Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 460

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б”  ХХК.

Хариуцагч: ЦЕГД, ЦЕГ ТҮХ .

Гуравдагч этгээд: “Б” ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй, тендер шалгаруулалтыг дахин зарласан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр /дүгнэлт/-ийг хууль бус болохыг тогтоолгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” тухай тендерийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ч.Б, Б.Б, Х.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.И, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: “Б”  ХХК нь Цагдаагийн ерөнхий газраас зарласан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” ЦЕГ******* тоот тендерт оролцохоор материалаа бүрдүүлэн өгсөн.

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан тендерийн шаардлагад нийцээгүй үндэслэлээр тендерээс татгалзсаныг 2018 оны 5 дугаар сарын 03-ны 6/814 тоот албан бичгээр мэдэгдсэн. Үүнд:

1.  Шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3092 албан бичигт дурдсан 5 удаагийн 33.9 сая төгрөгийн хохиролд  хариуцагчаар оролцсон.

2.  “Б”  ХХК-ийн албан бланк дээрх “NXP” байгууллагын албан ёсны төлөөлөгч “S******* S******* T*******” компанийн төлөөлөгч бичиг бичиж, гарын үсэг тамгаар баталгаажуулсан.

3.  Техникийн тодорхойлолтод /карт/ ажиллах температур -40-70С гэж заасан боловч -25-70С гэж ирүүлсэн, Хэвлэгч төхөөрөмжийн ажиллах үйлдлийн системийг Windows OS: XP /Server 2003/ Vista /Server 2007/ 7 (32&34bits), SDK гэсэн бөгөөд Server болон SDK дэмжих талаар цахим хуудас дээр байхгүй, цахим хуудас дээр зөвхөн Windows 7, 8, 10 дэмжинэ гэж ирүүлсэн нь XP/Server/Vista//Server 2007/-г хангах зэрэг нь тендерийн шаардлагад нийцээгүй гэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр дараах шаардлага хангасан эсэх талаар тус бүр хянан үзэх шатанд тендерт оролцогч нарын захиалагчийн шаардлагыг тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.1-т заасан бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан.

Манай компаниас хүргүүлсэн тендерийн баримт бичиг нь тендерийн шаардлагад нийцсэн байсан учир дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу яам гомдлыг хянан үзээд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 тоот албан бичгээр манай компанийн тендер нь шаардлагад нийцсэн болохыг баталж, тендерийг дахин үнэлэхийг даалгасан.

Гэтэл Тендерийн үнэлгээний хороо Сангийн яамны албан бичигт заасны дагуу тендерийг дахин үнэлэлгүйгээр өмнө гаргасан шийдвэрээ дахин гаргаж, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр www.tender.gov.mn тендер зарласан нь манай компанийн тендерт оролцож, шударгаар өрсөлдөх эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болж байна.

Иймд бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй, тендер шалгаруулалтыг дахин зарласан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхийг даалгаж, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” тухай тендерийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ЦЕГ ТҮХ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ч.Б, Б.Б, Х.Н нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/23 дугаар тушаалаар “Жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо байгуулагдаж, нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагаа зохион байгуулсан.

Тендерийн үнэлгээний хороо “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийг баталж, 1 багцтай цахим тендер ирүүлэхийг 02 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-д зарласан.

Тендерийн явцад “Б” ХХК-иас тендерийн техникийн шаардлага, тендер шалгаруулалтын өгөгдлийн талаар 3 удаа тодруулга хүссэнийг захиалагчаас албан бичгээр хариу хүргүүлсэн.

 “Жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагт нээхэд “Б” ХХК, “Б” ХХК, “С” ХХК, “М” ХХК, “E” ХХК зэрэг 5 аж ахуйн нэгж оролцохоор цахим болон цаасаар материал ирүүлсэн.

Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлан хянан үзэхэд “Б” ХХК нь ТОӨЗ 18.1 (ё)-д заасан Шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3092 дугаартай албан бичигт дурьдсан 5 удаагийн 33.9 сая төгрөгийн хохиролд хариуцагчаар оролцсон нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.4-д заасан “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарсныг шүүх эрх бүхий байгууллага тогтоосон” гэснийг, мөн “Б” ХХК-ийн албан бланк дээр “NXP” байгууллагын Бээжин дэх албан ёсны төлөөлөгч “Shenzhen Sunlanrfid Technology” компаний төлөөлөгч албан бичиг бичиж гарын үсэг тэмдгээр баталгаажуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага”-ыг тус тус хангаагүй, бусад тендерт оролцогчид шаардлага хангасан нэг ч тендер ирүүлээгүй тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан.

Тендерийн үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжтэй танилцан гарсан захиалагчийн шийдвэрийг 2018 оын 05 дугаар сарын 03-ны өдрийн 6/814 дугаар албан бичгээр тендерт оролцогчдод  хуулийн дагуу нэгэн зэрэг бичгээр хүргүүлсэн.

Тендерт оролцогчдоос “Б” ХХК, “Б” ХХК-иуд захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй талаар Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/3064 албан бичгийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлан дахин хянан үзэж, Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар хуралдаанаар хэлэлцээд өмнө гаргасан шийдвэрээ хэвээр үлдээж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д зааснаар мэргэжлийн байгууллага Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв, Мэдээллийн технологи, холбооны төвөөс санал авч техникийн шаардлагад тусгагдсан тодорхой бус эргэлзээтэй байсан зарим шалгуур техникийн үзүүлэлтийг тодорхой болгож, тендерийн баримт бичгийн агуулгад өөрчлөлт оруулж, нээлттэй тендер шалгаруулалт явуулах  зөвлөмжийг захиалагч Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн.

Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6/963 дугаар албан бичгээр тендерт оролцогчдод нэгэн зэрэг бичгээр дахин хүргүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу ажлын 5 хоногт оролцогчдоос гомдол ирүүлээгүй тул мөн хуулийн 30.4.1-д заасны дагуу нээлттэй тендерийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин нээлттэй зарласан.

Мөн Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 21-ний “Гомдол хянасан тухай” 6-1/3064 албан бичигт дурдсан дүгнэлт “Б” ХХК, “Б” ХХК-иудын тендерийн материалд ирүүлсэн хэвлэх төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, бэлдэц материал нь ижил төрлийн загвартай байхад “Б” ХХК-ийн хэвлэгчийг техникийн шаардлагад нийцэхгүй, “Б” ХХК-ийн ижилхэн загварын хэвлэгчийг шаардлагад нийцэж байгаа талаар дурдсан нь хэт нэг талыг барьсан, нэг оролцогчийн хүсэлтийг харгалзсан, захиалагчийн шийдвэрийг үл хүндэтгэсэн гэж үзэж байна.

Сангийн яам Хууль, эрх зүйн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг  түр түдгэлзүүлэх тухай” 6-1/3295 албан бичгийг судалж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар тендерт оролцогчийн гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд гаргасан шийдвэр нь “эцсийн шийдвэр болно” гэснийг баримтлан “Б” ХХК-ийн тендертэй холбогдуулан Сангийн яаманд дахин гомдол гаргах хууль зүйн үндэслэлгүй болох талаар Тендерийн үнэлгээний хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3/3387 дугаар албан бичгийг хүргүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.И*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М******* нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай “Б” ХХК нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЦЕГ ТҮХ нд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Манай компани тендерийн хүчинтэй хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамнаас тендерийн үнэлгээг дахин хийхийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өрийн 6-1/3064 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд мэдэгдсэн байдаг. Уг албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу тендерийн хүчингтэй хугацааг 30 хоногоор сунгасан байна.

Бид Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч тендерийн шалгаруулалтыг Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль бусад холбогдох журмын дагуу шалган, шударгаар шийдвэрлэж өгөхийг хүссэн. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарласан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” тендерийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийг дэмжиж тайлбар өгсөн билээ.

Гэтэл уг тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна. Өөрөөр хэлбэл Тендерийн үнэлгээний хороо тендерийн үнэлгээг дахин хийсэн ч гэсэн тендерийн хүчинтэй хугацаа дуусан тул тендерт оролцогчидтой гэрээ байгуулах боломжгүй болж байна.

Иймд “Б” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн бид 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Сангийн яамны 6-1/4194 дугаартай Цагдаагийн ерөнхий газарт хаягласан албан тоотын хувийг хүлээн авсан бөгөөд уг албан бичгээр Цагдаагийн ерөнхий газраас зарласан ЦЕГ/20181216 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг захиалагчид үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл Сангийн яам 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4194 дугаартай шийдвэрээр өөрийн өмнө нь гаргасан тендер шалгаруулалтыг дахин үнэлэх тухай шийдвэрээ хүчингүй болгосон гэж үзэж байна. Тиймээс хариуцагч нь тендер шалгаруулалтыг дахин үнэлэх үүрэггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь анх тус шүүхэд хандан “Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй, тендер шалгаруулалтыг дахин зарласан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр /дүгнэлт/-ийг хууль бус болохыг тогтоолгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ЦЕГ ТҮХ нд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” тухай тендерийг хүчингүй болгуулах” хэмээн нэмэгдүүлсэн.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сары 16-ны өдрийн “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” А/23 дугаар тушаалаар жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг нийлүүлэгч байгууллагыг сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Тендерийн үнэлгээний хороог байгуулан, ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулж, дүнг танилцуулахыг үнэлгээний хорооны даргад даалгажээ.

2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нээлттэй зарласан “Жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг нийлүүлэх” ЦЕГ/******* дугаар тендер сонгон шалгаруулалтад “Б” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “М” ХХК, “С” ХХК гэсэн 5 аж ахуйн нэгж оролцохоор тендерийн материал ирүүлснийг Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хянан үзэж, “Б” ХХК гурван дүүргийн шүүхэд гурван иргэний, хоёр байгууллагын нийт 5 удаагийн 33.9 сая төгрөгийн хохиролд хариуцагчаар татагдсан, цалин өгөөгүй, гэрээний үүрэг биелүүлээгүй зэрэг нэхэмжлэлтэй, бэлдэцэд өнгө оруулагч материалын техникийн тодорхойлолтыг ирүүлээгүй, үйлдвэрлэгчийн төлөөлөгч болох зөвшөөрлийн бичгийг зохиомлоор хийж ирүүлсэн. 2017 оны 9 дүгээр сар хүртэл энэ байгууллагын захирлын албан тушаалд нэг хүн ажиллаж нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглүүлж байсан ба тус оны 11 дүгээр сард 3 ажилтан нэмж авч 4 ажилтантай болсон байгууллага байна. Бусад шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна” хэмээн хэлэлцэн тус тендер шалгаруулалтад “Б” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч /ЦЕГ/-д зөвлөх тухай Тендерийн үнэлгээний хорооны 01 дугаар зөвлөмжийг гаргасан байна.

Захиалагч тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжтэй танилцан,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “судлах, нөлөөнд автсан эсэх”-ийг шалгах чиглэлийг өгсөн дагуу тендер үнэлгээний хороо Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төвд хандан оролцогч 5 байгууллагын тендерийн баримт бичигт тодорхойлсон техникийн тодорхойлолтыг нягтлан шалгаж, тодруулах ажиллагааг явуулжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төв 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20/363 тоот албан бичгээр шалгалтын дүнг Тендерийн үнэлгээний хорооны даргад хүргүүлснийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний хорооны 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэх үндэслэлээр дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг захиалагчид зөвлөх тухай 02 дугаар зөвлөмжийг гарган,

нэхэмжлэгч “Б” ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6/814 дүгээр албан бичгээр “1....нийт 5 удаагийн 33.9 сая төгрөгийн хохиролд хариуцагчаар татагдсан, 2. “Б” ХХК-ийн албан бланк дээр NXP байгууллагын Бээжин дэх төлөөлөгч ...бичиг бичиж, гарын үсэг тамгаар баталгаажуулсан, 3. Техникийн тодорхойлолтод /карт/ ажиллах температур -40-70с байх гэж заасан боловч -25-70с гэж ирүүлсэн, ... Server болон SDK дэмжих талаар цахим хуудас дээр байхгүй, зөвхөн windows 7,8,10 дэмжинэ гэж ирүүлсэн нь XP/Server 2003/Vista/Server 2007/-г хангахгүй” гэсэн гурван үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж байгаа тухай мэдэгдсэн байна.

“Б” ХХК болон “Б” ХХК-иас хариуцагчийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6/814 дүгээр албан бичгийг эс зөвшөөрөн Сангийн яаманд хандан гомдол гаргажээ. 

Сангийн яам гомдлыг хянан үзэж, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 тоот албан бичгээр “...“Б” ХХК-ийн ... хэвлэгч төхөөрөмжийн /Matica XID8600/... дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтэд windows 7,8,10 (32&64 bit) гэж заасан нь захиалагчийн шаардсан server-ийн үйлдлийн системийг дэмжихгүй нь техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна.

“...”Б” ХХК-ийн тендерт ... хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад хамаарах асуудлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр сүүлийн 3 жилд оролцож байгаагүй” гэж тодорхойлсон байх тул уг үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна.

Мөн NXP компанийг бүтээгдэхүүнийг худалдаалах эрх бүхий ... компани “Б” ХХК-д нэр бүхий бүтээгдэхүүнд гэрээ, хэлцэл хийх эрхийг олгосон байх тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1/а/-д заасан үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсвэл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлэх шаардлагатай гэсэн шаардлагыг хангасан байна.

... үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий компанийн ирүүлсэн техникийн үзүүлэлтэд -40-70с гэж заасан тул ...температурын шаардлагад нийцсэн байна. Хэвлэгч төхөөрөмжийн /Matica XID8600/ ... болон үйлдвэрлэгчийн дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтэд ... бүх үйлдлийн системийг дэмжиж ажиллахыг заасан байх тул техникийн тодорхойлолтод нийцсэн байна.

Нэг загварын хэвлэх төхөөрөмж санал бологсон дээрх компаниудын техникийн тодорхойлолт харилцан адилгүй байх тул техникийн тодорхойлолтыг нягталсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдье” гэсэн албан бичгийг хариуцагчид хүргүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5-д зааснаар тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг 30 хоногооор сунгасан байна.

Энэхүү шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК нь “...Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй, тендер шалгаруулалтыг дахин зарласан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр /дүгнэлт/ манай компанийн тендерт оролцож, шударгаар өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхийг даалгах,  2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарласан тендерийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан холбогдох бусад баримтуудаас үзэхэд:

1. Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гомдол хянасан тухай 6-1/3064 дугаар албан бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдан, Сангийн яамны албан бичигт дурдсан асуудлыг хэлэлцэн, “Б” ХХК болон “Б” ХХК-иас санал болгосон жолооны үнэмлэхний бэлдэц, хэвлэгч машин нь ижил загварын, нэг төрлийн машин байхад “Б” ХХК-ийн саналыг шаардлагад нийцэхгүй, “Б” ХХК-ийн саналыг нийцнэ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, техникийн тодорхойлолтыг илүү боловсронгуй болгосны үндсэн дээр дахин зарлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болох нь Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, 3 дугаар зөвлөмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзана” 30 дугаар зүйлийн 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана, 47 дугаар зүйлийн 47.7-т ”Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, 47.8-т ”Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж тус тус заасанчлан Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу хариуцагч тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэн, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдан, хэлэлцсэн асуудалтай холбоогдуулан дүгнэлт /5 дугаар хурлын тэмдэглэл/, зөвлөмж /03 дугаар зөвлөмж/ гарган захиалагчид хүргүүлснийг хууль бус хэмээн үзэх боломжгүй, энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж, биелэгдэх боломжтой байх ёстой.

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүх 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Энэ хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зарласан “Жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг нийлүүлэх” ЦЕГ/******* дугаар тендер шалгаруулалтын хүчинтэй байх 45 хоногийн хугацаа /2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нээсэн/ 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр,  Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 тоот албан бичгээр сунгасан 30 хоногийн хугацаа 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус тус дуусгавар болсон болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, ЦЕГ/******* дугаар “Жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг, тендерийн урилга, Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.  Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 6-1/4194 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тус тендер шалгаруулалтыг хүчингүй болгож хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдсэн байх бөгөөд энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд тус тус хүргүүлсэн байна.

Нэгэнт тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах хуульд заасан хугацаа дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэг болох Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” тухай тендерийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4, 47 дуаар зүйлийн 47.7,  56 дугаар зүйлийн 56.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн “Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан “Жолооны үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” тухай тендерийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, үлдэх “Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй, тендер шалгаруулалтыг дахин зарласан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр /дүгнэлт/-ийг хууль бус болохыг тогтоолгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхийг даалгах шаардлага”-ыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА