Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2020/0042/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                            Г.Отгонзаяа

Улсын яллагч                                             Ж.Батбаатар

Хохирогчийн өмгөөлөгч                            Б.Бадамгарав

Шүүгдэгч                                                 М.Б, П.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч     О.Баяраа,  С.Нарангэрэл, Д.Ганхуяг нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Ц.Ц нарт холбогдох 1934001140120 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар  сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч М.Б, П,Ц нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг “Шивэрийн ам” гэх газраас иргэн Ц.Б 6 тооны адууг хулгайлж 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед шүүгдэгч П.Ц нь: “би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, М.Б-с адуу худалдаж авсан, надад хулгайн адуу гэж хэлээгүй” гэжээ.

Шүүгдэгч М.Б нь: “ Б 5 адууг хулгайлж, Ц-д зарсан нь үнэн, гэм буруугаа хүлээж байна, Ц-д хулгайн адуу гэж хэлээгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны үед талуудын саналаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ц.Б өгсөн: ...Би Б гэх хүнийг сайн танихгүй Б-гийн хүргэн дүү  Ц-г сайн танина...Би  2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Цэнхэрмандал сумын Хужхан 1 дүгээр багийн нутаг “Шивэрийн ам” гэх газар өвөлждөг эхнэрийнхээ төрсөн дүү П.Г гэх залуугийнд хавар хул азарганаасаа төл авах мөн чоно, нохойноос холдуулах санаатай аваачиж өгсөн юм. Тэгээд манай гэр сумын төв дээр байдаг болохоор би өөрөө завтай үедээ адуундаа яваад адуугаа ерөнхийд нь давхар хараад байсан юм. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  манай хул азаргатай 6 тооны адуу Б гэх хүний хүргэн дүү Ц-н өвөлжөөний хойд энгэр дээр байсан. Тэгээд би  Ц-т хандаж манай хул азаргатай адуу танай хойд энгэрт байна. Ахын дүү нүд тавьж байгаарай гэж захиад явсан ба түүнээс хойш хоёр гурав хоногийн дараа Ц-тай утсаар яриад манай адуу танай ойр хавиар харагдана уу? гэж асуухад танай адуу цаашаа даваад явчихав уу яав ойр харагдахгүй байна, дүү нь хайгаад өгөх үү? Гэхээр нь ахын дүү малдаа явахдаа хараад байвал ахдаа эргээд байгаа газрыг нь утсаар залгаад хэлчихээрэй гэсэн юм. Тэгээд Ц хоёр гурав хоног чимээгүй болчихоор нь би Ц руу утсаар нь залгаж яриад яасан манай адуу харагдана уу? гээд асуусан чинь танай адуу бараа сураг гарахгүй байнаа ах би олж өгнө өө гэсэн. Тэгэхээр нь би мотоцикль, машинтай хайгаад сураг гараагүй ба 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай сумын төв шинэ жил болоод соёлын төв дээр явж байгаад сумынхаа У гэх залуугаас манай хул азаргатай адууны сураг чимээ байна уу? гэж асуухад У багийн Засаг дарга Баатарсайхан ах саяхан хойшоо Мөнгөнморьт суманд таван адууны сураг гарсан гэж ярьж байна лээ гэж надад хэлсэн юм...Манай адуу бүгдээрээ давхар саран дэвсгэртэй монгол бичгийн “Ц” үсгэн тамгатай... цагаан амтай хээр халтар гүү, хээр байдас, хүрэн гүү, улаан буурал байдас, үзмэн ягаан зүсмийн хязаалан үрээ,  хул азаргатайгаа нийт 6-н тооны адуу үлдсэн байсан ба 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15 шилжих шөнө алга болсон... хул азрага бол 2014 онд эмнэг шүдлэн үрээ  байхдаа  Цэнхэрмандал сумын  наадамд айргийн 5-д хурдалж байсан. 2015 онд Цэнхэрмандал сумын наадамд 19-д хурдалж байсан. Тэгээд 2 жил өнжөөж байгаад таргалуулж, тамир суулгах гэж байгаад 7 настай хурдан азаргаа улс хувьсгалын 100 жилийн ойд хурдлуулах гэж байгаад хулгайч нарт алдсан. Энэхүү азаргыг П.Ганхүүгээс худалдаж авсан, бусад алдсан 5 адуунууд нь хурдан борлог азарганы төлүүд нь юмаа. Гэтэл Цэнхэрмандал сумын Хужхан 3 баг Баяны энгэрт байсан Мягмарын Бумнаран миний алдсан 6 адууны хул азарга, хүрэн зээрд гүү, шар амтай халтар гүү, хээр хязаалан байдас, бор хязаалан байдас зэргийг П.Ц, Ж-гийн М нарын 6536 унп улсын дугаартай цэнхэр өнгийн битүү тэвштэй бонго Жи-3 маркийн машинаар тээвэрлэж бүлэглэн хулгайлж Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн тийш 23 км зайд Тэрэлж гэх газарт Ж.М-н төрсөн ах Ж.Баярболдынд 2018 оны 12 сарын 17-нд аваачиж 2018 оны 12 сарын 18-нд ажиллаж байгаад хэсгийн төлөөлөгчид нь баригдсан байна, яг тэр өдөр М.Б хуучин монгол гуталтай цэнхэр дээлтэйгээ авч очсон бүх адууг нугасалж алаад цусалж өгөөд тэнд байсан хүмүүсээр  ажилуулаад гарал үүслийн бичиггүйгээр Улаанбаатар хот руу Ц, Ж.М, М.Б нар нь зугатаагаад явсан байна...хохирлыг маань барагдуулж өгнө үү...Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын  нутагт Цэнхэрмандал сумын 5 адуу ажиллагдсан тухай сонсоод Мөнгөнморьт сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар нь ярихад зүс тамга нь ойролцоо юм байна аа.  Тамгаа   аваад хүрээд ир гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 4-нд төрсөн ах Мөнхсайхан 99111502 бид 2 Мөнгөнморьт суманд тамгаа аваад очиход 2018 оны 12 сарын 15-ны шөнө хулгайд алдсан 6 адууны 5-г нь Тэрэлж гэх газарт М.Б, Улаанаа буюу Ц, Ж.М нар авч очиж ажиллаж байгаад баригдсан байсан. Хэсгийн төлөөлөгч М.Түвшинжаргал гар утасны зураг харуулж байсан. Харахад цэнхэр үйтэн хуар дээлтэй  1 эмэгтэй хүнтэй хамт  адуу ажиллаж байсан  олон хүмүүсийг эгнүүлж зогсоогоод авсан зураг харуулсан. Бүхээгтэй Бонго машины зураг бас харуулж байсан. Би одоо бодоход бор байдасны  амийг нь таслаад гадаа хойд хоёр хөлийг нь уячихсан зураг бас байсан. Энэ талаар манай ах Мөнхсайхан бас мэднэ. Хэсгийн төлөөлөгч яг өрөөндөө харуулсан. Хар өнгийн хавтгай хар утас байсан. Мөн миний адууны зүс нь яг мөн, тамга яг мөн. Зураг яг адуу ажиллаж байсан газарт нь авсан байсан... би хул азаргаа /20.000.000/  сая төгрөгөөр үнэлнэ, хүрэн гүүгээ /3.000.000/ сая төгрөгөөр, шар амтай халтар гүүг /3.000.000/  сая төгрөг, улаан буурал байдасаа /3.000.000/ төгрөгөөр, хээр байдас /3.000.000/ сая төгрөг, үзмэн ягаан хязаалан үрээгээ /3.000.000/ төгрөгөөр үнэлнэ, миний эдгээр адуунууд бүгдээрээ хурдан удмын угшилтай адуунууд байгаа юм... гэх мэдүүлэг /1-хх-ийн 47-52 хуу/

Иргэний нэхэмжлэгч Э.Солонгын өгсөн:...Ж.М нь манай байгууллагатай 2018 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ байгуулж 7.425.000 төгрөгийн зээлийг автомашины лизинг бүтээгдэхүүнээр зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 5.491.000 төгрөг байна. Гэрээний дагуу зээл төлж дуусах хугацаа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байна. Лизингээр авсан 6536 убп  дугаартай бонго маркийн автомашин нь хэрэгт хураагдсан тохиолдолд тухайн үеийн зээлийн үлдэгдэлээ Ж.М-с нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1-хх-ийн 56 хуу/

Иргэний нэхэмжлэгч Ж.Баатарын  өгсөн:...Цэнхэрмандал сумын иргэн Ц.Б-ны хурдан болон хурдан удамтай зүс бүхий 6 тооны адуунууд 2018 оны 12 сарын 15-ны өдөр хулгайд алдагдсан гэх хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын санхүүгээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Багануур дүүрэг, Улаанбаатар хот, Төв аймгийн Мөнгөнморьт сумдын нутгаар явж  хэрэг шалгахаар фургон маркийн 0035 улсын дугаартай автомашинаар 2 удаа 2 албан хаагч батлагдсан төлөвлөгөө удирдамжийн дагуу явж ажиллахад 364.000 төгрөгний  А92 маркийн бензин, 2 албан хаагчийн томилолтын зардал 168.000 төгрөг, нийтдээ 532.000 төгрөгийн зардал гарсан...Би дээрх гэмт хэргийг үйлдсэн буруутай  этгээдээс энэ хэргийг шалгаж тогтооход зарцуулагдсан 532.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлүүлж  Цагдаагийн газрыг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг / 1-хх-ийн 59 хуу/

Гэрч Н.Пүрэвжавын өгсөн:... 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 23:00 цагийн үед манай нөхөр Баярболдын төрсөн дүү М нөхөр Ц-ийн хамтаар номер дугаарыг нь би сайн санахгүй байна Бонго жи-3 маркийн ардаа бүхээгтэй машин дээр 5-н тооны адуу Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас  ачиж авчираад манай гэрийн гадаа 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хүрэлбаатар, Ц, М, Түмээ, Батсүх нарыг М та хэдэд хөлс мөнгийг нь өгье энэ 5 адууг ажиллаад өгчих гэж гуйгаад янзлуулсан. Тэгээд тухайн үед манай нөхөр Баярболд дүү М хандаж уурлаад би хотондоо мал гаргуулахгүй гээд тэр 5 адууг янзлахад нэг ч гар хүрээгүй. М, Ц хоёр өөрсдөө амьд мал худалдаж аваад Улаанбаатар хотод Хүчит Шонхор зах дээр лангуутай тэндээ мах зарж борлуулдаг болохоор бид нар хулгайн адуу гэж мэдээгүй...Би гэдэс арилгасан нөхөр Баярболд маань адуу ажилаагүй, би бол адууны зүс сайн мэддэггүй. Мөн тамгуудыг нь анзаараагүй....Намайг 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой гэртээ ганцаараа байхад Ц, М нэг Увсын танихгүй жижигхэн туранхай бор царайтай хүнтэй ирсэн. Адуугаа 16-ны оро буулгаж  чадаагүй машины тэвшин дээрээ хоносон маргааш нь манай гэрийн урд байгаа үхрийн хашааны баруун хойд хэсгийн задгай хашаанд 5 адуугаа тэд нар хашсан. Би тэр хамт ирсэн Увсын залуугийн нэрийг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 60-61 хуу/

Гэрч Ж.Баярболдын өгсөн:...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөө гэртээ байж байтал манай дүү М-ын нөхөр Ц над руу утсаар яриад  Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн  нутаг Оросын олом гэх газар мөс цөмөрөөд суучихлаа хүрээд ирээч гээд дуудсан юм. Тэгээд би машинаа асаагаад очоод татсан чинь миний машин дийлэхгүй болохоор нь цаашаа  Батсайхан гэдэг айлд очоод трактороор нь чирүүлээд голын мөснөөс гаргаж өгчихөөд Хүрэлбаатар бид хоёр сумын төв рүү явсан юм. Тэгээд суман дээр хоноод маргааш нь буюу 2018 оны 12 дугаар  сарын 17-ны орой хөдөө гэртээ очсон чинь Цэнд-Аюуш ачиж явсан 5 адуугаа буулгаад манай хашаанд оруулчихсан байсан тэгээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ц 5 адуугаа Түмээ, Мөөжөө, Батсүх гурваар янзлуулаад махаа ачаад Улаанбаатар хотруу явсан...М  Хүрэлбаатар нэг танихгүй Увсын  гэсэн байх намхан туранхай бор залуутай ирсэн. Тэгээд Батсайханы улаан тракторыг гуйж ирж харуй бүрий болж байхад уснаас гаргасан. Ц надад битүү теньтэй тэвшин дээр адуу ачсан байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 62-64 хуу/

Гэрч Ж.Хүрэлбаатарын өгсөн:...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүү Мөнхбадамын хамт Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгтэл М-ын нөхөр Ц Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Оросын олом гэх газар мөс цөмөрөөд суучихлаа гээд Бонго Жи-3 маркийн машин дээрээ 5 тооны адуу аччихсан байсан. Тэгээд тэр  хавиас трактортой хүн олоод машиныг чирүүлээд голын мөснөөс гаргаж өгчихөөд Баярболд бид хоёр сумын төв рүү явсан юм... гэх мэдүүлэг /1-хх-ийн 65 хуу/

Гэрч Х.Түмэндэмбэрэлийн өгсөн:... Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сумын төвд гэртээ байж байтал Ж.М 15:00 цагийн үед над руу утсаар яриад Түмээ ахаа та завтай байна уу? хөдөө Баярболд ахын гадаа 5 адуу байгаа та очоод янзлаад өгөөч би танд мөнгө төгрөгийг нь өгнө гэхээр за за би очоод янзлаад өгье гээд М-ын машинд суугаад хөдөө Баярболдынд очиход хул адуу, хүрэн адуу, хээр адуу гурвыг янзалчихсан байсан. Тэгээд би очоод улаан буурал байдас, ам цагаан  хээр халтар байдас хоёрыг Мөөжөө бид хоёр хамт янзалж өгсөн... хул азарга, хүрэн зээрд гүү, шар амтай халтар гүүг Ц, цэнхэр дээлтэй, туранхай  бор Увсын залуу, Б.Батсүх нар ажиллачихсан байсан. Хээр хязаалан байдас, бор байдас нь амьд байсан. Дээрх 5-н адуунуу бүгд 2 талын гуяандаа .... хэлбэртэй атгасан гарын чинээтэй тамгатай байсан. Би Мөөжөө буюу Ганганмөрөнгийн хамтаар амьд байсан 2 адууг цэнхэр дээлтэй намхан туранхай бор залуу нугасалж алаад цуслаад өгөхөөр нь арьсыг нь өвчиж махыг нь 6 хэсэг бэлдээд дэлгэсэн байсан цэнхэр пленк дээр  тавьсан.  Тэнд байсан Увсын залуугийн нэрийг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 67-68 хуу/

Гэрч Ч.Ганганмөрөнгийн өгсөн:... Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төвд гэртээ байж байтал Ж.М миний утас руу залгаж яриад мөнгө, төгрөгийг нь өгье Баярболд ахын гэрийн гадаа 5 адуу байгаа очоод янзлаад өгөөч гэхээр нь би галын түлээндээ явах гэж байна зав муутай байна гэтэл М би Түмээ ахыг гэрээс нь авчихлаа өөр хүн олдохгүй байна гээд гээд над дээр ирсэн юм. Тэгээд гуйгаад байхаар нь Мөнхбадамын машинд суугаад Баярболдынд очиход 5 адууныхаа гурвыг нь хийчихсэн байсан тухайн үед хул адуу, хээр адуу, хүрэн адууны арьс, шийр, толгой байсан тэгээд Түмээ ах бид хоёр үлдсэн улаан  буурал байдас, ам цагаан хээр халтар байдас хоёрыг янзалж өгөөд сумын төв рүү гэр лүүгээ хүргүүлсэн...гэх мэдүүлэг /1-хх-ийн  69 хуу/ 

Гэрч Ж.Бямбасүрэнгийн өгсөн:...Нөхөр Мөөжөө буюу Гангамөрөн бид хоёрыг М өөрийн цагаан машиндаа, Х.Түмэндэмбэрэл ах, Цолмон суулгаад сумын төвөөс зүүн тийш өөрийн ах Ж.Баярболдод адуу ажиллаж өгөөч, мөнгийг нь өгье  гээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авч явсан, очиход Ж.Баяболдын гэрийнх нь зүүн талд 3-н адуу, Ц, Б.Батсүх, туранхай жижигхэн бор залуу нар байсан... Ганганмөрөн, Түмэндэмбэрэл ах нар Увсын гэх залууг амьд байсан 2 адууг амийг нь тасалж өгөхөөр арьсыг нь  өвчиж махыг нь эвдэж өгсөн. Намайг нэг адууных нь  тамгыг  нь харахад .... иймэрхүү дүрстэй тамгатай байсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 71 хуу/

Гэрч Б.Батсүхийн өгсөн:... 2018 оны 12 дугаар сарын дундуур энд гэртээ байхад Ж.Баярболдын хүргэн нь болох Улаанаа буюу Ц 09 цаг орчимд ирээд би урдаас 5 адуутай ирсэн ажиллаад өгөөч гэхээр нь би одоо завгүй байна би өөрийнхөө хонинд явдаг үдээс хойш очиж ажиллаад өгье гээд явуулсан. Би хонио хариулж байгаад 14 цаг өнгөрч байхад очиход 3 адуу ажилласан байсан, бор байдсыг нь Мөөжөө буюу Ганганмөрөн хамт ажилласан, шар амтай халтар  гүүг нь Ц, Түмэндэмбэрэл нар ажилласан. Ж.Баярболдын гэрийн зүүн талд нь цэнхэр  пленк  дээр махыг нь  тавиад зарим махыг нь үхэр тэргэн дээр модны ёроолд тавьсан байсан. Мөөжөө бид 2 алчихсан байсан бор байдасны арьсыг нь хуулж махыг нь 6 хэсэг болгоод газар дэлгэсэн плечик дээр нь тавьж өгсөн. Бор байдсыг цэнхэр дээлтэй жижигхэн бор залуу амийг нь хутгаар нугасалж амийг нь тасалсан. Тэгээд л явцгаасан...Бор байдас 2 гуяндаа давхар сартай саран дээрээ ....дүрстэй  тамгатай байсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 72 хуу/

Гэрч Б.Батсайханы өгсөн:...Намайг 2018 оны 12 сарын 16-ны үед гэртээ байж байхад Тэрэлжийн голын адагт Оросын эхний гарам гэх газарт машин маань мөс цөмрөөд усанд суучихаад байна та трактороор татаад гаргаад өгөөч гэхээр нь  улаан өнгийн МТ3-S маркийн трактороороо очиж татаж гаргаж өгсөн. Намайг гэрээсээ 8 км явж оросын  гарам хэсэгт очиход Ц-ийн чернилэн ягаан өнгийн машиных нь арын 2 дугуйтай хэсэгт нь  голын мөс цөмөрч доош орсон зүүн тийш харсан байдалтай байсан, би татаж гаргаж өгөөд Ц-с юу ачиж яваа юм бэ гэж асуухад мал ачиж яваа юм, хаанаас явж байгаа юм бэ гэхэд айлаас мал аваад Баярболдынд очих гээд явж байна гэж Ц хэлсэн... машины тэвш нь битүү теньтэй  дотор нь байгаа ямар ч юм гэсэн харагдахгүй, цахилгааныг нь татсан байсан учир ямар юм ачиж яваа нь харагдаагүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 74 хуу/

Гэрч Ц.Бямбасүрэнгийн өгсөн:...Намайг 2018 оны 12 сарын 29-нд Цэнхэрмандал сумын төв шинэ жилийн баяр дээр манай сумын Ц.Б ах таараад ахынх нь алдсан адууны сураг байна уу гэж асуухаар нь Засаг дарга Баатарсайхан Төв аймгийн Мөнгөнморьт суманд 5 тооны хулгайд алдагдсан адууны сураг байна гэж ярьж байсан талаар нь хэлсэн. Цэнхэрмандал сумын гаралтай 5 тооны адууны сураг гэж сонссон учир түүнийг хэлсэн. Ц.Б ах 6 тооны адуугаа 2018 оны 12 дугаар сард хулгайд алдаад олж чадахгүй эрж хайж байсан юм аа. Ц.Б ах Мөнгөнморьт сум руу адууныхаа тамгыг авч очоод эргээд ирэхдээ миний хулгайд алдсан 6 адууны 5 нь тэнд махлагдсан байна. Яг мөн байна гэж хэлж ирсэн...Хул азрага  Цэнхэрмандалаас  сумын  2014 оны  наадамд  шүдлэн  насандаа  айргийн  5-д орж  хурдалж байсан. Ц.Б ахад  борлог зүсмийн хурдан азрага байдаг сая алдсан 6 адууны 5 нь борлог хурдан азраганы төлүүд нь юм аа...гэх мэдүүлэг /1-хх-ийн 76 хуу/

Гэрч Д.Өсөхгэрэлийн өгсөн:... Б нь 2017 оны жилийн эцэст 14 тооны адуу тоолуулсан ба 2018 онд 2 унага нэмэгдээд 1 адуу хүнсэнд хэрэглээд 2018 оны жилийн эцэст 15 адуутай байх ёстой. Мөн 2017 оны жилийн эцэст 16 тооны үхэр тоолуулаад 2018 онд 4 тугал нэмэгдээд 2018 онд 4 үхэр зах зээлд борлуулж 1 үхэр хүнсэнд хэрэглэж 2018 оны жилийн эцэст 15 үхэртэй байх ёстой. Мөн 2017 оны жилийн эцэст 356 хонь тоолуулж 2018 онд 150 хурга нэмэгдэж 30 хонь зах зээлд борлуулж 6 хонь хүнсэнд хэрэглэж 2018 оны эцэст 470 хонь толуулсан. Мөн 2017 оны эцэст 152 ямаа тоолуулж 50 ишиг 2018 онд нэмэгдэж 7 ямаа бусдаас шилжиж ирж 2018 оны жилийн эцэст 209 толгой мал тоолуулсан байна. Ингээд М.Б нь 2018 оны жилийн эцэст 709 толгой мал тоолуулсан байна...гэх мэдүүлэг /1-хх-ийн 76 хуудас/

Гэрч П.Ганхүүгийн өгсөн:... Цэнхэрмандал сум Хужхан 1-р баг Баянзүрхийн өвөр гэх газарт 2018 оны 4 дүгээр сард намайг хөдөө малаа маллаж байхад Ц.Б ах хурдан хул азаргатай 6-н тооны адуугаа чоно багатай бэлчээр нутагт байлгах, надаар хариулж, маллуулах зорилгоор  Цэнхэрмандал сумын Согоот багт байсан адууг урагш нь гаргасан юм. Би хулгайд алдсан 6-н адууг хариулж маллаж байсан юм. Эдгээр 6-н адуу бол бүгд 2 гуяндаа атгасан гарын дайны хэмжээтэй харагддаг давхар саран дээр монгол бичгийн.... үсгэн тамгатай  байсан. Хурдан хул азарга нь шүдлэн насандаа Цэнхэрмандал сумын баяр наадамд айргийн 5-д орж байсан. 2015 оны мөн энэ сумын наадамд 19-р хурдалж байсан хурдан азарга бөгөөд бусад 5 адуу нь Ц.Б ахад байдаг хурдан борлог азарганы төлүүд юм...гэх мэдүүлэг /1-хх-ийн 77 хуу/

Гэрч Д.Эрдэнэбаатарын өгсөн:...Ц.Б  2018 оны 12 дугаар сард өөрийн хурдан хул азаргатай 6 адуугаа хулгайд алдсан. Тэдгээр 6 адууны хул азарга нь 2014 онд эмнэг шүдлэн насандаа Цэнхэрмандал сумын баяр наадмаар айргийн 5-д орж хурдалж байсан азарга юм. Хүрэн зээрд гүү, шар амтай халтар гүү, хээр хязаалан байдас, бор байдас, үзмэн бор хязаалан үрээ зэрэг нь Ц.Б ахын хурдан борлог азарганых нь төлүүд юм. Борлог азарга бол Цэнхэрмандал сумын хурдан морьдын толгой олон удаа бай шагнал авч байсан толгой азарга юм. Ц.Б бол Цэнхэрмандал сумын  алдарт  уяач хүн бөгөөд  бараг бүх насаараа  хурдан морь  уяаж байгаа хүн  гэж хэлж болно...гэх мэдүүлэг /1-хх-ийн 79 хуу/

Гэрч Л.Баатарсайханы өгсөн:... Би одоо 2018 оны  12 сарын яг хэдний өдөр  гэдгийг санахгүй байна. Намайг ажил дээрээ байж байхад   үдээс хойш миний  гар утас руу нэг  дугаараас  залгаад  Төв аймгийн Мөнгөнморьт  сумын хэсгийн төлөөлөгч  байна. Танай багт Б гэж хүн байгаа юу. Тэр хүнээс авсан гээд 5 адуу  манай  энд ажиллагдсан байна аа. Энэ хүн таниас  гарал үүсэл авсан уу гэж асуусан.  Тэгэхээр нь би гарал үүсэл Б аваагүй ээ. М.Б бол Дэлгэрхаан  уулын ар хормой  Цэнхэр уулын  эхэд нутагладаг айл аа гэж  хэлсэн. Ийм л яриа болсон...Ц.Б бол хурдан  борлог азрагатайг  нь мэднэ. Хул азраганы  талаар  нь сайн  мэдэхгүй байна. Ер нь Ц.Б-ны  адуу үрээ  бага  насандаа л баяр  наадамд уралдаж бай  шагнал авч  байсан. Том бүдүүн наснаасаа 2 морь  хурдан байх...гэх мэдүүлэг /1-хх-ийн 80-81 хуу/

Гэрч Ж.Батхуягын өгсөн:...Би 2018 оны 10 сард Цэнхэрмандал сумын Нугаар  дүгээр баг, Баян-Энгэр гэх газарт хоньтойгоо өвөлжихөөр нүүж очиход 2018 оны 10 дугаар сарын 30-нд Увс аймгийн харьяат М.Б гэх залуу ганц гэрээр нүүж очоод манай баруун жалганд буусан, цэнхэр портероор гэрээ ачаад хонь, ямаа, адуу, үхрээ туугаад ирсэн...Б-н эхнэр хүүхдүүд нь Цэнхэрмандал сумын төвд байдаг тул ганцаархнаа байх болсон...М.Б нь тэнд бууснаас хойш мал их алга болсон. Урьд нь энд адуу үхэр хулгайд алдагдаж байгаагүй. М.Б-г ганц гэрээр ирж буусан цагаас хойш ийм мал хулгайлах хэрэг гарах болсон...М.Б нь цэнхэр өнгийн дээл хонь малдаа явахдаа өмсдөг байсан. Мөн хуучин зулагтай монгол гутал байнга өмсдөг байсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 82 хуу/

Гэрч Ж.Алтанцэцэгийн өгсөн:... Намайг Ж.Баярболдынд очиход Улаанаа буюу П.Ц, М, Н.П, духаараа үрчлээтэй 2 нүд нь давхараатай 2 нүдний дээр үрчлээтэй шардуу царайтай, цэнхэр дээлтэй шар бүстэй, угалзтай хээтэй хуучин монгол гуталтай 39 орчим насны эрэгтэй хүн Ж.Баярболдын гэрийн баруун талд орны урд доошоо хараад хэвтэж байсан. Ходоод өвдөөд байна гээд атиралдаад хэвтээд байсан. Харин 5 адууг Ж.Баярболдын малын хашааны хойноос хашаанаас гаргаж ирээд тэр цэнхэр дээлтэй залуу нугасалж алаад  цусалж эхлээд байсан. Ж.М цэнхэр дээлтэй залууд Мөнгөнморьт сумын төвөөс Ганганмөрөн, Түмэндэмбэрэл, Бямбасүрэн нарыг авчрахдаа өвчин намдаах эм авчирч өгсөн. Би бол адууны зүс тамгыг нь хараагүй. Адууны гэдэс оруулж өгөхөөр нь би арилгаж  өгөөд адууны гэдэс өгөхөөр нь авсан. Тэгээд байж байтал 12 цагийн орчимд хэсгийн төлөөлөгч дэслэгч Түвшинжаргал багийн дарга Бат-Эрдэнэ нар ирж шалгасан тэгээд Бат-Эрдэнэ Түвшинжаргал нарыг явахаар нь гэртээ ирсэн. Ийм асуудал болсон...Хэсгийн төлөөлөгч ирээд гэдэс арилгаж байсан болон адуу ажиллаж байсан хүмүүсийн зургийг нь авсан байсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 85-86 хуу/

Гэрч Х.Бат-Эрдэний өгсөн:...Би 2018 оны 12 дугаар сарын 18-нд Мөнгөнморьт сумын Жаргалант  1 дүгээр баг Тэрэлж гэх газарт хэсгийн төлөөлөгчийн хамт Жамбалрагчаагийн Баярболдынд очиход  гадаа нь 5 адуу ажиллаж байсан мал эмнэлэг ариун цэврийн бичиг аваагүй байсан. Тэнд цэнхэр дээлтэй М.Б гэх цэнхэр дээлтэй залуу байсан. Б.Батсүх, Цолмон, Алтанцэцэг,
Пүрэвжав, Ганганмөрөн, Бямбасүрэн гэх хүмүүс байсан. Улаанаа буюу Мөнхбадам байсан.  Хэсгийн төлөөлөгч очоод тухайн газрын нөхцөл байдлын зургийг нь дарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87 хуу/

Гэрч Ж.Мөнхбадамын өгсөн:...Намайг Улаанбаатар хотод гэртээ байхад 2018 оны 12 дугаар сарын 16-нд өглөө 8 цагийн үед нөхөр Ц утсаараа яриад Төв аймгийн Мөнгөнморьт суманд Мөнгөнморьт сум руу явж байгаад тэнд машин мөс цөмрөөд суусан. Хаана аль хавьд байгаагаа мэдэхгүй байна маш их даарч байна гэсэн. Би ойр хавьд чинь юу харагдаж байна гэхэд ойрхон уул харагдаж байна гэсэн. Би ах Ж.Хүрэлбаатар, Баяраа гэх залууг аваад очсон. Ж.Хүрэлбаатар ах гэртээ харина гэж дайгдсан. Тэгээд очтол  Хэрлэн голд зүүн тийш хараад 6536 унп дугаартай машин ар хэсгээрээ цөмөрсөн байсан, ачаатай явж байна аа гэж  нөхөр Ц хэлсэн. Юун ачаа юм бэ чи Хэнтий явсан хүн яахаараа энд явж байдаг юм бэ гэхэд хүнээс авсан мал Багануурын бой хаалттай болохоор нь нааш нь ачсан чинь төөрөөд суучихлаа гэсэн. Тэгээд би ойрхон байдаг айлын улаан трактор гуйж чирч гаргасан. Тэгээд ах Ж.Баярболдын гадаа очиж тэндээ хоносон. Нөхөр болон Баярсайхан гэх залуу бид 3 очсон. Хоноод маргааш нь Ц халуураад босож чадаагүй, тэгээд маргааш нь би сумын төвөөс хүн гуйж ажиллуулсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 19-нд өглөө 5 адууны махыг нөхөр Ц-н хамт ачиж ирсэн...гэх мэдүүлэг /1-хх-ийн 90-91 хуу/

М.Б-н яллагдагчаар өгсөн:...Би сонсгож  байгаа ялыг  хүлээн зөвшөөрөхгүй байна...Би нэгдүгээрт  2018 оны 12 сарын 15-нд  өөрийнхөө 5 адууг махны ченж  Ц гэх  хүнд зарсан. Би хохирогчийн  хулгайд  алдсан гэх адууг  махны ченж  Ц-д зараагүй.  Мөн намайг Төв аймгийн Мөнгөнморьт  сумын Жаргалант 1-р  баг Тэрэлж  гэх газарт  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  махны ченж Ц-тай хамт  адуу ажиллаж байсан  гэж  таньж олуулах ажиллагаагаар  гэрч нар таньсан байна.  Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 р баг Тэрэлж  гэх газарт  2018 оны  12 дугаар сарын  18-ны  өдөр  байгаагүй.  Намайг хүмүүс гүтгэж байна...Манай бүх адуунууд  бүгд 2 гуяандаа зуузай  тамгатай  юм аа. Би бол  1. хул азрага, 2. хул гүү, 3. хар гүү, 4.  зээрд гүү, 5.  цавьдар гүү, 6. зээрд гүү, 7.хар буурал гүү, 8. улаан хээр гүү, 9.  хар хээр гүү, 10.  алаг морь,  11.халиун морь, 12. хар морь, 13.  хээр морь, 14.  зээрд даага, 15.  зээрд даага, 16. алаг даага, 17.  хул унага, 18.  зээрд унага, 19. хээр үрээ  зэрэг нийт 19 тооны адуутай  хүн юм.  Улаанаа буюу Ц надаас 2018 оны 12 дугаар сарын 15-ны  өдөр 5 тооны  адууг  нэг адууг  нь 800.000 төгрөгөөр  худалдан авахаар  очсон байсан учир  би Ц-д  би 1. хар буурал зүстэй соёолон насны гүү, 2. хул гүү, 3. хар хээр гүү 4. улаан хээр гүү, 5. зээрд гүү зэргийг  барьж машинд нь амьдаар нь ачиж  өгч явуулсан.  Манай адуунууд бүгд ташаан толгой хавьдаа  2 талдаа зуузай тамгатай.  Миний зарсан 5 адуунууд бүгд тийм тамгатай байсан...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд намайг  Батхуяг, Чойжилсүрэн гэх  гэрч нар  цэнхэр дээлтэй, улаан өнгийн  монгол гуталтай  гэж  мэдүүлсэн тухай  бичжээ. Би хэзээ ч монгол гутал өмсөж байгаагүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 149-150 хуу/

П.Ц-н яллагдагчаар өгсөн:... Би сонсгож байгаа ялыг  хүлээн зөвшөөрөхгүй байна....Миний хувьд Цэнхэрмандал сумын харьяат  М. Б гэх хүнээс  2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  зүс бүхий 5 тооны  адууг авсан. Миний хувьд М. Б-с  худалдан авсан 5 тооны адуунуудыг   замдаа сольсон асуудал огт байхгүй ээ.  Гэтэл би эдгээр 5 адууг  өөрийн хадам ахынхаа гадаа  хүмүүсээр ажиллуулж байхад  Төв аймгийн Мөнгөнморьт сумын  хэсгийн төлөөлөгч, багийн Засаг дарга нар ирж  шалгаад одоо  энэ 5 адуу нь М.Б-н өөрийнх нь адуу биш, өөр хүний адуу болж таараад байна. Би зүс бүхий 5 тооны гүү  ажилласан.  Миний хувьд Б хүний  5 тооны  адууг хулгайлаад  надад өгсөнийг нь би мэдэхгүй байна. Миний хувьд энэ 5 тооны адууг  М.Б-н өөрийнх  нь адуу л гэж бодож би худалдан авсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 156-157 хуу/

Хэрэг бүртэлтийн 193900486 дугаартай хэрэгт М.Түвшинжаргалын гэрчээр өгсөн:..2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус сумын Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга Х.Бат-Эрдэний хамт ажлаар явж байгаад Тэрэлжийн бор хоньт гэдэг газар Ж.Баярболдын гэрт ирэхэд гаднаа хөх өнгийн ачааны Бонго жи-3 маркийн тэвштэй машин мөн жиижг суудлын машин байсан. Гэрийн зүүн талд голын эрэг дээр бургасны хажууд 5 тооны адууг зэрэгцүүлээд махлаад арьсыг нь манай сумын Батсүх, Ганганмөрөн, Түмэндэмбэрэл, Хүрэлбаатар нар хуулаад төхөөрч байсан, малын эзэн гэх тухайн үед өөрийгөө Б гэх жижиг бор царайтай дух нь үрчгэр, хуучин цэнхэр өнгийн дээлтэй, монгол гутлын хийцтэй ээтгэр хоншоортой улаан хүрэн өнгийн хуучин гуталтай байсан. Би Мөнхбадамаас адуунуудын гарал үүсэлийн бичиг байна уу гэхэд адууны эзэн өөрөө цуг явж байна тэр цааш хараад адуу янзалж байгаа хүн гэж заасан...би малын эзэн Б гэх хүний царайг нь тухайн үед Баярболдын гэрт харсан тэгээд намайг зураг авах үед цаашаа хараад доошоо бөгтийгөөд зурган дээр гарсан байсан. Тухайн үед хэргийн газарт Б гэх хүн байсан...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн Б гэдэг над руу утсаар яриад өөрийн 6 тооны адууг хулгайд алдсан талаар хэлээд 6 тооны адуугаа тамга тэмдэг болон өнгө зүсээр нь хэлсэн...2 хоногийн дараа нөгөө хүн тамгаа аваад ирсэн...би махлагдсан адуунуудын зургийг харуулсан чинь шууд миний адуунууд байна гэж хэлсэн...таньж олуулах ажиллагааг миний өрөөнд хийсэн бүх зүйл хуулийн дагуу явагдсан гэж бодож байна...гэх мэдүүлгийн хуулбар /2-хх-ийн 238-240/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 12 хуу/

4 ширхэг хутга, САТ S31 маркийн хар корпустай бэлэн бус торгуулийн багаж 1 ширхэг, хиймэл бараан өнгийн үстэй цэнхэр өнгийн гадартай хуучин дээл нэг ширхэг, улаан шаргал өнгийн дээлний бүс нэг ширхэгийг тус тус  эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагааны тэмдэглэл болон прокурорын зөвшөөрөл     / 1хх-ийн 21-28 хуу, 2 хх-ийн 90 хуу/

Гэрч Ж.Алтанцэцэг, Б.Батсүх, Х.Түмэндэмбэрэл, Ч.Ганганмөрөн нараар М.Б-г гэрэл зургаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагаанд ашигласан гэрэл зургууд / 1 хх-ийн 29-40 хуу/

Хохирогч Ц.Б-ны алдсан 6 тооны адууны үнэлгээг 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр тогтоосон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын эд зүйл үнэлэх комиссийн шийдвэр /1 хх-ийн 107 хуу/

“Малын жишиг үнэ тогтоох тухай” Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаар тогтоолын хуулбар / 1 хх-ийн 224 хуу/

Хохирогч Ц.Б-ны алдсан 6 тооны адууны үнэлгээг нийт 35.000.000 /гучин таван сая/ төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ий шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0019/26 дугаартай дүгнэлт /1-хх-ийн 113-114 хуу/

 

Ж.М нь 6536 убп улсын дугаартай kia bongo 3 маркийн автомашиныг NETCAPITAL АВТО ХХК-ий Чингэлтэй дүүрэг дэх салбарт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 7.425.000 төгрөгийн зээл авсан тухай баримтууд   /1 хх-ийн 121-126 хуу/

 Эд мөрийн баримтаар хураагдсан САТ S31 маркийн гар утасанд комьпютер техникийн шинжилгээ хийж уг утасны дотоод санах ойд хадгалагдаж байгаа зургуудыг CD дискэнд хуулбарлан хүргүүлсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2320 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 136, 137 хуу/

М.Б-н адуунд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийж зуузай тамгатай 14 тооны адуу /азарга 1,  гүү 5, үрээ 5 , морь 3/ байсан болохыг тогтоосон тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1 хх-ийн 228-229 хуу/

Хохирогч Ц.Б- ыг сумын алдарт уяач цолтой, хурдан удмын адуу үржүүлдэг тухай болон гаргасан амжилт адууны удмын мэдээллийг хүргүүлсэн  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг /1 хх-ийн 249, 2-хх-ийн 01-21 хуу/

М.Б, П.Ц нарын  иргэний үнэмлэхний лавлагаа /2-хх-ийн 38, 41 хуу/

М.Б, П.Ц нарын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2-хх-ийн 85, 86 хуу/

М.Б нь  2018 оны мал тооллогоор /2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар/  15 адуу, 15 үхэр, 470 хонь, 209 ямаа нийт 709 толгой мал тоолуулсан тухай тооллогын баримтын хуулбар /2-хх-ийн 127-130/

Хэргийг прокурорт буцаах тухай Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаартай захирамж / 2 хх-ийн 204-208 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /3 хх-ийн 12-14 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн П.Ц- г  Төв аймгийн Прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 12, 15 -ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 19340094500458, 1934009150493 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай болон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан Төв аймгийн Прокурорын газрын тогтоолууд /3 хх-ийн 89-96 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Б, П.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч П.Ц-н өмгөөлөгч С.Нарангэрэл нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө  1 хх-ийн 13-14 дугаар хуудасанд байх 8 ширхэг гэрэл зураг,  1 хх-ийн 107 дугаар хуудсанд байх эд зүйл үнэлэх комиссийн шийдвэр, 2 хх-ийн 1-21 дүгээр хуудсанд байх хурдан морины өргөмжлөл,  медаль, үнэмлэх зэргийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан.

Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд байх хэргийн газрын тэмдэглэлээс үзэхэд үзлэгийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу 5 адуу нядласанаас хойш хийж  уг газарт малын сэвс, газрын хөрс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг тусгаж, 13 ширхэг зураг дарсан гэсэн байх бөгөөд  хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд хавсаргагдсан нядлагдсан байдалтай адуу болон  болон адууны 2 ширхэг толгой, 2 ширхэг арьсыг харуулсан нийт  7 ширхэг гэрэл зураг болон адууны тамганы 1 ширхэг нийт 8 ширхэг гэрэл зураг нь хэргийн газрын үзлэгийн явцад авсан гэрэл зураг гэж үзэх үндэслэлгүй байна.

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөнгөнморьт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Түвшинжаргал нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “илтгэх хуудас”-андаа  “...5 тооны адуу ажиллаж байсан газарт нөхөн үзлэг хийх үед тухайн хэргийн газар нь адууны баас, сэвс, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон газартаа наалдаж хөлдсөн байдалтай байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж урьд өмнө нь САТ S 31 маркийн багажны утсаар дарж бэхжүүлсэн байсан 7 кадр зурганы хамт хэрэгт хавсаргарсан болно” гэж / 2 хх-ийн 109 хуу/ дурдсан байх бөгөөд уг илтгэх хуудсыг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн 1 хх-ийн 13-14 дугаар хуудасанд байх 8 ширхэг гэрэл зургийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 Харин 1 хх-ийн 107 дугаар хуудсанд байх эд зүйл үнэлэх комиссийн шийдвэр, 2 хх-ийн 1-21 дүгээр хуудсанд байх хурдан морины өргөмжлөл,  медаль, үнэмлэх зэргийг нотлох баримтаас хасах үндэслэлгүй, мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  шинжээч томилж, үнэлгээ гаргуулах  тогтоолын дагуу тухайн комисс нь үнэлгээ гаргасан,  2 хх-ийн 1-21 дүгээр хуудсанд байх хурдан морины өргөмжлөл,  медаль, үнэмлэх зэргийн хуулбарыг  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр Цагдаагийн газарт хүргүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичиг буюу нотлох баримт гэж үзэх боломжтой байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг  хангахаас татгалзах нь зүйтэй байна.

  1. Гэм буруугийн талаар     

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг “Шивэрийн ам” гэх газраас хохирогч Ц.Б-ны хул азарга, цагаан амтай хээр халтар гүү, хээр байдас, хүрэн гүү, улаан буурал байдас зэрэг таван тооны адууг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, П.Ц-д зарсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд  энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр баг Тэрэлж гэх газар Ж.Баярболдын гэрийн гадна П.Ц нь дээрх 5 тооны адууг автомашинаар ачиж авчиран бусдыг хөлсөлж нядлуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүгдэгч нь ямар нэгэн байдлаар маргаагүй байна.  Мөрдөн байцаалтын үед яллагдагч М.Б нь өөрийн 19 адуунаас 5 тооны адууг  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт гэртээ байхдаа П.Ц-д зарж автомашинд ачиж явуулан өөрөө гэртээ үлдсэн, Төв аймагт адуу нядлах үед байгаагүй гэж, яллагдагч П.Ц нь М.Б-с 5 тооны адууг худалдаж авсан, М.Б-г өөрийнхөө адууг зарж байна гэж ойлгосон, хулгайн адуу гэж мэдээгүй гэж тус тус мэдүүлэг өгчээ.

Хэрэгт авагдсан гэрч Д.Өсөхгэрэлийн өгсөн:... Бумнаран нь 2017 оны жилийн эцэст 14 тооны адуу тоолуулсан ба 2018 онд 2 унага нэмэгдээд 1 адуу хүнсэнд хэрэглээд 2018 оны жилийн эцэст 15 адуутай байх ёстой...гэх мэдүүлэг,  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар М.Б нь  15 адуу тоолуулсан тухай тооллогын баримт, М.Б-н адуунд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийхэд зуузай тамгатай 14 тооны адуу / азарга 1,  гүү 5, үрээ 5 , морь 3 / байсан болохыг тогтоосон тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд  М.Б-н яллагдагчаар өгсөн “өөрийн 19 тооны адуунаас 5 адууг нь П.Ц-д 2018 он 12 дугаар сарын 15-ны өдөр зарсан” гэх мэдүүлэг нь няцаагдаж байна гэж үзлээ.  Учир нь М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 адуу тоолуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу 3 хоногийн дараа өөрийн 19 адуунаасаа 5 адууг нь П.Ц-д зарсан гэж мэдүүлэг өгсөн нь хэрэгт байгаа бусад нотлох баримтуудаар нотлохдохгүй, тухайн үед түүнийг 19 адуутай байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин П.Ц-н яллагдагчаар өгсөн “М.Б-с 5 тооны адууг худалдаж авсан, М.Б-г өөрийнхөө адууг зарж байна гэж ойлгосон, хулгайн адуу гэж мэдээгүй” гэх мэдүүлгийг нь үгүйсгэх, няцаах нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Хошууд овгийн П-ийн Ц-г  М.Б-тай  бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг “Шивэрийн ам” гэх газраас иргэн Ц.Б-ны 6 тооны адууг хулгайлж 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд П.Ц нь  уг гэмт хэргийг үйлдсэн болох нь  нотлогдохгүй, түүний адуу худалдаж авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

  Шүүгдэгч  М.Б нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч /Ц.Б-ны 5 тооны адууг хулгайлсан/ мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хохирогч Ц.Б, гэрч Н.Пүрэвжав, Ж.Баярболд, Ж.Хүрэлбаатар, Х.Түмэндэмбэрэл, Ч.Ганганмөрөн, Ж.Бямбасүрэн, Б.Батсүх, Б.Цолмон, С.Чойжилсүрэн, Ч.Атарцэцэг, Ж.Алтанцэцэг,  Ж.Мөнхбадам, Х.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан, Ц.Бямбасүрэн, Д.Өсөхгэрэл нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Харин Ц.Б-ны алдсан гэх үзмэн ягаан зүсний хязаалан үрээг шүүгдэгч М.Б нь хулгайлсан болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Хохирогч Ц.Б-ны алдсан  6 тооны адууны үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ий шинжээч нийт 35.000.000 /гучин таван сая/ төгрөгөөр тогтоож  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0019/26 дугаартай дүгнэлт гаргасан байх бөгөөд прокурор үүнийг үндэслэн хохирлын хэмжээг тооцож, яллах дүгнэлтэндээ тусгажээ.

Хэрэгт авагдсан  хохирогч Ц.Б-ны өгсөн “хул азрага бол 2014 онд эмнэг шүдлэн үрээ  байхдаа  Цэнхэрмандал сумын  наадамд айргийн 5-д хурдалж байсан. 2015 онд Цэнхэрмандал сумын наадамд 19-д хурдалж байсан. Тэгээд 2 жил өнжөөж байгаад таргалуулж, тамир суулгах гэж байгаад 7 настай хурдан азаргаа улс хувьсгалын 100 жилийн ойд хурдлуулах гэж байгаад хулгайч нарт алдсан. Энэхүү азаргыг П.Ганхүүгээс худалдаж авсан, бусад алдсан 5 адуунууд нь хурдан борлог азарганы төлүүд нь юм” гэсэн мэдүүлэг, гэрч П.Ганхүүгийн өгсөн “хурдан хул азарга нь шүдлэн насандаа Цэнхэрмандал сумын баяр наадамд айргийн 5-д орж байсан. 2015 оны мөн энэ сумын наадамд 19-р хурдалж байсан хурдан азарга бөгөөд бусад 5 адуу нь Ц.Б ахад байдаг хурдан борлог азарганы төлүүд юм” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэбаатарын өгсөн “хул азарга нь 2014 онд эмнэг шүдлэн насандаа Цэнхэрмандал сумын баяр наадмаар айргийн 5-д орж хурдалж байсан азарга юм. Хүрэн зээрд гүү, шар амтай халтар гүү, хээр хязаалан байдас, бор байдас, үзмэн бор хязаалан үрээ зэрэг нь Ц.Б ахын хурдан борлог азарганых нь төлүүд юм. Борлог азарга бол Цэнхэрмандал сумын хурдан морьдын толгой олон удаа бай шагнал авч байсан толгой азарга юм” гэсэн мэдүүлэг,  2 дугаар хавтаст хэргийн 7 хуудсанд авагдсан “Ардын хувьсгалын 92 жилийн ой, Цэнхэрмандал сум байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаар  П.Ганхүүгийн хул зүсний даага 5 дугаар байранд орсон тухай өргөмжлөл” зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ц.Барссайханы хул азаргыг сумын наадамд уралдаж  нэг удаа айрагдаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

 Хохирогч болон гэрчүүд нь бусад адуунуудыг хурдан азарганы төл юм гэж  мэдүүлэг өгсөн бөгөөд  шинжээч дүгнэлт гаргахдаа “ Ц.Б-ны хулгайд алдсан адуунууд нь хурдан удмын болох нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойн баярууд, бусад сум, багийн наадамд шагналт байруудад орж байсан баримтууд, орон нутгийн үнэлгээний комиссийн гишүүдийн үнэлгээний тайлбар зэргээр бүрэн нотлогдож байна” гэж дурдан 6 адууг хурдан удмын адуу гэж үзэн азаргыг 15.000.000 төгрөгөөр, гүүг 4.000.000 төгрөгөөр, хязаалан үрээг 4.000.000 төгрөгөөр нийтэд нь 35.000.000 төгрөгөөр үнэлгээ  тогтоосныг нь үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь хул азаргаас бусад адуунууд нь хурдан адууны төл гэх бөгөөд наадамд уралдаж байгаагүй болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байхад  шинжээч наадамд уралдаж байсан гэж дүгнэн үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй байх тул уг адуунуудын үнэлгээг ердийн эдэлгээний адууны үнэлгээгээр тооцох нь зүйтэй байна.

Иймд хохирогч Ц.Б-ны алдсан 5 тооны адууны үнэлгээг /1 азарга, 2 гүү, 2 байдас/  “Малын жишиг үнэ тогтоох тухай” Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаар тогтоолд /1 хх-ийн 224 хуу/ зааснаар тооцож /сумын наадамд айрагдсан морь буюу хул азаргыг 5.000.000 төгрөгөөр, гүүг 1.200.000 төгрөгөөр, шүдлэн адууг 700.000 төгрөгөөр/  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  8.800.000 /найман сая найман зуун мянга/ төгрөг гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь  2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ц.Б-д  8.800.000  төгрөг  төлсөн болох нь Хаан банкны  орлогын баримтаар /3-хх-ийн 97 хуу/ тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

            Аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь нотлогдохгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул П.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б- г бусдын  малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Шүүгдэгч  нарын өмгөөлөгч нар нь хохирогч Ц.Б-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь түүний нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан, Нэткапитал ББСБ-д зээлийн эдийн засагч ажилтай Э.Солонгыг  Нэткапитал ББСБ-ын эрх бүхий албан тушаалтнаас томилсон шийдвэргүй байхад  иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагаануудыг бүрэн хийгээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хутга, дээл, бүс зэргийг шүүхэд ирүүлээгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, П.Ц нь Төв аймгийн Прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 12, 15 -ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 19340094500458, 1934009150493 дугаартай эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад  хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй гэж заасан байх бөгөөд хохирогч Ц.Барссайханыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь түүний хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна гэж зааснаас үзэхэд иргэний нэхэмжлэгч нь хохирогчийн эдлэх зарим эрхийг эдлэхгүй байна.

            Нэткапитал ББСБ-д гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учраагүй байхад Э.Солонгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй байх боловч энэ нь М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй,  мөн хэргийг өмнө нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжинд дурдагдсан зарим ажиллагаанууд нь  хийгдсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 4 ширхэг хутганы гэрэл зургийг авч хэрэгт хавсаргасан,  хутга, дээл болон бүсний шинж байдлын талаар  эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгасан байх бөгөөд уг эд зүйлсээс ямар нэгэн ул мөр илрүүлээгүй, /хулгайн адуунуудыг нядлахад ашигласан хутга, гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан дээл, бүс гэсэн үндэслэлээр эд мөрийн баримтаар тооцсон/ гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий эсэх нь тодорхойгүй байх тул эд мөрийн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Шүүгдэгч П.Б нь Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 1934009160459  дугаартай эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа  нь  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолуудын хуулбараар тогтоогдож байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж заасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, шүүгдэгч П.Ц нь Хэнтий аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

           

           

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт өөрчлөлт оруулж “олон тооны мал гэж хоёр бодоос дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд М.Б-гийн үйлдлийн хувьд одоо дагаж мөрдөж байгаа өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэсэн тохиолдолд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг буюу хүнд гэмт хэргээр зүйлчлэгдэх болсон нь түүний эрхзүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч М.Б-гийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх  Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нэг удаагийн үйлдлээр бусдынтаван тооны адууг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд энэ нь нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт зааснаар “олон тооны мал”гэсэн /найман бодоос дээш мал/ ойлголтонд хамаарахгүй байх тул М.Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М.Б-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч М.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Бумнаран, П.Ц нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэг хоног баривчлагдсан, шүүгдэгч П.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар  4 ширхэг хутга, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс, CAT-S-31  маркийн хар корпустай бэлэн бус торгуулийн багаж 1 ширхэг, Нэткапитал ХХК-ий эзэмшлийн Бонго жи 3 маркийн 6536 убп улсын дугаартай автомашин хураагдсан гэх боловч эдгээр нь шүүхэд ирээгүй, /CAT-S-31  маркийн хар корпустай бэлэн бус торгуулийн багажийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр М.Түвшинжаргалд хүлээлгэн өгсөн 1 хх-ийн 138 хуу/  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан зураг бүхий CD-г хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц М.Б-н 709 толгой малыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоол, П.Ц-ийн өмчлөлийн Г-2201004410, Ү-2201020880 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 64-08 тоот газар, хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоол,  Нэткапитал ХХК-ий эзэмшлийн Бонго жи 3 маркийн 6536 убп улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Баатар нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас тухайн эрүүгийн шалгахад нийтдээ 532.000 төгрөгийн зардал гарсан гэж уг мөнгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилсэн боловч уг зардлаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасны дагуу баталгаажуулж ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон   ТОГТООХ нь:

  1. Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Хошууд овгийн П. Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг П.Ц нь үйлдсэн болох  нотлогдохгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул П.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Тугтан  овгийн М. Б-г бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Шүүгдэгч М.Б, П.Ц  нэг хоног баривчлагдсан, шүүгдэгч П.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар  4 ширхэг хутга, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс, CAT-S-31  маркийн хар корпустай бэлэн бус торгуулийн багаж 1 ширхэг, Нэткапитал ХХК-ий эзэмшлийн Бонго жи 3 маркийн 6536 убп улсын дугаартай автомашин хураагдсан гэх боловч эдгээр нь шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан  зураг бүхий CD-г хэрэгт хадгалсугай.

 

  1. М.Б-гийн 709 толгой малыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоол, П.Ц-ийн өмчлөлийн Г-2201004410, Ү-2201020880 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 64-08 тоот газар, хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоол,  Нэткапитал ХХК-ий эзэмшлийн Бонго жи 3 маркийн 6536 убп улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний нэхэмжлэгч Ж.Баатарын нэхэмжилсэн 532.000 төгрөгийн зардал нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо хийх бололцоогүй, уг зардлаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасны дагуу баталгаажуулж  ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдасугай.

 

  1.  Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч  П.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ОДХҮҮ