| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0196/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0196/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч Ш.Ч нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Балин овгийн Ш.Ч-т холбогдох 2039000000184 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ш.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 22 дугаар гудамжны 04 тоотод хадам аав болох Н.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Н.Д-н өгсөн:...Би Хэрлэн сум 2 дугаар баг Булгийн 22-04 тоотод зээ хүүгийн хамт амьдардаг. Миний бага охин Д.Хоролмаа нь нөхөр Ш.Ч-ын хамт булгийн 27-12 тоотод амьдардаг. Миний охин Д.Хоролмаа нь Ш.Ч-тай хамтран амьдраад 6 жил болж байна. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би охин Д.Хоролмаа, зээ хүү Б.Баттулга нарын хамт гэртээ байж байтал хүргэн Ш.Ч нь архи уучихсан орилж, бахираад орж ирсэн. Орж ирээд миний цамцны захнаас заамдаж элдэв бусаар хэлэхэд зээ хүү Б.Баттулга гэрээс чирээд гаргасан юм. Би ардаас нь гарах гээд гэрийн хаалгаараа толгойгоо гаргатал миний дух хэсэгт гараараа нэг удаа цохиж цус гаргасан. Тэр үед охин Д.Хоролмаа цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд Ш.Ч нь зугтаад явчихсан. Хүргэн Ш.Ч-т 1 удаа цохиулсны улмаас баруун нүдний дээд хэсэгт шалбарсан мөн хөхөрч хавдсан нүд бүрэлзэх зовиуртай байна... Би Ш.Ч-г согтуу машин барилаа гэж зэмлэсэн юм. Манай хүргэн архи уусан согтуу байсан болохоор цохисон байх...Эм тариа шаардлага болоогүй, хавдсан нүдэндээ хүйтэн жин тавиад одоо эдгэрч байгаа... Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/
Гэрч Б.Баттулгын өгсөн:.... Би 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Булгийн 22-04 тоотод өвөөгийнхөө гэрт өвөө болон авга эгч хоёрын хамт байж байтал хашааны гадаа нэг машин нилээн өндөр хаазтай ирж зогсоод, согтуу юм шиг хүн Д гараад ир гээд манай өвөөгийн нэрийг хүргэн ах болох Ч нь дуудаад байх шиг байсан. Тэгтэл удалгүй Ч ах гэрт орж ирэхээр нь өвөө чи чинь согтуу машин бариад яваад байгаа юм уу гэхэд Ч ах чамд ямар хамаатай юм гээд өвөөг түлхэхээр нь баруун орон дээрээс босч ирээд Ч ахыг та яагаад байгаа бэ гэтэл өвөө рүү дайраад байхаар нь би гэрээс чирээд авч гараад газар унагаагаад та яагаад байгаа юм бэ ингэж болохгүй шүү дээ гэтэл манай авга эгч намайг боль гэхээр нь би Ч ахын дээр сууж байгаад боссон юм. Тэгтэл Хоролмаа эгч намайг боль чи яах гээд байгаа юм гээд цааш нь түлхтэл өвөөгийн гэрээс гарч ирэх таараад Ч ах нүүр рүү цохиод авахаар нь би очиж Ч ахыг унагаатал Хоролмаа эгч чи боль хэрэггүй наадахаа тэгээд орхичих цагдаа руу дуудлага өг гэхээр нь би цагдаагийн газар дуудлага өгтөл Ч ах машинаа асааж унаад зугтаагаад яваад өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч Д.Хоролмаагийн өгсөн:.. Би 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутын ажлаа тараад гэрээрээ харих замдаа аавын гэрээр ороод гаръя гээд Булгийн 22-04 тоотод ортол манай ахын хүүхэд, аав хоёр байж байхаар ороод аавтай юм яриад байж байтал төд удалгүй хашааны гадаа манай нөхөр машинтайгаа ирээд нилээн согтсон байдалтай Д гараад ир гээд орилж, хашгирч байгаад гэрт ороод ирсэн. Тэгээд манай нөхөр Ч-г гэрт орж ирэхээр нь аав чи согтуу машин бариад яваад байгаа юм уу гэтэл манай нөхөр чамд ямар хамаатай юм гээд манай аавтай хэрүүл маргаан үүсгээд байтал манай дүү болох Баттулга Ч-г авч гарахаар нь би муудалцаж магадгүй гээд араас нь гартал манай дүү Баттулга, Ч-г газар унагаачихсан дээр нь сууж байхаар нь чи боль дээрээс нь бос гээд салгаад Баттулгыг цааш нь түлхээд байж байтал Ч ах өвөөг цохичихлоо шүү дээ гэхээр нь аав руу хартал духнаас нь цус гарч байсан юм. Тэгээд би аав руу очтол Баттулга, Ч-тай ахиж ноцолдоод байхаар нь би Баттулгыг боль цагдаа дууд гэтэл Ч машинаа унаад зугтаад яваад өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч З.Мөнхболдын өгсөн:…Миний найз Ш.Ч нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, уур уцаар багатай, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж, зодоон цохион хийгээд байдаггүй, архи бага зэрэг уудаг, гэхдээ ямар нэгэн гаж муу зуршилгүй, тохьтой томоотой залуу, амьдралын ухаантай, барилгын ажил хийхдээ нямбай, спорт эмээл, монгол гутал, буриад гутал оёдог их гарын дүйтэй их ажилсаг хүн байгаа юм. Гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 467 дугаартай дүгнэлт
Ш.Ч-н яллагдагчаар өгсөн:...2020 оны 08 дугаар сарын 17-ны өглөөний 08 цагт миний эхнэр Хоролмаа ажил дээрээ очиж юм хийнэ гэж явсан. Амралтын өдөр байсан болохоор гэртээ суурь тавих ажилтай байсан юм, ирэхийг нь хүлээж байгаад ажил дээр нь 11 цагийн үед ажил дээр нь очиход хийсэн юмгүй сууж байсан, амарч байгаа өдрөө хоёулаа гэрийнхээ ажлыг хийе гээд цухалдуу хэлчихсэн юм. Тэгээд бага зэрэг маргалдсан. Тэгээд би үлдээчихээд харих замдаа цухалдуу явсан болохоор 0.75 граммын савалгаатай ‘Ерөөл’ нэртэй архи аваад ганцаараа тал хүртэл нь уучихаад орой 19 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 22-04 тоотод байх хадам аав Д-н гэрт очиход манай эхнэр аавындаа байж байсан, тэгээд би гэртээ харьсангүй гэж маргалдсан. Намайг согтуу байсан болохоор хадам дүү Баттулга намайг гэрээс гаргаад цээжин хэсэгт дараад суусан би ноцолдож байгаад боссон. Тэр үед хадам аав гэрийнхээ хаалгаар тонгойж гарах таарч би баруун гараараа духанд нь нэг удаа цохьсон юм. Тэгээд цагдаа дуудна гэхээр нь би шууд гэртээ харьсан...би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/
Ш.Ч-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 хуу/
Ш.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 62-63 хуу/
Ш.Ч-н гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 68 хуу/
Хохирогч Н.Д-н гаргасан “Ш.Ч-с нэхэмжлэх зүйлгүй” тухай хүсэлт /хх-ийн 69 хуу/
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ш.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 22 дугаар гудамжны 04 тоотод хадам эцэг Н.Д-тэй согтуугаар маргалдаж түүний нүүрэнд нь гараараа цохиж баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ш.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Н.Д, гэрч Б.Баттулга, Д.Хоролмаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ш.Ч нь хохирогч Н.Д-г зодсоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Ш.Ч-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 68 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 70 хуу/ гарган яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ш.Чулуунбаатар хүлээн зөвшөөрч /хх-ийн 74 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Ш.Ч-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Н.Д нь Ш.Ч-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 69 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Балин овгийн Ш.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ш.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Чулуунбаатар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ