Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0191/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                         А.Цэрэндулам

Улсын яллагч                                                   Г.Мөнхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Л.Наранчимэг

Шүүгдэгч                                                          О.О нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.О2д холбогдох 2039002570176 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний    өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.О нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Э.А2н  эзэмшлийн  зээрд зүсмийн 6 настай адууг  ашиглан Хэнтий аймгийн Хэнтий аймаг  Батноров сум  сум 1 дүгээр  баг “Гичгэнэ”  гэх газраас  иргэн С.Н-н  эзэмшлийн  улаан халззан  зүсмийн  нэг тооны  бярууг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч  хулгайлан бусдад  нийт 618.750 төгрөгийн  хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Н-н   өгсөн:... би Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг “Гичгэнэ” гэх газарт ах Өлзийнямын хамт энэ онд малаа хариулж өвөлжсөн юм. Тэгтэл 2019 оны 12 дугаар сарын эхэнд байх сар өдрөө сайн санахгүй байна. Үхэртээ явж байгаад бүртгээд үзтэл миний өөрийн улаан бяруу алга болчихсон байсан. Тэгээд ах Өлзийнямаас асуухад үхэр дотор уг нь байсан даа гэж хэлэхээр нь бид хоёр ойр орчмын айлуудаар явж сураглахад ердөө сураг гарахгүй байсан. Тухайн үедээ цагдаад мэдэгдэлгүй орхиж тэгж байгаад айлын үхрээс гараад ирэх байхгүй гэж бодоод орхисон. Тэгтэл 2020 оны 03 дугаар сард манайхтай ойролцоо байдаг Цэрэнбадам эгч ямаагаа самнах гэж ирээд байхад нь би адуундаа явж байгаад орж цай унд ууж байтал Цэрэнбадам эгч манай саравчны ардаас цас хайлахад нэг үхрийн сэвс, цус гарч ирсэн гэхээр нь саравны ард талд нь гарч үзэхэд хоёр хэсэг жижигхэн хэмжээтэй сэвс байсан. Би тэгээд О-тэй уулзах гэсэн чинь малдаа явчихсан байсан болохоор нь оройхон очиж уулзаад танай саравчны ард юун сэвс байгаа юм бэ гэхэд “би мэдэхгүй” гэж хариулсан. Тэгэхээр нь би шалгуулдаг газраар нь шалгуулна гээд маргааш өглөө нь буюу 2020 оны 03 дугаар сарын 25-нд Бэрх хот руу ирээд байж байтал 98987179 гэсэн дугаараас залгаад “би танай бярууг авчихсан юм. Тэр саравчны ард байгаа сэвс бол танай бярууны сэвс юм” гэж хэлээд “цагдаад битгий хэлээрэй би хохирлыг чинь барагдуулна” гэхээр нь цагдаад хэлээгүй өнгөрөөсөн юм...2020 оны 04 дүгээр сард 600.000 төгрөг бэлнээр надад өгсөн...О-тэй багаасаа тоглож өссөн, гэхдээ  хулгай  хийдэг нь буруу юм. Миний хохирлыг барагдуулсан болохоор  надад  санал гомдол байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Гэрч С.Өлзийнямийн өгсөн:.. 2020 оны 04 дүгээр сарын үед манай саахалт айлын эгч Цэрэнбадам эгч ямаагаа самнах гэж ирээд байж байхад өөрийнх нь өвөлжөөний араас хоёр үхрийн сэвс цус гарч ирсэн гэж хүмүүст ярьж байхаар нь манай дүү очиж Цэрэнбадам эгчтэй уулзаж тодруулан мөн малчнаар нь байдаг О-тэй уулзсан гэж байсан. Тэгээд манай дүү Н О-г чамайг цагдаад хэлж шалгуулна гэсэн чинь шалгуулахгүй юу гэхээр нь  Н  Бэрх хот руу  явсан.  Бэрх хотод ирээд байхад  нь араас  утасдаад би танай бярууг авсан юм. Цагдаад битгий хэлээрэй. Учраа олъё” гэж хэлсэн байсан. Тэгээд манай дүү цагдаад хэлэлгүй учраа олж төлбөр болох 600.000 төгрөг гаргуулж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/

Гэрч Х.Оюунгэрэлийн өгсөн:... Манай хүү хүнтэй үг дуугарахгүй, үг хэл цөөтэй, хүн амьтантай нилээд  дарвиад байхгүй миний үгэнд сайн ордог  л хүүхэд юмсан.  Ээжтэйгээ бол ам мурийж  байхыг  нь хараагүй сайн хүүхэд байгаа юм... тамхи бол татдаг миний дэргэд татаад байдаггүй, архи бол  миний дэргэд  ууж ирж  байгаагүй ээ. Цагаан сараар бол амсаад  тавьж байгаа харагддаг  согтуу гэртээ унтаж байна  гэж дуулаагүй ээ, их бүрэгдүү томоотой  л хүү юмсан... Манай хүү эхнэр аваад 3 жил  болж байна. Баян-Адрага  сумын охинтой  суусан. Энэ хоёр суугаад  нэг хүүтэй  болж  одоо ач  маань  3 ой гарантай болж  байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

Гэрч Д.Үүрийнтуяагийн өгсөн:..манай нөхөр О найзаасаа нэг бяруу авч иднэ гэж ярьж байгаад 2019 оны 12 дугаар сарын 10-ны үед байхаа нэг орой 18 цагийн орчимд улаан зүсмийн бяруу морьтой туугаад ирэхдээ нөгөө бяруу авна гэсэн найзаасаа авчихлаа гэсээр туугаад ирсэн. Тэгээд бид хоёр авч ирсэн бярууг нь ажиллаж хоол хүнсэндээ хэрэглэсэн. Ажилласан бярууныхаа сэвсийг малын саравчныхаа ардаа асгасан байж байгаад хавар малын эзэд ямаагаа самнах гэж ирээд байхдаа хараад “энэ юун үхрийн сэвс вэ” гэж асууж байсан. Би ч О найзаасаа бяруу авч идсэн гэж хэлсэн. Тэр яриаг саахалт айлын Н сонсож ирээд манай нөхрөөс асуухаар нь О “тиймээ танай бярууг хэрэглэсэн юмаа. Би мөнгийг нь төлнө” гэж хэлээд 2020 оны 04 дүгээр сард хадам аав Н-д бярууны үнэ болох 600.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

 

О.О-н яллагдагчаар өгсөн:...яллагдагчаар татагдаж байгаа зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна...би өвлийн идшиндээ хэрэглэсэн...үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуу/

 

Хохирогч С.Н-н алдсан нэг тооны бярууны үнэлгээг 618.750 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний  өдрийн 2020/ШД251 дугаартай дүгнэлт /хх-ийн 42хуу/

 

О.О-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/

О.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81-83 хуу/

Хохирогч С.Н-н гаргасан “О-р бяруугаа төлүүлсэн тул гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 94 хуу/

 

О.О-н гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 95 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  О.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд О.О нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сум  сум 1 дүгээр  баг “Гичигэнэ”  гэх газраас  хохирогч С.Н-н  эзэмшлийн  улаан халзан  зүсмийн  нэг тооны  бярууг  хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч  618.750 төгрөгийн  хохирол учруулсан, энэ үйлдэлдээ Э.Алтансувдын  эзэмшлийн  зээрд зүсмийн 6 настай адууг  уналга хэлбэрээр ашигласан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.Н, гэрч Д.Үүрийнтуяа, С.Өлзийням нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

Аймгийн Прокурорын газраас О.О-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж уг хэсгээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассан бөгөөд  О.Одсүрэнгийн үйлдлийн хувьд одоо дагаж мөрдөж байгаа өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэсэн тохиолдолд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байгаа нь түүний эрхзүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч О.О-н 2019 оны 12 дугаар сард үйлдсэн гэмт хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өөрчлөлт орохоос өмнөх  Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 95 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 97 хуу/ гарган яллагдагчид 500 цагийн нийтэд тустай ажил  хийлгэх ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан уналага болох  6 настай зээрд зүсмийн  адууны үнэ болох 850.000 төгрөгийг гаргуулж  улсын орлого болгуулах  саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч О.О хүлээн зөвшөөрч /хх-ийн 101 хуу/  гарын үсэг зуржээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн  нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч С.Н нь “О-р бяруугаа төлүүлсэн тул гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 94 хуу/ гаргасан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овгийн О.О-г бусдын малыг  хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г  500 /таван зуу/ цагийн  хугацаагаар  нийтэд тустай ажил  хийх  ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэгт  заасны дагуу шүүгдэгч О.О-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох морины үнэ болох 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж,  улсын төсөвт шилжүүлэх  хөрөнгө орлого хураах  албадлагын арга  хэмжээ хэрэглэсүгэй.

6 Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ