.Н биш харин Д.Х хариуцан төлөх ёстой юм. Наранцэцэг, Хишигдэлгэр нарт төлбөрийн өөр тооцоо бий гэж маргасан талаар дүгнэхдээ хэтэрхий нэг талыг барьж үндэслэл муутай дүгнэлт хийсэн.  Хишигдэлгэр нь Наранцэцэгтэй өөр төлбөр тооцооны асуудал байсан бол нотлох баримтгүй маргах биш, нэхэмжлэлийн шаардлагаас өөр ямар төлбөр тооцоо байгаа талаарх нотлох баримтыг гаргах, цуглуулах бүрэн боломжтой байсан. Энэ бүх хугацаанд нотлох баримт гаргаж ирээгүй нь энэ талаар хариуцагчийн мэдүүлэг үндэслэлгүй болох нь тодорхой байгаа юм. Иймд шийдвэр, магадлалаас Д.Нт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          “М ББСБ” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Х, Д.Н нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл /хх 1,37,105/ гаргаж, үндсэн зээл 20 сая төгрөг, үндсэн хүү 16,710,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,342,120 төгрөг нийт 40,052,720 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн байна.

          Нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө  Д.Н нь “... зээлээс өөрт ногдох мөнгийг Д.Хээр дамжуулан төлж байсан...” гэж,  Д.Х нь “...зээлээс 5,000,000 төгрөг авсан тул уг мөнгөнд ногдох хэсгийг төлнө,  Д.Н надад өгч байсан мөнгө нь нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх зээлийн төлбөр бус, харин миний авлага юм...” гэж маргажээ. 

          Анхан шатны шүүх Д.Хээс 29,416,663 төгрөг, Д.Нээс 8,774,663 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч нараас нийт 20,300,120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор магадлал гаргасан байна. 

          Хяналтын шатны шүүхэд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “... хариуцагч нар зээл, барьцааны гэрээ, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар гомдоогүй хоорондоо маргасан байхад шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу...” гэж, Д.Нийн өмгөөлөгчөөс “... Д.Нийн шилжүүлсэн мөнгийг Д.Х нэхэмжлэгчид шилжүүлээгүйн улмаас мөнгө нэмж төлөх үр дагавар үүссэн...хариуцагч нарын хооронд төлбөр тооцооны асуудал байгаа тухай баримт хэрэгт байхгүй...” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус гаргасан байна. 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Д.Нийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. 2016-07-04-ний өдрийн 211 дугаар гэрээнээс үзвэл, Д.Х, Д.Н нар М ББСБ ХХК-с 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлж /хх 5-6/, үүргийн гүйцэтгэлд нэг хүний буюу Д.Хийн  өмчлөлийн /хх 10/, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын 84Б байрны 166 тоот орон сууцыг барьцаалжээ.

       Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр  зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль гэрээг биелүүлэх үүрэгтэй. “М ББСБ” ХХК нь хариуцагч нарт 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул зээлдүүлэгч үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч зээлийн төлбөрийг нэхэмжлэгчид буцааж бүрэн төлөөгүй тул үлдэгдэл мөнгийг зээлдэгч шаардах эрхтэй юм.

       Зохигчид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөл, хувь хэмжээг хуульд заасан шаардлагын хүрээнд гэрээгээр тогтоосон учраас үндсэн зээлийг гэрээгээр тохирсон нэг сарын хугацааны хүү 1,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 342 120 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй, энэ тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 211, 451, 453, 156, 166-р зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцсэн байна.

      Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан “үндсэн хүү” гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ.  

       Нэхэмжлэгч нь үндсэн хүү шаардсан ба талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан баримтгүй байх тул нэхэмжлэгчид гэрээний үндсэн дээр төлөгдөх 24,342,120 төгрөгөөс төлөгдсөн 4,041,999 төгрөгийг хасч үлдэх мөнгийг гаргуулсныг буруутгах, улмаар нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна. 

        2. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний үүргийг Д.Х, Д.Н  нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцах бөгөөд М ББСБ ХХК-с зээлж авсан мөнгөний талаар хариуцагч нар хоорондоо маргаантай байгаа нь гэрээний үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч бүхэлд нь шаардахад саад болохгүй юм.

       Зээлдүүлэгч нь хариуцагч нар тус бүрээс гэрээний үүргийг тухайлан хувь тооцоолон нэхэмжлээгүй тохиолдолд үүргийг зээлдэгч нар хамтран хариуцна, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч Д.Нийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

        3. Харин, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 20,300,120 төгрөгийг хэнд олгох талаар заагаагүй орхисон нь дутагдалтай болжээ. 

        Мөн нэхэмжлэгчийн өмнө хариуцагч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй буюу тооцооны маргаантай байдлыг харгалзан үүрэг гүйцэтгүүлэгчид олгохоор шийдвэрлэсэн 20,300,120 төгрөгийг Д.Х, Д.Н нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчихгүй гэж үзлээ.  

        Дээр дурдсан үндэслэлээр Д.Х, Д.Н нар тус бүрээс 10,150,060 төгрөг нийт 20,300,120 төгрөг гаргуулан М ББСБ ХХК-д олгох, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах өөрчлөлтийг магадлалд оруулав.

       4. Зээлдэгч нар тэнцүү хэмжээгээр нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээж буй нь  М ББСБ ХХК-с авсан зээл, түүний эргэн төлөлтийн талаар хоорондоо тооцоо хийхэд, мөн жич нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар магадлалдаа заасан нь зөв болжээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1312 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын  “....Д.Х, Д.Н нараас 20 300 120 төгрөг гаргуулж...” гэснийг “... Д.Х, Д.Н нар тус бүрээс 10,150,060 төгрөг нийт 20,300,120 төгрөг гаргуулан “М ББСБ” ХХК-д олгож...” гэж, 2 дахь заалтын “...нараас 259.450 төгрөг...” гэснийг “....нар тус бүрээс 129,725 төгрөг нийт 259,450 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, магадлалын  бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Д.Нийн өмгөөлөгч нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 256,713 төгрөг, хариуцагчаас  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 259,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЦАГААНЦООЖ

                              ШҮҮГЧ                                                         Б.УНДРАХ