Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор                                                        С.Гансувьд, 

шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Баярмагнай,

нарийн бичгийн дарга                              А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолтой  Б.Э-т холбогдох 1734001030053 дугаартай 92 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 19-р хороо Дээд салхит 36-486 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э , /регистрийн дугаар: Н3/

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутагт байрлах "Морин дөтлүүр" гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1,26 метр куб хэрэглээний нойтон нарс модыг бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 1735020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Э ыг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

             2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Э-г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Б.Э-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр ялыг өдөрт дөрвөн цагаар доошгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож,  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл тогтоолд гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж,  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай ногоон өнгийн хөрөөг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

  ялтан Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт Б.Э-н иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.Э нь 2017 оны 07 сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Монгол дөтлүүр” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.26 метр куб хэрэглээний нойтон нарс мод бэлтгэж тээвэрлэсэн, байгаль экологид 1735020 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ 2017 оны 11 сарын 01-ний өдөр Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан бичмэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн. Шүүгдэгч Б.Э нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны явцад өөрийнхөө үйлдлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн чин санаанаасаа гэмшсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 1735020 төгрөгийн хохирлоо нөхөн төлбөрөө төлж барагдуулсан. Б.Э нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Б.Э-тоногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

 

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Б.Э нь 2017 оны 07 сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Монгол дөтлүүр” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.26 метр куб хэрэглээний нойтон нарс мод бэлтгэж тээвэрлэсэн, байгаль экологид 1 735 020 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ 2017 оны 11 сарын 01-ний өдөр Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. ... Шүүгдэгч Б.Э нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны явцад өөрийнхөө үйлдлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн чин санаанаасаа гэмшсэн. ...байгаль экологид учруулсан 1 735 020 төгрөгийн хохирлоо нөхөн төлбөрөө төлж барагдуулсан. ...тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх ...шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 Гэрч Д.Өлзийсайханы: “2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суудаг Базаргүрийн Ууганбаатарын хашаанд нойтон мод хучаастай байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад Б.Ууганбаатарын хашаанд байшингийн зүүн талд 36 ширхэг нойтон нарс мод цэнхэр хучилгаар хучаастай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22х/,

Гэрч Б.Энхбаярын: “...2017 оны 7 сарын эхээр Төв аймгийн Жаргалант суманд очоод аав, ээж хоёртоо хашааны мод Төв аймгийн Жаргалант сумын Морин дөтлүүр гэх газраас унагаад хаячихсан модны үзүүрүүдийг тайрч авсан. ...Би 1 метр 40 см урттай тайрсан 36 ширхэг нарс модыг тээвэрлэн сумруу аваачсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27х/ болон хавтаст хэргийн 4-12 дахь хуудаснуудад авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б.Э нь 1,26 метр куб хэрэглээний нойтон мод бэлтгэж, тээвэрлэсэн нь эргэлзээтэй өөрөөр хэлбэл нойтон нарс модны хэмжээг буруу тооцсон байж болохоор байна.

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 36 ширхэг нойтон нарс модыг шүүгдэгч Б.Энхбаяраас хураан авах буюу эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэрэгжүүлээгүй нь буруу байна.  

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл нтолвол зохих асуудлыг нотолж чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ гэж Давж заалдах шатны шүүх дүгнэлээ.     

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар Давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

                                    ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ