Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0187/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                         А.Цэрэндулам

Улсын яллагч                                                    Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                            Т.Т нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадам овгийн Т.Т-д холбогдох 2039002660167  дугаартай хэргийг 2020 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Т.Т нь 2020 оны  06 дугаар сарын 02-ны  шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын  5 дугаар багт байрлах Хан Хэнтий  цогцолбор сургуулийн хашаан дотор  Хэнтий  аймгийн Хэрлэн сумын  1  дүгээр баг Хийдийн 17-11 тоотод оршин суух иргэн  О.О-тэй  маргаж  нүүрэн тус газарт нь гараараа  цохиж унаган, нүүрэнд нь  цохих зэргээр зодож  эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч  О.О-н өгсөн: ... Би Хэнтий аймгийн Хэнтий-Ус компанид ажилладаг юм, тэгээд өчигдөр өдөр найз Гантөгөлдөр болон Орхонбаяр нартай 2 дугаар уурын зуухан дээр засварын ажил хийж байгаад өдөр 14 цагийн үед зуухны хашаанд байдаг Орхонбаярын гэрт орж цай уунгаа 0.75 граммын нийслэл пиво хувааж уугаад Гантөгөлдөр бид хоёр Орхонбаярынхаас гарч яваад МСҮТ-ийн хойд талаас салаад би зүүн тийшээ муурын байшин руу явсан, тэгээд хамгийн зүүн талын муурын байшингийн зүүн талын орцоор ороход миний танил болох Төрөө гэх залуу өөдөөс гарч ирэх таарсан, тэгээд Төрөө аль орж байгаа юм гээд тал шил архи гаргаж ирээд хуваагаад уух уу гэсэн, тэгээд бид хоёр орцны үүдэнд байсан буйдан дээр суугаад Төрөөгийн гаргасан архинаас ганц нэг татаж байхад гаднаас нэг жижгэвтэр биетэй шар залуу орж ирээд  бид хоёртой суугаад ууж байсан архинаас хувааж уусан, Тэгсэн Төрөөгийн эхнэр нь гэрээсээ гарч ирээд Төрөөг аваад гэр лүүгээ орсон, тэгсэн нөгөө Т гэх залуу надтай үлдсэнээ надад томроод намайг дагуулаад 2 дугаар сургуулийн хашаа руу орсон, тэгсэн гэнэт л Т гэх залуу миний нүүр лүү цохиод авсан, би тухай үед манараад газар унасан, тэгээд газар уначихаад байхад мөн дээрээс цохиод байсан. Тэгсэн нэг мэдсэн ухаан алдаад үүрээр сургуулийн хашаанд сэрсэн. Тэгээд тэндээсээ хаашаа явахаа мэдэхгүй нүүр, толгой хавдчихсан Дулааны 7-7 тоотод байдаг ээжийнх рүүгээ явсан. Тэгээд ээжийнд ирж хэвтсэн...нүүр нүд хавдаж хөхөрсөн, өөр гэмтэл шарх байхгүй... Надад гомдол гээд байх юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/

 

      Гэрч С.Отгондарийн  өгсөн:...Би 2020 оны 06 дугаар сарын 03-ны өглөө гэртээ унтаад сэрсэн чинь, шөнө хүү О ирээд унтаж байсан. Орой намайг унтахад ирээгүй байсан юм. Тэгээд өглөө босоод ирсэн чинь нүд нь хөхөрөөд, нүүр нь хавдсан байсан. Тэгээд чи хаагуур явж байгаад хэнд зодуулав гэхэд өчигдөр архи уусан юмаа. Тэгээд хүнтэй муудаад Т гэсэн байхаа хүнтэй танилцсан юм. Тэгээд бид хоёр маргаж муудаад намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуу/

       Гэрч Г.Төрмөнхийн  өгсөн : ... Би 2020 оны 06 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед гэртээ О-тэй 0.75 литрийн нэг шил архи уугаад сууж байхад Т гаднаас орж ирсэн. Тэгээд О, Т бид 3 архи уугаад сууж байсан юм. Тэгээд би нэг мэдэхэд өглөө гэртээ сэрсэн. Би тэр хоёртой архи ууж байгаад сууж байсан юм. Тэгээд би нэг мэдэхэд өглөө нь гэртээ сэрсэн. Би тэр хоёртой архи ууж байгаад тасарчихсан байсан. Ингээд өглөө гэртээ байхад манай гэрт Т орж ирээд О-тэй муудалцаад О-г зодсон гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 297 дугаартай  дүгнэлт:

1.О.О-н биед  зүүн нүдний алимны  салстанд цус харвалт, 2 нүдний  дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, хамар,  баруун зүүн  хацрын  төвгөрт нөсөө, цээжний  зүүн талд  цус хуралт, 2 гарын тохой шуу хэсэгт зулгаралт  гэмтлүүд   тогтоогдлоо.

2.  Дээрхи  гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд  нь бүрдэл хэсгээрээ  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн, тус бүрдээ 2.6-д  гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар  алдагдалтанд нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 14 хуу/

Т.Т-ын яллагдагчаар өгсөн:..Би 2020 оны 06 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Хэрлэн сумын 5 дугаар багт Муурын байшинд байдаг найз Төрмөнхийн гэрт очсон. Намайг Төрмөнхийн байр руу нь ороход Төрмөнх нэг танихгүй залуутай байрныхаа коридорт нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж уугаад сууж байсан. Төрмөнх нөгөө танихгүй залуу хоёр согтчихсон байсан. Тэгээд би тэр хоёрын хажууд суугаад Төрмөнхтэй юм яриад сууж байгаад нөгөө танихгүй залуутай танилцахад өөрийгөө О гэж байсан. Тэгээд нөгөө залуу согтуу байсан болохоор над руу хараад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би орцноос гараад явсан. Тэгээд 20 цагийн үед би буцаад ирэхэд нөгөө залуу Муурын байшингийн хамгийн зүүн талын байшингийн гадаа сууж байсан. Тэгээд над руу томроод намайг дагуулаад Хан Хэнтий сургуулийн хашаа руу дагуулж явсан. Тэгээд миний мөрөн дээгүүр гараа давуулж тавиад намайг элэгдээд байсан. Тэр үед бид хоёр хоёулахнаа байсан. Тэгээд сургуулийн хашаанд ороод намайг үсдэж байгаад сургуулийн хана мөргүүлэх гээд байсан, тэгэхээр нь тэвчилгүй нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд унаад өгөхөөр нь дахин нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгээд би орхиод явсан. Би О-г цохиж биед нь гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

Т.Т-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 28 хуу/

Т.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 хуу/

Т.Т нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 2020 оны 8 дугаар  сарын 25-ны өдрийн байдлаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялыг эдлээгүй байгаа болохыг тодорхойлсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3/30282 дугаартай албан бичгийн  хуулбар /хх-ийн 61 хуу/  

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38-39 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Т нь 2020 оны  06 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын  5 дугаар багт байрлах Хан Хэнтий  цогцолбор сургуулийн хашаан дотор  хохирогч  О.О-тэй  маргалдан цохих, өшиглөх зэргээр зодож зүүн нүдний алимны  салстанд цус харвалт, 2 нүдний  дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, хамар,  баруун зүүн  хацрын  төвгөрт нөсөө, цээжний  зүүн талд  цус хуралт, 2 гарын тохой шуу хэсэгт зулгаралт  бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч О.О, гэрч С.Оюундарь, Г.Төрмөнх нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч О.О-н биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

   Аймгийн Прокурорын газраас Т.Т-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Т.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг зургаан  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Тогтох нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3/30282 дугаартай албан бичгийн  хуулбараар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасны дагуу түүнд оногдуулсан ялуудыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч О.О нь “гомдолгүй” гэж мэдүүлэг  өгсөн /хх-ийн 6 хуу/ хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Т.Тогтохыг бусдад төлөх төлбөргүй   гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Бадам овгийн Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу    600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасны дагуу  шүүгдэгч Т.Т-д  Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор  оногдуулсан 450 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил  хийлгэх ял болон энэ шийтгэх  тогтоолоор оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялуудыг  тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Т.Т нь  нийтэд тустай ажил хийлгэх ял болон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ