Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1710

 

 

 

 

 

 

  2020         09         28                                       2020/ШЦТ/1710

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аод холбогдох 1806 09359 1949 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймагт 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Горхины 1730 тоотод оршин  суух бүртгэлтэй, ам бүл 10, эцэг, эх, 7 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад тус тус зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Б овогт Бийн А /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Мөнхбатын барьж явсан гар утсыг “утсаар яриад өгье” гэж хууран авч 405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бадарчийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр Н.Мөнхбат миний утсыг аваад зах дотор байдаг миний нэг лангуу байдаг, тийшээ явсан. Тэгээд буцаад ирэхээр нь би “утсаа авъя” гэсэн, манай нөхөр “А таараад утсаа өгөөч” гэхээр нь өгөөд нойл ороод буцаад гарч ирэх хооронд А байхгүй байсан. Тэгээд манай нөхөр утас руу залгаад “яасан бэ” гэхэд А “одоо аваачиж өглөө” гээд ирэхгүй байхаар нь дахиад залгасан чинь холбогдох боломжгүй байсан гэж манай нөхөр Мөнхбат надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

 “Дамно” ХХК-й 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн БЗ1-19-130 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.36-37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Мөнхбатын барьж явсан гар утсыг “утсаар яриад өгье” гэж хууран авч 405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бадарчийн өгсөн: “... манай нөхөр “А таараад утсаа өгөөч” гэхээр нь өгөөд нойл ороод буцаад гараад ирэх хооронд А байхгүй байсан. Тэгээд манай нөхөр утас руу залгаад “яасан бэ” гэхэд А “одоо аваачиж өглөө” гээд ирэхгүй байхаар нь дахиад залгасан чинь холбогдох боломжгүй байсан гэж манай нөхөр Мөнхбат надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

 “Дамно” ХХК-й 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн БЗ1-19-130 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.36-37/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Б. Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Э.Бадарчийн нэхэмжилсэн 405.000 төгрөгийг шүүгдэгч Б.Аоос гаргуулж хохирогч Э.Бадарчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Аод үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б.Аод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Аын урьд нь удаа дараа ял шийтгэгдэж байсан, учруулсан хохирлоос нөхөн төлөөгүй хувийн байдал, хохирогчийн гомдол санал зэргээс үзэхэд шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэлээ.

Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Бийн Аыг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Аод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Б.А урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аоос 405.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бадарчид олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Аод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР