Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Х.Оюунцэцэг,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч              Н.Баяр

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч З.Кульзира

Нарийн бичгийн дарга                                         Б.Буянхишиг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж хянан шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолтой Х.Д-д холбогдох  1734001540100  дугаартай 1 хавтас 136 хуудас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 15-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч. ам бул 3, ээж ахын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Будаан толгойн 2-56 тоотод оршин суух хаягтай. Х.Д . /РД: НБ00231511/.

Яллагдагч Х.Д нь 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн дүү Санагаг өмөөрч насанд хүрээгүй Б Баасанбадамын нүүрэн тус газар нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор: Өсвөр насны шүүгдэгч Х.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Өсвөр насны шүүгдэгч Х.Д г Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтздтустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Д д 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны өсвөр насны шүүгдэгч Х.Д-ны ээж З.Кульзира өсвөр насны хохирогч Б.Баасанбадамд 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, өсвөр насны хохирогч Б Баасанбадам нь lphone-4 маркийн гар утас болон цаашид гаргах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

Өсвөр насны шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Өсвөр насны яллагдагч Х.Д-г 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт "өөрийн дүү Санагаг өмөөрч" насанд хүрээгүй Б.Баасанбадамын нүүрэн тус газар нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь "зүүн нүдний алимны доргилт. зүүн нүдний зовхи зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, нуруу, баруун бугалга, зүүн дал, цээжинд цус хуралт тархи доргилт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2017 оны'11 дүгээр сарын 20-ны өдөр 290 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд "...Өсвөр насны шүүгдэгч Каракас овгийн Хуримтхааны Даветхааныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж" шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно" гэж хуульчилсан байхад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд өсвөр насны яллагдагч Х.Д-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээж аваагүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эхийнх нь хараа хяналтад байлгахыг даалгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч З.Кульзирагаас: Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

 

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Х.Д-г 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн дүү Санагаг өмөөрч насанд хүрээгүй Б.Баасанбадамын нүүрэн тус газар нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Урпак, М.Амарболд, Б.Нурбек, М.Энхжин, Э.Лхагвадорж, Д.Оюунтуяа, Г.Ганболд, О.Алтаншагай, С.Ууганбаатар, Д.Баярцогт, З.Кульзира, Б.Золзаяа нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний №10006 тоот дүгнэлт, шүүгдэгч Х.Д-ны шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Прокуророос гаргасан "...Өсвөр насны шүүгдэгч Х.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж" шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно" гэж хуульчилсан байхад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.” гэсэн эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд “Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” тухай асуудлыг зохицуулсан. Х.Д-ганхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хасах гэсэн гурван төрлийн ял оногдуулахаар заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан тул  Шүүгдэгч Х.Д-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан заалтыг хасч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах зүйтэй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хасч өөрчлөхөөр Давж шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хассугай.
  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА

                                     ШҮҮГЧИД                                    Г.ТЭГШСУУРЬ

                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ