| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0186/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2020-08-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0186/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Саруул овгийн Д.Э-т холбогдох 2039000580171 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Гранд бааранд иргэн Б.А-тэй марган улмаар түүний нүүрэн тус газарт духаараа мөргөн Б.А-н эрүүл мэндэд хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.А-н өгсөн:... 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 22 цаг өнгөрч байхад би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Гранд бааранд өөрийн ажил болох хөгжим тавиад сууж байхад манай бааранд зүүн захын үйлчилгээний ажилчин болох Цацаа, Энхтуул дахин 2 эмэгтэй нар бүжиглээд байж байхад хажуу талаас нэг согтуу ах очоод бүжиглүүлэхгүй байна холдуулаад өгөөч гэж нэг нь хэлсэн. Тэгээд би очоод та үйлчилгээний газарт байна бусад хүмүүст битгий саад бол гэхэд шууд намайг өөрлүүгээ татаад миний хамар луу мөргөсөн тэгээд би зохион байгуулагч Оюунгэрэлд хойд талбайд зодоон болоод байна гэж хэлээд 00 руу орж хамрын цусаа угаагаад байж байхад цагдаа нар ирээд шалгасан. Тухайн үед хэн гэдэг хүн намайг мөргөсөн талаар мэдэхгүй байсан. Дараа нь нэрийг нь мэдэхэд Э гэх хүн намайг хамар луу мөргөсөн байсан...Би эмчилгээний болон бусад ямар нэгэн зардал нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Э.Мөнхцацралын өгсөн:..Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Цэцэн хан худалдааны төвд ажил дээрээ 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байж байхад манай ажлын эгч болох Мөнгөнтовч эгчийн төрсөн өдөр болоод тэгээд манай ажлын Мөнгөнтовч Энхтуул Нандинцэцэг бид нар Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Гранд бааранд 21 цаг өнгөрч байхад ороод тэгээд тэндээ пиво захиалж суугаад ууж байгаад заал руу гарч бүжиглэж байхад Отгонгэрэл бид нарыг утсаар бичлэг хийгээд байсан болохоор би утсыг нь булааж аваад Энхтуулд өгч бид нарын бичлэгийг устгасан юм. Тэгээд Отгонгэрэлийн эгч болох нэг хүүхэн над руу дайраад байхаар манай ажлын хүүхэн А лүү очоод салгаад өгөөч гэж хэлсэн байсан. Тэгээд А ирээд надтай маргалдаж байсан Отгонгэрэлийн эгчийг болиоч олон нийтийн газар байж гэхэд нөхөр нь болох Энхбаяр цаанаас ирээд А-тэй маргалдаад байсан тэгээд би Отгонгэрэлтэй гадаа гараад уулзаж байхад дотор Энхбаяр нь А-н хамар луу цохьсон гэж А надад хэлсэн тэрнээс өөр цохиж зодолдож байхыг бол хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/
Гэрч М.Мөнгөнтовчийн өгсөн:....Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой ажлынхаа газрын Мөнхцацрал, Нандиа, Энхтуул нарын хамт Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа Гранд бааранд ороод үйлчлүүлж байсан. Би нэг их ууж идээгүй байсан. Тэгтэл Мөнхцацрал, Нандиа нар бүжиглэж байхад нэг согтуу залуу ирээд Мөнхцацрал нарыг гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгтэл цаанаас нэг залуу ирээд хоорондоо маргалдаад явчихсан. Би хэн нэг хүн бусдыг зодож цохихыг хараагүй. Баарны ажилтаныг бусдад зодуулж байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
Гэрч Б.Энхтуулын өгсөн:... манай ажлын хүмүүсийг бүжиглэж байхад нэг ах ирээд утсаар бичлэг хийгээд байсан. Тэр ах нилээн согтуу гуйвлаад байсан тэгтэл цаанаас нь нэг ах эхнэртэйгээ бололтой ирсэн. Тэр үед баарны DJ ирсэн чинь тэр хүний нөгөө эхнэртэйгээ ирсэн өндөр бор ах, DJ залууг чи хэн бэ гээд өөр рүүгээ татаж авчираад нүүрэн тус газарт нь мөргөсөн чинь баарны DJ залуу хамраа дараад цаашаа яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт
Д.Э-н яллагдагчаар өгсөн:...Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байсан Гранд бааранд А гэдэг залуугийн нүүрэн тус газарт нэг удаа духаараа мөргөж гэмтэл учруулсан нь үнэн. Би А-тэй сайн дураар эвлэрсэн. А надаас эмчилгээний зардал авахгүй гэсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуу/
Д.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 хуу/
Д.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 63-64 хуу/
Д.Э-н гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 67 хуу/
Хохирогч Б.А-с гаргасан Д.Э-тай сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй тухай тодорхойлолт /хх-ийн 65 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Гранд бааранд хохирогч Б.А-тэй согтуугаар маргалдан түүний нүүрэнд духаараа мөргөн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.А, гэрч Э.Мөнхцацрал, М.Мөнгөнтовч, Б.Энхтуул, Г.Отгонгэрэл нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.А-г духаараа мөргөсний улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Д.Э-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 67 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 68 хуу/ гарган яллагдагчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Э хүлээн зөвшөөрч /хх-ийн 68, 72 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Б.А нь Д.Э-тай сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй тухай тодорхойлолт /хх-ийн 65 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Саруул овгийн Д.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ