Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0280

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Нэхэмжлэгч “Н” ХХК

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0856/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан “...  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн захирал Х.Б-ээс гаргасан, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-жийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Тус маргаанд нэхэмжлэгчийн зүгээс улсын ахлах байцаагч нь бензин, дизель түлш импортлогчдын бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалтын ажлын бүрэлдэхүүн, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах бүрэн эрхийнхээ хүрээнд цетаны тоог тодорхойлох сорилгыг хийх техникийн чадамжгүй Иргэний нисэхийн ерөнхий газрын Оншилгоо хэмжил зүйн лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газрын уул, уурхай газрын тосны төв лабороториудыг хийсэн хэмжилтийн зөрүүтэй хариу, сорилгын хариуг нэгтгэн дүгнэх явцдаа ажилдаа хайнга хандсан, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах ажиллагааг бүхэлд нь хийлгүй орхиж, оролцогч талуудын хуульд олгогдсон эрхийг эдлүүлээгүй нь өөрөө холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн учир хүчингүй болгож өгнө үү гэж маргасан болно.

4. Улсын ахлах байцаагч 01-07-106/259 дугаар бүхий дүгнэлтдээ 2 лаборатороор нийт дээжүүдийг шинжлүүлсэн гэсэн боловч аль лабораторын ямар дээжийн сорилгын дүн Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартуудад нийцэж ямар нь зөрчиж байгаа талаар дүгнээгүй байгаа нь дүгнэлтэд зөвхөн стандартад нийцээгүй гарсан сорилгын үр дүнг хавсарган дүгнэснээр харагдаж байна. Нэхэмжлэгч зүгээс эдгээр болон бусад нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөөр байтал шүүгч нотлох баримтуудыг тал бүрээс шинжлэн судлах үүргээ биелүүлэлгүй дүгнэсэн нь хууль зөрчиж байна.

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс сорилгын хариунууд зөрүүтэй гарсан тохиолдолд маргаан таслах дээжийг 45-120 хүртэлх хоногоор гаалийн төв лабораторт хадгалах журам үйлчилдэг гэх баримтыг гарган өгч, хэрэгт асуугдсан гэрчүүдийн мэдээлснээр зайлшгүй журмын дагуу гурав дахь шинжилгээг хийж байж дүгнэх ёстой байсан гэж мэдүүлдэг, энэ бүгдийг шүүгч мэргэжлийн хяналтын байцаагч нь маргаан таслах шинжилгээг дахин хийх эрхгүй этгээд байна гэж дүгнэсэн нь хууль зөрчиж байна.

5. Улсын байцаагч нь хяналт шалгалтын комиссын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагчийн хамтран удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаагийн хувьд энэхүү зөрүүтэй хариу гарсан асуудалд хяналт тавин ажиллаж хууль, журамд заагдсан аливаа ажиллагааг хийж, гүйцэтгэх эсхүл гүйцэтгүүлж үнэн бодит дүгнэлт гаргах үүрэгтэй гэж үзэж маргасан.

5.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Оншилгоо хэмжил зүйн лаборатор нь цетаны тоог тодорхойлох техникийн чадамжгүй гэдэг нь нотлогдож шүүгч дүгнэсэн боловч маргааны зүйл болох 01-07-106/259 дугаар дүгнэлтийг хүчингүй гэж үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Энэ нь тус дүгнэлтийн үндэслэл болон сорилгын дүн худал болох нь тогтоогдсоор байтал шүүгч түүнийг зөв гэж дүгнэсэн.

6. Улсын байцаагч нь хяналт шалгалтын комиссын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагчийн хамтран удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаагийн хувьд дээрх байгууллагуудаас ирүүлсэн сорилгын дүнг алдаатайг мэдсээр байж дүгнэхийн оронд дахин маргаан таслах шинжилгээг хийлгэж түүний дараа дүгнэх зайлшгүй хууль зүйн шаардлагатай байсныг шүүгч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтээс “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдаалж байна” гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-106/259 дугаартай дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч “Наран петролиум” ХХК-ийн бензиний Дизелийн түлш Евро болон Техникийн шаардлага нь MNS 0216:2017, MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байгаа талаар дүгнэжээ.

3.3. Нэхэмжлэгчээс гомдлын үндэслэл болон давж заалдах гомдолдоо “... Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь цетаны тоог тодорхойлох техникийн чадамжгүй гэдэг нь нотлогдсон..., сорилгын дүн худал болох нь тогтоогдсон, .. зөрүүтэй” гэх байдлаар тайлбарлан маргаж байх боловч гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

4. Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь Иргэний нисэхийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 556 тоот тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Оношилгоо хэмжил зүйн лабораторийг байгуулсан байх бөгөөд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийг үндэслэн Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн A/239 тоот тушаалын дагуу “Хэмжил зүйн төрлөөр хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга хийх болон сорилт шинжилгээний төрлөөр ГТБ-д чанарын иж бүрэн шинжилгээ хийх”-ээр MNS ISO/IEC17025:2018 шинэчлэгдсэн стандартын шаардлагад нийцсэн болохыг нотолж, Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аар 6 дахь удаагаа итгэмжлэгдсэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгчийн гомдолд дурьдсан “...цетаны тоог тодорхойлох техникийн чадамжгүй” гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд цетаны тоог тодорхойлох боломжгүй гэдгээр хариуцагчаас гаргасан дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл биш байна.

4.1. Учир нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шинжилгээний дээж, сорилтын дүнг кодолж зохион байгуулсан нь хяналт шалгалтын хараат бус зарчимд нийцсэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лабораториудын шинжилгээг үндэслэн хариуцагч улсын байцаагчаас нэхэмжлэгчтэй холбоотойгоор “... дизель түлшний нягт 200С-д 817,6 кг/м3 гэж, 200С-д нягт буюу хувийн жин 840-860 кг/м3 хооронд байх” шаардлагыг хангаагүй, дизель түлшний цетаны тоо 43.0 гэж тус тус гарсан нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын шаардлагыг хангаагүй” талаарх дүгнэлт гаргасныг буруутгахгүй.

4.2. Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Дүгнэлт гаргуулах тухай” 01/1297 дугаар албан бичгээр хандсан хүсэлтийн дагуу хариуцагч улсын байцаагчаас “Н” ХХК-ийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийн хадгалах сав, түгээх хошуунаас авсан автобензиний дээжид шинжилгээ хийлгүүлсэн сорилтын үр дүнд “Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын 5 дугаар зүйлийн 5.2-т “Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна” гэж зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн дизель түлшний нягт 200С-д 817,6 кг/м3 гэж гарсан нь тус стандартын 5.2 дахь хэсгийн 1 дүгээр хүснэгтийн 17-д заасан “200С-д нягт буюу хувийн жин 840-860 кг/м3 хооронд байх” гэснийг, дизель түлшний цетаны тоо 43.0 гэж гарсан нь 5.2 дахь хэсгийн 1 дүгээр хүснэгтийн 1-д “цетаны тоо 45-аас багагүй байх” шаардлагыг тус тус хангаагүй нь тогтоогдсон энэ тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасан зарчмын хүрээнд улсын байцаагчаас дүгнэлт гаргасан.

4.3. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтыг давхардуулахгүй, төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зарчмын хүрээнд хариуцагч улсын байцаагчаас шатахуун түгээх станцуудын бүтээгдэхүүнээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас авсан шинжилгээний сорилтын үр дүнд үндэслэн дүгнэлтийг гаргасан байхад нэхэмжлэгчээс “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалтын хүрээнд шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй дизелийн түлшнээс дээж авч мэргэжлийн лабораториудаар шинжлүүлсэн үйл баримттай маргаагүй, харин зөрүүтэй шинжилгээний хариу гарсан...” гэж маргаж байгаа энэ тохиолдолд улсын байцаагчийн чиг үүрэгт хамааралгүй, шинжлүүлсэн үр дүнгийн тоон утгыг өөрчлөх боломжгүй талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

5. Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараах зарчмыг баримтална” 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж тус тус зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж болон шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нууц кодоор кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн лабораториудын дүнг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар хариуцагч улсын байцаагчаас дүгнэлт гаргасан байх тул шинжилгээг дахин хийх эрх, үүрэг бүхий этгээд гэж үзэхээргүй тул нэхэмжлэгчийн “...дахин шинжилгээ хийлгүүлж, дүгнэлтийг гаргах байсан” гэх талаар давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН